Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/50

 

 

 

 

 

 

    2024           6              06                                                   2024/ДШМ/50

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Прокурор Б.Мөнгөнцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Д.........., түүний өмгөөлөгч Д.Б.......,

Иргэний нэхэмжлэгч Б.Э.........,

Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б........, түүний өмгөөлөгч Л.М...........,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Б............,

Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны 96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Д.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч Ц.Бд холбогдох 2334001370196 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

............ овгийн Ц....... Бат-Эрдэнэ, ........ оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ............. аймгийн .................. суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, хэрэгт холбогдохын өмнө Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Эм Эн Эн ти” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт ......... хотын .......дүүргийн ..... дүгээр хорооны .......... .........дүгээр гудамжны ............. тоотод байнгын оршин суух хаягтай, одоо У............ хотын Б............ дүүргийн .........дугаар хорооны ................. тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ЙС86041611.

Ц.Б нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймаг руу явах чиглэлд Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт Тоёота приус-30 маркийн 77-10 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а “жолооч дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.4 “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас асфальтан замын хажуу руу унаж, зам тээврийн осол гарган, зорчигч О.Мяасүрэн, Г.Билгүүн нарын амь насыг хохироон, зорчигч Л.Пүрэвнямын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ............. цоохор овгийн Ц............. Б ............. нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэнд хөнгөн, хоёр хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч ............ цоохор овгийн Цэ............. Б ........... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ овгийн Ц........... Б ............ оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б .................. жолоодож эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг, шүүгдэгч Ц.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Хохирогч Д.Пүрэвням, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оргодол болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн нь сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 132,000,000 төгрөг, энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Д.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, энэ хохирлыг хариуцвал зохих этгээд буюу шүүгдэгч, иргэний хариуцагчид холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тус хэргийн хамт хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, дүгнэлт хийгээгүй, сэтгэцэд учирсан гэм хор, хор уршгийг арилгуулахаар зохицуулсан хууль тогтоомжийн хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэх боломжтой байсан, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн эдгээрийг тус эрүүгийн хэргийн хамт шийдвэрлээгүйд гомдолтой байна.

1. Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр гаргуулах тухайд:

Монгол Улсын иргэн Содсүрэнгийн Даваасүрэн миний бие, амь хохирогч Ганзоригийн Билгүүнтэй 2012 оны 7 дугаар сараас хойш хамтран амьдарч, улмаар 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн ба том хүү Билгүүний Дөлгөөн (2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 9 настай), охин Билгүүний Урангоо (2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 8 настай), бага хүү Билгүүний Мөнхбаатар (2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 1 настай) нарыг төрүүлсэн. Хохирогч Г.Билгүүн нь ар гэрээ тэжээн тэтгэж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, халамжит хань, сайн эцэг байсан бөгөөд залуу хосууд бид бага насны гурван хүүхдийнхээ хамт аз жаргалтай, элэг бүтэн сайхан амьдарч байсан. Миний бие бага насны хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх, буцааж авах, харин 1 настай хүү маань цэцэрлэгт хамрагдах боломжгүй тул хүү Б.Мөнхбаатарыг гэртээ асран халамжилж, ар гэрийн ажлыг хариуцаж, харин нөхөр Г.Билгүүн маань ар гэр, хүүхдүүдийн амьжиргааг залгуулахаар ажил хөдөлмөр эрхэлж санхүүгийн бүх асуудлыг хариуцдаг байсан. Гэвч миний нөхрийг компаниас нь дуудаж ажлын байранд бэлэн байх үүрэг даалгавар өгснөөр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очих замдаа 31 настай цэл залуухнаараа бусдын буруутай үйл ажиллагааны улмаас амь насаа харамсалтайгаар алдаж, гэнэтийн энэ явдлаас гэр бүлийн гишүүн бид сэтгэл санааны хүчтэй цочролд орсон. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн миний бие 1 настай хүүгээ асарч, 2 хүүхдээ сургуульд нь зөөж өнөөдрийг хүртэл ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй хүнд нөхцөлд амьдарч байна. Хүү Б.Дөлгөөн, охин Б.Урангоо нар маань аав яагаад ирэхгүй байгаа гэж асуух бүрд эр нөхрөө алдсаны улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд орж, хүнд жилийг туулан амьдарч байна. Ажил олгогч нь ажилтнуудынхаа ажилдаа ирж, очих аюулгүй байдлыг хангахгүй яасан юм бол, хол замд гарч байгаа жолооч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг яагаад шалгаагүй юм бол, хэрэв компани аюулгүй байдлыг хангасан унаагаар ажилтнуудаа зөөвөрлөдөг байсан бол.., тээврийн хэрэгслийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг шалгаж замд гарсан бол... миний нөхөр өнөөдөр амьд сэрүүн, хань, үр хүүхдүүдтэйгээ хамтдаа халуун ам бүлээрээ амьдарч байх байсан гэж бодохоор үнэхээр их гомддог.

1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн би болон 3 хүүхдийнхээ нэрийн өмнөөс сэтгэл санааны хохиролд иргэний хариуцагч буюу “Эм эн эн ти" ХХК-аас 66,000,000 төгрөг, шүүгдэгчээс 66,000,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин анхан шатны шүүх шийдвэртээ шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хоёр хүний амь насыг хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон мөртлөө гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар, гэмт хэргийн хохирол, хор уршгийг бүрэн гүйцэд тодорхойлоогүй, учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтоогоогүй ба сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 132,000,000 төгрөг, энэ хэрэгт холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй" гэж зааснаас үзвэл, нэхэмжлэх эрхтэй этгээд нь хэрэв тухайн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг анхан шатны шүүх тухайн эрүүгийн хэргийн хамт хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай байхад дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хохирлыг болон энэ хэрэгт холбоотой нотлох баримт бүрдсэн, хуулийн үндэслэл хангагдсан байхад тухайн эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүйгээр өөрөөсөө зайлсхийлгэн орхигдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

 1.2.Мөн анхан шатны шүүх нь сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангахгүй байгаа шалтгаанаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх боловч хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан ба тухайн зам тээврийн осол нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан байх ба дээрх хуулийн цаг хугацаанд хамаарахгүй гэж байгааг дурдах нь зүйтэй гэсэн нь мөн үндэслэлгүй байна. Учир нь хохирол хор, уршгийн талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно" гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална" гэж хуульчилсан.

Тодруулбал Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт "Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй" бөгөөд мөн зүйлийн 230.2-т "Сэтгэлд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана" гэж, хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахад Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй" гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэж, 511.4 дэх хэсэгт "Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно" гэж, 511.5 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж тус тус хуульчлан тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь эдгээр хуулийн зохицуулалтыг хэрэглэж, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар тооцож, тогтоох бүрэн боломжтой байсан буюу Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлтөөр батлагдсан дээр дурдсан материаллаг болон процессын хуулийн зохицуулалтуудыг хэрэглээгүй. Мөн энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргахтай болон мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д заасан "Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэсэнтэй огт хамааралгүй байна.

Нөгөөтэйгөөр анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал"-ын 3 дугаар зүйлийн 3.6-т "Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс... Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл"-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ" гэж заасныг баримтлах боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүх нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид учирсан хор уршгийг уг хэрэг гарахаас өмнөх буюу Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн баталсан хуулийг хэрэглээгүй, хэрэгжүүлээгүй мөртлөө тухайн гэмт хэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйл хэрэгжиж 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө болсон гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах асуудал нь зөвхөн сэтгэцийн шинжилгээ хийх асуудалтай хамааралтай бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн жор /1хх-ийн 188 тал/-ын дагуу сэтгэцэд нөлөөт бодисын эм бэлдмэл хэрэглэдэг бөгөөд уг хохирогчид сэтгэцийн шинжилгээ хийлгэх талаар прокурорын шатанд болон анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан боловч хангаагүй атлаа анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийг 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх ба тухайн зам тээврийн осол нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан, дээрх хуулийн цаг хугацаанд хамаарахгүй гэж гэмт хэргийн огноотой шууд хамааруулж байгаа нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг арилгахад ямар цаг хугацаа шаардлагатай эсэх, энэ нь арилдаг эсэх, арилах боломжтой эсэх, насан туршийн эсэхэд огт дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

2. Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр гаргуулах тухайд:

Амь хохирогч Б.Билгүүн нь 2022 оны 11 дүгээр сараас Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, их сургууль, 21-6 тоот хаягт байрлах "Эм Эн Эн Ти" ХХК /РД:6107141/-ийн гүйцэтгэх захирал Батбаасангийн Баттулга /ажил олгогч/-тай тээврийн жолоочийн ажлын байранд ажиллахаар харилцан тохиролцож ажилд орсноор, "Эм Эн Эн Ти" ХХК- тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, үүнийхээ төлөө цалин хөлс авч, ажил олгогчийн тээврийн хэрэгслээр өгөгдсөн зааварчилгааны дагуу Өмнөговь аймгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нүүрс тээврийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр ажил олгогч нь дээр дурдсан нэр бүхий компани болох нь бүрэн тогтоогддог. Мөн "Эм Эн Эн Ти” ХХК-ийн кемп менежер албан тушаалтай А.Баттулгын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн болон 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн "...тухайн хүмүүс "Эм Эн Эн Ти" ХХК-д жолоочоор ажилдаг фейсбүүк группт тухайн хүмүүсийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаанхад гэх газрын кемп дээр бэлэн байгаарай, 02 дугаар сарын 16-ны өдөр ачилтад ороод, 02 дугаар сарын 17-ны өдөр урагшаа хил гарч ачаагаа буулгах талаар мессеж бичиж үлдээсэн", тухайн компани өөрийн гэсэн ажилчдын унаа байдаггүй. Ажилчид нь өөрсдөө хувийн унаагаар болон хот хоорондын тээврээр зорчиж явдаг гэх мэдүүлэг /хх-н 48-49, 54-56/, хохирогч О.Мяасүрэнгийн хууль ёсны төлөөлөгч Ю.Оргодолын мэдүүлэг /хх-н 33/, хохирогч Г.Билгүүний хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-н 34/, хохирогч Л.Пүрэвнямын мэдүүлэг /хх-н 40/, хохирогч Я.Барамсайн мэдүүлэг /хх-н 43/, Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг /хх-н 51/ зэргээс үзэхэд осолд орсон нэр бүхий 5 иргэн нь "Эм Эн Эн Ти" ХХК-ийн ажилчид бөгөөд тухайн хэрэг гарсан өдөр ажилдаа очих замдаа осолдсоноор 2 нь амь насаа алдаж, 3 нь эрүүл мэндээрээ хохирсон. Амь хохирогч Г.Билгүүн нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очихдоо буюу Улаанбаатараас Өмнөговь аймаг руу явж байхдаа Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт Тоёота Приус-30 маркийн 77-10 УНВ улсын дугаартай автомашинтай осолд орж, гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас нас барсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн үндсэн дор Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1370 дугаар захирамж, мөрдөгчийн тогтоолоор томилогдсон "Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв"-ийн гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №8031215/016 дугаар "Шинжээчийн дүгнэлт"-ээр тухайн хэргийн улмаас хохирсон хүмүүс нь "Эм Эн Эн Ти" ХХК-ийн ажилчид мөн, хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байна, тухайн осол нь үйлдвэрлэлийн осол, үйлдвэрлэлийн осолд орсон бол Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсэгт зааснаар нөхөн  төлбөр олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь хэсэгт заасны дагуу үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан бол ажил олгогч хариуцах ба ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг авна гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх уг шинжээчдийн дүгнэлтэд ач холбогдох өгөөгүй, энэ талаараа шийдвэртээ огт тусгаагүй байна.

Мөн анхан шатны шүүх шийдвэрээ танилцуулахдаа амь хохирогч Г.Билгүүн нь сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /1хх-н 232/ баримтаар тогтоогдсоор байхад уг үнийн дүнгээр цалин авдаг болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэсэн нь огт үндэслэлгүй. Мөн энэ иргэний хариуцагчийн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, бусад баримтаар амь хохирогч нь тус компанийн ажилтан болох нь хангалттай нотлогддог. Ажил олгогч нь ажилтны ажилдаа ирж, очиход аюулгүй байдлыг хангасан унаа тээврийн хэрэгслээр хангаагүй, осолд орсон ажилтнуудыг замд гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөөгүй болох тогтоогдсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт "Энэ зүйлд заасан “ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа” гэдэгт ажил үүргээ гүйцэтгэх, албан томилолтоор ажиллах, ажилдаа ирэх очих, ээлж солилцох, ажил хүлээлцэх, сургалтад хамрагдах болон ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээ зэрэг хамаарна" гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “ажилдаа ирэх, буцах замд" үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь хэсэгт "Үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг тус тус ойлгохоор заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх  хэсэгт "Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхээр тус тус хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх амь хохирогч нь ажилдаа очих замдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан байхад дээрх хууль тогтоомжийн дагуу 1 сарын цалин хөлс болох 1,500,000 төгрөгийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг авах нэхэмжлэлийг баримтаар тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй байна.

3. Ажил олгогч "Эм Эн Эн Ти" ХХК нь иргэний хариуцагч, эсхүл холбогдогч эсэх тухайд: Анхан шатны шүүхээс хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны 1360 дугаарын захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Ингээд хэргийг буцаахдаа мөрдөгчийн тогтоолоор "Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв"-ийн гурван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон, эдгээр шинжээчдийн дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон болохыг дээр дурдсан. Тодруулбал, үүнтэй холбоотойгоор прокурор болон анхан шатны шүүх нь иргэний хариуцагчид холбогдуулан хэргийг тусгаарлах байсан уу, иргэний хариуцагч буюу "Эм Эн Эн Ти ХХК нь тус хэргийн иргэний хариуцагч биш холбогдогч болох байсан уу, шинжээчдийн дүгнэлтэд бичигдсэнээр тус компани нь хууль зөрчсөн буюу уг компанийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлын улмаас хүний амь нас хохирсон байж болзошгүй энэ үйлдэлд анхан шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хор, хор уршгийг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэсгийг буюу сэтгэл санааны хохиролд иргэний хариуцагч буюу "Эм Эн Эн Ти" ХХК-аас 66,000,000 төгрөг, шүүгдэгчээс 66,000,000 төгрөг, нийт 132,000,000 төгрөгийг үйлдвэрлэлийн ослын улмаас олгогдох нөхөн төлбөрийн буюу 1,500,000*36-54,000,000 төгрөгийг иргэний хариуцагч ажил олгогч "Эм Эн Эн Ти" ХХК-аас тус тус гаргуулах үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөнцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын 2 дугаар заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач манайд ажилд ороод 1 сар л болж байсан. Цалин тухайн сард явсан рейсээс хамаарч өөр өөр байдаг. Тийм болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг 1,500,000 төгрөгөөр тооцож төлсөн байсан. Кемпийн нөхцөлийн хувьд ажиллаж, амьдрах боломжоор бүрэн хангасан. Жолооч нарын амралтаараа гэр орон руугаа зорчиход нь баталгаатай нийтийн тээврээр зорчихыг анхааруулж, үүрэг өгдөг байсан гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхсайхан тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг иргэний хариуцагч хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Үйлдвэрлэлийн ослын талаар шинжээч илт буруу тайлбарлаж, дүгнэлт гаргасан байдаг. Талийгаачийн авдаг цалин хөлсний хэмжээ тодорхойгүй учраас нөхөн олговрыг тооцох боломжгүй гэж анхан шатны шүүх тайлбарлаж байсан. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх  хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий гарч чадаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын нэг чухал хэсэг бол  хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн нь “Эм Эн Эн Ти” ХХК-аас амь хохирогч Г.Билгүүний нас барсан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасны дагуу 54,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд анхан шатны шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр 54,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл оролцогч нарт гардуулж өгсөн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийн талаар огт тусгаагүй байгаа нь “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасан ноцтой зөрчил байна.

4. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэн нь сэтгэл санааны хохиролд иргэний хариуцагч “Эм Эн Эн Ти” ХХК болон шүүгдэгч Ц.Бэс тус тус 66,000,000 төгрөг нийт 132,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх боловч хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байх ба тухайн зам тээврийн осол нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гарсан байх тул дээрх хуулийн цаг хугацаанд хамаарахгүй байгааг дурдан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Даваасүрэнг сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 132,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн ойлгомжгүй, хохирлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

5. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан. Энэ өөрчлөлтөөр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хэмжээ нэмэгдэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаас өмнө мөрдөж байсан хуулийг хэрэглэх болсон үндэслэлийн талаар дүгнэлгүй орхигдуулсан нь буруу болжээ.  

6. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохцуулалт бөгөөд шүүх дээрх хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй болно гэж анхан шатны шүүхээс гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болох хорих ялыг хөнгөрүүлж оногдуулсан нь ойлгомжгүй байх бөгөөд, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

7. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших явдал бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хэт хөнгөдсөн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

8. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагад нийцэхгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

10. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         М.МӨНХДАВАА

 

                                    ШҮҮГЧИД                                          А.ЦЭРЭНХАНД

                                                                                                   

                                                                                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ