Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

   2024         5              22                                                     2024/ДШМ/44                  

 

 

Н.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч А.Цэрэнханд, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч О.Б,  М.Ө ,

Шүүгдэгч Б.Н., түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,  

Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Батсүх, М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Н.Над холбогдох эрүүгийн 2134000880357 дугаар хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

...овогтой Н..........Н.............., 1982 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөөмийч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......... хот ........... дүүрэг ...............-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ...................

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газар байрлах иргэн Б.Ганхүү, Ц.Оюунхулан нарын  эзэмшлийн үнээний ферм, тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг худалдаж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан улмаар бусдад их хэмжээний хохирол буюу 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.Наранбадрахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч .................Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “залилах” гэмт хэргийг “Хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Над 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Над оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, 20,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 20,000,000 төгрөгийн барьцааг Төв аймгийн шүүхийн Тамгын газраас барьцааны 100140005350 дугаарын данснаас иргэн Д.Үүрдмандахад олгохыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Н.Наас гаргуулж, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо Нархан хотхоны 51В-1 тоотод оршин суух хохирогч Тайж ургийн Цэрэнбатын Оюунхулан /РД:ЧЖ62070968/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Наас шинжээчийн нийт хөлс 8,000,000 /найман сая/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.Оюунхуланд 3,000,000 /гурван сая/ төгрөг, "Итгэлт эстимэйт" ХХК-нд 5,000,000 /таван сая/ төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 21340008800357 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /битүүмжлэгдсэн эд хөрөнгөд үзлэг хийсэн/ 5 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  

 “Мянган хурган” гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, 380 вольтын трансформатор, худгийн цементэн кольцоо 8 ширхэг, худгийн цементэн таг 2 ширхэг, ногоон амбаар 1 ширхэг, цагаан амбаар 1 ширхэг, шар өнгийн 30 ковш, трактор 1 ширхэг, төмөр амбаар 1 ширхэг, улаан өнгийн үрлэгч 1 ширхэг, тариалангийн талбайн худгийн цахилгаан утас 2 ороомог, чиргүүлийн рам 1 ширхэг, чиргүүл 1 ширхэг, худаг, худгийн турбо 200 метр, улаан тоосгон тугалын байр 1 ширхэг, тугалын клетка 41 ширхэг, тугалын байрны зуух, тугалын байрны усны шланк, тугалын байрны ус шаарны сав, усан сан 800 литр, 1 тонны усан сан 1 ширхэг, усны төмөр онгоц 2 ширхэг, шавар зуурдаг ванн 1 ширхэг, тэжээлийн онгоц урт, богино 2 ширхэг, шавар зуурагч 2 ширхэг, усны шланк 200 метр, 1 тонны юмкос, 16 үнээний автомат саалтуур, хөргүүр танк, сүү хөргүүр, утас далдлагч 2 боодол, 40 литрийн бидон 4 ширхэг, мотоцикл /мустанг-5 цагаан өнгийн/, сүү зөөдөг тэрэг, тугалын тэжээлийн онгоц 4 ширхэг, төмөр торон тугалын нарлагааны хашаа, тэжээлийн терм,тэжээл хэрчигч, баас зөөдөг тэрэг, шар вагончик, тонны юмкос 1 ширхэг, 2475 м2 220 үхрийн резинен хэвтэртэй үхрийн байр, турк саалтуур 1 ширхэг, хятад саалтуур 1 ширхэг, саалийн хувин 2 ширхэг, 200 литрийн усны сав 1 ширхэг, хүрз 2 ширхэг, өвсний сэрээ 2 ширхэг, усны онгоц 2 ширхэг, пад трактор, чиргүүл , модон хашаа, услалтын систем, 60-39 УНЧ цэнхэр өнгийн портер машин, 850 литрийн сүүний юмкос, 2 га фермийн газар, 1 га фермийн газар, 70 га тариалангийн хашаалсан талбай,  гагнуурын аппарат, камер, камерын дэлгэц зэргийг хохирогч Ц.Оюунхуланд, хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Ныг эрүүл мэндтэй холбоотой “Улсын хоёрдугаар төв эмнэлэг гэсэн хавтас бүхий 56 /тавин зургаа/ хуудас баримт, 2 ширхэг “СД-г шүүгдэгч Н.Над тус тус буцаан олгож,

Шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

          Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

          Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Наранбадрахад холбогдох Эрүүгийн 213400880387 дугаартай хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/87 шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/87 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй." гэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Н.Нын үйлдсэн гэм буруу, учруулсан хор хохирлын хэмжээ маш их, хохирлыг огт төлөөгүй байгаа байдал зэрэгт огт нийцэхгүй хэтэрхий шударга бус шийдвэр болсон. Учир нь Н.Н нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд" гэх газарт байрлалтай талийгаач хүргэн ах Б.Ганхүү болон төрсөн эгч Ц.Оюунхулан нарын эзэмшлийн үнээний ферм, газар, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар их хэмжээний буюу 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулснаас хойш өдийг хүртэл хохирол төлбөр огт төлөгдөөгүй. Шүүгдэгч Н.Н нь хохирол төлбөр төлөх зорилгоор шүүхээс завсарлага авсан боловч нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Үүнээс гадна Н.Н нь өөрийн гэм бурууг хүлээхгүй, хохирлоо төлбөрөө төлөхгүй, хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байгааг улсын яллагч Б.Уянга дүгнээд 8 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэх санал гаргасан байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж байгаа нь миний эгч Ц.Оюунхулан буюу хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй байх, хохирол төлбөр төлөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

2. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/87 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-д "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж...хохирогч Ц.Оюунхуланд олгосугай" гэж шийдвэрлэн хохирогчийн эрхийг ноцтой зөрчлөө. Энэхүү хохирлын төлбөрийн хэмжээ нь миний эгчийн хохирлыг бүрэн барагдуулж, гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээх ямар ч боломжгүй өнөөдрийг хүртэл хохирсон хохирлоос маш бага мөнгөн дүнгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэж, хохирогчийн эрхийг дордуулсанд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр тус үнээний ферм дэх барилга, мал амьтан, техник хэрэгсэл, эд хогшил гэх мэт нийт 2,454,312,405 төгрөгөөр үнэлэгдсэн буюу шүүгдэгч Н.Н нь миний эгчид 2,454,312,405 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д "Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно" гэж заасныг илтэд зөрчлөө. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.5-д "... шүүх хэргийн нөхцөл байдал зах зээлийн үнийн ханш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн "Итгэлт эстимэйт” бизнес үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "хөрөнгийн үнэлгээний тайланд" 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тогтоолоо" гэсэн атлаа шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж буй нь агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилдөөнтэй шийдвэр юм.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, "Мянган хурган" гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, зэргийг хохирогч Ц.Оюунхуланд... буцаан олгосугай" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхойлох нь хэсэгт "... шүүгдэгч Н.Н нь Богд банкнаас Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурга тоот хаягт байршилтай 22,525 м.кв ХАА-н зориулалттай газар Э-1423001217, НТД 4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021.02.23-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээл авсан /5хх-ийн 190-198/ боловч уг зээл хэвийн төлөгдөж байгаа гэж мэдүүлдэг тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд... гэж заасны дагуу... Ц.Оюунхуланд олгож шийдвэрлэсэн" гэж зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үнэлэлт өгч, бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12-р сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1349 дугаартай захирамжид заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурган тоот хаягт байрлах тус ферм дээр очиж үзлэг хийхэд 33 үхэр (үнээ, бяруу, тугал нийлсэн) л байсан буюу битүүмжилснээс хойш нийт 45 үхэр нь огт байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт байхгүй болчихсон үхрүүдийг хохирогч Ц.Оюунхуланд олгоно гэж шийдвэрлэж буй нь бодит байдалд нийцэхгүй, биелэх боломжгүй. Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурга тоот хаягт байршилтай 22,525 м.кв ХАА-н зориулалттай газар Э-1423001217, НТД4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “Богд” банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авсан боловч уг зээлийг төлөөгүй, мөн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор "Мянган хурган гэх газарт байх үнээний ферм тариалангийн талбай, 3 айлын орон сууц болон бусад эд хөрөнгийг битүүмжилснээс хойш бараг 2 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд фермд байсан малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, эд хөрөнгө, бараа материалууд муудсан, зарим тоног төхөөрөмжийн чухал эд анги байхгүй зэргээс шалтгаалан хэвийн ашиглах боломжгүй болсон байхад шүүх зөвхөн шүүгдэгч Н.Над ашигтай нөхцөлийг бий болгож, ашиглах боломжгүй эд хөрөнгүүдийг хохирогчид өгөхөөр шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм.

4. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт "...эд хөрөнгийн жагсаалтын 63 дугаарт бүртгэлтэй 32,000,000 төгрөгийн үнэ бүхий дамартай услалтын систем 1 ширхэг нь дээрх эд хөрөнгийг шүүгдэгч Н.Нын эзэмшлийн эд хөрөнгө болохыг оролцогч нар нотолсон байх тул нийт 2,454,312,405 төгрөгийн үнэлгээнээс 32,000,000 төгрөгийг хасаж, 2,422,312,405 төгрөгийг үнэлгээгээр тооцсон болно" гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эд хөрөнгийн жагсаалтын 63 дугаартай бүртгэлтэй 32,000,000 төгрөгийн үнэ бүхий дамартай услалтын систем нь шүүгдэгч Н.Нын эзэмшлийн эд хөрөнгө огт биш, тус эд хөрөнгө нь хохирогч Ц.Оюунхулангийн өмч хөрөнгө байхад шүүгдэгч Н.Нын төлөх ёстой хохирлоос хасаж байгаа нь үндэслэлгүй юм.

5. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д "хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, "Мянган хурган" гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, 3 айлын орон сууц... зэргийг хохирогч Ц.Оюунхуланд буцаан олгосугай" гэсэн нь ямар ч биелэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Н.Н нь хохирогчийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүдийг залилж авсны дараа үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулан авсан байдаг ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нын залилж авсан хөрөнгүүдийг хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэлээ гэж дүгнэсэн атлаа дараах хөрөнгүүдийг хэрхэх талаар огт дурдаагүй. Үүнд:

Улсын бүртгэлийн Ү-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв ажилчдын байр,

Улсын бүртгэлийн Ү-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв Үнээний ферм,

Улсын бүртгэлийн Ү-1426000652 дугаартай 2754 м.кв үнээний ферм, Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/739 дугаартай захирамжтай, нэгж талбарын 4116040125 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 3-1426001217 дугаартай ХАА-н үйлдвэрлэлийн цогцолборын зориулалттай 22525 м.кв газар эзэмших эрх зэргийг хэрхэх талаар огт дурдаагүй. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Батсүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/87 шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2, 5, 7 дахь хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/87 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ныг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй шийдвэр болсон. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэж заасан хэм хэмжээ, зарчим, зорилтыг зөрчиж, Н.Нын үйлдсэн гэмт хэрэг түүний гэм буруугийн шинж, учруулсан хохиролд тохирохгүй хэт хөнгөн эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шударга ёсны зарчмыг зөрчлөө.

Учир нь Н.Н нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “Мянган хурганд” гэх газарт байрлалтай иргэн Б.Ганхүү, Ц.Оюунхулан нарын эзэмшлийн үнээний ферм, газар, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилан, улмаар их хэмжээний буюу 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулснаас хойш өдийг хүртэл хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, шүүгдэгч Н.Н нь хохирол төлбөр төлөх зорилгоор шүүхээс завсарлага авсан боловч нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Мөн Н.Н нь өөрийн гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж оролцсон байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж байгаа нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэхгүй байх, хохирол төлбөр төлөгдөхгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

2. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5-т "Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж... хохирогч Ц.Оюунхуланд олгосугай" гэж шийдвэрлэн хохирогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл,  чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулж, гэм хор учрахаас өмнөх байдалд нь сэргээлгэх ёстой атал шүүх тогтоогдсон хохирлоос бага мөнгөн дүнгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэж, хохирогчийн эрхийг дордуулсанд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Итгэлт эстимэйт ХХК-ний үнэлгээгээр Ферм дахь барилга, мал амьтан, техник хэрэгсэл, эд хогшил нийт 2,454,312,405 төгрөгөөр үнэлэгдсэн /5хх-ийн 200-250, 6хх-ийн 1-66-р тал/ буюу шүүгдэгч Н.Н нь хохирогчид 2,454,312,405 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж буй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг илтэд зөрчлөө. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 1.5-д шүүх хэргийн нөхцөл байдал зах зээлийн үнийн ханш зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн "Итгэлт эстимэйт" бизнес үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний "хөрөнгийн үнэлгээний тайланд" 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тогтоолоо" гэсэн атлаа шүүгдэгч Н.Наас 572,100,000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж... хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж буй нь агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилдөөнтэй шийдвэр юм.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д хяналтын прокурорын 2022 оны 5-р сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, "Мянган хурган" гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц, зэргийг хохирогч Ц.Оюунхуланд буцаан олгосугай" гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэсэн үндэслэлээ Тодорхойлох нь хэсэгт шүүгдэгч Н.Н нь Богд банкнаас Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурга тоот хаягт байршилтай 22,525 м.кв ХАА-н зориулалттай газар 3-1423001217, НТД 4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021.02.23-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээл авсан /5хх-ийн 190-198/ боловч уг зээл хэвийн төлөгдөж байгаа гэж мэдүүлдэг тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл...гэж заасны дагуу...Ц.Оюунхуланд олгож шийдвэрлэсэн" гэж зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үнэлэлт өгч, бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12-р сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1349 дугаартай захирамжид заасны дагуу 2024 оны 01-р сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурга тоот хаягт байрлах фермер дээр очиж үзлэг хийхэд 33 үхэр л байсан буюу 45 үхэр нь огт байгаагүй. Гэтэл анхан шатны шүүхээс нэгэнт байхгүй болчихсон үхрүүдийг хохирогч Ц.Оюунхуланд олгоно гэж шийдвэрлэж буй нь бодит байдалд нийцэхгүй, биелэх боломжгүй. Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хурга тоот хаягт байршилтай 22,525 м.кв ХАА-н зориулалттай газар 3-1423001217, НТД 4116040125 γл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Богд” банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авсан боловч уг зээлийг төлөөгүй, мөн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор "Мянган хурган" гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, гурван айлын орон сууц болон бусад эд хөрөнгийг битүүмжилснээс хойш бараг 2 жилийн хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд фермд байсан малын тоо толгой их хэмжээгээр хорогдсон, эд хөрөнгө, бараа материалууд муудсан, зарим тоног төхөөрөмжийн чухал эд анги байхгүй зэргээс шалтгаалан хэвийн ашиглах боломжгүй болсон байхад шүүх зөвхөн шүүгдэгч Н.Над ашигтай нөхцөлийг бий болгож, ашиглах боломжгүй эд хөрөнгүүдийг хохирогч өгөхөөр шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр юм. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт "...Эд хөрөнгийн жагсаалтын 63 дугаарт бүртгэлтэй 32,000,000 төгрөгийн үнэ бүхий дамартай услалтын систем 1 ширхэг нь дээрх эд хөрөнгийг шүүгдэгч Н.Нын эзэмшлийн эд хөрөнгө болохыг оролцогч нар нотолсон байх тул нийт 2,454,312,405 төгрөгийн үнэлгээнээс 32,000,000 төгрөгийг хасаж, 2,422,312,405 төгрөгийг үнэлгээгээр тооцсон болно" гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Эд хөрөнгийн жагсаалтын 63 дугаартай бүртгэлтэй 32,000,000 төгрөгийн үнэ бүхий дамартай услалтын систем нь шүүгдэгч Н.Нын эзэмшлийн эд хөрөнгө биш, хэргийн оролцогчид Н.Нын эд хөрөнгө болохыг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй. Уг эд хөрөнгө нь хохирогч Ц.Оюунхулангийн өмч хөрөнгө байхад шүүгдэгч Н.Нын төлөх ёстой хохирлоос хасаж байгаа нь үндэслэлгүй юм.

4. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7-д "хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, "Мянган хурган" гэх газарт байх үнээний ферм, тариалангийн талбай, үнээ 48 толгой, бяруу 11 толгой, тугал 19 толгой, гурван айлын орон сууц зэргийг хохирогч Ц.Оюунхуланд буцаан олгосугай" гэж ойлгомжгүй, биелүүлэх боломжгүй байдлаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасныг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Н.Н нь хохирогчийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүдийг залилж авсны дараа үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулан авсан байдаг ба анхан шатны шүүх шүүгдэгч Н.Нын залилж авсан хөрөнгүүдийг хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэлээ гэж дүгнэсэн атлаа дараах хөрөнгүүдийг хэрхэх талаар огт дурдаагүй. Үүнд:

Улсын бүртгэлийн Ү-1426000654 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 142 м.кв ажилчдын байр,

Улсын бүртгэлийн Ү-1426000653 дугаартай Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг, Эрдэнэ 738 м.кв Үнээний ферм,

Улсын бүртгэлийн Ү-1426000652 дугаартай 2754 м.кв үнээний ферм,

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/739 дугаартай захирамжтай, нэгж талбарын 4116040125 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 3-1426001217 дугаартай ХАА-н үйлдвэрлэлийн цогцолборын зориулалттай 22525 м.кв газар эзэмших эрх зэргийг хэрхэх талаар огт дурдаагүй. Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Наас 2,442,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун дөчин хоёр сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноос зөрүүтэй бичигдсэн. Н.Ныг шүүхээс гэм буруутайд тооцож, түүнээс 2,435,773,587 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбоотойгоор шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирол төлөхөөр завсарлага авсан боловч хохирлоо төлөлгүй эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл эрүүгийн хариуцлагын хуралдаанаас 572,100,000 төгрөгийг хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэсэн. Хохирогчид олгох хохирол төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр, хууль зөрчиж өөрчилсөн. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо "Богд" банкны барьцаанд байгаа эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс чөлөөлж хохирогчид олгох, “Богд” банкийг зээлийн гэрээтэй холбоотой хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн атлаа энэ талаар шийтгэх тогтоолд бичээгүй байна. Энэ нь мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-т заасныг зөрчсөн.

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтаар... хяналтын прокурорын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, ... тогтоолд дурдсан эд хөрөнгийг хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан "Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй” гэж үзэж байна. Учир нь Төв аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд заасан эд хөрөнгө нь 2023 оны ... өдрийн үзлэгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл битүүмжилсэн эд хөрөнгийг захиран зарцуулсан, дутаасан, алга болгосон байдаг. Гэтэл дээрх тогтоолд дурдсан эд хөрөнгүүдийг хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, хохирогчийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Богд” банктай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Нын өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг энэ хүнийг залилаад фермийг нь авсан гээд байгаа. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй.  Миний хувьд фермийг нь буцааж өгөөд дутагдсан гээд байгаа 572,000,000 төгрөгийг төлөх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Над холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч О.Батсүх, М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд тус тус дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

4. Талийгаач Б.Ганхүү нь элэгний хорт хавдар, сахрын өвчний эмчилгээндээ зарцуулах зорилгоор Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд” гэх газар байрлах өөрийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг бүхий хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар зар тавьсан байх бөгөөд шүүгдэгч Н.Н 800,000,000 төгрөгөөр худалдан авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний буюу 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр дурдсан үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

5.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

5.2. Анхан шатны шүүх талийгаач Б.Ганхүү нь элэгний хорт хавдар, сахрын өвчний хүндрэлийн улмаас Төв аймгийн Баянчандмань сумын нутаг "Мянган хурганд” гэх газар байрлах өөрийн эзэмшлийн ферм болох тэжээлийн ургамал тариалах зориулалттай 70 га хэмжээтэй 0320943 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар, залгаа байрлалтай фермийн зориулалттай 2 га хэмжээтэй 0320944 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй хашаалсан газар болон газар дээр байрлах фермийн зориулалттай ашиглалтад орсон барилга, ковш, трактор, портер машин, услалтын систем, турк саалтуур, 120 толгой үхэр, тугал бүхий үнээний ферм, эрдэнэ шиш, арвай, овьёос тариалсан тариалангийн газар зэргийг зарахаар зар тавьж улмаар зарын дагуу шүүгдэгч Н.Н холбогдон уг объектыг 800.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож улмаар уг объектыг шүүгдэгч Н.Нын эхнэр Д.Болормаа, Б.Өлзийбуянаас хүлээн  авсан, эдгээр объектууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байхад нь шүүгдэгч Н.Н нь өөрийн нэр дээр үл хөдлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авч үүнээс хойш тухайн объектын үнийг төлөөгүй атлаа зарж борлуулж өөртөө ашиг олж эхэлсэн нь хэрэгт баримтаар  нотлогдсон хэмээн дүгнэсэн.  

5.3. Н.Над холбогдох эрүүгийн хэрэгт гаргасан “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд /5хх-ийн200, 6хх-ийн 65/ тусгагдсан үнэлгээний дагуу 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн хохирол учирсан гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх тогтоосон байна.

5.4. Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол гаргуулахад хуульд зааснаар хохирол төлөх завсарлага авсан боловч шүүгдэгч нь шүүхээс завсарлуулсан хугацаанд шүүхээс тогтоосон хохирол нөхөн төлөөгүй байна.

5.5. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Н.Над эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 8 жил хорих ял оногдуулах, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх дүгнэлт гаргасан байхад шүүх шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай болон нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.

7. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Н нь “Богд” банктай 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/736 тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хураг тоот хаягт байршилтай 22,525 м.кв, ХАА-н зориулалттай газар Э-1423001217, НТД:4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Богд” банк нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй тул уг хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

8. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж заасны дагуу Төв аймгийн Баянчандмань сумын 3-р баг Мянган хураг тоот хаягт байршилтай 22.525 м.кв, ХАА-н зориулалттай газар Э-1423001217, НТД:4116040125 үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч Ц.Оюунхуланд олгож, “Богд” банк нь Н.Нын зээлийн үлдэгдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно гэж анхан шатны шүүх дүгнэсэн боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар огт тусгаагүй байна.

9. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоож,  шүүгдэгчээс 2,454,312,405 /хоёр тэрбум дөрвөн зуун тавин дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оюунхуланд олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрээ шүүх хуралдааны танхимд танилцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан байна. /9 хх-н 18/

10. Анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 572.100.000 /таван зуун далан хоёр сая нэг зуун мянган/ төгрөгийг шүүгдэгч Н.Наас төгрөг гаргуулж Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 15-р хороо Нархан хотхоны 51В-1 тоотод оршин суух хохирогч Тайж ургийн Цэрэнбатын Оюунхулан /РД:ЧЖ62070968/-д олгосугай” гэж бичигдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

11. Дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

12. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн өмгөөлөгч О.Батсүх, М.Өлзийцэцэг нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, мөн хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Над урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                М.МӨНХДАВАА

                                     

          ШҮҮГЧИД                           А.ЦЭРЭНХАНД                                                                                                                 

                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ