Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 146/ШШ2025/00037

 

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, **** оршин суух, ********** регистрийн дугаартай, *** овгийн **** нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, *****,

            Хариуцагч: Өвөрхангай аймаг, **** тоотод оршин суух, **** регистрийн дугаартай, **** нарт холбогдох

“22,700,000 төгрөг гаргуулах” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гэрч ***, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.   

    ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч **** хариуцагч *** нарт холбогдуулан 22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүүг буруу тооцсон байсан учраас 600,000 төгрөгийг хасаад 22,100,000 төгрөг болгож багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Өвөрхангай аймгийн *** тоотод оршин суугч **** нарт **** багийн иргэн **** миний бие 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 6 сарын хугацаатай бэлнээр 20,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлсэн юм. Гэтэл хугацаа дууссан боловч миний зээлүүлсэн 20,000,000 төгрөгийг хүү болох 2,700,000 төгрөгийн хамт төлөхгүй байна. Иймд миний 22,700,000 төгрөгийг **** нараас гаргуулж өгнө үү...” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** нар нь өөрсдөө нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөг зээлээч гэж ирсэн. Тэгэхэд нь байсан 20,000,000 төгрөгөө зээлүүлсэн. Та нар ноолуур авдаг юм чинь тушаасан мөнгөнөөсөө өгчхөөрэй гэсэн. Сарын хүү тооцно шүү гэхэд өөрсдөө санал болгоод ав гэж хэлсэн. Сарын 2 хувийн хүү авч байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сараас хүүгээ 400,000 төгрөгөөр төлж явж байгаад 2023 оны 12 дугаар сард хүүгээ 300,000 төгрөг болгоё гэдэг санал *** гаргасан. **** нараас дүү нь машин авах гэж байна. Мөнгөө авъя гэхээр нь хариуцагч нарт хэлэхэд өгөх боломжгүй байна. Тэгээд сарын хүүг 300,000 төгрөг болгоод өмнө хийсэн байсан гэрээн дээр бичээд гарын үсэг зурсан. Үүнээс үүдэн *** 2 малчны зээл авч дүүдээ мөнгийг нь авч өгөөд өөрсдөө одоо зээлээ төлөөд явж байгаа. Хариуцагч нараас мөнгөө авч чадахгүй явж байтал *** биеийн байдал муудаж Улаанбаатар хот руу зүрхний нээлттэй хагалгаанд орохоор болсон. Ингээд мөнгөө авъя. Мөнгө маш их хэрэгтэй байна гэж нэг удаа хэлсэн, нэг удаа утсаар ярьсан. Нэг удаа *** утсаа аваад ямар ч боломжгүй байна. Эгч нь өгөлгүй яах вэ дээ гэж хэлээд тэрнээс хойш утсаа авахаа байсан. 2024 оны 06 дугаар сарыг дуустал ямар ч асуудалгүйгээр хүү 400,000 төгрөг, 600,000 төгрөг болсон ч өгсөн.

2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл 7 сарын хугацаанд өөрсдийнх нь санал болгосон 600,000 төгрөгийн хүүгээр 4,200,000 төгрөг болж бараа болон мөнгө авсан. 2024 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сар гээд нийт 6 сарын хүүг 600,000 төгрөгөөр тооцохоор 3,600,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн авсан. 1,000,000 төгрөгийг бараагаар, 500,000 төгрөгийг дансаар авсан. 3,600,000 төгрөгийн хүүгээс 1,500,000 төгрөгийг хасахаар 2,100,000 төгрөг гарсан. Нийт 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар авсан байна. Иймд хариуцагч нараас 22,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бол зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хариуцагчаар оролцож байгаа *** нараас хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл хийлгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатнаас эхлээд оролцож байгаа. *** нь хариуцагч нараас үндсэн зээл болон түүний хүү 22,100,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаа юм байна гэж ойлголоо. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг **** нараас зээлсэн нь үнэн. Үүнтэй маргах зүйл байхгүй. Энэ тухайгаа баримт үйлдээд өгсөн байдаг. Гэхдээ *** бол ямар нэгэн байдлаар мөн хүлээж авсан талаас зээлсэн талаар ямар нэгэн баримт хэрэгт байдаггүй. *** л хүлээж авсан талаар баримт байдаг. Хоёрдугаарт нь тухайн 20,000,000 төгрөгийг *** шилжүүлсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил, төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч талаас бол хоёуланг нь хариуцагчаар татаж хоёуланд нь мөнгө зээлсэн гэж оруулж ирж байгаа нь ойлгомжгүй байна гэж үзэж байна. *** хувьд нэгэнт мөнгө зээлсэн асуудал дээрээ маргадаггүй учраас дараах байдлаар мөнгийг төлсөн байдаг. 2021 оны 12 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сарыг хүртэл нийт 24 сарын хугацаанд 2 хувийн хүү тооцож өгч байгаа гэж сарын 400,000 төгрөгийг өгч нийт 9,600,000 төгрөгийг өгсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Заримд нь мөнгө, заримд нь бараа өгсөн. Яагаад 9,600,000 төгрөг гэж яах вэ гэхээр 24 сараа шууд 400,000 төгрөгөөр үржээд гаргаад ирж байна. Нэхэмжлэгч талаас 6 сар хүртэл ямар ч асуудалгүй тооцоо байхгүй гэж давхар ярилаа. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг дуустал нийт 07 сарын хугацаанд нийт 13,800,000 төгрөгийг өгсөн. Үүн дээр 1,500,000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжлэгч талаас ярилаа. 1,000,000 төгрөгийн бараа өгсөн. 500,000 төгрөг өгсөн. Бас нэг ойлгомжгүй 800,000 төгрөгийг өгсөн гэж ярьдаг боловч энэ талаар манай талд гаргаж өгөх баримт байхгүй байгаад байна. Нөгөө тал ч гэсэн энэ талаар сайн мэдэхгүй байна гээд байгаа учраас энийг орхиё. Нийтдээ 15,300,000 төгрөгийг өгсөн юм. ****** Үүнийг нэхэмжлэгч тал авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүлээн авсан нь энэ хэрэгт авагдсан *** талаас нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн дансны хуулга байгаа. *** гээд гэр бүлийнх нь хүн юм байна лээ. Энэ хүний дансны хуулгыг тайлбартаа гаргаж өгсөн. Дэлгүүрийн бүртгэлийн дэвтэр зэрэг бараа хүлээлцсэн дэвтэр зэргээр бүрэн нотлогдож байгаа гэж үзэж байна...” гэв.

4. Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан бичгийн гэрээ /хх-ийн 2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3/, *** ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-37/, тооцооны дэвтэр зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

5. Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар тооцооны дэвтэр гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

     ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            2. Нэхэмжлэгч *** нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр *** томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг олгосон.

            Мөн хариуцагч *** нар нь 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр итгэмжлэлээр өөрийн төлөөлөгчөөр *** томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг тус тус олгожээ.

            Дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д заасан бичгээр олгох итгэмжлэлийн шаардлагыг хангасан байна.

                 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч нь 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар авсан байна. Шүүхэд 22,700,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба зээлийн хүүг буруу тооцсон байсан учраас 600,000 төгрөгийг хасаад 22,100,000 төгрөгийг гаргуулна.

            Иймд хариуцагч нараас 22,100,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тодорхойлсон.

            4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч тал хүү тохирч гэрээ байгуулж мөнгө зээлсэн гэж байгаа боловч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд биш гэдэг нь тодорхой байгаа. Гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах шаардлага гэрээний гол нөхцөлүүд, хугацаа зэрэг нь тодорхойлох шаардлагад нийцээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа бүрэн нотлоогүй гэж харагдаж байгаа учраас нэгэнт авсан мөнгөн дээрээ маргахгүй байгаа. Бэлнээр болон бараа оролцуулж мөнгөөр тооцоод нэхэмжлэгчид 20,000,000 төгрөгөөс 14,900,000 төгрөгийг нь төлчихжээ. Ийм учраас 5,100,000 төгрөгийг зөвшөөрч байна....” гэж маргаж байна.

            5. Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** нарт холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *** нар нь зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зуржээ.

            Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ...” гэж заасан тул *** хариуцагч гэж үзэх үндэслэлгүй байна.

            6. Зохигч талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ зэргээр /хх-ийн 2/ тогтоогдож байна.

           7. Улмаар зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дунд хэсэгт гэрээнд орсон өөрчлөлт: гээд “2023 оны 12 сараас 3 хувийн хүүгээр тооцоолж сар бүр 600,000 төгрөгийн хүү төлөх болсон. 2024 оны 06-р сарын хүүнээс 300,000 төгрөг дутуу байгаа хүүгээ гүйцээж төлөөд үлдсэн 20 сая төгрөгийг 2024 оны 10-р сарын 15-нд төлж барагдуулна” гэрээнд орсон өөрчлөлт гэж бичээд бичгээр байгуулсан гэрээ /хх-ийн 2/ нь харилцан хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна.

            8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

            мөн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

            9. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.                          

            10. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

          11. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд зээлдэгч нь 20,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах үүрэг хүлээжээ.

            Гэтэл хариуцагч нь 20,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй байх тул түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.

            Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн зээлдэгч үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.          

            12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн. 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэл нийт 23 сарын 400,000 төгрөгөөр тооцоод нийт 9,200,000 хүү болж мөнгө болон бараа авсан. 2023 оны 12 дугаар сараас 2024 оны 06 дугаар сар хүртэл 7 сарын хугацаанд өөрсдийнх нь санал болгосон 600,000 төгрөгийн хүүгээр 4,200,000 төгрөг болж бараа болон мөнгө авсан. 2024 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сар гээд нийт 6 сарын хүүг 600,000 төгрөгөөр тооцохоор 3,600,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийн авсан. 1,000,000 төгрөгийг бараагаар, 500,000 төгрөгийг дансаар авсан. 3,600,000 төгрөгийн хүүгээс 1,500,000 төгрөгийг хасахаар 2,100,000 төгрөг гарсан. Нийт хүү гэж 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар авсан байна. Хариуцагч нараас 22,100,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн.

            13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...*** зээлийн хүү гэж 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар нийт зээлийн хүү 14,900,000 төгрөгийг өгсөн гэдэгтэй маргахгүй. Харин зээлийн хүү гэж төлсөн мөнгөө үндсэн мөнгөнөөсөө хасаж тооцуулмаар байна. Нэхэмжлэгч хүү нэхэмжлэх үндэслэлгүй...” гэж маргажээ.   

            14. Хариуцагч *** нэхэмжлэгч *** зээлийн хүү гэж 6,923,300 төгрөгийг бэлнээр, 7,976,700 төгрөгийг бараагаар тооцож өгсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан *** Хаан банкны 2021.11,01-2021.11.30-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 4-5/, *** Хаан банкны 2022.01.01-2023.01.01-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6-15/, *** Хаан банкны 2023.01.02-2024.01.01-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-25/, **** Хаан банкны 2024.01.02-2024.12.16-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-37/, гэрч *** мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргаагүй.

            15. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.” гэж заажээ.

            Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч нэхэмжлэгч *** мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч *** зээлийн хүү тооцох үндэслэлгүй байна.    

           16. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч *** нь хариуцагч *** удаа дараа зээлийг буцаан шаардахад тэрээр төлөөгүй байна. Нэгэнт зээлдүүлэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчээс зээлийг буцаан шаардах эрхтэй.

             17. Иймд хариуцагч *** 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** олгож, үлдсэн 14,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.          

            18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            19. Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар тооцооны дэвтэр ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** 7,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** олгож, үлдсэн 14,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 130,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН