Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 146/ШШ2025/00076

 

       Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: *************** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ************т холбогдох

“Гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, хариуцагч ****, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.   

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** хариуцагч **** холбогдуулан “гэрлэлт цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө хуваалгах” тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч **** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би **** гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ асрамж, тэтгэлгийг тогтоолгож, 200 толгой малаас 100 толгой малыг нь л авна. Өөр зүйл авахгүй...” гэв.
  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Г.Гандөш би шүүх хуралдаанд нэхэмжлэгч ***** гэрээ байгуулан түүний өмгөөлөгчөөр оролцож дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн материалтай бүрэн эхээр нь танилцсан. Өмнөх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоогүй. Учир нь гэрээ байгуулаагүй байсан. Миний хувьд хэргийн материалтай танилцаад дараах саналтай байна. Нэгдүгээрт нь гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч, хариуцагч нарт эвлэрэх хангалттай хугацаа өгсөн. Гэвч эвлэрэх боломжтой хугацаа аль хэдийн өнгөрсөн байна. Энэ хугацаанд эвлэрэх хүсэл сонирхол *** байсан боловч нэхэмжлэгч эвлэрэхгүй гэсэн шийдвэрт хүрсэн гэж тайлбарлаж байгаа учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байна. Эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг хэрэглэсэн байна. Гэвч үр дүнд хүрээгүй учраас гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Хоёрдугаарт нь хүүхдийн асрамжийн тухайд шүүхээс хүүхдүүдийн саналыг асуусан. 2016 онд төрсөн ***, 2018 онд төрсөн *** нарыг ээж **** хамт амьдарч байгаа. Цаашдаа ч гэсэн ээжтэйгээ хамт амьдарна гэдэг байдлаар мэдүүлгийг шүүх дээр өгсөн байдаг. Ийм учраас хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг **** сар бүр тэтгэлэг гаргуулах гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Гуравдугаарт нь эд хөрөнгийн хувьд эвлэрсэн эвлэрч байгаа талаараа бичгээр шүүхэд эвлэрлийн гэрээгээ гаргаж өгсөн. Эвлэрсэн тухай шүүхийн шийдвэрт дурдуулж шийдвэрлүүлэх саналтай байна гэсэн зүйлүүдийг хэлье. Тэгээд хүүхдийн асран хамгаалах үүрэг нь эцэг, эхийн насан туршийн үүрэг байдаг. Хэдий гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдүүд ээж дээрээ үлдэж байгаа ч гэсэн эцэг эх нь түүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих, аль болох хэрэгцээнийх нь эд зүйлээр хангах, эрүүл мэнд, сурч боловсрохтой холбоотой хэрэгцээг хангах, хүүхдүүдтэйгээ уулзах зэрэг бүх эрх, үүрэг нь байгаа гэдгийг нэмж хэлье. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
  1. Хариуцагч **** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. **** мал огт харамлаагүй. Ав л гэж хэлсэн...” гэв.
  1. Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3/, *** төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4/, **** төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5/, Өвөрхангай аймгийн **** сумын Өрхий эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-ийн 8/, Өвөрхангай аймгийн **** сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тодорхойлолтууд /хх-ийн 9/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 10/, Өвөрхангай аймгийн **** сумын 6 дугаар багийн Засаг даргын **** дугаартай тодорхойлолт /хх-ийн 11/, 2023 оны малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13/ зэргийг гаргаж өгсөн байна.
  1. Хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
  1. Шүүхээс насанд хүрээгүй хүүхдээс асууж авсан тайлбар /хх-ийн 28/.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Би **** гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдийнхээ асрамж, тэтгэлгийг тогтоолгож, 200 толгой малаас 100 толгой малыг нь л авна. Өөр зүйл авахгүй...” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч “...Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. **** мал огт харамлаагүй. Ав л гэж хэлсэн...” гэж тайлбарласан.

4. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар **** өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас ***** нар төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 3-5 дугаар хуудас/

4.2. Түүнчлэн охин ***** нар эхийнхээ асрамжид эрүүл энх өсөж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 3/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 4-5/, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байхаас гадна гэрлэгчид энэ талаар маргаагүй.

5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар “Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авна” гэж,

энэ хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 132.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээг зөвхөн нэг удаа хэрэглэнэ” гэж тус тус заажээ.

           6. Шүүхээс гэрлэгчдэд тус шүүхийн шүүгчийн**** дугаартай “гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамжаар гэрлэлт цуцлах ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, эвлэрүүлэх арга хэмжээ авчээ.

 Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь **** өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон байна.

7. Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн **** “гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай” захирамж, гэрлэгчид **** хойш тусдаа амьдарч байгаа ба одоо хэн аль нь тус тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал байгаа гэх тайлбарыг зохигчид гаргаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

           8. Түүнчлэн охин **** нар өнөөдрийг хүртэл эхийн асрамжид байгаа, эцэг, эхийн халамж, ёс суртахууны байдал, хүүхдийн санал зэргийг харгалзан эх **** асрамжид үлдээж, эцэг ***** хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

8.1 Шүүхээс хүүхдийн асрамжийг эцэг, эхийн хэн нэгэнд үлдээж буй нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь хүүхдүүд байнга оршин суухыг тодорхойлж, амьдрах газрыг тогтоож байгаа ба эцгээс нь хүүхдийг салгаж байгаа явдал биш тул Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан “...хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх”, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасан “...эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсэх”, 26 дугаар зүйлд заасан “..хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргийг” эдлүүлэхгүй гэсэн ойлголт биш юм.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэргийг гэрлэлт цуцалснаас үл хамааран эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг *****, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх ***** нарт тус тус даалгав.

8.2 Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** охин ****, **** төрсөн хүү **** нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг ***** тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 9. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тавин хувиас хэтрэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайд:

Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна гэж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.

Шүүх хуралдаанд гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцож эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зарим шаардлагаасаа татгалзаж, үхэр 20, хонь 40, ямаа 40 толгой нийт 100 толгой малыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр нэхэмжлэгч ****, хариуцагч ***** нар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдав.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар *** овгийн ***, *** овгийн *** нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар *** оны ***-ний өдөр төрсөн охин *****, *** оны **** өдөр төрсөн хүү **** нарыг эх **** асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар **** оны **** өдөр төрсөн охин ****, *** оны **** өдөр төрсөн хүү **** нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг **** овгийн **** тэжээн тэтгүүлсүгэй.

  1. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэргийг гэрлэлт цуцалснаас үл хамааран эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг ****, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх **** нарт тус тус даалгасугай.
  1. Нэхэмжлэгч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн зарим шаардлагаасаа татгалзаж, үхэр 20, хонь 40, ямаа 40 толгой нийт 100 толгой малыг *** оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр нэхэмжлэгч ****, хариуцагч **** нар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг дурдсугай. 
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч **** 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

           7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

           8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

              9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр
зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр
танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

         

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН