Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00147

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00147

 

 

Н.Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 183/ШШ2021/02081 дугаар шийдвэртэйнэхэмжлэгч Н.Х ХХК-ийн хариуцагч А.П.Э.Э ХХК-д холбогдуулан гаргасан шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 115,779,582 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч Н.Х ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэгч Н.Х ХХК нь А.П.Э.Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа тус компанийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 50 хувийн хувьцаа эзэмшигч иргэн Ц.Бямбадоржид 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хувьцаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Тодруулбал, Н.Х ХХК нь А.П.Э.Э ХХК-д хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшигч болсноос хойшхи хугацаанд тус компани нь хэд хэдэн харилцагчтай хамтран дулаан хангамжийн тоног төхөөрөмж засвар, угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээг эрхлэн явуулж, олсон ашиг орлогоос хувьцаа эзэмшигч "Н.Х" ХХК-д хувь өгөөгүй учир хувьцаа, түүний эрхийг шилжүүлэхээс өмнө байгуулагдсан, гэрээний гүйцэтгэл дүгнэгдэж биелэгдээгүй байгаа ажил гүйцэтгэх болон бараа нийлүүлэлтийн гэрээнүүдийн авлагыг шаардах эрхийг, олгох ёстой байсан ногдол ашгийн төлбөрийг Н.Х ХХК-д шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Н.Х ХХК нь А.П.Э.Э ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхдаа тус компанид оруулсан хөрөнгө оруулалтаас хүртэх ёстой байсан ногдол ашгийн төлбөрт А.П.Э.Э ХХК-ийн бусдаас авах авлагыг шилжүүлж авсан. Харин талуудын хооронд байгуулсан хувьцаа бэлэглэлийн гэрээний хариу төлбөрт хариуцагч А.П.Э.Э ХХК-ийн бусдаас авах авлагыг шилжүүлэн авч байгаа зүйл биш юм. Үүний дагуу талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр N14/16/48 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү гэрээгээр шилжүүлсэн 383,987,392 төгрөгийн авлагаас 271,145,560 төгрөгийг барагдуулсан боловч үлдэх 112,841,832 төгрөгийн авлагыг барагдуулах боломжгүй болсон. Учир нь нэр бүхий 14 иргэн, хуулийн этгээдэд холбогдох авлагыг барагдуулах ажиллагааны явцад эдгээр авлага нь шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар бодит бус авлага болох нь тогтоогдсон. Тодруулбал,

а. Алтай трест ХХК-аас авах авлагыг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтны 9 дүгээр жагсаалтад 11,767,210 төгрөг гэж заасан. Уг төлбөрийг барагдуулах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Н.Х ХХК, Алтай трест ХХК, А.П.Э.Э ХХК-ийн хооронд 3 талт хамтарсан уулзалтаар Алтай трест ХХК-аас авах бодит авлага 52,689,528 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү Алтай трест ХХК-тай холбогдуулан шилжүүлсэн 117,767,210 төгрөгийн авлагаас бодит бус авлага болох 65,077,682 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид хэсэгчлэн төлж дуусгах тухай 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 43/18 дугаартай хүсэлт ирүүлсэн.

б). Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас авах авлагыг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 6 дугаар жагсаалтад 15,368,071 төгрөг гэж заасан. Гэтэл тус авлага нь бодит бус болохыг хариуцагч А.П.Э.Э ХХК нь хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч компанийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-д хүргүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 85/17 дугаартай хүсэлтэд ...гэрээний дагуу захиалагчид тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах ажлыг актаар хүлээлгэн өгсөн ба өнөөдрийн байдлаар 6,258,014 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Н.Х ХХК-д шилжүүлэн өгнө үү гэж дурдсан. Улмаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК нь дээрх төлбөрийг Н.Х ХХК-д төлсөн. Иймд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас авбал зохих бодит бус авлага 9,110,056 төгрөг болно.

в). Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-аас авах авлагыг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 2 дугаар жагсаалтад 38,311,386 төгрөг гэж заасан. Үүнээс авлага шилжүүлэх үед А.П.Э.Э ХХК нь 17,000,000 төгрөгийг Н.Х ХХК-д төлсөн ба үлдэх 21,311,386 төгрөгөөс 10,974,958 төгрөг нь бодит авлага харин үлдэх 10,366,429 төгрөг нь бодит бус авлага болох нь А.П.Э.Э ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 31/17 дугаартай тайлбар болон Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-тай үйлдсэн санхүүгийн тооцоо нийлсэн акт зэргээр тус тус тогтоогдсон. Улмаар Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 10,974,958 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгч нь Дархан Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ХК-аас авбал зохих бодит бус авлага 10,336,429 төгрөг болно.

г). АдфомХХК-аас авах авлагыг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 8 дугаар жагсаалтад 2,715,883 төгрөг гэж заасан. Гэвч тус авлага нь бодит бус болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 73/17 дугаартай хүсэлтэд ...Адфом ХХК-ийн 2,715,883 төгрөгийн авлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр А.П.Э.Э ХХК, Адфом ХХК нь 50, 50 хувиар хувааж төлөхөөр тохиролцсон тул А.П.Э.Э ХХК-ийн төлөх 1,357,942 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн төлж дуусгана гэж дурдсан. Улмаар Адфом ХХК нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 1,357,500 төгрөгийг төлсөн. Иймд АдфомХХК-аас авбал зохих бодит бус авлага 1,358,383 төгрөг болно.

д). Ноён сайхан ХХК-аас авах авлагыг шаардах эрх шилжүүлэх гэрээний 1 дүгээр хавсралтын 14 дүгээр жагсаалтад 2,300,000 төгрөг гэж заасан. Гэвч тус авлага нь бодит бус болохыг хариуцагч А.П.Э.Э ХХК нь хүлээн зөвшөөрч 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ...Ноён сайхан ХХК нь уг төлбөрийг төлсөн байх тул тус авлагыг А.П.Э.Э ХХК хариуцах болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн. Иймд Ноён сайхан ХХК-аас авбал зохих бодит бус авлага 2,300,000 төгрөг болно.

Дээр дурдсан хариуцагчийн хүсэлт, тайлбар, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн нотлох баримтаар нийт 88,182,550 төгрөгийн авлага бодит бус болох нь тогтоогдож байна. Харин бусад харилцагчаас авах авлага буюу Schweitzer Engineering laboratories INC 2,938,042 төгрөгийн, н.Давааням 575,221 төгрөгийн, н.Амарсайхан 108,404 төгрөгийн, Мастер энерги ХХК 5,000,000 төгрөгийн, Ган тесла ХХК 251,781 төгрөгийн, Эрчим 346,720 төгрөгийн, Ойгон нуур ХХК 15,066,446 төгрөгийн, Элетро монсеть ХХК 271,320 төгрөгийн буюу нийт 24,549,530 төгрөгийн авлагатай холбоотой баримтыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь эдгээр авлагыг барагдуулах боломжгүй болсон. Иймд хариуцагч А.П.Э.Э ХХК-аас шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 112,841,832 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А.П.Э.Э ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр 383,987,392 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг Н.Х ХХК-д шилжүүлэн өгсөн. Гэрээгээр Н.Х ХХК-д өр, авлагатай холбоотой бүх эрх үүрэг шилжиж, энэхүү өр, авлагыг талууд харилцан хүлээлцэн акт үйлдэж, гарын үсэг зурсан. Н.Х ХХК нь А.П.Э.Э ХХК-ийн нягтлан бодогчийг томилдог байсан ба тэдгээр нягтлангууд нь өр авлагын тооцоог гаргаж, түүнийг нь гэрээний талууд баталгаажуулсан. Нэхэмжлэлд дурдсан 115,779,582 төгрөгийн үнийн дүнтэй авлага нь ямар гэрээний, ямар үлдэгдэл болох, мөн яагаад тэрхүү авлага нь барагдах боломжгүй болоод байгаа нь тодорхойгүй байна. Н.Х ХХК нь авч чадаагүй өр авлагыг нэхэж, нотлох баримтгүй, бодит бус зохиомол авлага гэж шаардаж байгаа нь шударга бус, бизнесийн ёс зүйд харшилсан үйлдэл болж байна. Дээрх авлагууд нь ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ болон санхүүгийн баримтаар батлагдсан бодитой өр, авлагууд байсан бөгөөд үүнийг гэрээний талууд харилцан хүлээлцсөн бөгөөд Н.Х ХХК-ийн дотоод аудитын шалгалтын тайлангаар баталгаажсан болно. А.П.Э.Э ХХК-ийн компанийн хувьцааг өөртөө шилжүүлэн авахын тулд хувьцааны эрх шилжүүлэх бэлэглэлийн гэрээг байгуулж, энэхүү гэрээг үндэслэн шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж тодорхой өр авлагыг Н.Х ХХК-д шилжүүлсэн. Н.Х ХХК-ийн зүгээс хамтын үйл ажиллагааг зогсоовол түрээсийн байраа алдах нөхцөл байдал үүсэх, харилцагчдаа алдах эрсдэлтэй байдал үүссэн тул арга буюу шахалтанд орж, зарим барагдаагүй төлбөрийг нь төлүүлэх талаар албан бичиг бичиж өгсөн. Н.Х ХХК-д илгээж байсан төлбөр төлөхтэй холбоотой албан бичгүүд нь гэрээний бус, дарамт үзүүлсний улмаас бичигдсэн тул тэрхүү албан бичгүүдэд дурдагдсан төлбөрийн бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна Н.Х ХХК-ийн авлага барагдуулахтай холбоотой гарсан ямар ч хохирол, зардлыг хариуцахгүй. Авлагыг бэлэглэлийн гэрээний 4-т зааснаар бэлэглэлийн журмаар үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг тул хариу шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.П.Э.Э ХХК-д холбогдох шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 115,779,582 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,850 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан тул шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дахь хэсэгт заасны дагуу бодит бус авлагыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах болсон үндэслэл нь компанийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг олгож байгаагүй тул хариуцагч нь ногдол ашиг хэлбэрээр бусдаас авах авлагаа Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шилжүүлсэнНэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрх шилжүүлэх гэрээгээр хүлээн авсан авлагыг барагдуулах ажиллагааны явцад Ноён сайхан ХХК, Адфом ХХК, Алтай трест ХХК, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХХК-д холбогдох авлага нь бодит бус болох нь төлбөр төлөгч компаниуд болон хариуцагчийн тайлбар, тооцоо нийлсэн акт болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Гэвч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдбэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1; 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4б. Хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан шаардах эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа бэлэглэлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй байхад шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлага болон талуудын маргаж буй агуулгаас өөрөөр буюу хэргийн хүрээнээс хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүйИймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулаагүй. Анхан шатны шүүх хэргийг хууль зүйн үндэслэлтэй, бодит байдалд нийцүүлж үнэн зөв, нотлох баримтад тулгуурлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хувьцаа бэлэглэлийн гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Уг бэлэглэлийн гэрээнд үндэслэж 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Иймээс хувьцаа бэлэглэлийн гэрээ болон шаардах эрх шилжүүлэх гэрээнүүд хоорондоо холбоотой гэрээ учраас салгаж ойлгож болохгүй. Гэтэл нэхэмжлэгч салгаж зөвхөн тусдаа шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргийг биелүүлээгүй гэж шаардлага гаргасан. Шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1-д заасныг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон нь зөв гэж үзэж байна. Учир нь эрх шилжүүлэх гэрээ нь өөрөө хувьцаа бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хийгдсэн атлаа хэн нэгэнд үүрэг хүлээлгэж, хуулийн тодорхой заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчд шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 123, 124 дүгээр зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх, өр шилжих тухай асуудлууд нь өрийг шилжүүлж шаардах эрхийг шилжүүлснээр шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид бүх эрх нь шилжих хуулийн зохицуулалтыг нэхэмжлэгч үндэслэлгүй тайлбарлаж маргасан. Талуудын хооронд компанийн ногдол ашиг өгөх, авахтай холбоотой аливаа гэрээ, хэлцэл огт байгуулагдаагүй. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

1.   Нэхэмжлэгч Н.Х ХХК нь хариуцагч А.П.Э.Э ХХК-д холбогдуулан шаардах эрх шилжүүлэх гэрээний үүрэгт 115,779,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.   Нэхэмжлэгч Н.Х ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ц.Бямбадоржид А.П.Э.Э ХХК-ийн өөрийн өмчлөлийн бүх хувьцааг үнэ төлбөргүйгээр шилжүүлэхээр тохиролцож, хувьцаа бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. /1хх 180/

Улмаар талууд 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, дээрх хувьцаа бэлэглэлийн гэрээний 6.3-т заасныг үндэслэн хариуцагч Пи Ар энд Эй ХХК нь 383,987,392 төгрөгийн авлагыг болон үүнтэй холбоотой иргэн, хуулийн этгээдээс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрхийг нэхэмжлэгч Н.Х ХХК-д шилжүүлэхээр тохиролцжээ. /хх 7-8/

3.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн 383,987,392 төгрөгийн авлагаас 115,779,582 төгрөгийн авлага бодит бус, зохиомол учраас эрх шилжүүлсэн тал буюу хариуцагч нь гэрээний 5.1-д зааснаар авлагыг барагдуулах үүрэгтэй гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Х ХХК, иргэн Ц.Бямбадорж нарын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэлийн гэрээг дүгнэж, шаардах эрх шилжүүлэх гэрээний 5.1 дэх заалт хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Талуудын хооронд үүссэн авлага шилжүүлэх буюу шаардах эрх шилжүүлэх хэлцэл нь хувьцаа бэлэглэлийн гэрээтэй холбоотой байж болох боловч талуудын эдгээр хэлцлээр илэрхийлэгдсэн бодит хүсэл зориг, түүний агуулгыг тодруулах шаардлагатай. Түүнчлэн, хэрэгт авагдсан авлагын зөрүүтэй холбоотой нотлох баримтуудад бичигдсэн байгаа хэлцлийн агуулгыг тодорхойлох шаардлагатай. Учир нь хариуцагч компани нэхэмжлэлийн төлбөртэй холбоотой баримтыг дарамт шахалтын дор хийсэн гэж тайлбар, татгалзал гаргаж байгаа тохиолдолд эдгээр хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг тодруулах шаардлагатай бөгөөд талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Уг хэргийг өмнө нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1647 дугаартай магадлалд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхойгүй гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 241 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1хх 217-225, 242-249/

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх алдааг залруулаагүй байна. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01ий өдрийн 183/ШШ2021/02081 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 722,160 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ