| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 102/2021/02824/И |
| Дугаар | 210/МА2022/00436 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2022/00436
| 2022 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2022/00436 |
“Э.Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03002 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Э.Ц” ХХК-ийн хариуцагч “Г.Э” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 3,520,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э.Ц” ХХК-ий нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Э.Ц” ХХК нь “Гэрэлт-Эрин” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины ам, Дипломат резиденс хотхоны гадна талд нэг ширхэг нэг талт Light Вох /сурталчилгааны гэрэлт самбар/ хийлгэхээр тохирч гэрээний төлбөрт 3,520,000 төгрөг төлсөн ба “Г.Э” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор буюу 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрэлт самбарыг хүлээлгэн өгөх байсан боловч хугацаа хожимдуулж 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр захиалагч талд хүлээлгэн өгсөн. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн гэрэлт самбар нь хүрээгээрээ салж, түүнийг бэхэлж тогтоосон никел төмөр дээд хэсгээрээ хугарч, улмаар хулдаас нь бүрэн хууларч унасан байсныг мэдсэн. Тухайн үед хатуу хөл хорионы үе таарч манай байгууллага үйл ажиллагаа явуулаагүй байсан тул гүйцэтгэгч байгууллагад мэдэгдэж чадаагүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэгч байгууллагын менежер Х.Уянгын /Uyanga Khurlee/ фэйсбүүк цахим хаягаар эвдэрч гэмтсэн самбарын зургийг явуулан гэрээнд заасан баталгаат хугацааны дотор уг самбар нь эвдэрч гэмтсэн тул засварлах арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд гүйцэтгэгч байгууллагаас хүн ирж хууларч гэмтсэн хулдаасан самбарыг авч явсан боловч өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ хийж өгөөгүй байна. Мөн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн самбарын гэрлүүд нь шатсан, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш огт асаагүй бөгөөд энэ талаар гүйцэтгэгч байгууллагад мэдэгдсэн боловч үзлэг, засвар хийж арга хэмжээ авч өгөөгүй болно. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 'Г.Э” ХХХ-аас албан тоот ирүүлж “эвдэрсэн гэрэлт самбарыг гүйцэтгэгч талаас засварлах боломжгүй, самбарын гэрлүүд шатсан нь танай хотхоны гэрлийн хэлбэлзлээс үүдэлтэй, салхи шороо шуурганы улмаас учирсан гэмтлийг хариуцахгүй” гэдгээ илэрхийлсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 2.3 дахь хэсэгт гэрэлт самбарын баталгаат хугацаа 6 сар байхаар талууд тохиролцсон ба дээрх гэмтэл нь баталгаат хугацааны дотор үүссэн. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гүйцэтгэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, самбарыг сэргээн засварлах боломжгүй гэдгээ илэрхийлсэн тул бид “Мэйвэлл” ХХК-тай 2021 онь 05 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулан 3,667,950 төгрөгийн өртөг бүхий гэрэлт самбарыг дахин хийлгэсэн. Иймд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Г.Э” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 3,520,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Э.Ц” ХХК нь 2020 оны
10 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагатай гэрэлт самбар /сурталчилгааны гэрэлт самбар/ хийх гэрээ байгуулж гэрээнд заасан стандартын дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Захиалагч байгууллагаас манай хийсэн гэрэлт самбарыг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүрээгээрээ салж, бэхэлж тогтоосон никел төмөр дээд хэсгээрээ хугарч, улмаар хулдаас нь бүрэн хууларч унасныг мэдсэн гэж бидний буруугаас болж баталгаат хугацаандаа эвдэрсэн, энэ хугацаанд засварлаж өгсөнгүй тул гэрээг ноцтой зөрчсөн гэж үзээд мөнгө гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Бид сурталчилгааны самбар, гэрэлтэй хаягуудыг ижил стандартаар хийсээр ирсэн. Захиалагч байгууллага нь баталгаат хугацаанд бидний зүгээс шалтгаалаагүй үүссэн гэмтлийг стандартын дагуу бус ур чадваргүй хийсэн гэж буруу дүгнэсэн байна. Энэхүү нөхцөл байдлыг мэргэжлийн бус хүмүүсийн өөрт таалагдаагүй дүгнэлтээр нотлохгүй юм. Гэрэлт самбар салсан, эвдэрсэн байдлыг харахад хүний гараар салгасан байж болзошгүй байгааг харлаа. Бидний зүгээс гэрэлт самбар хийгээд удаагүй биш, ажлын 20 жилийн туршлага байгаа бөгөөд хавар, намрын улиралд салхи шороо зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас байшингийн дээвэр хүртэл салж унах тохиолдол гардаг. “Э.Ц” ХХК нь нэг л удаа албан тоотоор бидэнд шаардлага хүргүүлсэн бөгөөд манай компани “засвар үйлчилгээ хийх үнийн санал гаргаж өгье, танайх зөвшөөрсөн тохиолдолд засварлаж өгч болно” гэдгээ мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч тал доголдлыг арилгахдаа бүхэлд нь хийсэн ажлыг үгүйсгэж ажлын хөлсийг бүтнээр нь нэхсэн байгаа. Мөн ажил хүлээлгэн өгснөөс хойш хэзээ доголдол гарсан, түүнийг ямар хүчин зүйлээс болсныг нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймээс “Э.Ц” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч “Г.Э” ХХК-аас 1,949,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э.Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажил гүйцэтгэх гэрээг цуцлах болон 1,570,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Э.Ц” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г.Э” ХХК-аас 46,142 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буюу гэрээт ажлын хугацаанаас 6 хоног хэтрүүлж самбарыг хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг ба ийнхүү хугацаа хожимдуулж хүлээлгэн өгсөн гэх ямар ч баримт нотолгоо байхгүй байхад шүүхээс баталгаат хугацаандаа байна гэж үзэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь самбарт ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан талаар ямар ч шаардлага хангасан нотлох баримт ирүүлээгүй. Гэтэл шүүхээс энэ байдлыг харгалзан үзэлгүй баталгаат хугацаанд доголдол гарсан байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж самбарын гэрлүүд нь шатсан гэж бичсэн байх бөгөөд хэрэв үнэхээр тийм зүйл байсан бол нэхэмжлэгч нь хариуцагч талд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээний үлдэгдэл төлбөрөө шилжүүлэхгүй байх байсан нь тодорхой юм. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 6.2-т “Энэхүү гэрээний нөхцлийг зөрчснөөс аль нэг талд хохирол учирсан тохиолдолд нөгөө төл хохирлыг бүрэн барагдуулна. Хохирол учирсан эсэхийг хохирогч тал батална” гэж тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгч тал нь ямар ч байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг ирүүлээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Чиптэй лед гэрэл шатсан тохиолдолд “Г.Э” ХХК нь хариуцахгүй байхад лед гэрлийн үнэ гэж 360,000 төгрөгийг, трансформатор нь байсаар байхад трансформаторын үнэ гэж 110,000 төгрөгийг, цахилгааны утас, цагийн релей нь мөн анхны байдлаараа тухайн самбарт байрлуулсан хэвээр байхад 80,000 төгрөг болон 19,500 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Ажил гүйцэтгэх гэрээг 2020 оны 10 сарын 09-ний өдөр байгуулахдаа анхнаасаа уг компанийг төлөөлөн менежер Г.Уянга гэх хүнтэй төлбөр тооцоо болон бусад асуудлаар харьцаж ирсэн байдаг. Г.Уянга нь уг гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлөн гарын үсэг зурсан ба Х.Энхчимэг захирал өөрөө гэрээний нүүр хэсэгт гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан. Манай эмнэлгийн зүгээс самбарын гэрлүүд асахаа больсон цагаас эхлэн Г.Уянгад доголдлын талаар мэдэгдэж байсан. Гэтэл 2021 оны 4 сарын 15-ны өдөр уг самбарын хүрээ төмрүүд бүгд салж унан, хулдаасан хэвлэлүүд нь хуулран унаж хоосон рам л үлдсэн. Бид тухайн үед энэ талаар мэдэгдэж байсан ба хариуцагч биднийг мэдэгдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрээнд заасан баталгаат хугацааны тухайд хариуцагч тал гэрээг анх байгуулахдаа самбарт бүхэлд нь баталгаа гаргасан боловч шүүхэд гаргасан тайлбартаа самбарын доторх лед гэрлүүд шатсан нь тогны хэлбэлзлээс, эсхүл үйлдвэрлэгчийн доголдлоос болох тул хариуцахгүй гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Дээрх гэрлүүд нь самбарыг ашиглалтад оруулснаас хойш 3 хоногийн дараа буюу 2020 оны 10 сарын 28-ны өдөр шатсан. Хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, “доголдол хэзээ ямар хүчин зүйлээс болж үүссэнийг нотолж чадаагүй байхад төлбөр гаргуулсан нь үндэслэлгүй” гэсэн хариуцагч “Г.Э” ХХК-ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.
2. “Э.Ц” ХХК нь “Г.Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 3,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ.
3. Нэхэмжлэгч “Э.Ц” ХХК хариуцагч “Г.Э” ХХК-тай 2020 оны
10 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Дипломат резиденс” хотхонд байрлах нэг ширхэг нэг талт Light Box /гэрэлт самбар/ хийх ажлыг гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 3,520,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу ажлын хөлсийг нэхэмжлэгч шилжүүлсэн нь тогтоогджээ.
Зохигчдын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт
заасан ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
4. Гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүн буюу үүргийн гүйцэтгэлийг хариуцагч компани нэхэмжлэгч компанид өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4.а. Гүйцэтгэсэн уг ажил доголдолтой, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэх байдал “Г.Э” ХХК-ий 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 21/10 дугаар албан тоот, “Э.Ц” ХХК-ий 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шаардлага хүргүүлэх тухай 21/46 дугаар албан бичиг, талууд хоорондоо харилцаж байсан цахим шуудан, мессеж, гэрэл зураг зэрэг баримтаар тогтоогджээ.
4.б. Гүйцэтгэгч доголдлыг арилгасан үйл баримтыг анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.
5. Ажил гүйцэтгэх гэрээгээр “Г.Э” ХХК нь сурталчилгааны гэрэлт самбар хийсэн, “Э.Ц” ХХК нь уг гэрэлт самбарыг хүлээн авч, 3,520,000 төгрөгийн хөлс төлсөн байна. Гэрээнд ажлыг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хооронд гүйцэтгэхээр заасан боловч 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр самбарыг захиалагчид хүлээлгэн өгсөн нь талуудын цахим шуудангаар тогтоогдсон байна.
Гэрээнд баталгаат хугацаа 6 сар байхаар заасан ба ажлын үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгч, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажлын дутагдлыг илрүүлсэн байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолно.
Захиалагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21/46 дугаар албан бичгээр ажлын дутагдлын талаар ажил гүйцэтгэгчид шаардлага хүргүүлсэн байна.
Иймд ажил гүйцэтгэгч “Г.Э” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзнэ.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой нэхэмжлэгч төлсөн ажлын хөлсөө буцаан гаргуулахаар шаардсныг шүүх ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг нотлогдсон хэмжээгээр буюу 1,949,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
6. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд 2020 оны 10 сарын
31-ний өдрөөс эхлэн самбарын гэрэл нь асахгүй болж доголдол илэрсэн, улмаар 2020 оны 04 сард самбар хүрээгээр салж, бэхэлж тогтоосон никел төмөр дээд хэсгээрээ хугарч, хулдаас нь хууларсан зэрэг ноцтой зөрчлүүд тогтоогдсон байна. Иймд доголдлыг арилгуулахаар ажил гүйцэтгэгчид хандсан боловч тэрээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул захиалагч “Мэйвэлл” компаниар дахин гэрэлт самбар хийлгэсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2021/03002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл, өмгөөлөгч Н.Баярсайхан нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г.Э” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 71,270 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.БЯМБАСҮРЭН
.