Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0095

 

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0095

Улаанбаатар хот

 

                     “Х-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-О, хариуцагч Д.Б нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-О-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Х-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Б, Б.Х нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.6.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х-И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 тоот актаар ногдуулсан 10,421,204.00 төгрөгийн төлбөрөөс 2,582,427.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгон хасч, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б-О давж заалдах гомдолдоо: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх “Х-И” ХХК-ийг 2014-2015 онуудад үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэн ашиг олж байсан гэж Орхон аймгийн Татварын хэлтсийн байцаагч нарын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаартай актаар ногдуулсан 10.421.204 төгрөгийн төлбөрөөс 2.582.427 төгрөгийг хасч үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд зөвхөн хариуцагчийн амаар нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, “Х-И” ХХК нь 2013 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж орлого олоогүй бөгөөд орлого олдог үл хөдлөх эд хөрөнгөө Л.Б-О-ын өмчлөлд шилжүүлсэн. Энэ хүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах, орлого олох эх үүсвэрээ болгох эсэх нь түүний эрхийн асуудал юм. Гэтэл татварын байцаагч нар хяналт шалгалт хийгээд “Х-И” компани түрээслүүлж орлого олсон гэж буруу акт тавьсан байхад шүүх түүний үнэн учрыг олохыг хичээсэнгүй. Нөгөө талаар манай компанийн дансанд түрээсийн орлого орж ирээгүй, түрээсэлсэн гэх копаниудаас түрээсийн зарлага гэж гарсан нотлох баримт байхгүй байхад зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслээд орлого олсон гэж дүгнэсэн нь хууль бус юм. Гэрчүүдийг татварын байцаагч буюу хариуцагч тал өөрсдийг чинь эргүүлээд шалгана шүү гэж улайн цайм шүүх хурал дээр дарамталсан бөгөөд тэд айгаад худал ярьсан.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бас нэг үндэслэлээ шүүх байгууллагын тайланг хөлсөөр гаргаж өгдөг Т.Э-ийн гаргасан тайлан гэж үзсэн. Энэ тайлан гэгч нь нягтлан Т.Э-ийн гарын үсэггүй, захирал гээд Х.Б-О миний нэрийг бичсэн хуурамч тайлан байгааг анхаараагүй. Эдгээр тайланг гарах үед миний бие ОХУ-д ажиллаж амьдарч байсан. Миний бие 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сар хүртэл Москвад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөгчийн газар менежерээр ажиллаж байсан. Үүнийг нотлох баримтыг шүүх хуралд гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй. Үнэн хэрэг дээрээ Т.Э гэдэг хүн тайлан гаргаж байсан эсэх нь ч тодорхойгүй. Т.Э-г гэрчээр оролцуулая гэхэд шүүх хүлээж аваад дуудсан боловч тэр хүн шүүхийг үл хүндэтгээд ирээгүй. Мөн намайг байхгүйд компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Ч, Б.Б-Э нараас орлого олж байсан эсэхийг тодруулж шалгаагүй, тайлан гаргаж байсан эсэхийг ч судлаагүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бас нэг үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б-Э-д шилжүүлсэн гэж андуурсан бөгөөд нэхэмжлэгчийг татварын албанд мэдэгдээгүй гэж буруутгасан. Мөн Б.Б-Э-ийг татварын албанд мэдэгдээгүй тул татвар ногдуулсан нь хууль зөрчөөгүй гэсэн юм. Гэтэл үнэн хэрэг дээрээ үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч буюу Л.Б-О л татвар төлөх ёстой шүү дээ.

Нөгөө талаар “Х-И” ХХК нь дулаан, цахилгаан, цэвэр бохир усны гэрээг дангаараа хийсэн бөгөөд үүний төлбөрийг Л.Б-О-ын өмчлөлд барилга байх үед тэнд үйл ажиллагаа явуулж байсан “Э-О”, “А-Э” компаниуд дээрх төлбөрийг шууд “Х-И” ХХК-аас гээд төлж байсныг анзаараагүй. Тайлангуудаа авч очсон боловч шүүгч үзээгүй. Шүүх хуралд орсон гэрчүүд түрээсийн төлбөр төлж байгаагүй гэж хэлсээр байгааг анхаараагүй. Эцэст нь хэлэхэд “Х-И” ХХК татварын байцаагч нарын актыг үндэслэлгүй гэж маргаж байхад нэхэмжлэл нь үндэслэлтэй юу үгүй гэдгийг шалгаж тогтоогоогүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгоно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х-И” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 200015607 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад шүүхийн шийдвэр үндэслэх ёстой. Гэтэл энэ тохиолдолд шүүх маргааны үйл баримтыг бүрэн судлаагүй, хэргийн оролцогчдын нотлох болон үгүйсгэх тайлбарыг бүрэн гүйцэд сонсох замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөв удирдаагүй, мэтгэлцэх зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй буюу маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй байна.

Тухайлбал, маргаан бүхий актаар хэдэн зөрчил илрүүлсэн, үүнээс хэдэн зөрчилд маргаж, хэдэн зөрчилд маргаагүйг, мөн маргаж буй үндэслэл, шалтгааныг шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх шатанд зөв тогтоож, түүнд уялдуулан хэргийн оролцогчдыг мэтгэлцүүлэх нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчээс маргаан бүхий актын зөрчил тус бүртэй маргаж буй эсэх, ямар үндэслэлээр маргаж байгааг тодруулж маргааныг зөв тодорхойлоогүй маргасан хэсэгтэй холбогдуулан шаардлагатай, ач холбогдол бүхий баримт, нотолгоог бүрэн дүүрэн цуглуулаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс “...компанийн үндсэн үйл ажиллагаа нь 2010-2012 оныг дуустал Ү-0 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаад 2013 оноос ямар нэгэн түрээсийн болон ашиг олох бизнес хийгээгүй болно ...2014 оны эхээр гүйцэтгэх захирал Б.Б-Э Хөвсгөл аймагт хэрэгт сэрдэгдэж мөрдөнд сууж шүүхээр шийдвэрлэгдэж ял эдэлж байгаад 2015 оны 11 дүгээр сард өршөөлөөр суллагдсан ...энэ хугацаанд хяналт байхгүй нягтлан бодогч Т.Э нь 2014 оны сүүлчээс бие давхар 2015 онд хүүхэд төрүүлсэн гэрээс гардаггүй таамгаар ямар ч бодит мэдээлэлгүй тайлан гаргаж байсан ...2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд манай компани түрээслүүлж орлого олж байсан байшингаа иргэн Л.Б-О-ын өмчлөлд шилжүүлсэн тул ямар ч орлого олоогүй байхад нягтлан бодогч Т.Э энэ хугацаанд санаанаасаа худлаа тайлан гаргасан ...” гэх үндэслэлээр актыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч актаар тогтоосон төлбөрөөс 84.276.00 төгрөгийн төлбөрийг зөвшөөрч 2014 оноос хойших хугацааны зөрчилд ногдох 7.754.500.00 төгрөгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх татварын улсын байцаагчийн актын актаар тогтоосон төлбөрийн 2014 оноос хойш хугацааны зөрчилд ногдох төлбөртэй холбогдуулан зөрчил тус бүрийг ямар үндэслэл, шалтгаанаар зөвшөөрөхгүй маргаж байгааг тодруулаагүй, маргааныг зөв тодорхойлоогүй нь буруу байна.

            Нэхэмжлэгчээс “...2013 оноос хойш үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлж орлого олоогүй, тус үл хөдлөх эд хөрөнгөө Л.Б-О-ын өмчлөлд шилжүүлсэн. Энэ хүн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэрхэн захиран зарцуулах, орлого олох эх үүсвэрээ болгох эсэх нь түүний эрхийн асуудал ...” гэж маргасан байх бөгөөд хэрэгт Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8 дугаар баг, Бүрэнбүст 11 байрны урд 864 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, Ү-20 дугаарт бүртгэж, өмчлөгчөөр Л.Б-О-ыг бүртгэсэн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Орхон аймгийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №61-64627 дугаар лавлагаа зэрэг баримтууд авагджээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбогдуулан Л.Б-О-оос тайлбар авч, “Х-И” ХХК-ийн хувь нийлүүлэгч, хувьцаа эзэмшигчийн аль нь болох, уг компанитай ямар холбоо хамааралтай этгээд болохыг, мөн татварын байцаагч нарын тус компанийг хяналт шалгалтад хамруулсан цаг хугацаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж байсан эсэх, ямар байдлаар түрээсийн төлбөр төлөгдөж байсан эсэхийг тодруулах шаардлагатай.

            Мөн нэхэмжлэгчээс “...нягтлан бодогч Т.Э ...таамгаар ямар ч бодит мэдээлэлгүй тайлан гаргаж байсан, ...санаанаасаа худлаа тайлан гаргасан гэж маргасан байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 257 дугаар шүүгчийн захирамжаар “Х-И” ХХК-ийн нягтлан бодогч Э.Э-г шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авах”-аар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх боловч, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 264 дүгээр шүүгчийн захирамжаар “...Э.Э ...нараас гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай гэх үндэслэлээр өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг авахаар шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй ...дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай ...” гэх үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, 37.2-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, 37.3-д “Мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна”, 37.4-д “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн дуудсанаар ирж чадахгүй гэрчээс байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болно”, 37.5-д “Гэрч шүүхийн дуудсанаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол түүнийг албадан ирүүлэхийг шүүхээс эрх бүхий байгууллагад даалгаж, холбогдох зардлыг гэрчээр гаргуулахаар тогтоож болно” гэж хуульчилсан байна.

Хэрэгт “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 28 минут, “2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 22 минут, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 50 минутад тус тус шүүх гэрч Э.Э-ийн утсаар залгасан талаарх тэмдэглэлүүд авагдсан байна. Шүүх Э.Э-г гэрчээр асуухаар шийдвэрлэсэн атлаа тэрээр шүүхэд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь тодорхойгүй байхад байгаа газарт нь очиж мэдүүлэг авах эсвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол албадан ирүүлэх арга хэмжээг авч болох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байна.

Шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай тул гэрч Т.Э-аас “... “Х-И” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол ямар хугацаагаар ажилласан, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажилласан эсэх, мөн тус компанийн тайланг ямар баримт материалд үндэслэн гаргаж байсан талаар тодруулж, тайлбар авахаас гадна тус компанийн холбогдох санхүүгийн баримтууд буюу хариуцагч нараас ямар баримтад тулгуурлан акт үйлдсэнийг тодруулж, тэдгээрийг, мөн нэхэмжлэгчээс “...Т.Э-гийн гаргасан тайлан нь нягтлан Т.Э-ийн гарын үсэггүй, захирал гээд Х.Б-О миний нэрийг бичсэн хуурамч тайлан ...” гэж маргасан байх бөгөөд хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “... “Х-И” ХХК-ийн 2015 оны татварын тайлан нь ТТ0002 гэдэг цахим хэлбэрээр өгсөн тоон гарын үсгээр баталгаажсан ...тоон гарын үсэг авахдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтан гэрээ хийсэн ...” гэж тайлбарлаж байх тул энэ талаарх нотлох баримтыг тус тус гаргуулан авч хэрэгт хавсаргах шаардлагатай.

Нэхэмжлэгчээс “...үл хөдлөх эд хөрөнгийг түрээслээгүй байсан хугацааг хамруулж акт тавьсан ...” гэж маргасан байх тул шалгалтад хамрагдсан хугацаанд тухайн үл хөдлөх хөрөнгөд ус, цахилгаан, дулааны төлбөр гарч байсан эсэх талаарх нотлох баримтыг цуглуулах нь тухайн онуудад үйл ажиллагаа явуулж байсан эсэх буюу тус үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байсан эсэхийг тогтооход ач холбогдолтой байж болохоор байна.

Түүнчлэн хавтаст хэргийн 141-146 дугаар талд авагдсан “Түрээс төлсөн тэмдэглэл” гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үнэлж дүгнэх боломжгүй, мөн хэрэгт ямар хамааралтай болох нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ