| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0223/З |
| Дугаар | 128/ШШ2026/0364 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2026/0364
2026 04 15 128/ШШ2026/0364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ууганзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б******* х*******” ХХК /РД:*******/;
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 1,211,365,950 төгрөгийн санхүүжилтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч*******, Т.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, иргэдийн төлөөлөгч Э.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан анхны шаардлагаа “Б******* х*******” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгогдоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтыг “Б******* х*******” ХХК-д олгохыг даалгах” гэж тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд заасны дагуу алданги тооцож, нийт алдангид 403,788,650 төгрөгийг гаргуулах буюу нийт 1,211,365,950 төгрөгийг “Б******* х*******” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” гэж ихэсгэсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу А******* дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.
2.2.Дээрх гэрээ болон гэрээний хавсралтад заасны дагуу нэхэмжлэгчийн байгуулсан “С сувилал” нь уламжлалт анагаах ухаан болон сэргээн засахын нийт 9 оношийн хамааралтай бүлгээр эрүүл мэндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүргэж, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдан ажилладаг гэж тайлбарлаж байна.
2.3.Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой тухайн А******* дугаартай гэрээний 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж, А*******-568 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар байгуулсан.
2.4.Нэхэмжлэгч “Б******* х*******” ХХК-ийн нэхэмжлэлийг тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0501 дүгээр шийдвэрээр “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б******* х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2023 оны 01, 10, 11 дүгээр сард бүрэн олгогдоогүй санхүүжилтийг олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дурдсан хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болон 272,181,050 төгрөг, түүнд ногдох торгууль болох 27,218,105 төгрөг, нийт 299,399,155 (хоёр зуун ерэн есөн сая гурван зуун ерэн есөн м******* нэг зуун тавин таван) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг, мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн 2024 оны 01, 02 дугаар сард хамаарах нэхэмжлэхийг зохих журмын дагуу хянан үзэж, шаардагдах захиргааны акт гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
2.5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2025/0706 дугаар магадлалаар “...хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг хэрэгт бүрэн ирүүлээгүй, анхан шатны шүүх тэдгээрийг болон маргааны үйл баримтад хамааралтай бусад нотлох баримтыг шаардан гаргуулаагүй атлаа нотлох баримтын шаардлага хангахгүй баримт бичгийг шинжлэн судалж, үнэлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно. Өөрөөр хэлбэл, ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг дутуу гүйцэтгэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй” гэж дүгнээд хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан байна.
2.6.Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд заасныг биелүүлж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг дахин хэлэлцлээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Б******* х*******" ХХК-ийн “С сувилал” нь А аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 50 ортой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн яамнаас авч, 4 удаа магадлан итгэмжлэгдэж, 14 жил иргэдэд архаг хууч өвчний дахилтыг эмчлэх, сэргийлэх, өвчин эмгэгийн улмаас үүссэн чадвар алдалтыг сэргээн засах тусламж үйлчилгээг тогтвортой үзүүлж, хот хөдөөгийн нийт 30000 хүн амд үйлчилжээ.
"Эрүүл мэндийн тухай", "Эмнэлгийн тусламжийн тухай" хуулиудын холбогдох заалтаар "сувилал нь уламжлалт болон сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эрх бүхий байгууллага", ба ".. сэргээн засах тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх" гэсэн 2 чиглэлээр төрийн бодлогод тусгасан байдаг.
2022 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2022-2025 онуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах эрүүл мэндийн байгууллагуудын Сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, сувиллууд уламжлалт болон сэргээн засах гэсэн 2 чиглэлээр хэвтүүлэн эмчлэх оношийн хамааралтай бүлгээр оролцон, ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангасан бол тэнцсэн оношийн хамааралтай бүлгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрхийг олгосон.
Манай компанийн “С сувилал” нь сонгон шалгаруулалтын шаардлагыг хангах үүднээс сэргээн засах чиглэлээр 2022 онд Оросын Холбооны Улсын 9, Бүгд Найрамдах Солонгос Улсын 7 төрлийн дэвшилтэт аппарат тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулалт хийж, эмнэлгийн зориулалтаар баригдсан өөрийн эзэмшлийн барилгыг засч тохижуулан, хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэн тус сонгон шалгаруулалтад оролцож, Уламжлалт анагаах ухааны болон сэргээн засахын нийт 9, оношийн хамааралтай бүлгээр тэнцэж, 2022 оны 09 сарын 05-ны өдөр АР-0 тоот 3 жилийн гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан.
Энэхүү гэрээгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч буюу манай компанийн “С сувилал” нь гэрээнд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн даатгуулагчид үзүүлэх, худалдан авагч буюу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бидний иргэн-даатгуулагчид үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэлд үндэслэн худалдан авах буюу гэрээнд заасан хэмжээгээр төлбөр төлөх, санхүүжилт олгох үүргийг тус тус хүлээсэн. Энэхүү гэрээний дагуу үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээг хавсралтад заасны дагуу тооцохоор талууд тохирсон байдаг.
Улмаар сар бүр үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн дагуу эмнэлгийн цахим программ, health.gov.mn Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим программаар болон и-мэйлээр холбогдох нэхэмжлэлийг илгээж гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохоор талууд гэрээгээр тохирсны дагуу нэхэмжилсэн боловч тусламж үйлчилгээ худалдан авагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл бүрээс дараах төлбөрүүдийг хассан байдаг. Үүнд:
Манай байгууллагын нэхэмжлэлийн хүрээнд олгогдоогүй санхүүжилт:
2022 онд 09 сарын 05-нд АР-0 тоот гэрээ байгуулсны дагуу:
1) 9 сард 120 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 64,429,150 нэхэмжилсэн боловч огт олгогдоогүй,
2) 10 сард 171 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 109,324,900 нэхэмжилсэн бөгөөд үүнээс 70,903,400 төгрөг олгогдоогүй;
3) 11 сард 97 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 52,827,500 нэхэмжилсэн боловч 29,758,500 төгрөг олгогдоогүй
Энэхүү 2022 оны 09 сар, 10 сар, 11 саруудад 388 хүнд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлж нийт 226,581,550 нэхэмжилснээс уламжлалтын чиглэлийн тусламж үйлчилгээний 165,091,0507-ний санхүүжилт олгогдоогүй.
2023 оноос хойших нэхэмжлэлүүдийн тухайд манай сувилал уламжлалт болон сэргээн засах тусламж үйлчилгээг урьдын адил зах зээлийн үнэлгээгээр үзүүлж байсан боловч хариуцагч байгууллагын зүгээс бидний бодит зах зээлийн үнэлгээгээр бус, хэт доогуур үнээр нэхэмжлэх явуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулсан байдаг. Жишээлбэл манай компани 1,771,000 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэх илгээх бодит байдал бий болсон боловч системд 250,000 төгрөгөөр нэхэмжлэх илгээхээс өөр сонголтгүй байсан. Тус нөхцөл байдалтай холбогдуулан бид дараах үнийн дүнгийн зөрүүгээр санхүүжилтээ авч чадаагүй. Үүнд:
> 2023 оны 1 сард сэргээн засах болон уламжлалтын 189,431,250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 83,656,250 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 82,056,600 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас манай байгууллага 105,775,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
> 2023 оны 8 сард 176 хүнд сэргээн засах болон уламжлалтын 101,500,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 50,058,750 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 49,308,750 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас манай байгууллага 51,441,250 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
> 2023 оны 9 сард 138 хүнд сэргээн засах болон уламжлалтын 96,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 34,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 34,500,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас манай байгууллага 62,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй.
> 2023 оны 10 сард 88 хүнд сэргээн засах болон уламжлалтын 61,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 22,000,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 21,750,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас манай байгууллага 39,600,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй
> 2023 оны 11 сард 158 хүнд сэргээн засах болон уламжлалтын 110,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 39,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 39,500,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас манай байгууллага 71,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болж, авч чадаагүй
> 2024 оны 01 болон 02 сард нийт 172 хүнд сэргээн засах болон уламжлалтын 284,050,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим систем хүлээж аваагүй бөгөөд 2024 оны 02 сарын нэхэмжлэх илгээх өдрийн байдлаар 229,239,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан тул тус дүнгээр нэхэмжлэхийг албан бичиг болон цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн. Мөн тус нэхэмжлэхийг илгээснээс хойш 2024 оны 02 сарын 29-ний өдрийг дуустал 54,811,000 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 2024 оны 01 болон 02 саруудад нийт 284,050,000 төгрөг тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч санхүүжилтийг бидэнд огт олгоогүй.
Үүнээс гадна манай компанийн “С сувилал” нь 2021 онд ковидын тусламжийг иргэдэд үзүүлсэн. Тодруулбал, Эрүүл мэндийн Сайдын 2019.09.09-ний өдрийн А/562 дугаар тушаалаар зарим сувиллуудад Ковид-19 халдвараар халдварласан хүмүүсийг тусгаарлах, эмчлэх үүргийг хүлээлгэсэн бөгөөд тус тушаалын хавсралтын 1 дэх хэсэгт манай "С" сувиллыг хамруулсан байдаг. Улмаар тус тушаалын дагуу манай сувилал 47 хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тухайн үед мөрдөгдөж буй тарифт 51,960,000 төгрөг нэхэмжилсэн боловч 21,580,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, үлдэх 28,420,000 төгрөгийг буюу 23 хүнд оногдох санхүүжилтийг хууль бусаар олгоогүй.
Манай байгууллагын хувьд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хуульд заасан үүргээ биелүүлэн холбогдох зардлуудыг өөрсдөө гаргаж иргэдэд үйлчилгээг тасралтгүй үзүүлж байсан. Улмаар өөрсдийн гаргасан зардлыг хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу нөхөн авах итгэл үнэмшилтэйгээр бүх эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллаж байсан. Гэтэл хариуцагч байгууллага нь үндэслэлгүйгээр дээрх 807,577,300 төгрөгийн санхүүжилтийг олгохоос татгалзсанаар манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогсох, нийт ажилчдын цалинг олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрийг төлөх боломжгүй болох нөхцөл зэрэг сөрөг үр дагаврууд үүсч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“ Ковидын тусламж үйлчилгээ бол 2021 оны асуудал байна. Чанар, төлбөрийн хяналтын журамд заасны дагуу хянуулах ёстой байсан гэж тайлбарлаж байгаа ба уг журам нь 2022 оны 08 дугаар сард батлагдсан. Тиймээс Ковид-19 цар тахалтай холбоотой худал тайлбар хэлж байна. Чанар, төлбөрийн хяналтын журмын 4.1.2.2-д нэхэмжлэлийн хяналтыг хийхдээ зөвхөн энэхүү журмын хавсралтад заасан шалгуураар үнэлээд олгох, олгохгүйгээр шийдээрэй гэж заасан. Төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнөөс оношийн бүлэг өөрчлөгдөөгүй. Төлбөрийн хэмжээ өөрчлөгдөн инфляц өөрчлөгдөхөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээнийх нь зардал нь нэмэгдэн төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн байхад оношийн хамаарал өөрчлөгдөж байгаа мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс жил болгон төлбөрийн хэмжээг жагсаалтаар баталж байгаа. Өмнөх уламжлалт анагаах ухаан сэргээн засах байсан нь өөрчлөгдөн бүх оношийн төрөл хасагдсан ойлголт биш байна. Тухайн өөрчлөгдсөн төлбөрийн хэмжээтэй холбогдуулан гэрээнд нэмэлт өөрчлөлт орж байгаа бөгөөд өөрчлөгдөөгүй тусламж үйлчилгээний төрөлтэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт орохгүй. Тиймээс л 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс сувиллын тусламж үйлчилгээ, уламжлалт анагаах ухаан гэсэн үндсэн 2 чиглэлээр гэрээ байгуулсан. Сувиллын тусламж үйлчилгээ бол ангилагдаагүй, бусад гэсэн агуулгаар томьёологдсон. Сонгон шалгаруулалтад хамааралгүй нэг хэсгийн өртөг өөрчлөлттэй холбогдуулан үнийн дүн нэмэгдэж байгаа болохоос гэрээний 1 дүгээр хавсралтыг бүхэлд нь өөрчилсөн агуулга байхгүй. Гэрээг үгийн утгаар, шууд тайлбарлана. Нэмэлт гэрээ бол тухайн өмнөх гэрээ дээр өөрчлөлт оруулах, тухайн гэрээ дээр нэмэгдэж байгаа бөгөөд бусад зохицуулалт хэвээрээ ойлгогдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл 250 гэсэн код өөрчлөгдөж байгаа болохоос бусад код өөрчлөгдөхгүй гэсэн ойлголт байна. Гэрээний нэмэлт өөрчлөлт орон бусад оношнууд хадгалан үлдсэн нь цахим системээр өмнөх шиг 250 м*******ас их хэмжээгээр нэхэмжилж болж байсан ба тухайн нэхэмжлэхээр нотлогдож байгаа. Сонгон шалгаруулалт хийгээд гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл сонгон шалгаруулалт одоо хамааралгүй, өртөг өөрчлөгдсөн гэдэг утгаар гэрээг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Хариуцагчаас өөрсдөө хянаж шалгалтаа хийгээгүй. Мөн Чанар, төлбөрийн хяналтын журмын хавсралтад заасны дагуу шийдвэрлэх ёстой асуудал байхад өөр журам үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн тайлбар болон татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Өнөөдрийн шүүх хуралдаанд талуудын хоорондын мэтгэлцээнтэй холбоотой 2022 оны 09, 10, 11 дүгээр сард үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөр маргаагүйгээр олгогдох үндэслэлтэй байгаа нь нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллага бодит нөхцөл байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн захиргааны акт гаргах үүрэгтэй. Нэхэмжлэгч компанийн хувьд үзүүлж байгаа 10 тусламж үйлчилгээний өртөг нь чиг үүргээрээ харилцан адилгүй үйлчилгээ үзүүлж байгаа. Хариуцагчтай байгуулсан гэрээнд итгэн ойролцоогоор 900,000 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ нь багадаа өртгийн жингээр тооцоход 700,000 төгрөг болж байгаа. Гэтэл тухайн төсөв нь олгогдохгүй байгаагаас үүдэн компанийн нөхцөл байдал их хүнд байгаа. Аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс нэхэмжлэх тус бүрээр нь хянадаг байсан. Энэ бүхний хамгийн гол зорилго нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх л зорилготой байгаа. Иргэдээс нэг ч гомдол санал гарч байгаагүй харин ч талархал илэрхийлдэг байсан нь хэрэгт авагдсан байгаа. Төрд итгэн байгуулсан гэрээний зохицуулалт, талуудын хүсэл зориг, тухайн орон нутагт байгаа байгууллагууд тухайн гэрээг хэрхэн ойлгож байснаас харвал 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын санхүүжилт 100 хувь олгогдох ёстой бөгөөд үүнтэй холбоотой алданги олгогдох ёстой байна гэж үзэж байна. Мөн 2023 оны нэмэлт гэрээ байгуулснаас хойш гэрээний дүн өөрчлөгдсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой гэрээ байгуулсан процессыг гэрч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлалаа. Нэхэмжлэгчээс гэрээ бүхэлдээ өөрчлөгдсөн гэж ойлгоогүй бөгөөд нэхэмжлэхээ үндсэн 9 оношны хамааралтай бүлгээрээ илгээгээд явж байсан. Гэрээ өөрчлөгдсөн шүү гэдэг байдлаар захиргааны байгууллага ямар нэгэн байдлаар татгалзлаа илэрхийлээгүй бөгөөд татгалзлаа нотолж чадахгүй байгаа ба уг тайлбар нь үндэслэлгүй байна. Тухайн үед тогтоол эсвэл ямар нэгэн шийдвэр гарч байсан бол тухайн баримтыг ирүүлэн татгалзлаа нотлох ёстой байсан байтал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Ковид-19 цар тахлын үед нийт 51 сая төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлснээс 29 сая төгрөгийн үйлчилгээ үзүүлсний санхүүжилтийг олгоогүй байна ба ямар үндэслэлээр олгохгүй байгаа татгалзлаа бүрэн илэрхийлэхгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичгээр санхүүжилт олгох эсэхийг лавлахад олгохгүй гэдэг албан ёсны шийдвэрийг Аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өгсөн. Тухайн хариунаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд нэхэмжлэл гаргасан бөгөөд ямар нэгэн байдлаар хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй. Бодит байдлаар үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй тул санхүүжилтийн олгох нь зүйтэй байна. Энэ хэрэг маргааныг жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, нотлох баримт цуглуулж, үзлэг хийж, түүврийн аргаар нэхэмжлэгүүдийн бүх хавсаргасан материал дээр үзлэг хийсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс санхүүжилтийг олгохгүй гэж шийдээгүй. Хяналт шалгалт хийсэн тэмдэглэл тайлан авагдаагүй байна гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс буцаасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн үндэслэлүүд хангагдсан ба нэхэмжлэгчид ашигтай байдлаар нотлох баримтууд бүрдсэн. Хяналт шалгалтын тэмдэглэлээс харвал хангахгүй байх үндэслэл бүрдээгүй байна. Алдангийн тухайд бол Иргэний хуульд зааснаар гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлэхээр гэрээний талуудыг үүрэгжүүлэн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг заасан байдаг. Санхүүжилт олгоогүй хугацаанд тооцон алдангийг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Тухайн алдангийг хариуцагч ямар эх үүсвэрээс гаргах нь хариуцагчийн өөрийн үүргийн асуудал. Даатгалыг санхүүжилттэй холбоотой асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах нь зүйтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
2022 оны 09, 10, 11 дүгээр сарын нэхэмжлэлүүдийн хувьд тайлбар хэлье. Гэрчийн мэдүүлэг болон хоёр дугаар хавтаст хэргийн 99 дүгээр талд авагдсан баримтаас харвал “Б******* х*******” ХХК-ийн “С сувилал” нь газар дээрх хяналт шалгалт хийгдэхээс өмнө үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ материалыг цаасаар хянуулж ирсэн. Тусламж үйлчилгээ үзүүлж байгаа компаниуд 10 хүнд тусламж үзүүлчхээд 15 хүнд тусламж үзүүлсэн гэж ихэсгэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас хууль бусаар мөнгө авах гэсэн оролдлого гаргаж байсан. “С сувилал” нь ийм үйлдэл нэг ч удаа гаргаж байгаагүй ба зөрчлийн санд бүртгэлгүй. 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээ байгуулагдсан өдрөөс л эхлэн мөрдөгдөх байсан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар газар дээрх хяналт шалгалт хийгдэж байж мөрдөгдөж эхэлнэ гэсэн ойлголт байхгүй. Хэрэв гэрээний 3 жилийн хугацаанд хяналт шалгалт хийхгүй бол тухай гэрээ зүгээр л цаас болж үлдэнэ. Тиймээс гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн хэрэгжих ёстой. 2022 оны 08, 09, 10, 11 дүгээр саруудад тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй хариуцагч маргадаггүй тул үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг авах ёстой. Бусад саруудын хувьд анх байгуулсан гэрээнд заасан үнийн дүнгээр тусламж үйлчилгээ үзүүлсэн. Төрийн байгууллага өөрсдийн эрх мэдлээр цахим системд нэвтрэх эрхийг хаадаг, үнийн дүнг 250,000 төгрөг гэж кодлох асуудлууд байсан учир 250,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн мэт харагдаж байгаагаас биш 1,000,000 төгрөгийн тусламж үйлчилгээг 250,000 төгрөгөөр үзүүлэн өөрсдөдөө санхүүгийн хувьд хасах заалттайгаар ажиллаж байгаа хүмүүсээ цалинжуулах газар хаана ч байхгүй. Тиймээс компанийн итгэлийг хамгаалж, итгэл хамгаалах зарчийг хэрэгжүүлж өгнө үү. Төрийн байгууллагад итгэн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Тус газар нь "Б******* х*******" ХХК-тай "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ"-г 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 3 хугацаатай байгуулан гэрээний хэрэгжилтийг дүгнэн ажиллаж байна.
Тус газар нь нэхэмжлэгч байгууллагаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлийг дээрх гэрээний хавсралтад заасан тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Чанар, төлбөрийн хяналтын журам"- ийн 4.1.1 дэх хэсэгт заасны дагуу хянан олгодог.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох" гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь шалгуур хангаагүй тусламж, үйлчилгээнд төлбөр олгох боломжгүй болно.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолоор батлагдсан "Чанар, төлбөрийн хяналтын журам"-ийн 4.2.1.2 дахь хэсэгт зааснаар “С сувилал” нь чанар, төлбөрийн хяналтаар хасагдсан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хасагдлын дэлгэрэнгүй тайланг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан гомдлоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ирүүлэх, хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх эрхтэй.
Эрүүл мэндийн байгууллага нь нэхэмжлэлд дурдсан хугацааны тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн нэхэмжлэлийн талаар журамд заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.
Түүнчлэн эрүүл мэндийн байгууллага нь үзүүлсэн тусламж үйлчилгээний нэхэмжлэлээ гэрээний хавсралтад заасан төлбөрийн хэмжээгээр бус зах зээлийн үнэлгээгээр нэхэмжилсэн болохоо нэхэмжлэлд дурдсан байна. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ковид-19 цар тахлын 2021 оны асуудалд Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн байр суурин дээрээ байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын санхүүжилтийн тухайд гэрээний тайлбар хэсэг дээр газар дээрх хяналт шалгалт хийсний дараа эрх нээгдэнэ гэж заасан. Энэ тухай 2022 оны 12 дугаар сард ярилцсан бөгөөд энэхүү асуудал дээр маргаан байхгүй. Нэмэлт гэрээ дээр гэрээний нийтлэг үндэслэлийн 1.1-д зааснаар гэрээний хавсралтад өөрчлөлт орно. Өөрчлөлт орж байгаа бол үндэслэл бол Эрүүл мэндийн даатгалыг үндэсний зөвлөлийн тогтоол байгаа. Тогтоолын 5 дах хэсгийн 1, 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосон бөгөөд оношийн хамаарлыг хүчингүй болгосон. Гэрээнд нэг л оношийн хамааралтай болж өөрчлөгдсөн гэрээ хүчин төгөлдөр байна. 2024 оны 1 болон 2 дугаар сарын нэхэмжлэхийн тухайд бол Эрүүл мэндийн даатгалын цахим системд байхгүй тул хянах боломжгүй. Байгууллагын үзүүлсэн тусламж үйлчилгээний систем болон Эрүүл мэндийн даатгалын систем хоёр нэг тул оношийн хамааралд бүлгээр үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг олгохоос татгалзсан шийдвэр харагддаг. Болохгүй, олгохгүй гэдгийг мэдсээр байж дахин дахин үйл ажиллаагаагаа хийгээд, нэхэмжлэх явуулаад байсан. 2022 оны 09 сард явуулсан нэхэмжлэхэд санхүүжилт олгохгүй гэсэн шийдвэр гараад тухайн шийдвэрийг мэдсээр байж уг шийдвэртэй маргаж, гомдол гаргах эрх нээлттэй байхад гомдол гаргалгүй дахин дахин нэхэмжлэх явуулан төрд итгэх зарчим гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
4.1.”Нэхэмжлэгч байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын саналаар гэрээ байгуулан, гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж болох юм байна гэж үзэн үйл ажиллагаагаа явуулсан байна. Хэрэв хариуцагч байгууллага санхүүжилтийг 2022 оны 11 дүгээр сараас олгох байсан бол 11 дүгээр сард гэрээгээ хийх ёстой байсан гэж дүгнэж байна. Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн яамнаас төсвийг гарган сургууль, буудал, эмнэлэг гээд бүх объектуудыг түрээсэлж байсан тул нэхэмжлэгч талд санхүүжилтийг олгох ёстой байсан гэж дүгнэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд захиргааны гэрээний эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн “Захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч нь:
2.1.1.2022 оны 9 сард 120 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 64,429,150 төгрөг нэхэмжилсэн, 10 сард 171 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 109,324,900 нэхэмжилснээс 70,903,400 төгрөгийг олгоогүй, 11 сард 97 хүнд уламжлалтын тусламж үйлчилгээ үзүүлж 52,827,500 нэхэмжилснээс 29,758,500 төгрөг олгоогүй буюу нийт 2022 оны 09 сар, 10 cap, 11 саруудад 388 хүнд уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг үзүүлж, 226,581,550 нэхэмжилснээс уламжлалтын чиглэлийн тусламж үйлчилгээний 165,091,050 төгрөгийн санхүүжилт олгоогүй гэх;
2.1.2.Мөн 2023 оны 1 дүгээр сард сэргээн засах болон уламжлалтын 189,431,250 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч www.health.gov.mn цахим системийн тохиргооноос шалтгаалж 83,656,250 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 82,056,600 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 105,775,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болсон гэх;
2.1.3.Мөн 2023 оны 8 сард 176 хүнд сэргээн засах болон уламжлалтын 101,500,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч дээрх системийн тохиргооноос шалтгаалж 50,058,750 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 49,308,750 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 51,441,250 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болсон гэх;
2.1.4.Түүнчлэн 2023 оны 9 сард 138 хүнд сэргээн засах болон уламжлалтын 96,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч мөн системийн тохиргооноос шалтгаалж 34,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 34,500,000 төгрөг олгогдсон. Дээрх цахим системийн тохиргооны улмаас 62,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг цахим системээр нэхэмжлэх боломжгүй болсон гэх;
2.1.5.2023 оны 10 сард 88 хүнд сэргээн засах болон уламжлалтын 61,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч мөн системийн тохиргооноос шалтгаалж 22,000,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж үүнээс 21,750,000 төгрөг олгогдож, 39,600,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болсон гэх;
2.1.6.2023 оны 11 сард 158 хүнд сэргээн засах болон уламжлалтын 110,600,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч мөн системийн тохиргооноос шалтгаалж 39,500,000 төгрөгийн нэхэмжлэх илгээгдэж, 39,500,000 төгрөг олгогдсон, 71,100,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг нэхэмжлэх боломжгүй болсон;
2.1.7.Түүнчлэн 2024 оны 01, 02 саруудад 172 хүнд сэргээн засах болон уламжлалтын 284,050,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн боловч мөн цахим систем хүлээж аваагүй бөгөөд 2024 оны 02 сарын нэхэмжлэх илгээх өдрийн байдлаар 229,239,000 төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байсан тул тус дүнгээр нэхэмжлэхийг албан бичиг болон цахим шуудангаар хариуцагчид хүргүүлсэн. Мөн тус нэхэмжлэхийг илгээснээс хойш 2024 оны 02 сарын 29-ний өдрийг дуустал 54,811,000 төгрөгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд 2024 оны 01 болон 02 саруудад нийт 284,050,000 төгрөг тусламж үйлчилгээг үзүүлсэн боловч санхүүжилтийг олгоогүй;
2.1.8.Эрүүл мэндийн Сайдын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/562 дугаар тушаалаар “... Ковид-19 халдвараар халдварласан хүмүүсийг тусгаарлах, эмчлэх үүрэг”-ийг өгсний дагуу 2021 онд иргэдэд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулсан 51,960,000 төгрөг нэхэмжилсэн боловч 21,580,000 төгрөгийн санхүүжилтийг олгож, үлдэх 28,420,000 төгрөгийг олгоогүй” гэх төлбөрүүдийг тус тус хариуцагчаас нэхэмжилж байна.
2.2.А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/228 дугаар албан бичгээр “Б******* х*******” ХХК-ийн “С сувилал”-ын санхүүжилт аваагүй хэсгийг бүртгэлээр гаргасан, хариуцагч нь нэхэмжлэгчийн энэ нэхэмжилсэн үнийн дүн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хүний тоо, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр гэх шилжүүлсэн үнийн дүнтэй маргаагүй учраас шүүх эдгээрт дүгнэлт өгөхгүй. /ХХ-1-ийн 145-147 дахь тал/
2.3.Энэхүү маргааны зүйл нь захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах буюу захиргааны гэрээнээс үүдсэн маргаан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч талууд гэрээг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан, гэрээний хугацааг 3 жилээр тогтоосон байгаа тул нэхэмжлэгчийг гэрээний хүчинтэй хугацаанд шаардлага гаргасан учраас нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзсэн.
2.4.Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/562 дугаар тушаалын дагуу 2021 онд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутуу олгосон гэх 28,420,000 төгрөгийг нэхэмжилснийг дээрх гэрээнд хамааралгүй бөгөөд уг төлбөрийг төлөхөөс татгалзсанаас хойш 5 жил орчмын хугацаа өнгөрсөн байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” гэх тайлбар үндэслэлтэй.
2.5.Хариуцагчаас “... нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2022 оны 09, 10, 11 дүгээр саруудын төлбөрүүдийг газар дээрх хяналт хийгдээгүй байх үед өөрсдөө үйлчилгээ үзүүлээд тэрийгээ нэхэмжилсэн буюу санхүүжилт авах эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээ” гэж, гэрээнд заасны дагуу газар дээрх хяналтыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн учраас 2022 оны 12 дугаар сард эрх нь нээгдэнэ” гэх агуулгаар, нэхэмжлэгчийн зүгээс “... газар дээрх хяналт нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох эсэх шийдвэрт шууд нөлөөлөхгүй, газар дээрх хяналтыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаа хийхээс өмнө манай байгууллага А аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст нэхэмжлэхүүдийг хянуулаад явж байсан ...” гэх агуулга бүхий үндэслэлийг гаргаж маргасан./ХХ-1-ийн 141-142 дахь тал/
2.5.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байгууллага дээр хийх “газар дээрх хяналт” гэдэг нь нэхэмжлэгчийн үзүүлсэн гэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанартай болон бодитой хийгдсэн эсэхийг хянах явдал байгаа ба энэхүү хяналтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын орон нутаг дахь нэгж болох А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хийж гүйцэтгэх үүрэгтэй ба тус газар нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэг удаа газар дээрх хяналтыг хийсэн” болох нь уг Хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон. /ХХ-3-ын 225-232 дахь тал/
2.6.Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-г, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-г тус тус байгуулжээ. /ХХ-1-ийн 12-17 дахь, ХХ-2-ын 47-49 дэх тал/
2.7.Ийнхүү гэрээг өөрчлөх болсон үндэслэл нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны 08 дугаар тогтоолоор “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам” нь шинэчлэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ” гэх үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтад өөрчлөлт оруулж, А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-г байгуулснаар өмнө хэрэгжиж байсан гэрээний нөхцөл өөрчилсөн, нэхэмжлэгч энэ гэрээнд гарын үсгээ зурж, гэрээ хүчин төгөлдөр болсон байна./Журам нь нийтэд илэрхий баримт тул зохих сайтаас судлан шинжилсэн. ХХ-2-ын 47 дахь тал/
2.8.Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь “...А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ээр А******* дугаартай үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтын зөвхөн 1-д заасан 234361 оношийн хамаарлын бүлгийн кодтой “сэргээн засах ангилагдаагүй бусад” гэх тусламж үйлчилгээний төрлийг өөрчилж, 41390001 оношийн хамаарлын бүлгийн кодтой “сувиллын тусламж үйлчилгээ” болгосон ба бусад 9 үйлчилгээ хэвээр үлдсэн” гэх агуулгаар, хариуцагчийн зүгээс “... Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол шинэчлэн батлагдсантай холбоотойгоор нэхэмжлэгч компанийн “С сувилал”-д зөвхөн 41390001 оношийн хамаарлын бүлгийн кодтой сувиллын тусламж үйлчилгээг санхүүжүүлэх гэрээ болгож өөрчилсөн” гэж тайлбарласан.
2.9.Өөрөөр хэлбэл, дээрх төлбөрийн зөрүүтэй байгаа маргааны үндэслэл талууд энэхүү 2 гэрээг зөрүүтэй тайлбарлаж буюу:
-нэхэмжлэгчээс “... А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ” дээр нэмэлт заалт оруулсан буюу А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-гээр “сувилалын тусламж үйлчилгээ” гэх оношийн хамаарлыг нэмж оруулсан учраас үндсэн гэрээний 10 оношийн хамаарал болон нэмэлт гэрээний “сувилалын тусламж үйлчилгээ” гэх оношийн дагуу үзүүлсэн тусламж үйлчилгээний дагуу төлбөрийн хэмжээг тогтоон төлөх ёстой гэж;
-хариуцагчаас “... А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-г бүхэлд нь А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-гээр 10 оношийн хамаарлыг байхгүй болгон өөрчилж, дан ганц “сувилалын тусламж үйлчилгээ” гэх оношийн хамаарлаар төлбөр төлөхөөр тогтоосон” гэж үзэж байгаагаас үүссэн болох нь тогтоогдлоо.
2.10.Энэхүү “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ” гэх гэрээний нэр, гэрээний Хоёр дугаар бүлгийн “Гэрээний өөрчлөлт” гэсэн хэсэг, 2.1-д “А******* дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул уг гэрээнд өөрчлөлт оруулав” гэж, 3.1-т “Энэхүү нэмэлт гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэж, 3.2-т “Энэхүү нэмэлт гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулсан заалтаас бусад үндсэн гэрээний зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ” гэж, гэрээний Хавсралтаар “Тусламж үйлчилгээний төрлийг “сувиллын тусламж үйлчилгээ” гэсэн нэг төрөл болгож, Эрүүл мэндийн даатгалын газраас 250,000 төгрөг олгохоор тусгасан байна./ХХ-2-ын 47-49 дэх тал/
2.10.Эндээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гэрээний нэр нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ” гэсэн учир гэрээнд нэмэлт оруулсан болохоос, өөрчлөлт оруулаагүй, иймд үндсэн гэрээнд заасан оношийн хамаарлын 10 бүлэг өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл, 250 гэсэн код өөрчлөгдөж байгаа болохоос бусад код өөрчлөгдөхгүй, нэмэлт гэрээгээр “сувиллын тусламж үйлчилгээ” гэдэг оношийн хамаарлыг нэмсэн гэж маргасан нь үндэслэлгүй юм.
2.11. Учир нь тухайн үед “С сувилал”-ын захирлаар ажиллаж, тус сувилалын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай нэмж байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-нд гарын үсэг зурсан гэрч Д.С шүүхэд уг гэрээний утгыг “Ангилагдаагүй бусад гэсэн зохицуулалтыг өөрчилж байна гэж ойлгосон. Манай 9 бүлэг дээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өөрсдийн санаачилгаар 10 дахь бүлгийг нэмж оруулсан. Тухайн нэмж оруулсан бүлэг нь огт тохиолдож байгаагүй” гэж тайлбарласан ч тэрээр “... гэрээний энэ заалтыг зөвшөөрөөгүй тул гэрээн дээр гараар саналаа бичсэн” гэж мэдүүлснээр шүүхэд “гэрээний агуулгыг ойлгосон учраас гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй” болох нь тогтоогдож байна.
2.12.Шүүхийн үзлэгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын www.health.gov.mn цахим систем нь “ангилагдаагүй бусад” гэсэн 1 тохироотой, уг тохиргоогоор бөглөж, төлбөрийн нэхэмжлэл явуулахаар программчлагдсан /ХХ-4-ийн 72-81 дэх тал/ зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
А.Нэхэмжлэлийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгогдоогүй санхүүжилт олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022 оноос 2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтийг “Б******* х*******” ХХК-д олгохыг даалгах” шаардлагын тухайд:
3.1.1.Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /2015 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно” гээд, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтад “даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг” гэжээ.
3.1.2.Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон ... даатгалын гэрээг байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ” гэж, мөн зүйлийн 10.2-т “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж хуульчилсан.
3.1.3.Дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч “Б******* х*******” ХХК-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд байгуулсан 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ” нь захиргааны гэрээ мөн байна. Хариуцагч энэ талаар маргаагүй.
3.1.4.Энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтаар “С сувиллын үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ”-г талууд харилцан тохиролцож тогтоосон ба хавсралтад зааснаар 234361, 350014, 350015, 350016, 370011, 370017, 370019, 370020, 370021, 370024 оношийн хамаарлын бүлгийн код бүхий 10 төрлийн тусламж, үйлчилгээний төрөлд нэхэмжлэгч үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээний дагуу төлбөр нэхэмжлэхээр тогтоосноор талуудад энэхүү гэрээний эрх, үүрэг үүссэн байна./ ХХ-1-ийн 16 дахь тал/
3.1.5.Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.8-д “Үндэсний зөвлөл дараах эрхтэй” гээд, мөн зүйлийн 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”, тус тогтоолын 2 дахь заалтын 2.1-д тусгасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нэхэмжлэлийг хянах журам” тус тус батлагджээ. /ХХ-2-ын 100-117 дахь тал/
3.1.6.Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийг танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0094 дугаартай тогтоолоор Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг журмыг энэ хэрэгт хэрэглэхгүй.
3.1.7.Харин Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 3.1-д “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналт нь дараах төрлүүдтэй байна” гээд 1 дүгээрт, Нэхэмжлэлийн хяналт, 2 дугаарт, Эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт, 3 дугаарт, Эмнэл зүйн аудит, 4 дүгээрт, Чанарын үнэлгээ, 5 дугаарт, Гэрээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх гэсэн төрлүүдтэй байхаар зохицуулжээ.
3.1.8.Эндээс үзвэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээ”-ний 1 дүгээр хавсралтад заасан “Газар дээрх хяналт” гэх ойлголт нь дээрх журмын 3.1.2-т заасан “Эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт”-ын төрөл байна.
3.1.9.А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр журамд заасан “газар дээрх хяналт, шалгалт”-ыг хийсэн, уг хяналтаар зөрчилтэй дүн гараагүй байгаа тул хариуцагчийн “Газар дээрх хяналтыг хийгээгүй байхад нэхэмжилсэн, эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээнд санхүүжилт олгохгүй” гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно.
3.10.Түүнчлэн журмын 3.2-т “3.1.1-д заасан нэхэмжлэлийн хяналт нь эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд үндэслэн төлбөр төлөх тухай илгээсэн хүсэлт буюу нэхэмжлэлд ЭМДЕГ-ын зүгээс чанар, төлбөрийн хяналт хийж төлбөр төлөх үйл явц бөгөөд энэхүү журмын 3.1.2 ...-д заасан бусад хяналтын төрлүүдийн үр дүнд аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргахгүй” гэж зохицуулсны дагуу эрүүл мэндийн байгууллага дээр очиж хийх хяналт, шалгалт буюу газар дээрх хяналт нь аливаа төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргах үндэслэл болохгүй учраас нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.1.11.Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан А******* дугаартай үндсэн гэрээ болон А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ний заалтын утга, агуулгад дараахь хууль зүйн дүгнэлт өгч байна.
3.1.12.Үүнд, А******* дугаартай үндсэн гэрээ болон А*******-568 дугаартай нэмж байгуулсан гэрээнүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан шинжүүдийг хангасан захиргааны гэрээний хувьд энэхүү гэрээтэй холбоотой үүссэн холбогдох маргаанд Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу Иргэний хуулийн зохих зохицуулалтуудыг нөхөн тохируулж хэрэглэнэ.
3.1.13.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж зааснаар энэ гэрээний саналыг нөгөө тал хүлээн авч гэрээнд гарын үсэг зурсан байгаа тул дээрх нэмж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба гэрээний агуулга, эсхүл хүсэл зоригийн илэрхийллийн талаар талууд маргасан тохиолдолд шүүх гэрээг тайлбарлах аргуудаас аль тохирохыг сонгож хэрэглэх нь зүйтэй юм.
3.1.14.Иймд маргааны шинж, агуулгаас хамаарч гэрээний заалтын агуулгыг “үгийн шууд утга”-аар тайлбарлах аргыг шүүх хэрэглэж байна.
3.1.15.Тухайлбал, гэрээний зохицуулалт, түүний агуулгаас үзэхэд тус гэрээ нь үндсэн гэрээнд өөрчлөлт оруулснаараа нэмэлт нэртэй болсон болохоос гэрээнд нэмэлт заалт оруулж байгаа гэрээ биш, энэ нь утга агуулгын хувьд хоёрдмол утгагүй, агуулгын хувьд үндсэн гэрээний хавсралтад заасан байсан 10 төрлийн тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ”-г өөрчлөн, дан ганц 1 төрлийн буюу “сувиллын тусламж үйлчилгээ” болгож, эрүүл мэндийн байгууллагаас үзүүлсэн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийг оношийн хамаарлын ямар нэг ялгаагүйгээр 250.000 төгрөг болгож өөрчлөлт оруулсан болох нь тодорхой ба гэрээний агуулга төөрөгдүүлэх утга, санааг агуулаагүй гэж дүгнэв.
3.1.16.Эдгээрээс гадна Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно” гэж заажээ.
3.1.17.Хуулийн энэ заалтын дагуу Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээг шинээр тогтоох, өмнө гаргаснаа өөрчлөх эрх хэмжээтэй байна.
3.1.18.Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 2023 оны 08 дугаар тогтоол батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан[1] “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-нд заасан 234361, 350014, 350015, 350016, 370011, 370017, 370019, 370020, 370021, 370024 оношийн хамаарлын бүлгийн кодууд 2023 оны 08 дугаар тогтоолоор бүхэлдээ өөрчлөгдөж, урд талдаа 41 гэсэн оронтой болсон гэрээний өөрчлөлт нь хууль зөрчөөгүй болох нь тогтоогдлоо.
3.1.19.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, гэрээний талуудын хооронд байгуулсан А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ээр үндсэн гэрээний 1 дүгээр хавсралтыг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэгч компанид зөвхөн 41390001 кодтой “сувиллын тусламж үйлчилгээ”-нд нь эрүүл мэндийн даатгалын сангаас 250 000 төгрөгийн санхүүжилт олгож байхаар харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна. /ХХ-2-ын 49, 190 дэх талууд/
3.1.20.Үүнийг энгийн байдлаар тайлбарлавал, хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-гээр оруулсан өөрчлөлтийн дагуу “С” сувиллын үзүүлсэн ямарваа төрлийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд үзүүлэх төлбөрийн хэмжээг өвчний онош, үзүүлсэн үйлчилгээний төрлөөс хамаарахгүйгээр буюу ялгаваргүй адил 205,000 төгрөгөөр тооцож олгох үүрэг хүлээсэн байна.
3.1.21.Энэхүү үндэслэлээр хариуцагчийн “гэрээнд өөрчлөлт орсон, оношийн хамаарлыг 1 болгож өөрчилсөн” гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзсэн.
3.1.22.Иймээс нэхэмжлэгч үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ зардлыг тоо, хэмжээ заан, баримтыг бүрдүүлэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авахыг шаардсан, энэхүү тусламж, үйлчилгээ нь бодитой байсан болохыг газар дээрх шалгалтаар тогтоогдсон гэдэг нь нотлогдсон бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан А*******-568 дугаартай Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-нээс өмнөх хугацааны буюу 2022 оны 09 сард дутуу олгогдсон 64,429,150 төгрөг, 10 сард дутуу олгогдсон 70,903,400 төгрөг, 11 сард дутуу олгогдсон 29,758,500 төгрөг буюу нийт 2022 оны 09 сар, 10 cap, 11 саруудад дутуу олгогдсон 165,091,050 төгрөг, мөн 2023 оны 1 дүгээр сард дутуу олгогдсон 105,775,000 төгрөгийн санхүүжилтийн төлбөрийг хариуцагчаас “үндсэн гэрээний дагуу” олгох нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад бэхжүүлсэн “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-д нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.
3.1.23.Мөн дээрх үндэслэлээр нэмэлт гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2023 оны 08, 09, 10, 11 дүгээр сар, 2024 оны 01, 02 дугаар сарын санхүүжилтийг хариуцагч олгосон буруу биш буюу төлбөрийг дутуу олгосон гэж үзэхгүй.
3.1.24.Дээрх эрх зүйн үндэслэлээр нэхэмжлэгчид 2022 оны 9, 10, 11 дүгээр сард хамаарах 165,091,050 төгрөг болон 2023 оны 01 дүгээр сард олгогдоогүй 105,775,000 төгрөг, нийт санхүүжилтийн дүн болох 270,866,050 /Хоёр зуун далан сая найман зуун жаран зургаан м******* тавин/ төгрөгийг олгоогүй эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.1.25.Мөн дээр тогтоогдсон үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 8 сард олгох ёстой гэх 51,441,250 төгрөгийг, 9 сард 62,100,000 төгрөгийг, 10 сард 39,600,000 төгрөгийг, 11 сард 71,100,000 төгрөгийг, 2024 оны 01, 02 саруудад нийт 284,050,000 төгрөг тусламж үйлчилгээг үзүүлсэн санхүүжилтийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.1.26.Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ийн заалтыг хүлээн зөвшөөрөөгүй, хэлцэл хийж, өөрийн саналаа гараар бичсэн гэх ч гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурсан нь нотлогдож байгаа тул гэрээг ойлгоогүйн, эсхүл зөвшөөрөөгүйн үр дагаварт хуучин гэрээгээр санхүүжилт олгуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.
Б.Нэхэмжлэгчийн “Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/562 дугаар тушаалын дагуу “С сувилал”-аас 2021 онд Ковид-19 цар тахлын халдвар авсан иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутуу олгосон 28,420,000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.27.Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар төлүүлэхээр шаардсан 28,420,000 төгрөгийн төлбөр нь “Б******* х*******” ХХК-ийн “С сувилал”-аас Эрүүл мэндийн даатгалын газартай байгуулсан А******* дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах” үндсэн гэрээ болон А*******-568 дугаартай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ”-ний хүрээнд хамаарахгүй, харин тус сувилалаас 2021 онд “Ковид-19” цар тахлын халдвар авсан иргэдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөр болох нь тогтоогдож байгаа учраас энэ нь захиргааны гэрээний үндсэн дээр үүссэн үүрэг биш тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тооцох ёстой.
3.1.28.Эндээс үзвэл, хариуцагч нь энэ төлбөрийг төлөхөөс татгалзсанаас хойш 5 жил орчмын хугацаа өнгөрсөн байгаа тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үзээд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
В.“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-нд заасны дагуу алданги тооцож, нийт алдангид 403,788,650 төгрөгийг гаргуулах” шаардлагын тухайд:
3.1.29.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг бодож, алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэх зохицуулалтыг баримтлан шүүхэд нэхэмжилсэн нийт үнийн дүн болох 807,577,300 төгрөгөөсөө 50 хувьтай тэнцэх 403,788,650 төгрөгийг алдангид тооцон нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.1.30.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг”, 3.1.7-д “эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц” гэж даатгуулагчид үзүүлэх зайлшгүй хэрэгцээтэй оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлтийг багтаасан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг” гэж тус тус хуульчилжээ.
3.1.31.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг жагсаан, 13 дугаар зүйлийн 13.1-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй” гээд мөн хэсгийн 13.1.1-т “даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх” гэжээ.
3.1.32.Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай 2022, 2023, 2024 оны хуульд зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд төсвийн жилд төвлөрүүлэх орлогыг:
- Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл;
- Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл;
- Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт;
- Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл гэжээ.
3.1.33.Хуулийн энэ заалтаас үзвэл эрүүл мэндийн даатгалын сан гэсэн мөнгөн хуримтлалыг иргэн, төрийн хөрөнгөөр бий болгож байгаа зорилго нь даатгуулагчид учирч болзошгүй эрсдэлийг хуваалцах, үүний дотор оношлох, эмчлэх, сэргээн засах, асрах, сувилах, хөнгөвчлөх болон эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхэд зориулагдах мөнгөн хөрөнгө байна.
3.1.34.Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчид үүсэх зардалд төлөх зориулалт бүхий тул хэн нэгэнд төлөх алдангийн зориулалт байхгүй учраас даатгалын сангаас буюу даатгуулагчийн төлсөн шимтгэл, санхүүжилтээс гаргуулах хууль зүйн боломжгүй байна.
3.1.35.Иймд даатгуулагчаас өөрт ирэх эрсдэлийг хуваах зорилгоор өөртөө зориулж хуримтлуулсан хөрөнгийг, хэн нэг этгээдүүдийн хоорондын 1-4 жилийн хугацаанд төлбөр “шүүхэд хандаж” шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр хугацааг нь явуулж байгаад “хугацааны алданги” гэж нэхсэн төлбөрт төлөх үндэслэлгүй гэж үзлээ.
3.1.36.Нөгөө талаас үзвэл, нэхэмжлэгч нь даатгалын сангаас төлбөр гаргуулах нэхэмжлэхээ сар бүр хүргүүлдэг байх бөгөөд ийнхүү төлөөгүй бол Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай 2022, 2023, 2024 оны хуулиудад заасны дагуу тухайн жил бүрт нь гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байхад шаардаагүй учраас 1-4 он дамнасан хугацааны алданги нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэл байхгүй.
3.1.37.Учир нь Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай 2022, 2023, 2024 оны хуулиудад зааснаар төсөвлөсөн хөрөнгийг тухайн жилд захиран зарцуулах зарчим үйлчлэхийн зэрэгцээ Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “хариуцлагатай байх” зарчмын дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх ёстой зардлыг хугацаанд төлөөгүй бол шаардах эрхээ даруй хэрэгжүүлэх ёстой байхад шаардаагүй 1-4 жил дамжуулан шаардсан алдангийг шүүх нөхөн гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.
3.1.38.Шүүх нэхэмжлэгчийг байгуулсан захиргааны гэрээнийхээ хүчинтэй хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гарсан гэж үзээд, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангасан ба энэ нь нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөөс алданги тооцуулахаар шаардах эрхийн хугацаанаас өөр ойлголт гэж үзсэн болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
5.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б******* х*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2023 оны 01 дүгээр сард бүрэн олгогдоогүй санхүүжилтийг олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дурдсан хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болон 270,866,050 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгөөс, илүү төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгчийн төлбөл зохих 70200 төгрөгөөс нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсанд үндэслэн 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 35100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА
[1]Нийтэд илэрхий баримт. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390264927941&showType=1