Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 314/ШШ2025/00472

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, ****** сумын 4 дүгээр баг ****** гэх газар оршин суух,  Өвөрхангай аймгийн ****** сумын засаг дарга ****** ,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ****** мэргэжилтэн ****** ,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн ****** сумын 5 дугаар баг, ****** гэх газар оршин суух, ****** ,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний 29,348,105 төгрөг гаргуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын засаг дарга ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/361 дүгээр тушаалаар батлагдсан “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу ****** дарга ****** 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Хоршоог хөгжүүлэх сангаас 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн зээлийг сарын 0,25 хувь, жилийн 3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай “Мал нядалгаа, дайвар түүхий эдийн бэлтгэлийн цех”-ийн зориулалтаар зээлсэн. Тус зээл нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу хийдээгүй. Удаа дараалан хугацаа хэтрүүлэн төлж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 19-ний төлөлт дутуу хийгдсэн. Түүнээс хойш зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй тул Зээлдэгч зээлийн гэрээний 7.1.4 дэх заалтыг үндэслэн гэрээг цуцалж байна.

Зээлдэгч ****** нь зээлийн хүү, эргэн төлөлтөө хугацаандаа төлөөгүй зээл төлүүлэх талаар утсаар ярьж, албан мэдэгдэл удаа дараа өгч байгаа ч төлөхгүй байгаа тул зээлийн эх үүсвэр 26,333,336 (хорин зургаан сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин зургаан) төгрөг, ашигласан зээлийн хүү 334,338 (гурван зуун гучин дөрвөн мянга гурван зуун гучин найм) төгрөг, алданги 2,680,431 (хоёр сая зургаан зуун наян мянга дөрвөн зуун гучин нэг) төгрөг, нийт 29,348,105 (хорин есөн сая гурван зуун дөчин найман мянга нэг зуун тав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:... Миний бие ****** Өвөрхангай аймгийн ****** сумын Засаг даргын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох 29,348,105 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 29,348,105 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9,348,105 төгрөгийг тус тус төлж өрийг барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн.

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүхэд гаргасан тайлбартаа:... Хариуцагч ****** дарга ****** нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул 2025 оны 9, 10, 11, 12 дугаар сард 4 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч “Өвөрхангай аймгийн ****** сумын засаг даргын нэхэмжлэл, хариуцагч ****** , нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад:

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын засаг даргын гаргасан зээлийн гэрээний 29,348,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №314/ШЗ/2025/01331 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгээд,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ****** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, шүүхэд хариу тайлбар гаргасан ба нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ****** сумын засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №314/ШЗ/2025/01331 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ****** 152.345.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 751.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Өвөрхангай аймгийн ****** сумын засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч ****** холбогдох, зээлийн гэрээний 29,348,105 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ****** 152,345.5 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Х.ОТГОНЖАРГАЛ