Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00566

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00566

 

 

 

Л.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00382 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Чын нэхэмжлэлтэй хариуцагч О.Эт холбогдуулан гаргасан зээлийн хүүг 3 хувь болгож бууруулах, хүүд төлсөн 16,200,000 төгрөгийг зээлд төлснөөр тооцуулах тухай үндсэн, зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвнямхариуцагч О.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч Л.Чын нэхэмжлэлийн агуулга: О.Этай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай 15 000 000 төгрөг зээлдэн авсан. Энэ гэрээгээр хүү тохироогүй. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулж сарын 4,5 хувийн хүүтэй болгож, хугацаа нь хэвээрээ гэж өөрчилсөн. Энэ хугацаанд хүүг төлж байсан боловч зээлээ төлж чадахгүй болж 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 4,5 хувийн хүүтэйгээр гэрээг сунгасан. Гэтэл цар тахлын улмаас ажил зогссон учраас хүү болон үндсэн зээлээ төлж чадахгүй байгаа. Ковид цар тахалтай холбоотой түүнээс урьдчилан сэргийлэх Нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 зээлийн хүүг 3%, алдангийг 0,2%-аас хэтрүүлэхгүйгээр төлөх эрхтэй бөгөөд нэмэгдэл хүү, шимтгэл хураамжаас чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулсан. Иймд зээлийн хүүг 3 хувь болгон бууруулж, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд төлсөн 16,200,000 төгрөгийг зээлд төлснөөр тооцож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбарын агуулга: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг сарын 4,5%-ийн хүүтэй зээлж зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Талуудын хүсэл зоригоос үндэслэсэн гэрээнээс үзэхэд шүүх хөндлөнгөөс оролцон гэрээний нөхцөлийг өөрчилж зээлийн хүүг тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг сарын 4,5%-ийн хүүтэй байхаар зээлийн гэрээ байгуулсан. Хугацааг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1 жилээр сунгасан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж116 м.кв орон сууц, 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн төлбөр төлөөгүй зөвхөн хүү төлж байсан. Гэрээний дагуу 7,500,000 төгрөгийн алданги тооцсон. Иймд зээлдэгчээс үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Зээлийн хугацааг хэтрүүлж төлж байгаагүй, 2-3 хоног хэтрүүлдэг байсан нь үнэн. Анх хүү тохироогүй байхад 4,725,000 төгрөг төлсөн. Түүнээс гадна хуулиар 3 хувийн хүү тооцуулж, төлсөн төлбөрөө хасуулах, үлдэх төлбөрийг төлнө гэжээ.

 

5.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14-р зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг 3 хувь болгож бууруулахыг хүссэн Л.Чын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1, 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Лувсанцэрэнгийн Чулуунбаатараас 11 182 500 /арван нэгэн сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Оюунцэцэгийн Эрдэнэбаярт олгож, сөрөг нэхэмжлэлээс 11 317 500 /арван нэгэн сая гурван зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Л.Ч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203037779 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37-30 тоот 116 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2203000691 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37-30 тоот 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 270 450 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Чаас 193 870 /нэг зуун ерэн гурван мянга найман зуун дал/ төгрөг гаргуулж О.Эт олгож шийдвэрлэжээ.

 

6.    Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6а. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар зээлдэгч сар бүр 4.5 хувийн хүү төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон байгааг анхаараагүй. Зээлийн хүүг зээлийн үндсэн төлбөр төлсөн мэт тооцоолж суутгасан нь үндэслэлгүй.

6б. Шүүхийн шийдвэрээр зээлдэгч зээлдүүлэгчийн мөнгөн хөрөнгийг ашигласны төлөө зээлийн гэрээнд заасан сарын 4.5 хувийн хүүгийн төлбөрөөс шууд чөлөөлөгдөж байгаа агуулгатай байна. зээлдэгч зээлийн хүү төлсөн бөгөөд үндсэн зээлийн төлбөр төлөөгүй. Үндсэн зээлд 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7.    Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээгээ олохгүй байсан учраас нотариатад байсан хувийг авч нэхэмжлэл гаргасан. Дараа нь өөрийнхөө гэрээг олоход тус гэрээнд 4.5 хувийн хүүтэй гэсэн зүйл байхгүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүүг 4.5 хувийн хүүтэй гэж өөрчилсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.      Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын хүрээнд уг заалтыг хэвээр үлдээв. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах шаардлагатай байна.

 

2.      Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч О.Эт холбогдуулан зээлийн хүүг 3 хувь болгон бууруулах, хүүд төлсөн 16,200,000 төгрөгийг зээлд төлснөөр тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3.      Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаас 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлдэн авахаар тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулж, зээлийн хүүг сар бүр 4,5 хувь байхаар, 2020 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 21-ний өдөр өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл байхаар тус тус тохиролцсон байна. /хх 6-8/

 

3а. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

3б. Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд талууд сар бүр хүү төлөхөөр тохиролцохдоо зээлийн хүүгийн хэмжээг заагаагүй байх боловч зээлдэгч нь сар бүр зээлийн хүүд 675,000 төгрөг төлж байсан, улмаар талууд 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний хүүг анх зээл өгснөөс хойш сар бүр 4,5 хувиар тооцохоор тохиролцож, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлцлийг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд хийжээ.

 

3в. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Уг хуулийн 141дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заажээ. Зээлдүүлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

3г. Зээлдүүлэгч нь барьцаалан зээлдүүлэх газар биш боловч түүний байгуулсан зээлийн гэрээ нь хариу төлбөртэй, хүү тогтоосон агуулгатай байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно. Хуулийн уг заалт зээлийн хүүг бууруулах үндэслэлд хүүгийн хэмжээ зээлдэгчийн ашиг сонирхолд хохиролтой байх нөхцөлд хэрэгжих учиртай.

 

3д. Зохигчдын хоорондын зээлийн гэрээгээр тогтоосон хүүгийн хэмжээг Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141дүгээр зүйлийн 141.1-д заасан хүүгийн хэмжээтэй харьцуулахад зээлдэгчийн ашиг сонирхолд хохиролтой нөхцөл байдал гэж үзэхээр байна. Иймд цар тахлын үеийн нөхцөл байдалд зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн нөхцөл байдлыг харгалзан хүүг 3 хувь болгон бууруулахаар зээлдэгч шаардах эрхтэй. Тодруулбал, зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 04 дүгээр сарыг хүртэл 6 сарын хугацаанд сарын 4,5 хувийн хүүд 4,050,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарыг хүртэл 18 сарын хугацаанд сарын 3 хувийн хүүд 8,100,000 төгрөг, нийт 12,150,000 төгрөгийг зээлийн хүүд төлөх үүрэгтэй байна. Талууд зээлдэгчийг зээлийн гэрээний үүрэгт 15,200,000 төгрөг төлсөн талаар маргаагүй болно.

 

3е. Иймд зээлдэгч нь үндсэн зээлд 15,000,000 төгрөг, зээлийн хүүд 12,150,000 төгрөг, нийт 27,150,000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс түүний төлсөн 15,200,000 төгрөгийг хасахад нийт 11,950,000 төгрөг төлөхөөр байна.

 

4.   Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Энэ хэмжээ нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Уг хуулийн 141дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт ... алдангийн хэмжээг өдрийн 0,2 хувиас хэтрүүлэхгүй тооцно гэж заасантай харьцуулахад алдангийн хэмжээг хэт өндөр гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг багасгах үндэслэлтэй. Гэрээний хугацаа дууссан 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд анзын хэмжээг 0,2 хувиар тооцоход алдангид 1,434,000 төгрөгийг төлөхөөр байна.

 

5.   Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 37-30 тоот 116 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2203000691 дугаарт бүртгэгдсэн 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1. 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 49-50/

 

Иймд нэхэмжлэгчээс үндсэн зээл, хүү, алдангид нийт 13,384,000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 232.6 гэснийн 232.8 гэж, 11,182,500 /арван нэгэн сая нэг зуун наян хоёр мянга таван зуу/ гэснийг 13,384,000 гэж, 11,317,500 /арван нэгэн сая гурван зуун арван долоон мянга таван зуу гэснийг 9,116,000 гэж, дэх заалтын 193,870 /нэг зуун ерэн гурван мянга найман зуун дал гэснийг 224,870 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 196,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ