Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 302/ШШ2025/00372

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 302/ШШ2025/00372

Баян-Өлгий аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Х овогт М.А

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 15,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:                                         

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б,

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д,

Иргэдийн төлөөлөгч Б.К,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.А нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 15,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 35,000,000 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.А нь Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Б аймгийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2313003800370 дугаар бүхий тогтоолоор Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.С 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр нас барсны улмаас гарсан сул орон тоонд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаартай захирамжаар төрийн улс төрийн албанаас чөлөөлөгдөж ажилгүй байсан А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусад давуу байдал бий болгож, улсын төсөвт 5,536,267 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байгаа.

1.2.Тухайн хэрэг дээр Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулж, хэргийн материалтай танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж,  прокурорын газарт шилжүүлсэн байгаа. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлэхээр Б аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх нь тухайн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолоор М.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан этгээд хохирол төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй болохыг тухайн тогтоолд дурдаж шийдвэрлэсэн байгаа.

1.3. Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос анхан шатны шүүхийн тогтоолыг прокуророос эс зөвшөөрч эсэргүүцлийг бичсэн байгаа.  Эсэргүүцлийг Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, мөн өдрийн 42 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолоор хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ хэрэг дээр дараа нь прокуророос хяналтын журмаар эсэргүүцэл бичээгүй учраас шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.4. М.А энэ хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэг эцэслэн шийдвэрлэх өдөр хүртэл нийтдээ 9 сар хүртэл нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санааны хохирол амсаж, эд хөрөнгийн тодорхой хэмжээний хохирол хүлээсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн зүйлийн 45.8.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэж заасан байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэгч М.А итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

1.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан байгаа. Энэ хүрээнд М.А 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Х.Бакен, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  өмгөөлөгч С.Н, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.Дтай тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 3 хүнээр эрх ашгаа хамгаалуулсан. Эдгээр гэрээний хүрээнд өмгөөлөгч Х.Бакенд нийт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч С.Н-т 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Б.Дд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр нийтдээ өмгөөллийн хөлсөнд 15,000,000 төгрөг төлсөн байгаа. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байгаа.

1.6.Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4.1 дэх хэсэгт сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхээр зохицуулсан хуулийн зохицуулалт байгаа. Энэ хүрээнд нийтдээ сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгч М.Аийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд болон сэтгэцийн хор уршигт нэхэмжилж байгаа. Тухайн үед М.А нь Д сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Нийтдээ 9 сарын хугацаанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2 шатны шүүх хуралдаанаар хэрэг нь хэлэлцэгдэж нэр төр, алдар хүнд нь унасан. Хэрэг дээр шалгагдаж байх хугацаанд Д сумаас удаа дараа ирж оролцож, нэлээн зардал гарсан. Нийтдээ 15 удаа ирж, буцсан гэж тодорхойлсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дахь хэсэгт зааснаар унаа, хөлстэй холбоотой зардлыг нэхэмжлэх үндэслэл байхгүй учраас сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхээр нэхэмжлэл гаргасан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж өгөхийг  хүсэж байна гэжээ.

 

2.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Миний бие шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргах нь зүйтэй гэж үзэж байна.

2.1.Хууль тогтоомжийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрх үүссэн байна. Мөн хуульд заасан шаардах эрх буюу үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсан уг асуудал дээр нэхэмжлэгч М.Аийн хувьд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлээс нотлох баримттай хэсгийн хүрээнд 9 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч М.Аийн хувьд нийтдээ 35,000,000 төгрөг шаардаж байгаа. 35,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг өмгөөлөгч Х.Бакен, С.Н, Б.Д нарт шилжүүлсэн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байсан. Тухайн өмгөөлөгч нар мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэлийн тухайн хэсгийг хүлээн зөвшөөрч, 9,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзсэн.

2.2.Бэлнээр өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг өгсөн гэх асуудал байгаа. 6,000,000 төгрөгтэй холбоотой санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгсөн. Тухайн анхан шатны баримт нь дэлгүүрт зарагддаг баримт байгаа. Хоёр талаасаа гарын үсгээ зураад гаргаж өгсөн юм байна. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч хаанаас яаж олж авсан, Б.Д өмгөөлөгч үнэхээр тухайн мөнгийг авсан бол татвар төлсөн эсэх тухай баримтыг шүүхэд гаргаж өгвөл тухайн нотлох баримтад дүгнэлт хийх байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлүүлье гэж бодсон. Энэ нь цаанаа ямар ач холбогдолтой байгаа вэ гэвэл нэг төрлийн кейс дээр Засгийн газрын нөөц сангаас мөнгө төгрөг нэхэмжлэх этгээд ийм төрлийн баримт гаргаж ирээд явж байгаа. Энэ хэрэг дээр бас жишиг тогтоох үйл баримтыг шүүхээс анхаарч үзээд хэрвээ татвар төлсөн байвал тухайн баримтыг гаргуулж, хэргийг шийдвэрлэх нь цаашид энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд ямар нэгэн маргаангүйгээр хэргийг шийдвэрлэх жишиг тогтох болов уу гэж хүсэлт гаргасан боловч шүүхээс хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг хэргийн хүрээнд нотлох баримт хангалтгүй байгаа учраас 6,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.3.Нэхэмжлэл дээр дурдсан 2 дахь агуулгын хүрээнд сэтгэцэд учирсан хор уршиг, нэр төр алдар хүнд гутаан доромжлогдсон гэдэг асуудлыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Дээрээс нь хэрхэн яаж гутаан доромжлуулсан, хэрхэн сэтгэл санаагаар хохирсон талаарх үйл баримтыг илтгэх нэхэмжлэлд хавсаргасан материал байхгүй. М.А нь одоо ямар ажил эрхэлж байгаа вэ гэдгийг судалж үзсэн. Д сумын Засаг даргаар ажиллаж байгаа юм байна. Гэхдээ тэр хүний нэр төр олон нийтийн өмнө гутаан доромжлогдож, нэр төр нь унасан үйл баримт харагдахгүй байгаа учраас  уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Кадирбек: “М.А нь 35 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар нэхэмжлэгчээс Х.Бакенд олгосон итгэмжлэл, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/157 дугаартай цагаатгах тогтоол, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/42 дугаар магадлал, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х.Б-тэй байгуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ хавсралтын хамт, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Н-тай байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Б.Д-тай байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавсралтын хамт, М.А-ийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Нэхэмжлэгч М.Аийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирол 15,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, бүгд 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч М.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б аймгийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчдаар татах тухай” 2313003800370 дугаар тогтоолоор Д сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарий бичгийн дарга С.С нас барсны улмаас гарсан сул орон тоонд А.Н-ийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал би болгож, улсын төсөвт 5,536,267 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тухайн хэрэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Б аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/157 дугаартай цагаатгах тогтоолоор М.Ад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан. М.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Х.Бакен, С.Н, Б.Д нартай хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж эрх ашгаа хамгаалуулсан. Гэрээний дагуу өмгөөлөгч Х.Бакенд 2,500,000 төрөг, өмгөөлөгч С.Нт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Б.Дд 10,000,000 төгрөг, нийтдээ өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа авсны хөлсөнд 15,000,000 төгрөг төлсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу сэтгэл санааны хохиролд 20.0 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.

7. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: М.Аийн хувьд өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэлээс нотлох баримттай хэсгийн хүрээнд 9 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч М.Аийн хувьд нийтдээ 35,000,000 төгрөг шаардаж байгаа. 35,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөг өмгөөлөгч Х.Бакен, С.Н, Б.Д нарт шилжүүлсэн дансны хуулга хавтаст хэрэгт авагдсан байсан. Тухайн өмгөөлөгч нарт мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон учраас нэхэмжлэлийн тухайн хэсгийг хүлээн зөвшөөрч, 9,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзсэн. Нотлох баримт хангалтгүй байгаа учраас өмгөөлөгчид бэлнээр өгсөн гэх 6,000,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хор уршиг, нэр төр алдар хүнд гутаан доромжлогдсон гэдэг асуудлыг миний зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл хавтаст хэрэгт үүнтэй холбоотой гаргаж өгсөн нотлох баримт байхгүй байна. Дээрээс нь хэрхэн яаж гутаан доромжлуулсан, хэрхэн сэтгэл санаагаар хохирсон талаарх үйл баримтыг илтгэх нэхэмжлэлд хавсаргасан материал байхгүй. Аийн нэр төр олон нийтийн өмнө гутаан доромжлогдож, нэр төр нь унасан үйл баримт харагдахгүй байгаа учраас  уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8.1. Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолоор Б аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн М.А-д холбогдох 00000000000 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, М.А-ийг цагаатгасан байна.

8.2.Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолтой, Ад холбогдох 2313003800370 дугаартай эрүүгийн хэргийг  прокурорын эсэргүүцлийг үндэслэж хянан хэлэлцээд 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/42 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8.3.Нэхэмжлэгч М.А  нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өмгөөлөгч Х.Б-тэй  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, өмгөөлөгч С.Нтай 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр, өмгөөлөгч Б.Дтай 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус тус өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байх ба дээрх гэрээнүүдээр үйлчилгээний төлбөрт төлөх хөлс, тухайн хөлсийг төлөх хугацаа, журмын талаар  харилцан тохиролцсон байна

8.4.ХААН банкны харилцагч М.Аийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний хүртэлх Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 5000000000 дансанд харьцаж “аву өмгөөлөл хөлс” гэсэн утгаар 500,000 төгрөгийн, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5180089338 дансанд харьцаж “Аээс өмгөөллийн хөлс” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийн, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5194051332 дансанд харьцаж “А өмгөөлөгч” гэсэн утгаар 1,250,000 төгрөгийн, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5194051332 дансанд харьцаж “Аээс өмгөөллийн хөлс” гэсэн утгаар 1,250,000 төгрөгийн, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 00000 дансанд харьцаж “Аээс өмгөөллийн хөлс” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 00001  дансанд харьцаж “Аээс өмгөөлөгч” гэсэн утгаар 2,000,000 төгрөгийн зарлага тус тус гарсан болох нь тогтоогджээ.  Мөн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар өмгөөлөгч Б.Дд М.Аээс өмгөөллийн хөлсний үлэгдэл төлбөрт 6,000,000 төгрөг өгсөн болох нь нотлогдсон байна.

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлгөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарласан ба төрийг төлөөлж оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь үндэслэлгүй гэж маргажээ.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх бөгөөд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 157 дугаартай цагаатгах тогтоолоор Б аймгийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн М.А-д холбогдох 00000000 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, М.Аийг цагаатгасан байх тул нэхэмжлэгч нь хохирол нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй байна.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн төлүүлэхээр зохицуулсан байх ба нэхэмжлэгч М.А 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Х.Бакен, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  өмгөөлөгч С.Н, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.Д нартай тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр тохиролцсоны дагуу өмгөөлөгч Х.Бакенд нийт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч С.Нт 2,500,000 төгрөг, өмгөөлөгч Б.Дд 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх тул хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй байна.

12. Нэхэмжлэгч М.А нь сэтгэл санааны хохиролд 20.0 сая төгрөг нэхэмжилсэн ба энэхүү нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг гэж тайлбарласан байна.  Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч М.А нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.

Алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч нараас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Иргэний нэр төр алдар хүндийг гутаасан гэдэгт бодит байдал нийцэхгүй байдлыг өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч М.Аийн нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээ тараасан тухай нотлох баримтгүй байна.

Нэхэмжлэгч М.А нь сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж 20,000,000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

13.Иргэдийн төлөөлөгч Б.Кадирбек нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж дүгнэлт гаргасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг  гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

14. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15. Нэхэмжлэгч М.Аийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 15,000,000 (арван таван сая) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Ад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,000,000 (хорин сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.МЕЙРАМБЕК

                                                 ШҮҮГЧИД                              Б.МАНГИЛИК

                                                                                                К.БҮЛДИРГЕН