| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 302/2025/00279/И |
| Дугаар | 302/ШШ2025/00368 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 302/ШШ2025/00368
| 2025 оны 05 сарын 01 өдөр | Дугаар 302/ШШ2025/00368 | Баян-Өлгий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 7 дугаар багт оршин суух, Б овогт Х.И.
Хүсэлтийн шаардлага: Ж овогтой Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.И нь Ж овогтой Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1. Миний бие 1973 онд тус аймгийн Б суманд төрсөн, одоо 52 настай.
1.2.1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ж овогтой Ж-тай гэр бүл болсон. Тухайн үед сумын иргэний бүртгэлийн ажилтнаас гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ бичүүлж аваагүй юм байна.
1.3. Сүүлд Улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулахаар хандсан боловч гэрлэлтийн бүртгэлгүй гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.
1.4. Бид хоёр гэрлэснээс хойш дундаа 6 хүүхэд төрүүлсэн. Үүнээс анхны хүүхэд маань төрөнгүүтээ эндсэн, дараагийн хүүхэд болох охин Күнсауле 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, хүү Т 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, охин Жанаргүл 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, хүү Тилей 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, хүү Т 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус тус төрсөн.
1.5.Гэтэл биднийг гэр бүл болсныг улсын бүртгэлд бүртгээгүй байх тул Х.И миний бие Ж овогтой Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.И-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Жы иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Х.И болон Ж.Ж нарын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Б аймгийн Б сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолт, И.Т, И.Ж, И.Т, И.Т нарын Төрсний бүртгэлийн лавлагаа, К.Б, Ш.А нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хүсэлт гаргагчаас Т.Бахытад олгосон итгэмжлэл, Б аймгийн Б сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолт, И.Ж, И.К нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 456 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/403 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.И болон Ж.Ж нарын ХААТР маягтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр И.Ж-тай гэр бүл болж, дундаасаа 6 хүүхэдтэй болсон. Тухайн үед сумын иргэний бүртгэлийн ажилтанд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэрлэлтийн гэрчилгээ аваагүй байна. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа гаргуулахаар хандсан боловч улсын бүртгэлийн санд гэрлэсний бүртгэлд бүртгэлгүй, бүртгүүлсэн тухай эх нотлох баримт байхгүй тул шүүхэд хандахыг зөвлөсөн тул гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.
5.Хүсэлт гаргагч Х.И нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
6.1. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж авсан CVL2483160001000149 дугаартай Гэрлэсний бүртгэлгүй лавлагаанд ... эрэгтэй, регистрийн дугаар: БД0000000, иргэний бүртгэлийн дугаар: 831647331949, овог: Б, нэр: Х, өөрийн нэр: Игилик, ашиглах зориулалт: бусад гэж, мөн өдөр гаргаж авсан CVL2483160001000150 дугаартай Гэрлэсний бүртгэлгүй лавлагаанд: эмэгтэй, регистрийн дугаар: БЮ0000000, иргэний бүртгэлийн дугаар: 831647331697, овог: Б, эцгийн нэр: Ж, өөрийн нэр: Ж, ашиглах зориулалт: бусад гэж тус тус бүртгэгдсэн байна.
6.2.Б аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 134 дугаартай тодорхойлолтод ... Х овогтой Игилик рд:БД00000 нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг. Х овогтой Игилик, Ж овогтой Ж нар нь эхнэр нөхөр ба дундаасаа 4 хүүхэдтэй. Гэр бүл болсноос хойш тус багт амьдарч байгаа нь үнэн болно гэж, мөн тус сумын Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тодорхойлолтод ... Х.И нь тус сумын 7 дугаар багийн иргэн. Ам бүл 6, эхнэр Ж.Ж болон 4 хүүхдийн хамт амьдардаг. Х.И, Ж.Ж нар нь эхнэр, нөхөр болох нь үнэн болохыг тодорхойлов гэж тус тус тодорхойлсон байна.
6.3.Б аймгийн Ө сумын 3 дугаар багийн иргэн К.Б-ын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ... Миний бие Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, Б сумын уугуул иргэн бөгөөд 2011 онд аймгийн төвд нүүж ирсэн. Х овогтой Игилик нь Б сумын уугуул иргэн бөгөөд 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус сумын иргэн Ж овогтой Ж-тай гэр бүл болж, дундаасаа 6 хүүхэдтэй болсон бөгөөд тэднээс 4 хүүхэд нь амьд сэрүүн байна. Манайх нэг сумын иргэд бөгөөд гэр бүл болсон болохыг айл хөрш, хамт амьдарч байсан хүний хувьд сайн мэддэг ба одоо хүртэл хамт амьдарч байгаа нь үнэн болно гэжээ.
Мөн Б сумын 6 дугаар багийн иргэн Ш.А-ны нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолтод ... Х.И нь Б сумын уугуул иргэн ба надтай нэг омгийн хүн бөгөөд 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус сумын иргэн Ж овогтой Ж-тай гэр бүл болж, дундаасаа 6 хүүхэдтэй болсон гэжээ.
6.4 Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/403 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Х.И-ийн Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ... 12.Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр Ж Ж, регистрийн дугаар БД000000... гэж, мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг 18.Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: эхнэр: Жанылган, регистрийн дугаар: БД00000000, гэрчилгээний дугаар: БӨ000000 ... гэж, мөн Ж.Жы ... Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн, хэд дэх: нэг, гэрлэсэн он: 1996, гэрчилгээний дугаар: 26, ... 18.Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: нөхөр: И, регисрийн дугаар: БД0000000 ... гэж тус тус бүртгэгдсэн байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/403 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х.И, Ж.Ж нарын ИУБ-31, ХААТР-21, ИУБ-18, ХААТР-7, ХААТР-1 маягтууд, Б аймгийн Б сумын багийн Засаг дарга болон тус сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр хүсэлт гаргагч Х.И болон Ж.Ж нар нь хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр охин И.К, 1999 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү И.Т, 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдөр охин И.Ж, 2003 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүү И.Т, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүү И.Т нар төрсөн, одоо хүсэлт гаргагч Б аймгийн Б сумын 7 дугаар багт оршин суудаг зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
8. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан.
Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12/403 дугаартай ... тус иргэд /Х.И, Ж.Ж/-ийн гэрлэсний бүртгэлийг цахим архиваас шүүж үзэхэд гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх албан бичгээр хүсэлт гаргагч Х.И болон Ж-ийн Ж нар нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
9.Иймд хүсэлт гаргагч Х.И-ийн Ж овогтой Ж-тай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б овогт Х.И-ийн Б овогт Жийн Жтай 1995 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК