| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0178/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-05-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, улсын яллагч Б.Баярхүү, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Мөнхөөгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810004230176 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1957 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Ардын армийн шүүхийн 1976 оны 44 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 200.а, 109.б дэх хэсэгт тус тус зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1981 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 1982 оны 29 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 168.б, 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, 1983 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Төв аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 247 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2, 239 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 441 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Мөнхөөгийн Г.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” төвд иргэн Г.Гын лангуунаас гар утасны чихэвч, цэнэглэгч зэрэг дагалдах хэрэгслүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Г: “...Цагаан сар болох гээд өмсөх дээлээ бэлдэнэ гээд хоёр дүүгийн хамт “Мишээл экпсо” төв явсан, тэнд хүн ихтэй байсан учир би дүүгээсээ салчихсан, тэгээд явж байхад нэг лагнууны араар шар тортой зүйл уначихсан байхаар нь тэрийг аваад шууд тэндээс гараад дүүгийн машинд суусан, их удалгүй бид гэртээ харьцгаахаар машинтайгаа хөдөлсөн. Машинд явж байхад дүүгийн гар утас дуугараад утсаар ярьсны дараа та хүний юм хулгайлсан байна гээд бид нар цагдаагийн хэлтэс рүү явж, авсан юмыг эзэнд нь хүлээлгэж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өмнө нь ингэж хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаагүй, өндөр настай байдлыг минь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна, нэг удаа боломж олгоно уу, би тэр шоронд орвол үхнэ, амьд байхгүйгээ мэдэж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Мишээл экспо” худалдааны төвд гар утасны дагалдах хэрэгсэл зардаг байсан. 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын үед бие засах гээд хажууд зогсож байсан охиндоо бараагаа захиад явж байтал араас хажуу талын охин залгаад таны лангуун доороос шар тортой эд зүйлийг чинь хулгайч аваад явчихлаа гэсэн. ...“Айфон 5”-аас дээшээ бүх загварт нь таарах андройд загварын гар утасны цэнэглэгч, утасны чихэвч зэрэг эд зүйлс байсан. ...30 ширхэг чихэвч, 25 ширхэг айфон утасны цэнэглэгч, 25 ширхэг андройд утасны цэнэглэгч зэрэг нийт 80 ширхэг эд зүйл байсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч Г.Золжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Цагаан сараар өмсөх дээл авна гээд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ах Г, дүү Ариунзул нарын хамтаар өдрийн 14:00 цагийн орчим гарсан. Мишээл экспо худалдааны төвд очоод Г ах бид хоёр түрүүлж ороод дээл үзээд явсан юм. Тухайн үед Мишээл экспо төв дотор маш их хүнтэй байсан учир Г ах байхгүй болчихсон байсан. Тэгээд дээл үзээд явж байхад Ариунзул ирээд би гараад байж байя, та араас гараад ирээрэй гээд гарсан. Дээлний үнэ ханшаа үзчихээд гарахад тэр хоёр хоёулаа машинд сууж байсан. Тэгээд бүгдээрээ харьсан. Дүүгийн гэрийн ойролцоо ирж байхад цагдаагаас ярьж байна гэж манай дүү Ариунзул руу залгахаар нь Г ахыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс рүү буцаж очоод эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Г.Ариунзул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...14 цаг өнгөрч байхад эгчийн гэрээс гараад Мишээл экспо худалдааны төв рүү явсан. Мишээл экспо төвд ирээд эгч Золжаргал, нагац ах Г нар түрүүлж ороод би машинаа байрлуулчихаад араас нь ороод охиндоо нэг хүчилтөрөгчийн коктейл авч уулгаад ах эгч хоёртой тойроод явж байсан чинь манай охин жижигхэн цүнх хараад тэрийг авья гэхээр нь 6.000 төгрөгөөр авсан. Мишээл экспо төвд хүн ихтэй байхаар нь эгч Золжаргалд би түрүүлж гараад машиндаа сууж байя гэсэн. Тэгээд машиндаа сууж байхад Г ах 10-20 минутын дараа гарч ирээд удалгүй эгч гарч ирээд бид нар явсан. Миний машин дээр бүртгэлтэй дугаарыг манай эгч Золжаргал барьж байгаа. Амгалан орчим явж байхад эгч утсаар ярьчихаад эргэж хараад Г ахыг та яах гэж шал дэмий юм хийж бусдын эд зүйлийг хулгайлж байгаа юм бэ, цагдаагийн газраас залгаж байна гэсэн. ...Цагдаа дээр очоод М.Г ахын хулгайлсан шар өнгийн тор дүүрэн утасны чихэвч болон дагалдах хэрэгслүүдийг эзэнд нь хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Шүүгдэгч М.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Г.Золжаргал 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цагаан сараар өмсөх дээл авна гээд Мишээл экспо төв рүү дүү Ариунзулын машинд дайгдаад хамт явсан. Очоод Ариунзул машинаа байрлуулж, Золжаргал бид хоёр хамтдаа Мишээл экспо төв рүү орсон боловч дотор ороод салчихсан. Дотор маш хүчтэй шахцалдаад байсан. Тэгээд ширээн дор нэг сул шар тортой зүйл байхаар нь аваад гарчихсан. Гараад машиндаа суугаад хүлээж байтал Золжаргал ирээд бүгдээрээ харихаар явцгаасан. Тэгээд замд явж байтал манай дүү Ариунзул руу цагдаагаас залгасан. Ариунзул та юм хулгайлсан юм уу гээд над руу уурлахаар нь тийм гээд хоёр дүүгийн хамт буцаж очоод эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 33-35/ гэсэн мэдүүлгүүд,
- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25/,
- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4/,
- Шүүгдэгч М.Гийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэх болон оршин суугаа хорооны лавлагаанууд /хх-ийн 38-39, 41-48/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” төвд иргэн Г.Гын лангуунаас гар утасны чихэвч, цэнэглэгч зэрэг гар утасны дагалдах хэрэгслүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Гын “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 30 минутын үед хажуу лангууны охин залгаад таны лангуун доороос шар тортой эд зүйлийг чинь хулгайч аваад явчихлаа гэсэн. ...Айфон 5-аас дээшээ бүх загварт таарах андройд загварын гар утасны цэнэглэгч, утасны чихэвч зэрэг эд зүйлс байсан. ...30 ширхэг чихэвч, 25 ширхэг айфон утасны цэнэглэгч, 25 ширхэг андройд утасны цэнэглэгч зэрэг нийт 80 ширхэг эд зүйл байсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч Г.Золжаргалын “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...Мишээл экспо төвд маш их хүнтэй байсан учир Г ах байхгүй болчихсон байсан. ...Дүүгийн гэрийн ойролцоо машинтайгаа гэрт нь ирж байхад цагдаагаас ярьж байна гэж манай дүү Ариунзул руу залгахаар нь Г ахыг хулгай хийсэн гэдгийг мэдсэн. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс рүү буцаж очоод эд зүйлийг нь хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Гэрч Г.Ариунзулын “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...машиндаа сууж байхад Г ах 10-20 минутын дараа гарч ирээд удалгүй эгч гарч ирээд бид нар явсан. Амгалангийн ойролцоо явж байхад эгч утсаар ярьчихаад эргэж хараад Г ахыг та яах гэж шал дэмий юм хийж бусдын эд зүйлийг хулгайлж байгаа юм бэ, цагдаагийн газраас ярьж байна гэсэн. ...Цагдаа дээр очоод М.Г ахын хулгайлсан шар өнгийн тор дүүрэн утасны чихэвч болон дагалдах хэрэгслүүдийг эзэнд нь хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 19-20/ гэсэн,
Шүүгдэгч М.Гийн “...2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ...ширээн дор нэг сул шар тортой зүйл байхаар нь аваад гарчихсан. ...хоёр дүүгийн хамт буцаж очоод эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 33-35/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл үнэлгээ /хх-ийн 25/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч М.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Гт 560.000 төгрөгийг хохирол учирсан /хх-ийн 23/, шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нь “ямар нэгэн гомдол санал, байхгүй. Алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан” гэсэн /хх-ийн 13/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх, шүүгдэгч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Г нь одоо 61 настай байх тул түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.
Эрүүгийн 1810004230176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт М.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд М.Г-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг М.Г-д анхааруулж мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810004230176 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон М.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР