Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч М.Мөнхзул,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцэгмаагийн Бд холбогдох эрүүгийн 1805021400421 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэр 120 айл 8-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Боржигон овогт Цэцэгмаагийн Б /РД:/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин-Эрдэнэ” эмнэлгийн гадна Б.Нын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар Самсунг эс-7 загварын гар утас хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Н мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 цагийн үед ажлын комьпютер эвдрээд “Амин-Эрдэнэ” эмнэлгийн 2 давхарт байрлах программын газар руу орох гээд явж байх үедээ хүү Билгүүнтэй гар утсаараа яриад гадуур хувцасны баруун талын халаасанд гар утсаа хийсэн. Нөгөө газраа орчоод халаасаа ухаж үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. тэгээд өөрийн гар утасруугаа хүний утсаар гуйж ярьтал цагдаа хулгайчийг барьчихсан явж байна. Манай ажил дээр ирээд гар утсаа аваарай гэсэн. Би тэгээд шууд баруун 4 замд байрлах цагдаагийн газарт очсон. Гар утсаа олоод авсан учир гомдол санал байхгүй гэхдээ миний утсыг хулгайлан авсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэжээ. /хх 17-18/

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 10-11/,

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 6/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31, 25/,

Шийтгэх тогтоол /хх 36-43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амин-Эрдэнэ” эмнэлгийн гадна Б.Нын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар Самсунг эс-7 загварын гар утас хулгайлан 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Нын /хх 17-18/ мэдүүлэг, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 10-11/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31, 25/, шийтгэх тогтоол /хх 36-43/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Ц.Баттулгыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь өмнө нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан тул шүүхээс түүнд нийтэд тустай албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэх албадлагийн арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Ц.Б нь Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ялгүй болох хугацааг хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримт илрүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ц.Б 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэх албадлангийн арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож энэ хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж даалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ