Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01419

 

“Номинтрейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00221 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1673 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Соёолж” ХХК-д холбогдох,

Гэм хорын хохиролд 42 850 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагвын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Д.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн даргаар Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Номинтрейдинг” ХХК-ийн салбар  “Номин стандарт” барилгын материалын дэлгүүр нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам дагуу байрлах “Соёолж” төвийн зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  2015 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө  “Соёолж” ХХК-ийн тасалгааны цэцэг, үр үрсэлгээ, хүлэмж, түүний тоног төхөөрөмж худалдаалдаг дэлгүүрийн халаалтын регестер хөлдөж хагарсны улмаас “Номин стандарт” барилгын материалын дэлгүүрийн таазнаас их хэмжээний ус  гоожин дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнд ноцтой хохирол учруулсан. Хөрөнгийн үнэлгээний төвд хандан хохирлын үнэлгээг гаргуулахад нийт 42 850 000 төгрөг болсон. Хохирлын үнэлгээг гаргах явцад “Соёолж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Билгүүндамбад үнэлгээ хийлгэхэд байлцах болон хохирол барагдуулах арга хэмжээ авах талаар мэдэгдсэн боловч манай компанийн буруутай үйл ажиллагаа биш, ус алдалт нь цахилгаан хангамжаас шалтгаалж дулаан зогссоноор хэсэгчилсэн хөлдөлт явагдсан, регестер задарч ус асгарсан нь эрчим хүчний доголдолтой холбоотой, цахилгаан тасарснаас  хөлдөлт үүсэж эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлүүд гарч байдаг гэж тайлбарлан  хохирол төлөхөөс татгалзсан. Ус алдсан нь “Соёолж” ХХК-ийн техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн буруутай үйл ажиллагаанаас болсон тул “Соёолж” ХХК-иас 42 850 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны шөнийн 04 цагт “Соёолж” төвд цахилгаан тасарснаас дулааны узелийн системийн эргүүлэх мотор унтарсан. “Соёолж” төв нь анх баригдаж ашиглалтад орохдоо шилэн хүлэмжээр зураг төсөл зөвшөөрлөө авч баригдсан, дулаанаа хадгалах чадвараар тоосгон ханатай барилгаас өөр байдаг. Тухайн  шөнө -35 градус хүйтэн, дулааны эргэлтийн насос зогссоноос хойш 30 минутын дотор хүлэмжийн урд хэсгээр хөлдөлт үүссэн. Цахилгаан тасарч 1 цаг 30 минутын дараа ирсэн боловч энэ хооронд зарим хэсгээр паар хагарч шалан дээр ус асгарсан. Манай ээлжийн слесарь Төмөрбаатар шаардлагатай бүх арга хэмжээг авч, хөлдсөн хэсгийг хэсэгчилэн хааж эрсдэлийг багасган ажилласан. Зохион байгуулагч Д.Билгүүндамбад цаг алдалгүй утсаар мэдэгдэж мөн “Номин стандарт” дэлгүүрийн байнгын харуулд ус алдсан тухай мэдэгдсэн. Уг үйл явдал нь шөнийн цагаар болсон тул асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. “Соёолж” төв ийм байдлаар 2013 онд хөлдөж манай тал 70 000 000 төгрөгийн хохирол учирч энэ тухай эрчим хүчний газарт гомдол гаргахад танай тал цахилгааны хоёр дахь эх үүсвэр тавих хэрэгтэй гэж хариу өгч байсан. Тухайн үед дулааны узельд хоёр дахь эх үүсвэрийг хамтран хөрөнгө гаргаж хийн, дизель генератор авч тавих талаар “Номин” ХХК-д хэлж байсан боловч хариу өгөөгүй.“Номин” ХХК-ийн тухайн барилгын өмчлөгчийн хувьд шийдвэрлэх асуудлаар өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй. Эрчим хүчний тасалдал доголдлоос хөлдөлт үүсэж дулааны шугамд гэмтэл гарсан, бидний буруугаас болоогүй. Манай буруугаас усны крантыг хаагаагүй, чанар муутай сантехникийн материал ашигласан барилгад нэмэлт засвар үйлчилгээ нэмэлт өргөтгөл хийсэн зэргээс шалтгаалж ус алдсан бол бидний буруу байх байсан. Гэтэл өвлийн тэсгэм хүйтэн шөнө цахилгаан тасарч дулааны эргүүлэх мотор зогсож хөлдөлт үүсэж байгаа нь эрчим хүчний хоёр дахь үүсвэргүй уг обьектийн хувьд давагдашгүй хүчин зүйл болсон.Хоёр талын байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №06 тоот Аж ахуйн тооцооны гэрээний 5.1-д “Талуудын хүсэл зоригоос гадуур, урьдчилан мэдэж арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс гарах аливаа асуудалд талууд харилцан хариуцлага хүлээхгүй” гэсэн давагдашгүй хүчин зүйлийн тухай заасан байгаа. Эрчим хүчний хуулийн дагуу гуравдагч этгээдээр хангагч байгууллагуудыг татан оролцуулаагүй. “Номин” ХХК тухайн барилгын подвал хэсгийг худалдан авч өмчлөгч болсон түрээслэгч бус өмчлөгч бөгөөд өмчлөгчийн хувьд “Соёолж” төвийн дэд бүтцийг хамтран өмчлөгч болох тухай хоёр талын гэрээнд заасан. “Эх газар” ХХК, “Номин холдинг” ХХК-ийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 тоот гэрээний 4.5-д “Соёолж” төвийн дулаан, цэвэр бохир ус, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээ болон түүний байрлаж байгаа газар нь дундын эзэмшлийн байх бөгөөд засварлах, өргөтгөх, сайжруулах зэрэг зардлыг харилцан тэнцүү хувиар, эсвэл зах зээлийн эзэлж байгаа хувиар болон газар эзэмшиж байгаа хувиар тооцож харилцан тохиролцон хариуцна гэж заасан байдаг. Өмчлөгчийн хувьд “Номин” ХХК энэ асуудалд өөрөө хариуцлагын 50 хувийг хамтран хүлээх байтал эрсдэлийг манай талруу өгч өөрсдөө аж ахуйн талын аливаа эрсдэлгүй байх гэсэн санаагаар хандаж байгаа нь шударга бус үйлдэл. Үүссэн гэх 42 850 000 төгрөгийн хохирол нь үнэмшилгүй байна. “Номин” ХХК нь борлуулж буй обойнуудаа удаан хадгалсан 2014 оноос эхлэн 50 хувь хүртэл хямдрал зарлан худалдаалж байсан.Гэтэл ус алдсан гэдэг шалтгаанаар урьд гэмтсэн, муудсан, хуучин бараагаа хувийн үнэлгээний компаниар өөрсдийн хүсэл сонирхолд таарсан үнэлгээ хийж хувийн ашиг хонжоо харсан үйлдэл хийж байгаа нь тодорхой байна. Хохирлын үнэлгээг хийх хөндлөнгийн шинжээчийг хоёр талын сонгосноор байгуулаагүй хөрөнгийн үнэлгээний компанийг “Номин” ХХК өөрсдөө сонгосон. Гэмтсэн, норсон гэх обойнуудыг устгалд оруулах акт үйлдээгүй одоо ч гэсэн борлуулсаар байгаа. Гэмтсэн обойнууд нь тухайн ус алдсанаас болсон гэдэгт тодорхой нотолгоо байхгүй. Цахилгааны тасалдал, доголдлын тухай Эрчим хүчний хуулийн дагуу холбогдох газраас лавлагаа аваагүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гараагүй зөвхөн хувийн компанийн үнэлгээ гэх ганц зүйлийг тулгаж байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00221 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь заалтыг баримтлан хариуцагч “Соёолж” ХХК-аас гэм хорын хохиролд 38 864 079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 377 200 төгрөгөөс 372 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 5 000 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 352 270 төгрөгийг хариуцагч “Соёолж” ХХК-аас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1673 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00221 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Эх газар” ХХК, “Номинхолдинг” ХХК нарын хооронд байгуулсан А/10/29 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Соёолж” төвийн зоорийн давхрын 2520 м.кв талбайтай хэсгийг “Номинхолдинг” ХХК худалдан авсан бөгөөд тус компанийн өмч болсон байхад нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК нь “Номинреалтор” ХХК-иас уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэсэн байгаагаас үзэхэд дамжуулан түрээслэгч байхаар харагдаж байна.Иргэний хуулийн 323 дугаар зүйлийн 323.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болно” гэж зааснаар дээрх номин гэсэн тодотголтой компаниуд нь охин, толгой компаниуд байж болох ч хуульд зааснаас дамжуулан түрээслэх тохиолдолд өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагатай. Тиймээс анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.Мөн үүний зэрэгцээ хариуцагч нь жинхэнэ хариуцагч мөн эсэхийг тодруулаагүй байна. Учир нь Соёолж төвийн барилга нь хариуцагч “Соёолж” ХХК-ийн өмчлөлийн барилга мөн эсэхийг баримтаар тогтоогоогүй, шүүх хуралдаан дээр амаар тайлбар авсан боловч баримтаар уг барилга нь “Эх газар” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд хэрэгт авагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээнд мөн уг үл хөдлөх хөрөнгө нь “Эх газар” ХХК-ийн өмч болох талаар дурджээ. Түүнчлэн “Эх газар” ХХК-ийн уг үл хөдлөх хөрөнгийг “Соёолж” ХХК нь түрээс болон бусад гэрээгээр эзэмшдэггүй, охин компанийн хувьд байранд нь байрлаж, толгой компанийнхаа үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм. Тиймээс “Соёолж” ХХК нь уг иргэний хэргийн жинхэнэ хариуцагч биш бөгөөд гэм хорын хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан үнэлгээгээр нийт 42 850 000 төгрөгийн хохирол учирснаас эд хөрөнгө буюу худалдаалагдаж байсан бараа   бүтээгдэхүүнд 38 864 079 төгрөг, барилгын засвартай холбоотой 3 986 000 төгрөгийн хохирол учирсан гэснийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд уг үнэлгээг хариуцагч тал зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсний зэрэгцээ үнэлгээг гаргасан байгууллага нь үнэлгээ хийх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй компани мөн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад түүнийг үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй, энэ байдлыг тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх бөгөөд хуулийн уг заалтаас харахад аливаа этгээд санаатай болон болгоомжгүйгээр гэм хор учруулсан байхыг шаардаж байна.Гэтэл уг иргэний хэрэг болон болсон үйл явдлаас үзэхэд “Соёолж” ХХК нь ямар нэгэн санаатай үйлдэл хийж нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, болгоомжгүй үйлдэл ч гаргаагүй, тус компаниас үл хамаарах шалтгаан буюу эрчим хүч тасарсан, яг тэр үеэр нь цаг агаарын цочир хүйтрэл болж байсан. Хэрэв зуны улирал эсхүл хавар, намар болон өвөл хүйтний эрч сул үеэр ийм зүйл болсон бол хэнд ч, ямар ч хохирол учрахгүй байсан. Гэтэл хариуцагч компани болон хэн нэгэн хүний үйлдэлтэй хамааралгүйгээр дээрх үйл явдал болж нэхэмжлэгчид хохирол учирсанд “Соёолж” ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтыг баримталсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.Түүнчлэн шугам, хоолой задарч эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн даруйд хариуцагчаас шаардлагатай бүх арга хэмжээг авч, нэн даруй нэхэмжлэгч талд мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал өөрөө хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй, маш их хугацаа алдсаны улмаас хохирол учирсан талаар хариуцагчаас бичгээр болон амаар гаргасан тайлбартаа дурдсан байхад анхан шатны шүүх түүнд огт дүгнэлт хийгээгүй нь хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.Хөлдөж хагарсан шугам хоолой нь “Эх газар” ХХК болон “Номинхолдинг” ХХК-ийн дундын өмчлөл, эзэмшилд байдаг бөгөөд түүний арчлалт, хамгаалалт нь хамтран шийдвэрлэх ёстой асуудал юм. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж зааснаар хэрэв хариуцагч “Соёолж” ХХК болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч “Эх газар” ХХК нь нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-д учирсан хохирлыг хариуцах ёстой гэвэл дамжуулан түрээслүүлэгч болон түрээслэгч “Номинхолдинг” ХХК, “Номинреалтор” ХХК-иуд мөн хамтран хариуцах ёстой байхад шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй байна.Нөөц цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэх талаар “Номинхолдинг” ХХК-д удаа дараа санал тавиад хүлээж аваагүй бөгөөд уг асуудлаа шийдвэрлээгүй байж, нэхэмжлэгч “Номинтрейдинг” ХХК-д дамжуулан түрээслэсэн тул дундын эзэмшлийн шугам хоолой хагарсны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэж байгаа тул “Номинхолдинг” ХХК ч мөн хамтран хариуцагчаар уг иргэний хэрэгт оролцох учиртай. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь “Номин реалтор” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээнээс үзэхэд шугам сүлжээний эвдрэл гэмтлийг түрээслүүлэгч хариуцах, учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байгаа. Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж байна.Иймд дээрх нөхцөл байдлыг тодруулж, хэргийг дахин шалгах шаардлагатай тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учирснаас үүсэх үүргийн харилцааны эрх зүйн маргаантай хэргийн зарим нотлох баримтыг дутуу үнэлсэнээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2015 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө “Соёолж төв”-ийн 1 давхарт байрлах дэлгүүрийн халаалтын төхөөрөмж хөлдөн хагарч, тус төвийн хонгилын давхарт байрлах “Номинтрейдинг” ХХК-ийн “Номин стандарт” дэлгүүр рүү ус алдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Харин ийнхүү халаалтын төхөөрөмжийг засаж сайжруулах, цахилгаан тасрах тохиолдолд нөөц цахилгааны эх үүсвэртэй байх зэрэг асуудал нь дан ганц хариуцагч “Соёолж” ХХК үүрэг мөн эсэх, улмаар нэхэмжлэгчид үүссэн гэм хорыг дангаар хариуцах ёстой эсэх талаар талууд маргажээ.

“Соёолж төв”-ийн барилгын өмчлөгч нь “Соёолж” ХХК мөн бөгөөд “Соёолж” ХХК нь “Эх газар” ХХК-ийн охин компани байна. Харин “Номин стандарт” дэлгүүр нь “Номин трейдинг” ХХК-ийн өмч бөгөөд “Номин трейдинг” ХХК нь “Номин реалтор” ХХК-иас дэлгүүрийн барилгыг түрээслэн ашигладаг байна. “Номин реалтор” ХХК болон “Номин трейдинг” ХХК нь “Номин холдинг” ХХК-ийн охин компаниуд ажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Номин холдинг” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А\10\29 дүгээр гэрээгээр “Эх газар” ХХК-иас “Соёолж төв”-ийн 2 520 мкв талбай бүхий зоорийн давхрын хэсгийг тус барилгын баруун, зүүн талд орших газрын зарим хэсгийг ашиглах, эзэмших эрхийн хамт худалдан авчээ. Мөн өдрийн А\17\32 гэрээгээр “Эх газар” ХХК газар эзэмших, ашиглах эрхийн 50 хувийг буюу 2 500 ам дөрвөлжин газрын эзэмших, ашиглах эрхийг “Номин холдинг” ХХК-д шилжүүлжээ.

2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 010 дугаар гэрээгээр “Эх газар” ХХК, “Номин холдинг” ХХК-ийн “Соёолж төв” дээрх дундын эзэмшлийн газрыг эзэмших, ашиглах тухай гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээний 4.5.-д ““Соёолж төв”-ийн дулаан, цэвэр, бохир ус, цахилгаан зэрэг инженерийн шугам сүлжээ болон түүний байрлаж байгаа газар нь дундын эзэмшлийн байх бөгөөд засварлах, өргөтгөх, сайжруулах зэрэг зардлыг харилцан тэнцүү хувиар, эсвэл зах зээлийн эзэлж байгаа хувиар болон газар эзэмшиж байгаа хувиар тооцож, харилцан тохиролцож хариуцна” гэжээ.

Хүйтний улиралд цахилгаан тасарсан үед халаалтын тоног төхөөрөмж хагарсан явдалд барилгын өмчлөгчдийн хэн алиныг буруутай гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх “Номин трейдинг” ХХК-д ус алдсанаас учирсан гэм хорыг дан ганц “Соёолж” ХХК-д хариуцуулсан нь учир дутагдалтай болжээ. “Номин трейдинг” ХХК нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн эд хөрөнгийг хэвийн ашиглах боломжгүй болсноос учирсан хохирлын зарим хэсгийг түрээслүүлэгчээс Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1., 288.1.3., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар шаардах эрхтэй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчид учирсан гэм хорыг арилгах хариуцагчийн үүргийн хэмжээг 50 хувь бууруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулах, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1673 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00221 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “38 864 079 төгрөгийг” гэснийг “19 432 039 төгрөг” гэж, 2 дахь заалтын “352 270 төгрөгийг” гэснийг “255 110 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 372 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН