Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 49

 

Г.Сүхтөмөрт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Долгормаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор Н.Ундрах

          Ялтан Г.Сүхтөмөр

         Ялтаны өмгөөлөгч Ц.Баярмаа

         Нарийн бичгийн дарга Б.Ренчиндорж нарыг оролцуулан,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан улсын яллагчийн эсэргүүцлээр Г.Сүхтөмөрт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Сүхтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж бие эрх чөлөөнд нь халдаж хөнгөн, хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Г.Сүхтөмөрт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх: Г.Сүхтөмөрийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж, Г.Сүхтөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, шүүгдэгч Г.Сүхтөмөр нь бусдад төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Батцэрэнг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан улсын яллагч Н.Ундрахын эсэргүүцэлд: Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний эрүүл мэнд, бие махбодид хүнд гэмтэл учрах боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, түүнийг шууд санаатай хүсэж үйлдсэн, эсхүл шууд бус санаатайгаар энэхүү үр дагаварт хүргэсэн зэрэг субъектив талын шинж тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нар өөрсдийн мэдүүлэгтээ тухайн нөхцөл дэх үйл явдал, үйл хөдөлгөөн, үйлдлээ биетээр дүрслэн харуулсанаас дүгнэхэд шүүгдэгч Н.Сүхтөмөрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж Г.Сүхтөмөрийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Г.Сүхтөмөр хохирогч Ж.Батцэрэнг ухаан алдсан байхад толгойг нь алдаад хөмсгийг нь сэтэлчихсэн гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Сүхтөмөр эргэж хараад хохирогч Ж.Батцэрэнг цээж рүү нь тохойлдож унагаснаас пид гэж газар унасан болох нь нотлогддог. Мөн хохирогчид Г.Сүхтөмөрийн үйлдлийн улмаас хөнгөн, хүнд 2 гэмтэл учирсан байхад шүүх шийтгэх тогтоолдоо уг хөнгөн гэмтэл хэзээ, гэм буруугийн ямар хэлбэрээр учирсан болоход дүгнэлт хийгээгүй, зөвхөн хүнд гэмтэлд нь дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй” орхигдуулсан байна.

Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийн, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Хэргийн нөхцөл байдлын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг эргэж хараад тохойлдсон болох нь хохирогч Батцэрэн болон бусад гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Тохойлдсон үйлдлийн улмаас хохирогч цемент дээр ар дагзаар савж унасан. Энэ үйлдэл нь болгоомжгүй буюу хайхрамжгүй хэлбэрээр үйлдэгдээгүй. Харин шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “толгойгоороо савж унасан гэж” тогтовортой мэдүүлэг өгдөг. Сүхтөмөрийн үйлдлийн субьектив санаа нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Мөн хохирогчид Г.Сүхтөмөрийн үйлдлийн улмаас хөнгөн, хүнд 2 гэмтэл учирсан байхад шүүх шийтгэх тогтоолдоо уг хөнгөн гэмтэл хэзээ, гэм буруугийн ямар хэлбэрээр учирсан болоход дүгнэлт хийгээгүй, зөвхөн хүнд гэмтэлд нь дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй” орхигдуулсан байна. Шүүгдэгч Г.Сүхтөмөрийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Батцэрэнд хүнд болон хөнгөн гэмтэл учирсан, хор уршгийг зориуд хүргэсэн байхад анхан шатны шүүх хайхрамжгүй хандсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийн, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж прокурорын эсэргүүцэл бичсэн.

          Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Г.Сүхтөмөрөөс: Хохирогчид гэмтэл санаатай биш санаандгүй учруулсан. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч Ц.Баярмаагаас: Батцэрэн бол миний үйлчлүүлэгч дээр очоод эхэлж цохьсон байдаг. Цохиход нь тонгойгоод дахиад агсараад ирэхэд нь тохойгоороо хойшоо түлхсэн. Энэ үйлдэл нь цохиод эргээд зодолдох санаа зорилго миний үйлчлүүлэгчид байгаагүй. Тохойгоороо түлхэх шиг болсон гэж байна. Миний үйлчлүүлэгч өөрийг нь ахиад цохьчих болов уу гээд тохойгоороо түлхэхэд хохирогч бөгсөөрөө унаад дараа нь толгойгоороо савж унасан байдаг. Сүхтөмөр нь шууд толгойн тус газар нь цохиж гэмтэл учруулаагүй. Хохирогч согтуу биш байсан бол газар бөгсөөрөө савж унаад толгойгоо цохихгүй байсан. Анхан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх эсэргүүцэлд дурьдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай яллах дүгнэлтэнд /хх-86-87/ яллагдагч Г.Сүхтөмөрийг бусдын бие махбодид хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад анхан шатны шүүх хохирогчид хөнгөн гэмтлийг хэн учруулсан эсэхэд дүгнэлт хийлгүй шийтгэх тогтоолыг гаргаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэсэн заалтыг зөрчсөн байна.

Хохирогч Ж.Батцэрэнгийн ...би Сүхтөмөрийн араас дагаад явж байсан чинь гэнэт эргэж хараад баруун гараараа миний духан тус газарт тохойлдсон чинь би газар цементэн дээр дагзаараа савж унасан. Өөрөөр тэр намайг цохиогүй гэсэн мэдүүлэг /хх-27/, гэрч Д.Ганболдын ...Ганболд бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад Батцэрэнгийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон. Би яг харсан юм. Батцэрэнг Сүхтөмөр тохойлдож унагахаас өмнө энэ хоёр нэг нэгнийгээ цохисон зүйл болоогүй гэсэн мэдүүлэг /хх-35/, гэрч Т.Отгонбаатарын ...Батцэрэн Сүхтөмөрийг гараараа цохисон чинь Сүхтөмөр шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиад Сүхтөмөрийг цохих гээд дайрсан. Тэгсэн чинь Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа саваад унасан гэсэн мэдүүлэг /хх-38/, шинжээчийн 159 тоод дүгнэлтэнд...тархи доргилт, баруун, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарна /хх-42/, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч Г.Сүхтөмөрийн ...би сандрахдаа тохойлдсон чинь тэр арагшаагаа саваад унасан /хх-61, 65, 122/ гэсэн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлахад шинжээч эмчийн дүгнэлтэнд дурьдсан хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтлийг хэн, хэдийд, хаана, яаж учруулсныг мөрдөн байцаалтын явцад тогтоогоогүй, мөн хохирогчид учирсан гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар байрлалаас, ямар үйлдэл хийхэд учирч болохыг нэмэлт дүгнэлт гаргах эсвэл шинжээч эмчээс асуух ажиллагааг хийгээгүй, зөвхөн тохойлдсоноос арагшаа савж унасан тохиолдолд тархи доргилт, баруун, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэлийг Х.Сүхтөмөр хохирогчид учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай болсон байна.

Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэв.

          Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэг, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, мөн хуулийн 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Сүхтөмөрт холбогдох 201616000067 тоот хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Х.Сүхтөмөрт бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            П.ДОЛГОРМАА

                                       ШҮҮГЧИД                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                

                                                            Х.ГЭРЭЛМАА