| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0190/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2018-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл,
шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.х овогт Н-ийн М-д холбогдох эрүүгийн 1810004440179 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1999 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын 1-р дамжааны 1-6-д сурдаг, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Баянгол дүүргийн 1-р хороолол, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц.х овогт Н-ийн М- /РД:............/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.М- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт хорооны зааланд У.Ө-ыг “шоолж инээлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Мөн эрүүгийн 1810004440179 дугаартай хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Н.М- 2018.03.29-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах “...” спорт хорооны зааланд тоглож байхад заал авахаар хүлээж сууж байсан Ө- намайг шоолж инээгээд байхаар нь “чи яагаад хүн шоолоод байгаа юм бэ” гэхэд Ө- юм дуугарахгүй байсан. Ингээд би тоглож байгаад хүнд бөмбөг дамжуулах гэж шидэхдээ гарнаас мултарч шидэгдээд чиглэл өөрчлөгдөж зүүн хажуу хананд нь ойгоод Ө-ы нүүрэнд оносон. Тэгсэн чинь Ө- уурлаад “чи яагаад санаатай намайг бөмбөгөөр цохиод байгаа юм” гэхээр нь “санаатай цохиогүй” гээд маргалдан улмаар барьцалдаж авсан. Би Ө-ы цээж, баруун мөр рүү нь гараараа цохисон. ... Би Ө-ы нүүрэн тус газар гараараа цохиогүй. ... Өөр цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
2. Хохирогч У.Ө- 2018.03.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 22.50 цагийн үед Хан-Уул дүүргийн Зайсан дахь хорих ангийн хашаанд байдаг “...” спорт хорооны зааланд найз Тэмүүжин, Батболд, Мэргэн нарын хамт заал авах гээд очсон. Зааланд тоглох гээд хүлээгээд сууж байхдаа тоглож байгаа хүмүүсийг харж байсан юм. Би найз Тэмүүжин, Батболд, Мэргэн нартай хоорондоо юм яриад инээлдээд сууж байсан чинь сагс тоглож байсан М- над руу хараад бөмбөгөө шидсэн. Шидсэн бөмбөг нь миний мөрөнд оносон. М- дөхөж ирээд “чи яагаад инээгээд байгаа юм бэ” гээд хэлсэн. Тэр үед түүний найз гэх залуу намайг өшиглөх гэхээр нь би хойшоо болоход өшиглөж чадаагүй. ... М- миний зүүн нүдний хажуу орчим цохисон. Миний нүд хавдаж хөхөрсөн. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан тул би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/,
3. Гэрч Б.Б-2018.03.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 22-23 цагийн үед Зайсангийн хүүхдийн хорих ангийн “...” спорт хорооны зааланд М-, Өсөхбаяр, Чингүүн нарын хамт заал авч тоглосон. Зааланд өөр сургуулийн хүүхдүүд тоглож байсан. Тоглож байхдаа М- сууж байсан нэг танихгүй хүүхэдтэй “шоолж инээлээ” гээд маргалдсан. Тоглож байхдаа тэр шоолсон гэх хүүхэд рүү бөмбөгөө хүчтэй шидсэн. Би бодохдоо өөрийнхөө хүн рүү дамжуулж өгөх гэж байгаад шидчихлээ гэж ойлгосон. Санаатай шидсэн эсэхийг мэдэхгүй байна. М-гийн шидсэн бөмбөг нь маргаж байсан хүүхдийн нүүрэн хэсэгт оносон. М-, тэр танихгүй хүүхэд хоёр хоорондоо маргалдаж, зодолдох гэхээр нь “боль” гээд хүүхдүүд салгацгаасан. Зарим хүүхдүүд ч хажуу талаас нь маргаанд оролцсон. Би зарим нэг хүүхдүүдтэй хэрүүл хийж байсан тул М-г тэр хүүхдийг цохиж байхыг хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
4. Гэрч Э.М- 2018.04.09-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 22-23 цагийн үед Зайсангийн хорих ангийн “...” спорт хорооны зааланд Батболд, Тэмүүжин, Ө- нарын хамт заал авч тоглохоор очсон. Зааланд өөр сургуулийн хүүхдүүд тоглож байсан. Бид нар цагаа хүлээгээд хоорондоо юм яриад инээлдээд байж байтал М- тоглож байснаа Ө- руу бөмбөг шидэхэд цээж хавь руу нь онох шиг болсон. М- Ө- руу ууртайгаар “чи үхсэнээ инээсэн юм бэ” гэхэд Ө- “чи миний инээдийг хорьдог хэн юм бэ” гэж маргаад тэр хоёр зууралдаад авсан. Ойр хавьд нь зогсож байсан хүүхдүүд дундуур нь ороод салгаж байхад М- У.Ө-ы зүүн нүдний орчим нэг удаа гараараа цохисон ба нүд орчим нь хөхрөөд хавдчихсан байсан. ... Гэтэл У.Ө- “шийддэг газраар нь шийдүүлнэ" гээд цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
5. Гэрч Б.Т- 2018.02.14-ний өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчимд хүүхдийн хорих анги доторх “...” спорт хорооны заалыг У.Ө-, Э.М-, Э.Б- нарын хамт түрээсэлж тоглосон. Ээлжээ хүлээнгээ тус заалны сандал дээр сууж байхад хар өмсгөлтэй залуу над руу хандаад “Муусайн гөлөгнүүд яагаад инээгээд байгаа юм” гэж хэлсэн. Удаагүй У.Ө- руу өшиглөхийг завдаж дайрахад найзууд нь барьж аваад болиулсан. М- гартаа барьж байсан бөмбөгөө У.Ө- руу шидээд араас нь баруун гараараа нэг удаа нүүр рүү нь маш хүчтэй цохисон. М-г найзууд нь ирж болиулах гэж оролдсон боловч буцаж ирээд “Та нар муусайн гөлөгнүүд юундаа инээгээд байгаа юм, алчих юмсан” гээд дайраад байсан. Ингээд 20-30 минутын дараа цагдаа нар ирж М-г аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
6. Гэрч Э.Б- 2018.04.09-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед Зайсангийн хорих ангийн “...” спорт хорооны зааланд Мэргэн, Тэмүүжин, Ө- нарын хамт заал авч тоглохоор очсон. Зааланд өөр сургуулийн хүүхдүүд тоглож байсан. Тав таваараа гурван баг болж ээлжилж тоглоод манай баг сууж байсан юм. Тэднийг тоглож байхад Ө- бид хоёр хоорондоо юм яриад зогсож байтал М- тоглож байснаа Ө- руу бөмбөг шидсэн. Тэр бөмбөг нь Ө-ы бие рүү нь онох шиг болсон. М- Ө- руу ууртайгаар “чи яагаад инээгээд юм бэ” гэхэд нь Ө- нэг их зүйл урдаас нь хэлээгүй. ... М- бөмбөг шидсэнийхээ дараа У.Ө- дээр ирээд зүүн нүдний орчим нэг удаа гараараа цохиход бид нар тэр хоёрыг салгасан. Ө-ы зүүн нүд орчим нь хөхрөөд хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
7. Өсвөр насны гэрч Э.Ө- 2018.04.09-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 02 дугаар сарын 09-ны орой 23 цагийн үед Зайсангийн хорих ангийн “...” спорт хорооны зааланд М-, Буянтогтох, Чингүүн, Бодьбилгүүн нарын хамт заал авч тоглохоор очсон. Зааланд бусад сургуулийн хүүхдүүд тоглож байсан бөгөөд тав таваараа гурван баг болж ээлжилж тоглосон. Тоглож байгаа хоёр баг нь бие бие дээрээ алдаа хийгээд жаахан уур амьсгал ширүүн, маргаантай болж байсан. Тэр үед Ө- тоглоогүй хүлээгээд сууж байсан. Бид нарыг тоглож байхад Ө- болон түүний найзууд нь биднийг шоолж инээгээд байх шиг байсан. М- тэдэнд “яагаад инээгээд байгаа юм бэ” гэж асуусан. Тоглож байхдаа М- бөмбөгөө дамжуулах гээд шидтэл бөмбөг нь хананд ойгоод Ө-ыг зүүн талаас нь оносон. Биеийн аль хэсэгт оносон нь сайн харагдаагүй. Ө- М- хоёр маргалдаад салгах гээд очиход М- Ө-ыг цохиж байх шиг байсан. Яг хаана нь цохисныг хараагүй. ... Ө-ы зүүн шанаа орчим нь улайсан харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2475 дугаартай дүгнэлтэнд:
1. Ө-ы биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/,
9. “Натур” эмнэлгийн компьютер томографийн оношлогоо /хх-ийн 22-р хуудас/,
10. Шүүгдэгч Н.М-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25-р хуудас/,
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/,
- “Шинэ монгол” ЕБС-ийн тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/,
- жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 28-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Н.М-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.М- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт хорооны зааланд хохирогч У.Ө-ыг “шоолж инээлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж “...тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч У.Ө-ы ... Би найз Тэмүүжин, Батболд, Мэргэн нартай хоорондоо юм яриад инээлдээд сууж байсан чинь сагс тоглож байсан М- над руу хараад бөмбөгөө шидсэн. Шидсэн бөмбөг нь миний мөрөнд оносон. М- дөхөж ирээд “чи яагаад инээгээд байгаа юм бэ” гээд хэлсэн. ... М- миний зүүн нүдний хажуу орчим цохисон. Миний нүд хавдаж хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/,
Гэрч Б.Б-ын ... Тоглож байхдаа М- сууж байсан нэг танихгүй хүүхэдтэй “шоолж инээлээ” гээд маргалдаж тэр хүүхэд рүү бөмбөгөө хүчтэй шидсэн. ... М-гийн шидсэн бөмбөг нь маргаж байсан хүүхдийн нүүрэн хэсэгт оносон. М-, тэр танихгүй хүүхэд хоёр хоорондоо маргалдаж, зодолдох гэхээр нь “боль” гээд хүүхдүүд салгацгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч Э.М-ий ... Бид нар цагаа хүлээгээд хоорондоо юм яриад инээлдээд байж байтал М- тоглож байснаа Ө- руу бөмбөг шидэхэд цээж хавь руу нь онох шиг болсон. М- Ө- руу ууртайгаар “чи үхсэнээ инээсэн юм бэ” гэхэд Ө- “чи миний инээдийг хорьдог хэн юм бэ” гэж маргаад тэр хоёр зууралдаад авсан. Ойр хавьд нь зогсож байсан хүүхдүүд дундуур нь ороод салгаж байхад М- У.Ө-ы зүүн нүдний орчимд нэг удаа гараараа цохисон ба нүд орчим нь хөхрөөд хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,
Гэрч Б.Т-ий ... Ээлжээ хүлээнгээ тус заалны сандал дээр сууж байхад хар өмсгөлтэй залуу над руу хандаад “Муусайн гөлөгнүүд яагаад инээгээд байгаа юм” гэж хэлсэн. Удаагүй У.Ө- руу өшиглөхийг завдаж дайрахад найзууд нь барьж аваад болиулсан. М- гартаа барьж байсан бөмбөгөө У.Ө- руу шидээд араас нь баруун гараараа нэг удаа нүүр рүү нь маш хүчтэй цохисон. М-г найзууд нь ирж болиулах гэж оролдсон боловч буцаж ирээд “Та нар муусайн гөлөгнүүд юундаа инээгээд байгаа юм, алчих юмсан” гээд дайраад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,
Гэрч Э.Б-ын ... Тэднийг тоглож байхад Ө- бид хоёр хоорондоо юм яриад зогсож байтал М- тоглож байснаа Ө- руу бөмбөг шидсэн. Тэр бөмбөг нь Ө-ы бие рүү нь онох шиг болсон. М- Ө- руу ууртайгаар “чи яагаад инээгээд юм бэ” гэхэд нь Ө- нэг их зүйл урдаас нь хэлээгүй. ... М- бөмбөг шидсэнийхээ дараа У.Ө- дээр ирээд зүүн нүдний орчим нэг удаа гараараа цохиход бид нар тэр хоёрыг салгасан. Ө-ы зүүн нүд орчим нь хөхрөөд хавдчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
Өсвөр насны гэрч Э.Ө-ын ... Бид нарыг тоглож байхад Ө- болон түүний найзууд нь биднийг шоолж инээгээд байх шиг байсан. М- тэдэнд “яагаад инээгээд байгаа юм бэ” гэж асуусан. Тоглож байхдаа М- бөмбөгөө дамжуулах гээд шидтэл бөмбөг нь хананд ойгоод Ө-ыг зүүн талаас нь оносон. ... М- Ө-ыг цохиж байх шиг байсан. ... Ө-ы зүүн шанаа орчим нь улайсан харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №2475 дугаартай дүгнэлтэнд:
1. Ө-ы биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 21-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хохирогч У.Ө-ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан Н.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.М-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нараас “...хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Иймд шүүгдэгч Н.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.М- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” спорт хорооны зааланд хохирогч У.Ө-ыг “шоолж инээлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж “...тархи доргилт, зүүн дээд доод зовхи, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хохирогч У.Ө-ы мэдүүлэг, гэрч Б.Буянтогтох, Э.М-, Б.Т-, Э.Б-, Э.Ө- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №2475 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.М- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн. Одоо Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүү удирдлагын 1-р дамжаанд суралцдаг ба амралтын хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр барилгын ажил эрхэлж байгаа хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч У.Ө- нь “...Эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 5-7-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.М- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.