Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 652

 

 

 

                                                                          

М.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар магадлалтай, М.Э-ад холбогдох 1827001950023 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б тайж овогт М Э нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх М.Э-ыг хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...тусгай зөвшөөрөлгүйгээр” гэснийг хасаж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Э- гаргасан гомдолдоо “Шүүх хуралдаанд болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний зүгээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, байгаль экологид учруулсан гэм хорыг арилгасан тул 1,600,000 төгрөгийн үнэ бүхий шороо угаах зориулалт бүхий төхөөрөмж болох гитаран буу, “Doosan Sl290-LC-V” загварын экскаваторын үнэ 35,000,000 төгрөг гаргуулахгүйгээр шийдвэрлүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хүлээн авалгүйгээр миний эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэрэглэж буй заалт гэж тодорхойлогддог. Гэтэл учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан байтал дээрх заалтыг хэрэглэн миний эд хөрөнгийг хурааж улсын орлого болгосон нь эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, халдашгүй байх тэр дундаа өмчлөх эрхэд халдахгүй байх зэрэг зарчмуудыг удирдлага болгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “М.Э- нь хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон. Шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийн үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Э-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Э- нь 2018 оны 08, 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун сөдөтийн хонгил” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрүүл хайгуул, олборлолт хийж хууль бусаар газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 6,706,734 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Э-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан Өвөрхангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН