Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч М.Мөнхзул,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б,

Шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатиган овогт С.Э-д холбогдох эрүүгийн 1705007300332 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 54 дүгээр байрны 29 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, Хатиган овогт С Э /РД:...... /

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 46 дугаар байрны орцонд Б.Бекнурын Самсунг эс 7 эджи загварын гар утсыг яриад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд удаа дараа мэдүүлэг өгсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагийн үед гэртээ ирсэн чинь хүүхэд гэрийн гадаа сууж байсан ба гэртээ орохгүй яасан юм юу хийж байгаа юм гэхэд ярьж чадахгүй байсан. Тэгээд нэг ах миний утсыг аваад явчихсан гэхээр нь хүүгээ аргадаад гэртээ орсон.

Би эхнэртээ хүүгийн утсыг хүн аваад явчихсан байна гээд хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд хүүхдээс юу болсон талаар асуугаад болсон газар нь очоод орц руу орсон талаараа хэлсэн ба тухайн орцны камерыг шүүж үзсэн.

Уг камерт бичлэгийг үзээд миний утсыг авсан хүн энэ байна гээд Эыг зааж өгсөн. Баянголын цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Бекнурын: “..2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо 47/в байрны орцны урд талд намайг гадаа сууж байхад нэг ах ирээд гар утсаар чинь яриад өгий ах нь интернет тоглоомын газар найзтайгаа хамт тоглох гэсэн юм гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэр ах манай найзын гэр лүү очоод ирий гээд Голден парк хотхон руу явсан нэг байрны гадна очоод лифтээр яваад 5 дугаар давхарт гарсан. Тэр ах нэг айлын хаалга зааж өгөөд манай найзын гэр нь байгаа юм дуудаж болохгүй байна манай найзын ах намайг архи уугаад зодсон болохоор чи дуудаад өг гэсэн. Би хаалгыг нь тогшоод тэр ах шатны тэнд үлдээд ах нь гадаа байж байя гээд доошоо шатаар гүйгээр буусан. Би тэр хаалгыг тогшиход хаалгаа тайлж өгөөгүй. Би доошоо буухад байхгүй байсан. Нөгөө ах хаашаа явчихав гээд гайхаад дэлгүүр ороод худалдагч эгчийн утсыг гуйгаад өөрийнхөө дугаар руу залгахад тэр ах утсаа аваад ах чинь залгаад байна гар утасныхаа кодыг хэлчих гэсэн би кодоо хэлээгүй автобусны буудал дээр уулзий гээд салгасан. Автобусны буудал дээр очиход байхгүй байсан, дахиад гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан, 2017 оны 3 дугаар сарын 02-нд миний төрсөн өдрөөр аав хувь хүнээс 900,000 төгрөгөөр авч байсан. Одоо 700,000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх 8, 35-36/

 

Гэрч Х.Бын: “...2017 оны 3 дугаар сарын 07-нд Самсунг 7 Эджи 2 сим ордог хар өнгийн гар утас 900,000 төгрөгөөр авч өгч байсан. 700,000 төгрөгөөр үнэлж байна. Би өдөр гэртээ ирж цай уудаг юм. Орцны үүдэнд манай хүү Бекнур сандал дээр сууж байсан, миний хүү орохгүй юу гэхэд орохгүй гэсэн. Яасан гэхэд нэг ах утсаар чинь яриад өгчий гэсэн би хүлээгээд сууж байна авчраад өгчих байх гээд сууж байсан. Би гэртээ орж цайгаа уугаад байж байхад хойноос ороод ирсэн. Би эхнэртээ хэлсэн. Би мэхлээд аваад явчихлаа гэж мэдсэн. Би хүүгээ зүгээрээ аав нь дахиад аваад өгий гэж тайвшруулсан. Би цагдаа дуудаад цагдаа ирээд явсан газраар нь яваад камер шүүгээд Голден парк хотхоны камерын бичлэг байгаа. Камерын бичлэг дээр малгайтай цамцтай залуу малгайгаа өмсөөд зугтаагаад явж байна лээ...” гэжээ. /хх 38-39/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх 18/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19,43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 46 дугаар байрны орцонд Б.Бекнурын Самсунг эс 7 эджи загварын гар утсыг яриад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 700,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй хохирогч Б.Бекнур /8, 35-36/, хууль ёсны төлөөлөгч Х.Б /38-39/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 19,43/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар хэр хэмжээ, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ба хохирогчид учруулсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зүйтэй ба шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э хохирлоо төлөхөө илэрхийлсэн ба шүүгдэгчээс хохирлын мөнгө болох 700,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бад олгохоор шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Хатиган овогт С Эыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хатиган овогт С Эыг 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчид учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

            4. Шүүгдэгч С.Эы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 700.000 төгрөг гаргуулан Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 47/в байрны 23 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бад олгосугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Эы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                             

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЕСӨН-ЭРДЭНЭ