Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 838

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн, нэхэмжлэгчийн төлөөлөгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, нарыг оролцуулан “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ0062-DG  өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлтийг хүчингүй болгож, уг дүгнэлт, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаартай албан тоотыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны  хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Манай компани нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт 103 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдлийг Дорноговь аймгийн Засаг даргад гаргасан юм.

Дорноговь аймгийн Засаг даргаас манай компанийн ТХ-******* код бүхий өргөдлийг Ашигт малтмалын газраас шалгаад татгалзаж шийдвэрлэсэн тухай хариуг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/2093 дугаартай албан бичгээр өгсөн байдаг.

Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийн дүгнэлтэд уг талбайг түрүүлж ирсэн ТХ-******* өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж дүгнэлт гаргажээ.

Уг талбай нь түрүүлж ирсэн ТХ-******* код бүхий өргөдөлтэй ямар нэгэн байдлаар давхцаагүй бөгөөд уг өргөдлийн талбайд ТХ-******* код бүхий өргөдөл байж байгаад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөдлийн бүртгэлээс хасагдсан байдаг.

Манай компанийн хувьд уг ТХ-******* код бүхий өргөдлийг бүртгэлээс хасагдсаны дараа 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ТХ-******* код бүхий өргөдлийг Дорноговь аймгийн засаг даргад хандан гаргасан тул уг дүгнэлт хууль бус юм.

Ингээд манай компани Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох дээд албан тушаалтанд гомдлоо гаргатал ТХ-******* өргөдлийн дугаарыг техникийн алдаа гаргаж буруу бичсэн, мөн ТХ-******* дугаартай өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн авч “Хэдийгээр нэгэнт хасагдсан өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай гэж зураг зүйн шүүлтийг буруу хийсэн ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т зааснаас өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Ашигт малтмалын газар нь ахин дүгнэлт гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэхь хэсэгт “...энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх..." гэж заасан байдаг ч уг заалтад байхгүй зүйлээр дүгнэлт гаргаж Кадастрын хэлтсийн дүгнэлтээ хамгаалан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын газар нь уг зүйлээр дүгнэлт гаргах тухай хуульд заагаагүй ч энд зориуд тэмдэглэхэд манай өргөдөл өгсөн талбайг ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлгүй гэж Уул уурхайн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тушаал болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолд үзсэн байдаг. Энэ тогтоолд буй талбайнуудыг эрдсийн хуримтлалын илрэлгүй гэж үзээд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор тогтоосон байдаг.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-******* өргөдөлд өгсөн Кадастрын хэлтсийн дүгнэлт, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар албан тоотыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянах, шийдвэрлэх ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулиар зохицуулагддаг.

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 14.1.4 дэх хэсэгт зааснаар өргөдөл хүлээн авч анхан шатны шүүлт хийж өргөдлийг ирсэн дарааллаар нь төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэж заасны дагуу Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1817 тоот албан бичгээр талбайн давхцлыг хянаж, тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тогтоолгохоор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн 4 материалыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн

Нэхэмжлэгчийн өргөдлийг ирсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалтай эсэхийг Кадастрын хэлтсийн Зураг зүйн шүүлт хариуцсан мэргэжилтний 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн зураг зүйн шүүлтээр ТХ-******* тоот түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай хэсэгчлэн давхцалтай гэж шүүсэн. Улмаар Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-******* тоот өргөдлийн талбайд хийсэн дүгнэлтээр өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн ТХ-******* тоот өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмал олгох боломжгүй гэж гарчээ.

Энэхүү дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэгч компани 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/03 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад гомдол гаргасан бөгөөд тус гомдлын дагуу ХШҮСМХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хяналт-шинжилгээ хийж Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 тоот албан бичгээр тус компанид хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

Хэдийгээр нэгэнт хасагдсан өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай гэж зураг зүйн шүүлтийг буруу хийсэн ч нэхэмжлэгч компанийн түгээмэл тархац ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, хайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг” гэж зааснаас өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байсан нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах харилцаа үүсэхгүй учраас тус компанийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн боломжгүй юм.

Иймд “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн захирал А.Б******* Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-******* өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтээс үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-******* өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар бүхий албан тоотыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сард Дорноговь аймгийн Засаг даргад хандаж тус аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт 103 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайхыг хүссэн өргөдөл гаргажээ.

Аймгийн засаг даргаас Ашигт малтмалын газарт хандаж “Б*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу хайгуул хийх, талбайн давхцлыг хянаж тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг тогтоолгохоор 1/1817 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газраас 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 5/9472 дугаар албан бичгээр “Өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн ТХ-******* өргөдөлтэй хэсэгчилсэн давхцалтай тул түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй.” гэсэн хариуг хүргүүлжээ.

Ийнхүү Ашигт малтмалын газрын дээрх дүгнэлтийг үндэслэн Дорноговь аймгийн засаг дарга “Б*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.

 Гэвч нэхэмжлэгч компаниас Ашигт малтмалын газарт 2016 оны 03 дугаар сард ирүүлсэн гомдлын дагуу ажлын хэсэг байгуулагдан хяналт-шинжилгээ хийснээр тус байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн хүсэлт гаргасан өргөдлийн талбайд зураг зүйн шүүлт хийхдээ хасагдсан өргөдлийн талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн болох нь тогтоогдсон байна.

Харин хариуцагч хэдийгээр асуудал хариуцсан мэргэжилтэн зураг зүйн шүүлтийг алдаатай хийсэн ч тухайн өргөдөл өгсөн талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмал биш өөр төрлийн эрдсийн хуримтлалтай байх тул “Б*******” ХХК-ийн хүсэлтийг хангаж тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу өгчээ.

Нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн түгээмэл тархацтай ашигт малтмал хариуцсан мэргэжилтний гаргасан алдаатай дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгоогүй нь хууль бус, энэ дүгнэлтийг хүчингүй болгосноор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх хүсэлтийг сэргээх боломжтой бөгөөд тухайн талбайд өөр төрлийн эрдсийн хуримтлалтай байсан ч энэ хүсэлтийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар манай компанид тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан гэж маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна;”, 6.3-т “Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.” гэж хуульчилснаас үзэхэд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-д зааснаар зохицуулахаар хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн хүсэлт гаргасан Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байршилтай 103 га бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал бус бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалын илэрцтэй байсан нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн “Монгол Улсын төвийн районд 1993-1994 онд явуулсан бал чулууны сэдэвчилсэн судалгаа, эрэл-шалгалтын үр дүнгийн тайлан”-гаар нотлогдсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн Ашигт малтмал газрын (хуучин нэрээр) Кадастрын хэлтсийн өргөдөлд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй давхцалтай гэсэн дүгнэлт алдаатай байсныг хяналт-шинжилгээгээр тогтоосон хэдий ч бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалтай талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч анх Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүссэн бөгөөд энэ төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар тухайн орон нутгийн засаг дарга олгохоор хуульчилжээ.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ашигт малтмал, Газрын тосны газарт хандаж Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бусад ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргаагүй бөгөөд энэ утгаараа түүний ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.”, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд заасан дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. 4.1.1-д “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалттай ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, хайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг; гэж хуульчилсан бөгөөд эдгээр төрлийн ашигт малтмал хайх зөвшөөрөл хүсэх үйл ажиллагаан нь тухайн төрлийн ашигт малтмалын харилцааг зохицуулсан хуулийн хүрээнд зохицуулагдахаар байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлэнэ”, 9.1.11-д геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоох, нийтэд мэдээлэх” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоож нийтэд зарласан байна.        

Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор зөвшөөрөгдсөн талбайд ашигт малтмал хайх хүсэлтийг Ашигт малтмалын газарт (хуучин нэрээр) хандаж гаргах бөгөөд бусад ашигт малтмал эрдсийн хуримтлалын илэрцтэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар Ашигт малтмалын болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн гэж дүгнэв.

Иймд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1-дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамааралгүй” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн хүссэн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой байсан гэсэн түүний тайлбарыг хүлээн авах боломжгүй байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-******* өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтээс үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-******* өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385  дугаар бүхий албан тоотыг хүчингүй болгох “Б*******” ХХК-ийн захирал А.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3, 6.4, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.1, 9.1.1, 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.2.3-т заасныг тус тус баримтлан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-******* өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулах, уг дүгнэлтээс үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-******* өргөдлийн бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 дугаар бүхий албан тоотыг хүчингүй болгох “Б*******” ХХК-ийн захирал А.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.            

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР