| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0167/Э |
| Дугаар | 179 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Батжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Б.Батжаргал, шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Барханз овогт Нямдоржийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802001130074 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 32 настай, бүрэнд дунд болосвролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх дүү нарын хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Барханз овогт Н.Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа олон улсын боомтоор 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, Мэндбаярын Сугарцэрэнгийн Е1646930 дугаарын гадаад паспортыг ашиглан хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Г: “...Би 2012 онд уушигны хагалгаанд орсон, 2017 онд Швед улс руу явсан юм. 2017 оны 12 сар гараад миний цээжээр хатгаж өвдөөд байсан, хагалгаагаар хатгаж өвдөөд мөнгөгүй болсон. Тухайн улсад би хараар ажил хийж байсан. Би хуулийн мэдлэггүй, гадаад улсад бие өвдөөд байсан учраас хилээр гарахаас өөр аргагүй болсон. Швед улс дахь монголчууд гэсэн “facebook”-ийн групп дээр өөр хүний паспортоор хил гарч болдог гэж бичсэн байсан. Би энэ талаар хүмүүсээс асуухад гарч болно. Чиний бие өвдөөд эх орондоо очиж байгаа учир баригдсан ч гэсэн торгууль төлөөд, байцаалт аваад гаргадаг юм гэж хэлсэн. Шведэд улс дахь монголчуудын зар дээрээс Сугарцэрэн гэдэг хүнтэй холбогдож, паспортыг нь аваад хилээр гарч ирсэн. Тэр хүнд штамп даруулах нь чухал байсан. Би монгол улсын хил дээр баригдсан бөгөөд биеийн байдал комд орсон байсан. Өр тавиад явсан боловч биеийн байдлаас болж аргагүй байдалд ороод эх орондоо ирье гэж бодсон...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч П.Уянга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа боомт дээр баримт бичгийн шалгагчийн үүрэг гүйцэтгэсэн. Уг үүргийн дагуу зорчигчийн ирэх чиглэлд 4 дүгээр кабинд үүргээ биелүүлсэн. ...2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед ОМ-136 аяллын дугаартай Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаад газардсан. Тэгээд үүргийн дагуу зорчигчийн баримт бичгийг шалгаад байж байхад Н.Гирээд Сугарцэрэнгийн Е1646930 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хил нэвтрэхээр надад шалгуулсан, би тухайн үед гадаад паспортыг шалгахад шинэ гадаад паспорт байсан бөгөөд Монгол Улсын хилийг нэвтрэн гарсан гэх хилийн шалгалтын штамп байхгүй байсан учир заставын дарга Гэрэлт-Одыг дуудаж сэжигтэй зорчигч байна гээд нарийвчилсан үзлэг хийх зөвшөөрөл авсан. ...Үүргийн дагуу Ганзоригтой ярилцаж үзсэн. Эхлээд намайг юм асуухаар дуугай байсан, сүүлдээ би өөрийнхөө гадаад паспортыг алга болгочихсон, Монгол улсаас гарахдаа өөрийн гадаад паспортоор гарч Швед улсад хараар ажил хөдөлмөр эрхэлж байгаад бие өвдөөд Монгол руу буцах болсон. Тэгээд буцах гэхээр баримт бичиг байхгүй учир Швед Монголчуудын нэгдсэн зар руу ороод Мэндбаярын Сугарцэрэн гэх хүнтэй холбогдож түүний гадаад паспортыг авсан гэж хэлээд өөрийнхөө регистрийн дугаарыг хэлж өгөхөөр нь мэдээлэлтэй нь тулгаж үзэхэд тохирсон. Тэгээд Монгол улсын хилээр хэзээ, хаагуур гарсан талаар асуухад хэлсэн зүйл нь манай мэдээлэлтэй тохирч байсан. ...Н.Гбаримт бичиг шалгуулахаар ирүүлэхдээ хөмсөг, чихээ далдалж өмссөн хар өнгийн малгайтай байсан. Тэгээд баримт бичгийг нь шалгаж байхад нүүр рүү харахгүй сандарсан байдалтай байсан. ...Ижилсүүлэлтийн үед нүдний хэлбэр, хамар, хацар, царайны ерөнхий төрх байдал, гадаад паспорт дээрх зурагнаас өөр байсан...” /хх-ийн 67-69/ гэсэн,
Гэрч Н.Одонтуяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Манай дүү Швед улсад байхдаа өөрийн гадаад паспортыг явуулсан. Надтай чатаар Сайн уу, та энэ хүн рүү залгаад миний паспортыг асуугаад хурдан явуулаад өгөөч хурдан тусмаа сайн, энд гадаад паспортгүй бол ажилд авдаггүй юм байна гээд 89020304 гэсэн дугаар өгсөн. ...Сар шинийн баяр өнгөрсний дараа манай дүү хүрээд ирсэн. Надад хэлэхдээ ажил төрөл олдохгүй, хоол унд авах ч мөнгөгүй болчихоор нь хүрээд ирсэн гэсэн. ...Интернетээс зарын дагуу ярьж байгаад хүний гадаад паспортоор хил нэвтэрсэн гэхээс өөр зүйл хэлээгүй...” /хх-ийн 70-72/ гэсэн,
Гэрч Н.Золбоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2017 оны хавар билүү зун Швед улсаас Монгол улс руу явах гээд зар тавиулсан. Тэгтэл Ггэх залуу надтай холбогдоод өөрийнхөө гадаад паспортыг өгч явуулсан. Монголд очоод манай гэрийн хүмүүст өгөөрэй гэсэн. Тэгээд би Г-н гадаад паспортыг аваад Монгол улсад ирээд өөрийнхөө найз Содбаярын “Мандарин” гэх нэртэй зочид буудалд үлдээсэн. Анх Швед улсад зар тавиулахдаа “Мандарин” зочид буудлын 89020304 гэх дугаарыг хамт бичсэн бөгөөд гэр бүлийн хүмүүс нь энэ дугаар руу яриад авсан байх...” /хх-ийн 75-76/ гэсэн,
Шүүгдэгч Н.Гмөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас одоо надад байгаа гадаад паспортоо авч байсан. ...2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Унгар улс руу явах виз даруулсан. Тэгээд Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баян-Өлгийгөөс ОХУ-руу, тэндээсээ Казахстан, Казахстанаас Унгар руу очоод цааш дамжин Швед улсад очсон. Миний визний хугацаа дууссан тул Швед улсад хараар ажиллаж байсан. 2017 онд бие өвдөөд ажил хийхгүй 2 сар орчим болсны дараа Монгол руу буцахаар шийдсэн. Надад тухайн үед буцах билет бичүүлэх мөнгө, санхүүгийн чадвар байхгүй байсан учир Швед Монголчуудын зарын групп руу ороод зар харж байсан чинь “өөрийнхөө оронд Монгол улс руу хүн буцаана” гэсэн зар байхаар нь орж харахад 0790575770 дугаар байсан. Утасны дугаараар холбогдоод очиж уулзахад Сугарцэрэн байсан. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сугарцэрэнтэй уулзаад Е1646930 дугаартай гадаад паспортыг нь авч Швед улсын хилээр гарсан. Тухайн үед Сугарцэрэн “Швед улсад 2,5 жилийн хугацаатай цагаачлах эрх авсан бөгөөд энэ эрх нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусч байгаа тул уг өдрөөс өмнө Швед Улсын хилээр гарсан байх ёстой” гэж хэлсэн. Надад тухайн үед билет авах мөнгө байхгүй байсан тул Сугарцэрэн өөрийнхөө нэрээр надад билет авч өгсөн. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Москвад буугаад тэндээсээ Улаанбаатар чиглэлийн онгоцонд сууж 2018 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 06 цаг 40 минутад Монголд ирсэн. Хил дээр Е1646930 дугаартай гадаад паспортыг үзүүлэхэд чи Сугарцэрэн биш байна, суугаад хүлээж бай гэсэн. ...Швед улсаас цагаачлах эрх авах гэхээр нь Унгар улсын 7 хоногийн визийн хугацаа хэтэрсэн байсан тул өөрийн паспортыг сольж шинийг авах зорилгоор Монгол улс руу явуулчихсан байсан боловч шинэ гадаад паспорт захиалж авч чадалгүй Монголд ирсэн...” /хх-ийн 94-97/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №2008 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Мэндбаярын Сугарцэрэнгийн Е1646930 дугаартай гадаад паспорт нь жинхэнэ паспорт байна. Уг гадаад паспортод засварласан шинж тэмдэгүүд илрэхгүй байна...” /хх-ийн 82-83/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №2009 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Е1646930 дугаарын үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн ЧМ86020276 регистрийн дугаартай Нямдоржийн Г-н гэрэл зурагтай тохирохгүй, ДЮ94031114 регистрийн дугаартай Мэндбаярын Сугарцэрэнгийн гэрэл зурагтай тохирно...” /хх-ийн 84-90/ гэсэн дүгнэлтүүд,
- Хилийн зөрчлийн материал /хх-ийн 6-14/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/,
- Гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-48/,
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-63/,
- Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 107/,
- Н.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Н.Гнь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа Олон улсын боомтоор 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, Мэндбаярын Сугарцэрэнгийн Е1646930 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч П.Уянгын “...2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23-ны өдрийг хүртэл Буянт-Ухаа боомт дээр баримт бичгийн шалгагчийн үүрэг гүйцэтгэсэн. ...Тэгээд үүргийн дагуу зорчигчийн баримт бичгийг шалгаад байж байхад Н.Гирээд Сугарцэрэнгийн Е1646930 дугаартай гадаад паспортоор Монгол Улсын хил нэвтрэхээр надад шалгуулсан, би тухайн үед гадаад паспортыг шалгахад шинэ гадаад паспорт байсан бөгөөд Монгол Улсын хилийг нэвтрэн гарсан гэх хилийн шалгалтын штамп байхгүй байсан учир заставын дарга Гэрэлт-Одыг дуудаж сэжигтэй зорчигч байна гээд нарийвчилсан үзлэг хийх зөвшөөрөл авсан. ...Н.Гбаримт бичиг шалгуулахаар ирүүлэхдээ хөмсөг, чихээ далдалж өмссөн хар өнгийн малгайтай байсан. Тэгээд баримт бичгийг нь шалгаж байхад нүүр рүү харахгүй сандарсан байдалтай байсан. ...Ижилсүүлэлтийн үед нүдний хэлбэр, хамар, хацар, царайны ерөнхий төрх байдал, гадаад паспорт дээрх зурагнаас өөр байсан...” /хх-ийн 67-69/ гэсэн,
Гэрч Н.Золбоогийн “...2017 оны хавар билүү зун Швед улсаас Монгол улс руу явах гээд зар тавиулсан. Тэгтэл Ггэх залуу надтай холбогдоод өөрийнхөө гадаад паспортыг өгч явуулсан. Монголд очоод манай гэрийн хүмүүст өгөөрэй гэсэн. Тэгээд би Г-н гадаад паспортыг аваад Монгол улсад ирээд өөрийнхөө найз Содбаярын “Мандарин” гэх нэртэй зочид буудалд үлдээсэн. Анх Швед улсад зар тавиулахдаа “Мандарин” зочид буудлын 89020304 гэх дугаарыг хамт бичсэн бөгөөд гэр бүлийн хүмүүс нь энэ дугаар руу яриад авсан байх...” /хх-ийн 75-76/ гэсэн,
Шүүгдэгч Н.Г яллагдагчаар өгсөн “...2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газраас одоо надад байгаа гадаад паспортоо авч байсан. ...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Унгар улс руу явах виз даруулсан. Тэгээд Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Баян-Өлгийгөөс ОХУ-руу, тэндээсээ Казахстан, Казахстанаас Унгар руу очоод цааш дамжин Швед улсад очсон. Миний визний хугацаа дууссан тул Швед улсад хараар ажиллаж байсан. 2018 онд бие өвдөөөд ажил хийхгүй 2 сар орчим болсны дараа Монгол руу буцахаар шийдсэн. Надад тухайн үед буцах билет бичүүлэх мөнгө, санхүүгийн чадвар байхгүй байсан учир Швед Монголчуудын зарын групп руу ороод зар харж байсан чинь “өөрийнхөө оронд Монгол улс руу хүн буцаана” гэсэн зар байхаар нь 0790575770 дугаарын утсаар Сугарцэрэнтэй уулзсан. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сугарцэрэнтэй уулзаад Е1646930 дугаартай гадаад паспортыг нь авч Швед улсын хилээр гарсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Москвад буугаад тэндээсээ Улаанбаатар чиглэлийн онгоцонд сууж 2018 оны 02 дугаар сарын 23-ны 06 цаг 40 минутад Монголд ирсэн. Хил дээр Е1646930 дугаартай гадаад паспортыг үзүүлэхэд чи Сугарцэрэн биш байна, суугаад хүлээж бай гэсэн...” /хх-ийн 94-97/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2008 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Мэндбаярын Сугарцэрэнгийн Е1646930 дугаартай гадаад паспорт нь жинхэнэ паспорт байна. Уг гадаад паспортод засварлсан шинж тэмдэгүүд илрэхгүй байна...” /хх-ийн 82-83/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №2009 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн Е1646930 дугаарын үндэсний энгийн гадаад паспорт дээрх зураг нь харьцуулах загварт ирүүлсэн ЧМ86020276 регистрийн дугаартай Нямдоржийн Г-н гэрэл зурагтай тохирохгүй, ДЮ94031114 регистрийн дугаартай Мэндбаярын Сугарцэрэнгийн гэрэл зурагтай тохирно...” /хх-ийн 84-90/ гэсэн дүгнэлтүүд, хилийн зөрчлийн материал /хх-ийн 6-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/, гадаад паспортад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40-48/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 49-63/, Монгол улсын хилээр нэвтэрсэн лавлагаа /хх-ийн 107/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх болон бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Гнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1802001130074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е1646930 дугаартай гадаад паспортыг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барханз овогт Н.Г-г Монгол Улсын хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-г 1350 /нэг мянган гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Г т оногдуулсан 1350 /нэг мянган гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Г т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1802001130074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Е1646930 дугаартай гадаад паспортыг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн 1802001130074 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР