| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00929/И |
| Дугаар | 302/ШШ2025/00361 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 302/ШШ2025/00361
| 2025 04 29 | 302/ШШ2025/00361 |
Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт А.Ан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 2 дугаар багт оршин суух, Ш овогт А.Дд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуу хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н (цахим сүлжээгээр),
Хариуцагч А.Д,
Хариуцагчийн өмгөөлөгч Я.С, Д.А,
Орчуулагч А.А,
Гэрч Р.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Дд холбогдуулан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин Д-аас Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан.
1.2. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.А-тай гэрээ байгуулж, өвөл мал төллүүлэхээр болсон. Тухайн гэрээний дагуу өвөл мал төллөхөд нэмэлт хашаа барьсан. 1993 оны их хувьчлалын үед Бодгон дахь хаваржааны хашааг эхнэр хүүхдүүдийн хамт, Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Дтэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Өнөөдрийг хүртэл Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд миний бие хүүхдүүдийн хамт малтайгаа амьдран сууж ирсэн.
1.3. Би 2 ахтай хамт 1976, 1977, 1978 онд туслах малчнаар ажиллаж, 1989 онд н.Х гэдэг хүнээс тусдаа мал аваад Балчингийн хавтгай гэх өвөлжөөнд ирсэн. 1983 онд Хавтгай гэх газрын саравчтай хашааны урд талд задгай хашаа байсан. Тухайн хүнтэй гэрээ байгуулахдаа малыг 4 улирал төлүүлэх, өвөл төлжсөн хуургыг 11-р сард нядалгаанд өгөхдөө амьдын жингээр 35 кг-аар жинлүүлэх болзолтой байсан. Өвөө мал төлүүлэх болсон учраас тухайн газар дээр задгай хашаа барьсан. Задгай хашаагийн түүх нэлээн урт, одоо 5 дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна.
1.4. Тухайн задгай хашааг манай дүү А.Д миний хүүхэд 2006 онд 6-р ангиас гараад задгай хашааг барьсан гэж хэлдэг. Ленийн багшийн төрсөн өдрөөр 7 хоногийн сүүлчээр улс даяар цэвэрлэгээ хийж, мод усалдаг байсан. Тэр үед задгай хашааг авсан гэж тайлбарладаг. Хамгийн сүүлд давж заалдах шатны шүүхэд нэгдлийн хашаа байсан гэсэн. Хэрвээ нэгдлээс хөрөнгө гарвал тэр талаар нэгдэл бүртгэх ёстой. Тухайн үеийн нэгдлийн дарга Х.Б гэдэг хүн малчид өгөх тэжээлийг хүртэл цохолтоор өгдөг хүн байсан. Нэгдэл хувьчлагдсаны дараа задгай хашаа манай хөрөнгө биш, саравчтай хашаа хувьчлагдсан гэж Х.Б гэдэг хүний гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тухайн үед Х.Б хувьчлалын комиссын дарга байсан. Манай нэгдэл хувьчлал 2 удаа явагдсан. 1991 оны сүүлээр, 1992 оны эхээр бага хувьчлал гэж явагдсан. Тухайн үед хөрөнгийг хувьчлаагүй, хэдэн малчинд мал хувьчлагдаж өгсөн. Тэрний дараа 1993 оны 01 дүгээр сард их хувьчлал явагдсан. Тэр үед хариуцагч А.Д бид хоёр нэгдэлд 12 хүний хувьцаатай байсан. А.Д 3, би 9 хүний хувьцаагаар хувьчлалд оролцохоор болсон. Хувьчлалын комисст өргөдөл гаргахдаа нэг хашаа, хороог аваарай. Манай өвөлжөө 12 хүний хувьцаа гарна гээд өргөдөл гаргасан. Бага хувьчлал явагдсаны дараа Буга компани байгуулагдсан. Нэгдлийн үед би нэг ч малын хорогдолгүй 600 малыг маллаж өгсөн. Хамгийн сүүлд 3 дахь удаагийн аварга болсон.
1.5. 1976-1993 он хүртэл нэгдлийн малын төлөө зүтгэж ажилласан хүмүүс байгаа учраас хувьчлалд аав, ээжийг оруулж өг, миний хувьд 3 удаагийн аварга малчин болсон учраас энэ бүх зүйлийг харгалзан үзэж 2 хашаа, хороог хувьчлалаар өг гэж өргөдөл өгсөн. Миний өргөдлийг сайнаар хүлээж аваад аав, ээжийг оруулж 2 хашаа, хороог өгсөн. 1993 оны 01 дүгээр сард Буга компанийн нэгдлийн гишүүдийн хурал болж, хурлаас зөвхөн Б сумын Жаргалан зам нэгдэлд ажилласан хүнд хувьчлалыг өгнө гэж шийдвэр гарсан.
1.6. Хавтаст хэрэгт авагдсан Х.Бейсений бичиж өгсөн баримт авагдсан байгаа. Би А.Дтэй хамт Балчингийн Бодгон гэх газарт ганц бие урианхай залуу, Х.Ж гэдэг хүн хувьцаа ч аваагүй, мал ч аваагүй байсан. Тухайн хүмүүсийн малыг хувааж өгсөн. А.Дтэй хамт Х.Х, Х.М, Х.О гэдэг хүүхдийг гуйж авч ирээд бичүүлж авч байсан. А.Д 1988 онд 10-р ангиа төгсөж, малчин болоод гарсан. Тэр хүртэл би аав, ээжийнхээ хажууд байсан. А.Д очсоны дараа би тусдаа гарсан.
1.7.2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А.Дн хүү Д.Е, Д.Е нар нь Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа болон саравчтай хашаанд залгаа чулуун хашааны малын бууц хөрзөнд булаацалдаж, энэ хашаа хороо биднийх, цаашид та нар малаа оруулахгүй, бууц хөрзөн өгөхгүй гэж хэрүүл маргаан гаргасан.
1.8. Ах дүүс бидний хоорондын харилцаанд сэв сууж байгаа бөгөөд үүнээс болж А.Дн хүүхдүүд цаашид хэн нэгний эрх чөлөөнд халдаж, гэмт хэрэг үйлдэж болзошгүй учраас шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.Дн хариу тайлбар, татгалзал:
2.1. Миний бие Б аймгийн Б сумын 2-р багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна.
2.2. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б сумын 2 дугаар баг Балчингийн Хавтгай гэх газраас саравчтай хашаа 1, мал модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдаж авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Уг хашаа хороо пүнзний эзэмшигчээр А.Д намайг дурдаж гэрээнд тусгасан. Миний ах А.А нь хашаа, саравч тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Харин би өөрийнхөө өвөлжөө болон саравчныхаа доод талд ах болох А.Ад байшин бариулж цуг амьдарч байсан нь үнэн. Тухайн үеийн өмч хувьчлалаар миний ах А.А нь манай өвөлжөөний байшингаас цааш 1.5-2 км газарт Б сумын 2-р багийн нутаг Балчингийн Бодгон гэх газраас саравч хашаа хороо хувьчилж авч байсан.
2.3. Тухайн хувьчлалын үед Х.Х, Х.М, Х.О гэх хүмүүс надтай гэрээ байгуулсан. Эцгийнхээ нэрийн эхний үсэг бичигдээгүй байна. Ах маань тайлбарлахдаа 1986 онд 18 насанд хүрч малд гарсан гэж байна. Би 1993 он хүртэл 7 жил мал малласан. Тэр үед би нэгдлийн гишүүн байсан. 2 хүүхэд, аав, ээжтэйгээ 6 хүн амьдардаг байсан. А.Дгийн хүүхдүүдтэй хамт нэг айлд нэг хашаа, хороо өгнө гээд бид хоёрт тус, тусдаа хашаа хороо өгсөн. Нэхэмжлэгч А.А өөрийнхөө хүслээр Бодгон гэх газрыг авна гэсэн. Яагаад гэвэл том газар байсан. Тухайн газар дээр хэний нэр орсон гэдгийг мэдэхгүй. Бага хувьчлалд 1 айлд 1 адуу, 1 үхэр, 6 хонь, 3 ямаа өгсөн. Хашаа, хороог би барьсан гэж тайлбарлаж байна. Нэгдлийн үед манай аав 2 хашаа, хороог сумын ажилчид болон ажилчид бүгдээрээ нийлж барьсан байдаг. Хашаа хороо нурж болохгүй байсан учраас манай хүүхэд шинээр барьсан. Хашаанд ямаа гарчхаад байдаг учраас хашаандаа нэмж чулуу тавьж хашаажуулсан.
2.4. А.А 1998 онд аймгийн төв рүү нүүсэн. Тэр үед 2 байшин байдаг байсан. Нэг байшинг манай аав барьж өгсөн. Нэг байшинг өөрөө Улаанхус сумаас худалдаж аваад барьсан. Бид хоёрын ах болох А.Б, А.Б нар Тосонцэнгэлээс модон банз авчирч өгсөн. Талийгаач А.Б ахын төмрөөр гагнаж өгсөн жорлон байдаг байсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нүүлгээд аваад явсан.
2.5. Би 2023 онд ахынхаа хүүхдийг цайлганд урьж, хашаа, хороонд мал багтахгүй байна, та нар өөрсдийнхөө хашаа хороог эзэмшээрэй, бид өөрсдийнхөө хашаа хороог эзэмшье, малын бэлчээр зүгээрээ гэж хэлсэн. Тэд аав дээр нь юу гэж хэлснийг би мэдэхгүй. Дараа нь 10 дугаар сарын 13-ны өдөр надад утсаар залгаж чи миний хүүхдүүдийг хөөсөн байна, хэрвээ хашаа хороог авах гэж байгаа бол хувьчилж өгсөн саравчтай хашааг ав, задгай хашааг чамд өгөөгүй гэж хэлсэн. А.Б-н машиныг түрээсэлж, Ө сумаас 1-2 хүнийг хөлсөөр ажиллуулж аргалыг гаргасан байдаг. Нэхэмжлэгч А.Аг хөөгөөд явуулсан зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Б, Х.М, Б.М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаартай тодорхойлолт, маргаан бүхий газрын гэрэл зураг 4 ширхэг, Б аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр олгосон №0048814 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргаас 1985 оны 02 дугаар сарын 12-ны өдөр олгосон Б сумын Жаргалын зам нэгдлийн малчин А.Ад аймгийн Энх сүрэгтэн аварга малчин цол олгосон Диплом, Б сумын Намын үүр, АДХ-ын Гүйцэтгэх захиргаа, Нэгдлийн зөвлөлөөс 1981 онд олгосон Аваргын үнэмлэх, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яам, БНМАУ-ын Нэгдлийн Холбооны Дээд зөвлөлөөс олгосон 158 дугаартай Аварга малчин цол олгосон Диплом, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайдаас 1984 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олгосон Диплом БНМАУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны сайдаас 1988 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон БНМАУ-ын Аварга малчин Диплом, Б аймгийн ХЗЭ-ээс 1976 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 1281 дугаартай Өргөмжлөл, Б сумын Жаргалын зам нэгдэл хувьчлагдах үед бичигдсэн гэх баримт, Б.Мурат, Х.Сураган нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт,, Б.Марат, Б.К нар утсаар цахимаар Казахстан улсаас явуулсан тодорхойлолт, Б аймгийн Б сумын 2-р багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тодорхойлолт, М.Г нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгосон №000953431 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Р.Б-ны нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэргийг,
Хариуцагчаас хариу тайлбар, 1993 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Б сумын Улаан толгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ, 1997 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 247 улсын дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 000000 улсын дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрээ, Б аймгийн Б сумын Засаг даргаас 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон №000000 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон №000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б.Дн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, А.Дн оршин сууж буй газрын гэрэл зураг 2 ширхэг, А.Б, З.Х нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай Тодорхойлолт, Б аймгийн Б сумын 2-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаартай тодорхойлолт, Б аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б аймгийн Б сумын Жаргалын зам нэгдлийн ХСЭБ-ийн цэнхэр тасалбарыг бүрэн баталгаажуулсан хөрөнгийн жагсаалт зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Х.М-ийг асуусан тэмдэглэл, зохигчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тус шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Үзлэг хийсэн тэмдэглэл, Балчингийн Хавтгай гэх газарт хийсэн үзлэгийн үеийн схем зураг, Балчингийн Бодгон гэх газарт хийсэн үзлэгийн үеийн схем зураг, Үзлэгийн үеийн гэрэл зураг 10 шихрэг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн 110/ШШ2024/0025 дугаартай хэргээс 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б сумын Жаргалын зам нэгдэлд Улаан толгой бригадын Их хувьцаа өгсөн үндэсний хөрөнгийн хуваарь, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/145 дугаартай албан бичгээр хүргүүлсэн нэхэмжлэгч улсын бүртгэлийн Ү-0204000014 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн схем зураг, фото зураг, Р.Б-ы гэрчийн мэдүүлэг зэргийг ус тус бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэгч А.Агийн хариуцагч А.Дд холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 1976 онд 8 дугаар анги төгссөний дараа илгээлтийн эзэн болж малчнаар томилогдон ажилласан юм. 1979 онд миний эцэг А, ээж М, эхнэр Б нартай хамт малчин До-аас Б сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаа хороог 600 тооны эм хоньтойгоо хамт хүлээн авч малчнаар ажиллаж байсан. 1982 онд сумын аварга малчин болсон ба Ардын их хурлын орлогч дарга М.Ахантай гэрээ байгуулж өвөл мал төллүүлэхээр болж нэмэлт хашаа хэрэгтэй болсон учраас өөрөө санаачлан 1983 онд чулуугаар задгай хашаа барьсан. Балчингийн хавтгай гэх газарт байсан энэхүү өвөлжөөний саравчтай хашааг дүү А.Дтэй хамт тус тус хувьчилж авч байсан. Харин тухайн үед миний өөрийнхөө барьсан задгай хашааг хувьчлаагүй бөгөөд миний хувийн өмч болно. Иймд Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.
6. Хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Миний бие Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Балчин Хавтгай гэх газарт 1990 оноос тус газарт мал малласан ба өнөөдрийг хүртэл уг саравч, өвөлжөөндөө 33 жил амьдарч мал маллаж байна. Харин 1993 онд өмч хувьчлалаар уг Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн хавтгай гэх газраас саравчтай хашаа 1, малын модон пүнз 1, банзан пүнз 1, төмөр усан сан 1 зэргийг тухайн үеийн үнэ ханшаар худалдан авч эзэмшигчийн гэрээ байгуулсан. Миний ах А.А нь хашаа, саравчийг тусдаа авсан ба миний хашаа саравчинд оролцоо байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
7.1. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-00000000000000 улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг дэх баримтуудаас үзэхэд Б сумын Засаг даргаас олгосон 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №0000000 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр А- Ад Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт 700 ам дөрвөлжин метр гарыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Мөн 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан болон А.А нар нь Газар ашиглах гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр Улаантолгой Балчин Бодгоно гэх газарт байршилтай 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2042 оны 10 дугаар сарын 21-ний хүртэл ашиглуулахаар харилцан тохиролцжээ.
Б аймгийн Б сумын Засаг даргын 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Тодорхойлолт-д: Б сумын Улаантолгой багийн иргэн А овогтой А нь тус багийн Балчин гэдэг газар саравчтай хашаа, пүнз 2, хоёр тасалгаатай 2 орон сууц зэрэг хөрөнгийг багтаасан өвөлжөөний 030500119 тоот гэрчилгээтэй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн байна.
Б аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Б аймгийн Б сумын Улаан толгой багт орших 50 м.кв талбайтай, 4500000 төгрөгийн үнэтэй, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшингийн өмчлөгч Ахметийн А, Ш.Б нарын долоон хүний хамтын өмч тул улсын бүртгэлийн 0000000 дугаарт хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.
Дээрх эд хөрөнгийн өмчлөгч нар болох А.А, Ш.Б, А.А, А.Г, А.Б, А.Б нар нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0052 дугаартай Өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх гэрээгээр улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөнөөс 50 м.кв талбайтай хувийн сууцыг хүү А.Е-д бэлэглэсэн байх ба энэхүү гэрээг үндэслэн А.Е нь Б аймгийн Б сумын 2-р баг, Улаан толгойд байршилтай 50м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдэж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 00000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.
7.2. Б аймгийн Б сумын Засаг даргаас 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон №000000 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр А-Дд Б аймгийн Б сумын Улаантолгой багийн Балчин дахь Хавтгай гэх газарт байршилтай, нэгж талбарын 00000 дугаар бүхий 500 м.кв газрыг 40 жилийн хугацаатай өвөлжөөний суурийн газрын зориулалтаар эзэмшүүлсэн байх ба Газар ашиглах гэрээ байгуулж Улаан толгой багийн Балчингийн Хавтгай гэх газарт байршилтай 500 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2045 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дуусах хугацаагаар эзэмшүүлэхээр тохролцжээ.
7.3. Хариуцагч А.Д Б аймгийн Б сумын 2-р баг Балчин хавтгай гэдэг газарт байршилтай, өвөлжөөний зориулалттай, 90 м.кв талбайтай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчээс 2014 оны 11 дугаар сарын 05-ны өдөр олгосон №0000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ-ээр нотлогдож байна.
7.4. 1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Б сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээ-нд хашаа хорооны байрлаж байгаа газар Улаантолгой багийн Хавтгай, саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, хашаа хороо пүнз эзэмшигч Д, хамтран эзэмшигчид Х, О, эзэмшигчдийн хүлээх үүрэг: 1.Зориулалтыг өөрчлөхгүй, 2.Нурааж эвдэхгүй бүрэн бүтэн байлгана. 3.Нүүлгэн шилжүүлэхгүй. 4.Бусдад худалдахгүй гэж бичсэн байна. Б сумын Тамгын газрыг төлөөлж орлогч дарга Х.Оралсын, эзэмшигчийг төлөөж Д гарын үсэг зурсан байна.1993 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай Б сумын Улаантолгой багийн хашаа хороо эзэмшигчидтэй хийсэн гэрээнд 1.Хашаа хорооны байрлаж байгаа газар гэх хэсэгт Улаантолгой багийн Хавтгай 2. Хашаа хороо, пүнзний тоо, үнэ гэх хэсэгт саравчтай хашаа 1, үнэ 16408, модон пүнз-1 үнэ 2500, банзан пүнз-1, үнэ 1300, 4. Хашаа хороо пүнз эзэмшигчид гэх хэсэгт Д, хамтран эзэмшигчид Х, О, 6.Эзэмшигчдийн хүлээх үүрэг гэх хэсэгт 1.Зориулалтыг өөрчлөхгүй, 2.Нурааж эвдэхгүй бүрэн бүтэн байлгана. 3.Нүүлгэн шилжүүлэхгүй. 4.Бусдад худалдахгүй гэж бичигдсэн байх ба уг гэрээнд Б сумын Тамгын газрыг төлөөлж орлогч дарга Х.О, эзэмшигчийг төлөөж Д гарын үсэг зурж, тамга дарагдсан байна.
7.5. 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б сумын АДХГЗахиргаа ба нэгдлийн дарга баталж Улаантолгой бригадын тоо бүртгэгч Х.М-ийн гаргасан Б сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь гэх баримт:...Газрын нэр: Бодгон; Хүний нэр: А-1, Хончин-1, Ж-1, Зател-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь:...Газрын нэр: Хавтгай; Хүний нэр: Д-2, Ханат М-2, О-1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигдсэн болох нь тогтоогдсон байна.
7.6. Гэрч М.М ...Миний бие 1993 онд Б сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой багт тоо бүртгэгчээс эхлээд багийн Засаг дарга хүртэлх ажлуудыг хийж байсан. Социализмын үед А.А мал дээр гарсан. Тухайн үед А.А Балчингийн хавтгай гэх газарт байдаг өвөлжөөнд байшин бариад сууж байсан. ... А.А нь Балчингийн Бодгон гэх газарт байдаг саравчтай хашаа бүхий өвөлжөөг хувьчилж авсан. Харин Балчингийн Хавтгай гэх газарт байдаг хашаа хороог хэн хувьчилж авсныг санахгүй байна. Тухайн хашаа хороог ямар ч байсан А.А, А.Д нарын аль нэгэн нь хувьчилж авсан. Өөр хүн хувьчилж аваагүй. Би тухайн үед өмч хувьчлалын гишүүнээр ажиллаж байсан. ...Би энэ жил Р шүүгчид Ж-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө Улаантолгой багийн хашаа хороонуудыг өмч хувьчлалаар хуваарилсан жагсаалтыг гаргаж өгсөн. Нэг хүнд хоёр хашаа хороо өгөхгүй, нэг хүнд нэг газарт байдаг хашаа хороог өмчлүүлдэг байсан. А.Ад Балчингийн Бодгон гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлговол А.Дд Балчингийн хавтгай гэх газарт байдаг хашаа хороог өмчлүүлсэн гэж ойлгож болох байх. Балчингийн хавтгай гэх газарт байдаг саравчтай хашаанд залгуулаад барьсан задгай чулуун хашааг хувьчлаагүй. Саравчтай хашааг нэгдлийн өмчөөр бүртгэдэг байсан. Харин саравчтай хашаанд залгуулаад задгай хашааг төллөсөн болон төллөөгүй малыг тус тусдаа байлгаж ажлаа хөнгөвчлөхийн тулд малчид өөрсдөө барьж авдаг байсан. Задгай хашааг ч гэсэн нэгдлийн үед барьсан. Нэгдлийн үед бүх өвөлжөөнд задгай хашааг голцуу байдаг байсан. Дээр хэлсэнчлэн задгай хашаа хороог малчид малаа төрлөөр нь, төллөсөн байдлаар нь ангилахын тулд ажлаа хөнгөвчлөхийн тулд өөрсдөө барьж авдаг байсан гэж, гэрч Х.Б ...Миний бие нэгдэлд 1979 оноос эхлэн ерөнхий ня-бо, эдийн засагч, нэгдлийн дарга зэрэг албан тушаал хаашиж байсан. 1991 онд бага хувьчлал, 1993 онд их хувьчлал явагдсан. 1993 онд их хувьчлал явагдах үед бүх нэгдлийн хашаа хороо, малуудыг хувьчлалд өгсөн. Тухайн үед зөвхөн нэгдлийн дансанд байгаа хашаа хороог хувьчилсан. Түүнээс биш дансанд байхгүй эд хөрөнгүүдийг хувьчлаагүй. Тухайн үед нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргаж буй Хавтгай гэх газарт байгаа саравчтай хашаа хувьчлагдсан. Харин задгай хашаа бол нэгдлийн дансанд бүртгэгдээгүй тул хувьчлагдаагүй. Уг задгай хашааг өөрсдөө барьж авсан байх, үүнийг сайн мэдэхгүй байна. Мөн нэгдлийн үед барьсан эсвэл нэгдэл тарсны дараа тухайн хашааг барьсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн хашаа хороог яг ямар хүмүүс яаж авсан талаар тодорхой санахгүй байна. Гэхдээ тухайн үед би бичиж байсан ноорог байгаа. Түүнээс харж байгаад хэлэхгүй бол сайн санахгүй байна. А.А Бодгон гэх газраас хашаа хороо хувьчилж авсан байна. Үүнд: Хоньчин, Ж, З зэрэг хүмүүс хувь эзэмшиж байна. Гэхдээ тухайн үед зөвхөн саравчтай хашааг хувьчлалд өгсөн. Задгай хашаа бол нэгдлийн дансанд байхгүй тул түүнийг тэмдэглээгүй. Харин А.Дд Хавтгай гэх хашаа хороог хувьчилсан байна. Үүнд: М, Х, О зэрэг хүмүүс хувь эзэмшиж байгаа болох нь харагддаг. Энэ баримтыг тоо бүртгэгч М гэх хүн бичсэн. Би түүний бичгийг шууд таньж байна. Эд нарын авч буй хоёр хашааны нэг нь өвөлжөө нөгөөдөх нь хаваржаа байсан. Яг аль нь өвөлжөө аль нь хаваржаа гэдгийг багийн Засаг дарга нь биш тул мэдэхгүй. Тухайн үед нэг хүнд 2 хашааг шууд өгөх боломжгүй тул эдгээрийн саналыг харгалзан үзээд, ойр дотонгийн хүмүүсийг дагуулж ирээд хувьчилж өгсөн. Одоогоос 30 гаруй жил өмнөх зүйл тул хэн хэнийг дагуулж ирсэн эсэхийг сайн санахгүй байна гэж, гэрч Х.Сураган ...Миний бие 1983 онд цэргээс ирээд энэ оны 6 сараас эхлэн А.Атэй хамт мал малласан. 1984 оны 11 дүгээр сарын үед задгай чулуу хашаа баригдсан байхаа. Тухайн үед сумын нэгдлийн даргын шийдвэрээр уг чулуун хашааг барьсан. Уг чулуун хашааг нэгдлийн хашаа барьдаг бригадын дарга А гэх хүмүүс барьсан. Миний хувьд тухайн үед чулуун хашаанд нэг ч чулуу тавьж байгаагүй. Бид нарт чулуугаар хашаа барих зав ч байдаггүй байсан. Учир нь тухайн үед А.А бид хоёр бол тус тустай хоёр төрлийн мал малладаг байсан. Гэхдээ би А.Агийн туслах малчин нь байлаа. Бид аймгийн аварга малчин цолыг удаа дараа авч сүүлд улсын хошой аварга хэмээн цол хүртсэн. Тухайн үед бүх хүмүүс аваргын төлөө ажилладаг байлаа. Харин тухайн үед А.Д бол хүүхэд байсан. Тэд нар бүгдээрээ эцэг, эхийн хамт амьдардаг байсан гэж, гэрч М.Г ...Миний бие Б сумын Улаан толгой багийн Балчин хэсгийн даргыг 1979 оноос 1989 оны 6 дугаар сар хүртэл хийсэн. Тухайн үед А.А нь С-тай хамт малчин байсан. Тухайн үед саравчтай хашаандаа мал нь багтаагүй болохоор Хавтгай гэх газарт задгай хашаа баригдсан. Хашаа хорооны чулууг нэгдлийн хүмүүс бэлдэж өгсөн. Тухайн үед ганцаараа хашааг барина гэж байхгүй. Би даргын хувьд хашааг барьж байсныг харсан болохоос тусалж байгаагүй. Харин тэр хавьцаа байдаг хоёр хашааг ах нь А.А, дүү нь А.Д нар тус тусдаа авсан байдаг. Тэр үед мөн Бодгон гэх хорооны урд талд бас задгай хашаа баригдсан. Тухайн хашаануудыг нэгдлийн бүртгэлд бүртгэж авсан эсэх талаар мэдэх зүйл байхгүй гэж, гэрч Б.М ...Би нэхэмжлэгч болон хариуцагч нарыг танина. Нэхэмжлэгч бол миний баз байгаа. Хариуцагч бол надтай худ ургийн холбоотой хүн юм. Би бага наснаасаа аавын гарт байлаа. Аав маань 1997 онд нас барсан. Тухайн маргаан бүхий хашаанаас миний ах Б.М, дүү Б.Х нар хувьцаа авсан байна. Тухайн үед тэд нэгдлийн хашаа, байшин барьдаг байлаа. Тэд 1993 оны 07 дугаар сард байх Казахстан улсад нүүгээд явсан. Тухайн үед тэд хувьцаагаа тухайн үеийн ханшаар 1000 төгрөгөөр тооцоолсон байхаа. Ямар ч гэсэн идшиндээ А.Агээс 5 хонь авсан. Миний бие 1993 онд гэр бүл болсон. Гэр бүл болсны дараа А.Атэй баз болсон. Тийм учраас тэд нарыг А.Ад би холбож өгсөн. Тухайн маргаан бүхий газарт байгаа баз А.Ан гэрт хашаанд очиж л байсан гэж, гэрч А.Б ...Миний бие энэхүү нэхэмжлэгч А.А, хариуцагч А.Д нарын төрсөн ах. Би 1975 онд цэргээс халагдаж ирээд аймгийн 21-р багт жолоочоор ажилд орсон. 1976 онд аав маань өндөр насны тэтгэвэрт гарч хөдөө явсан. Тухайн хашааг 1979 онд авсан мэт санагдаж байна. Түүнээс хойш би тухайн хашаанд гарсан бүх засварын ажил хар бор бүх ажлыг нь би хийдэг байлаа. Учир нь тухайн үед машинтай хүн тун ховор байсан тул миний бие машинаараа нүүлгэх, буулгах, хадлан хадах, өвс буулгах, чулуу буулгах, бууц өтгийг гаргах, хашаанд хийх засвар зэрэг бүх ажилд нь туслаад ирсэн. Тухайн үед манайх л машинаар нүүдэг байсан. Өнгөрсөн жил хүртэл хашааны бууц өтгийг гаргасан. Би хэн нь ямар байдлаар хувьчилж авсан эсэхийг сайн мэдэхгүй. Дүү А.А, А.Д нар 2 өвөлжөөг 1993 онд тус тусдаа хувьчилж авсан. Өөрсдийн хэлдгээр бол Хавтгай гэх өвөлжөөг А.Д, Бодгон гэх газарт байгаа хаваржааг А.А авсан байна. Тэд уг хашаа хороог хувьчилж авснаас хойш хэн ч очиж маргаж байгаагүй. Харин надад Хавтгай гэх газрын хашаа хорооны засварын ажиллагаанд туслаач гэж дандаа А.Д дууддаг байлаа. Хувьчлалын дараа 1999 онд А.А Ө сумын 6 дугаар багт миний хажууд нүүж ирсэн. Бид хоёр одоо хүртэл Ө сумын 6-р багт хамт оршин сууж амьдарч байна. Түүнээс хойш нэг ч удаа А.А хөдөө очиж өвөлжиж байгаагүй. Харин Хавтгай гэх газарт А.Ан 2 хүүхдийн байшин, А.Дн байшин, аавын хуучин байшин бүгд байгаа. Ууц өтгийн маргаан үүсэх үед би байгаагүй. Мөн А.Дд нэг үед миний мал байдаг байсан одоо надад ямар ч мал үлдээгүй. Мөн 1985 онд байх Тосонцэнгэлээс хашаа худалдаж авсан билүү гуйж авсан билүү авч ирээд Хавтгайн өвөлжөөнд өвсний хашаа барьж өгсөн маань үнэн гэж, гэрч З.Х ...Миний бие хэд хэдэн удаа А.Дгийн Хавтгай гэх газарт байдаг хашаанд хэрэглэх чулуу буулгаж өгсөн. Тухайн үед болохоор авах ёстой хөлсөө авсан. Гэхдээ яг он сарын хувьд сайн санахгүй байна. Чулууг бол Харагайд гэх газраас авсан. Тухайн үед 07-35 дугаартай 2,5 тооны майти машинаар очсон. Тухайн үед ямар ч гэсэн 5 удаа чулуу ачсан байхаа. Гэхдээ бид нэг удаад 5 тонн гаруй чулуу ачсан. Зөвхөн чулуу биш, өвс, мөс, шар шороо буулгаж байсан. Би маш олон хүнтэй тээвэр хийж харьцдаг тул нарийн зүйлүүдийг мартсан, гэрч Х.Б ...Хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн гэрчилгээг би 2002 онд хууль тогтоомжийн дагуу тухайн гэрчилгээг олгосон. Тухайн баримтуудыг бүрдүүлсний дараа үл хөдлөх хөрөнгө байгаа газар дээр очиж үзсэн. Тухайн үед аварга малчин гэх самбар байсан. 2002 он гэхэд 24 жилийн өмнөх зүйл байгаа учраас би тухайн газрыг санахгүй байна. 4 хашаа хаана ямар байрлалд байгааг санахгүй байна. Хэд, хэдэн хашаа байсан. Яг хаана байсан гэдгийг санахгүй байна. Тухайн газрын байршлыг тухайн үед газар эзэмших гэрчилгээг үндэслэж тогтоодог байсан. Гэрчилгээнд хашаа, байшин гэж бичигдсэн байна. 2003 онд бүх гэрчилгээнд тэгж бичигддэг байсан. Гэрчилгээнд хашаа, байшингийн хэмжээ бичигддэг. Тухайн үед хэдэн хашаа хэмжээг нь санахгүй байна. Байсан хашаа дээр нь гэрчилгээ олгосон. Тухайн үед байгаа нотлох баримтыг үндэслэж гэрчилгээ олгосон. Тухайн үед гэрчилгээ авах хүсэлтийг нэхэмжлэгч А.А гаргасан. Би нотлох баримтад үндэслэж гэрчилгээ олгосон. Аварга малчин гэдэг самбар хаана байсныг мэдэхгүй. 23 жилийн өмнөх зүйлийг санахгүй байна. Өвөлжөөний байшин байсан. Гэрчилгээнд миний гарын үсэг байна. 23 жилийн өмнөх зүйл байгаа учраас би санахгүй байна. Тухайн үед нэг гэрчилгээ олгож байсан. Одоо тус, тусдаа олгодог гэж тус тус мэдүүлжээ.
7.7. Зохигчдын хүсэлтээр тус шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болон 20258 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл-ээр Б сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэх газарт 1.Хариуцагч А.Дн 72 м.кв талбайтай байшин, 35 м.кв талбайтай хуучин модон байшин, хуучин модон байшинд залгуулаад барьсан өвс хадгалж буй чулуугаар барьсан 47.7 м.кв талбайтай хашаа, 27.3 м.кв талбайтай дээвэртэй төл малын пүнз, А.Дн хувьчилж авсан гэх 53.2 м.кв талбайтай саравчтай чулуун хашаа, 287.8 м.кв талбайтай чулуун хашаа, саравчтай чулуун хашаанд залгуулж барьсан 405 м.кв талбайтай задгай чулуун хашаа, нэхэмжлэгч А.Ан хүү А.Е-ын 65 м.кв талбайтай байшин, нэхэмжлэгч А.Ан хүү А.Ш-ийн 74 м.кв талбайтай байшин байршиж байгаа болох нь, мөн Б сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Бодгон гэх газарт нэхэмжлэгч А.Ан хүү А.Е-ын 50 м.кв талбайтай модон байшин, нэхэмжлэгч А.Ан хүү А.Ш-ийн 45 м.кв талбайтай модон байшин, Нэгдлийн үед чулуугаар барьсан 167.5 м.кв талбайтай саравчтай малын хашаа, Нэгдлийн үед чулуугаар барьсан 145 м.кв талбайтай задгай малын хашаа, 387 м.кв талбайтай Малын өтөг бууц бүхий нурсан хашааны суурь, 17.6 м.кв талбайтай дээвэр нь нурсан пүнз зэрэг хөрөнгүүд байршиж байгаа болох нь, Б аймгийн Б сумын 2 дугаар багийн нутаг Балчингийн Хавтгай гэдэг газраас Балчингийн Бодгон гэх газар хүртэл 02 километрийн зайтай болох нь тогтоогджээ.
8. Нэхэмжлэгч А.Ан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Д эс зөвшөөрч маргажээ.
9. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.А нь Б аймгийн Б сумын Улаантолгой баг Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна.
11. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б сумын АДХГЗахиргаа ба нэгдлийн дарга баталж Улаантолгой бригадын тоо бүртгэгч Х.Ме-ийн гаргасан Б сумын Жаргалын зам нэгдлийн Улаан толгой бригадын их хувьцаанд өгсөн үндсэн хөрөнгийн хуваарь гэх баритад:...Газрын нэр: Бодгон; Хүний нэр: А-1, Хончин-1, Ж-1, Зател-2 бүгд 5 өрх, 18 хүн, саравчтай хашаа-1 гэж, мөн доод талд нь:...Газрын нэр: Хавтгай; Хүний нэр: Д-2, Х М-2, О-1 бүгд 5 өрх, 13 хүн, саравчтай хашаа-1 гэж бичигдсэн байх ба гэрч Х.М-ээс нэгдлийн үндсэн хөрөнгийг тухайн жагсаалтын дагуу хуваарилсан талаар, мөн тухайн үед нэгдлийн даргаар ажиллаж байсан Х.Б-ээс үндсэн хөрөнгийн жагсаалтыг тоо бүртгэгч Х.М гаргаж байсан талаар тус тус мэдүүлсэн байх тул тухайн баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзнэ. Тухайн нотлох баримтаар Б аймгийн Б сумын Улаантолгой баг Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны өмчлөгч нь А.Д гэж үзэх үндэслэлтэй байна.
12. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-0000000 улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэг дэх баримтууд болох Б сумын Засаг даргаас олгосон 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №0000000 дугаартай Газар эзэмших гэрчилгээгээр А-ийн Ад Б аймгийн Б сумын нутаг дэвсгэрт 700 дөрвөлжин метр газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 000000 дугаартай гэрчилгээнд байгаа Б аймгийн Б сумын Улаан толгой багт орших 50 м.кв талбайтай, 4500000 төгрөгийн үнэтэй, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшингийн өмчлөгч А.А, Ш.Б нарын долоон хүний хамтын өмчлөгчөөр бүртгэсэн байна. Дээрх гэрчилгээнүүдэд газар болон үл хөдлөх хөрөнгийн байршлыг Б аймгийн Б сумын Улаан толгой баг гэж тусгасан болохоос Б сумын Улаан толгой багийн Хавтгай, эсхүл Бодгоно гэх газарт байршилтай гэж тусгаагүй байна. Харин Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Ү-00000 улсын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан болон А.А нарын хооронд байгуулагдсан Газар ашиглах гэрээг өгсөн байх ба уг гэрээгээр Улаантолгой Балчин Бодгоно гэх газарт байршилтай 700 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2042 оны 10 дугаар сарын 21-ний хүртэл ашиглуулахаар харилцан тохиролцсон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0000000 дугаартай гэрчилгээнд байгаа Б аймгийн Б сумын Улаан толгой багт орших 50 м.кв талбайтай, 4500000 төгрөгийн үнэтэй, хоёр өрөө бүхий 4 ширхэг хувийн хашаа байшин нь Б аймгийн Б сумын Улаан толгой багийн Бодгоно гэх газарт байршилтай үл хөдлөх хөрөнгүүд байна гэж үзэхээр байна.
13. Нэхэмжлэгчээс Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааг зохигчид хамт ашиглаж ирсэн нь тогтоогдож байх ба тухайн малын саравчтай хашаанд залгаа баригдсан чулуун хашааг нэхэмжлэгч А.А дангаар өмчлөх эрхтэй болохыг нотолсон шууд нотлох баримт байхгүй байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна.
14. Иймд Нэхэмжлэгч А.Агийн хариуцагч А.Дд холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн Хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаанд залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш овогт А. Дд холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын 2 дугаар багийн Балчингийн хавтгай гэх газарт байгаа малын саравчтай хашааны хамтран өмчлөгчөөр, тухайн саравчтай хашаад залгаа чулуун хашааны өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Ш овогт А.Ан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК