| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 2223002090050 |
| Дугаар | 2024/ДШМ/39 |
| Огноо | 2024-09-26 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/39
М.Пүрэвбаасанд холбогдох эрүүгийн
хэргийн талаар
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Ариунбаяр, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн
Прокурор Б.Сансарбаяр
Шүүгдэгч М.Пүрэвбаасан
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн
Шүүгдэгчийн өмгөөлөг Б.Бат-Ерөөлт /цахимаар/ Хохирогчийн өмгөөлөгч С.Чинзориг /цахимаар/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Пүрэвбаасан болон түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдах гомдлоор М.Пүрэвбаасанд холбогдох 2223002090050 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, малчин, ам бүл-3, аав, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн Идэр сумын Дархан-Уул багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Солгой овогт Мөнхтөрийн Пүрэвбаасан /регистрийн дугаар: ИЖ97080113/
Шүүгдэгч М.Пүрэвбаасан нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутагт хохирогч Г.Баярмаагийн хамт өөрийн эзэмшлийн 56-59 ЗАН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ тус багийн нутаг “Хөшөөтийн бэл” гэх газарт хохирогч Г.Баярмаатай бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг машинаас түлхэж унагаан, түүний эрүүл мэндэд баруун 1-10-р хавирганы хугарал, баруун уушгины задрал, урагдтал, цээжний хөндийд хий, цус хуралт, элэгний няцрал, дагзны хуйханд сорви гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Солгой овогт Мөнхтөрийн Пүрэвбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвбаасанг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвбаасанд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгчид 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй хохирогч баримтгүй нэхэмжилсэн 5,963,554 төгрөгийн зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Пүрэвбаасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Миний хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, болон тайлбартаа: ...Уг тогтоолд М.Пүрэвбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэсэн хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцон, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоожээ. Шүүх М.Пүрэвбаасангийн гэм бурууг тогтоохдоо хохирогч Баярмаа, гэрч Г.Гарамханд, Бямбарагчаа Ойгончимэг нарын мэдүүлэг, шинжээчийн 2022.12.02 ний өдрийн №15519 дугаарын дүгнэлт зэргийг үндэслэжээ. Хохирогч Баярмаа, шүүгдэгч Пүрэвбаасан нар нь тухайн үед Сайнаа гэх этгээд Пүрэвбаасангийн үхрийг тасдан хөөсөн гэх, Баярмаагийн ярьсан яриа үнэн эсэхийг тогтоолгохоор Сайнаатай (Сайнбаяр) уулзахаар явах үед Баярмаа машинаас унах болсон шалтгааныг тогтоолгүй, бэлчээрээс болсон мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Хохирогч Баярмаа мэдүүлэгтэй (Шүүхийн хэлэлцүүлэг) …миний урдуур гараа явуулаад хаалгаа хурдтай явж байхдаа хаалгаа онгойлгоод баруун гараараа миний зүүн тал руу түлхэхэд газарт унасан гэх боловч хохирогчоор өгсөн мэдүүлгүүдэд түлхэж унагасан талаар мэдүүлдэггүй байснаа шүүх хурал дээр тодорхой мэдүүлж, мэдүүлгүүдэд зөрүүтэй байдал үүсэж, 2022.10.21 өгсөн мэдүүлгээс илт зөрүүтэй, гэрч Г.Гарамхандын …намайг очиход Бямбарагчаа Ойгончимэг нар Баярмаагийн хажууд байсан гэж хэлдэг. Гэтэл гэрч Бямбарагчаагийн мэдүүлснээр анх очоогүй Гарамхандыг ирэхэд байгаагүй мэтээр мэдүүлэг өгсөн эргэлзээтэй байдлыг үүсгэж байгааг дүгнээгүй. Хохирогч Баярмаагаас шүүхийн хэлэлцүүлгийн явцад ямар эсэргүүцэл явуулсан вэ? Гэхэд, ямарч хүн хариулт өгөхгүй байсан нь эргэлзээтэй (хурлын тэмдэглэл 17хд) мөн хохирогчийн мэдүүлснийг шалгах явцад хийсэн тэмдэглэлд төмөр тавьсан газар нь миний унасан газар мөн гэжээ. Энэ машинаас тодорхой хол зайд Баярмаа унасныг шүүх дүгнээгүй. Иймд хохирогч Баярмааг түлхэж унагаасан гэх эх сурвалжаа цааш зааж өгч чадахгүй эргэлзээтэй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотолбол зохих байдлыг хангалтай шалгаж тодруулаагүй байхад тогтоосон мэтээр (эргэлзээтэй) дүгнэлт хийсэн ЭХХШ хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тул хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Мөн гэрч Баярмаагийн мэдүүлэгт …Тухайн үед Гарамханд эгч манай эхнэр Ойгончимэг Цагаанаа буюу Пүрэвбаасан надад Баярмаа эгч машинаас үсэрчихсэн гэсэн мэдүүлэг гэрч Пүрэвбаасан гэрчээр байцаасан мэдүүлэг, -гэрч Ойгончимэгийн мэдүүлэг (2022.12.22-ны) машинаас үсэрчихлээ гэсэн, -гэрч Одонтуяагийн …Пүрэвбаасан манайд ирээд Баярмаа уначихлаа та 2 очоодхооч гэсэн мэдүүлгүүдэд дүгнэлт хийгээгүй болно. Пүрэвбаасан Баярмаа нар нь яг юунаас болсон шалтгааныг тогтоогоогүй мөн Баярмааг түлхсэн үү? үсэрсэн үү? гэдгийг тогтоогоогүй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдлыг тогтоогоогүй байхад гэм буруутай гэсэн үндэслэлгүй ба нотлох баримтуудаар эргэлзээтэй байдал үүссэн тул шүүгдэгчдэд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Баярмааг Пүрэвбаасан түлхэж унагаасан уу? эсвэл Баярмаа машинаас үсэрсэн үү? гэдэгт шалтгаан холбоо бүрд нотлогдоогүй байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд тавигдах хууль зүйн шаардлагыг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хангаагүй. Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны байх зарчимд нийцэх ёстой. В.Содномцэрэн өмгөөлөгчийн гаргаж буй саналыг няцаасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо заагаагүй. Яллах, цагаатгах нотлох баримтыг үгүйсгэж байгаа нөхцөлийг мөн шийтгэх тогтоолд тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэрч гэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрх зүйн байдлыг хуульчлан тогтоосон байдаг. Гэрч гэдэг нь хэрэгт гаднын нөлөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж буй этгээдийг хэлнэ. Гэрчид худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулсан байдаг болохоор нотлох баримтын хүрэлцэхүйц байдлыг хангаж байдаг. В.Содномцэрэн өмгөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо миний үйлчлүүлэгчийн гэм бурууг гэрч н.Бадамсүрэн, Отгонсүрэн, Оюунтуяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон. М.Пүрэвбаасанг гэм буруутай тооцох үндэслэлээ заасан. В.Содномцэрэн өмгөөлөгчийн байр суурийг няцаасан нотлох баримт байхгүй байна. В.Содномцэрэн өмгөөлөгч дэлгэрэнгүй тайлбарласан. Гэрчийн мэдүүлгийн ангиллыг анхан шатны шүүх тогтоолын үндэслэлээ сайн тогтоогоогүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, хохирогч Г.Баярмаагийн мэдүүлэг, шүүгдэгч М.Пүрэвбаасан нарын мэдүүлэгт ...түлхсэн, түлхээгүй гэсэн эсрэг байр суурьтай байсан. Хохирогчийн мэдүүлэг бусад ямар нотлох баримтаар нотлогдож буй талаар заахдаа гэрч Гарамхандын мэдүүлгийг шүүхийн тогтоолд үндэслэл болгосон. Хавтаст хэрэгт авагдсан Гарамханд нь хохирогчтой ах дүү, төрөл садангийн холбоотой хүмүүс. Гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой байдал эргэлзээтэй байна. Гэрч Отгончимэг нь оролцогч нартай ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогүй хүн. Хэрэгт нотолгооны чанартай мэдээлэл өгсөн нь ганцхан гэрч Отгончимэг гэж үзэж байна. Гэрч Отгончимэг мэдүүлэгтээ “... 17 цагийн орчимд Цагаанаа буюу М.Пүрэвбаасан нь машинаасаа уйлж бууж ирээд надад энэ авгай чинь машинаасаа үсэрчихлээ...” гэж хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Отгончимэгийн мэдүүлэг нь хохирогчтой төрөл садан Гарамхандын мэдүүлгээр няцаагдаж байгаа юм уу?. Гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байдал үүсгэж байгаа эсэхийг шүүх дүгнээгүй. Дүгнэлт хийхгүйгээр гэрч Гарамхандын мэдүүлгийг үнэн бодитой байна гэж үнэлсэн нь нотолгооны ач холбогдол, нотлох баримтын чиглэл, үнэлэгдэхүйц байдлыг дутуу хангаж байна. Гэрч Бямбарагчаагийн мэдүүлгийг үнэлсэн байдаг. Гэрч Бямбарагчаагийн мэдүүлэгт тэнд хүмүүс байхаар нь очсон. Хэн хэн байсан талаар мэдүүлсэн байдаг. Гэрч Бямбарагчаагийн мэдүүлэг нь нотолгооны ач холбогдолгүй байна. Нотолгооны хязгаар дам нотлох баримт байна. Шууд эх сурвалжаа заахгүйгээр болсон үйл явдлыг бусад эх сурвалжаас авч мэдүүлж байгаа гэрчийн мэдүүлгийг дан нотлох баримт гэж үзнэ. Анхан шатны шүүх гэрч Гарамханд, Г.Баярмаа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Нотлох баримтын хүрэлцэхүйц байдал, нотолгооны хэмжээ хязгаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолгооны нөхцөл байдал гэмт хэргийг хэн, хаана, хэзээ, хэрхэн үйлдсэнийг бүрэн нотлоогүй байна гэж үзэж байна. Миний гаргаж буй эргэлзээ бүхий нөхцөл байдал, анхан шатны шүүхээр хэлэлцээгүй нотлох баримт байна. Үүнд, мөрдөн байцаалтын шатанд хийсэн туршилтын ажиллагаа байгаа. Мөрдөн байцаалтын явцад туршилт хийсэн талаар дурдсан болохоос туршилтаар нотлогдон тогтоосон бусад нотлох баримтад дүгнэлт хийгээгүй. Нотлох баримтыг жагсаалт байдлаар оруулсан. Мөрдөн байцаалтын туршилтыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам туршилтын явцад зөрчигдсөн. Шүүгдэгчийг өөрийн эзэмшлийн машинд нь суулгаад мөрөөрөө түлхэх, биеэрээ налах боломжтой байна гэж дүгнэсэн. 20-30 километр цагийн хурдтай тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод мөрөөрөө түлхэхэд сууж явсан хүн унасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Налахад хүн унах гэх үйлдлийн шинжийг огт ойлгохгүй байна. Улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдсанаар тээврийн хэрэгсэлд сууж яваа хүнийг мөрөөрөө түлхээд унагаах нь байж боломгүй нөхцөл байдал байна. Энэ нь баттай нотлогдон тогтоогдоогүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Туршилтаар биеэрээ налаад, мөрөөрөө түлхсэн гэж бэхжүүлсэн байгаа боловч, миний үйлчлүүлэгчийн тээврийн хэрэгслийн цоожны хэсэгт анхаарлаа хандуулаагүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы цоожинд үзлэг хийсэн. Цоожинд үзлэг хийхэд жолоочийн баруун гар талд суусан хүн цоожийг биеэрээ хааж байна. Хохирогчийн мэдүүлэгт урд хайрцгийг онгойлгох гэж байна бодсон чинь машины хаалгаа онгойлгоод намайг түлхсэн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч цоожийг эх биеэрээ хааж суусан байгаа. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд дотроосоо цоож татахгүйгээр хаалга онгойх боломжгүй байна гэж дүгнэсэн. Машины хаалга дотроосоо цоож түлхэхээс нааш онгойх боломжгүй гэж тэмдэглэсэн байдаг. Хохирогчийн мэдүүлж байгаа шиг гараа оруулаад онгойлгох боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч 180 сантиметрийн өндөртэй хүн. Баруун гар тал руугаа гараа чиглүүлэхэд хаалганд гар хүрч байгаа нь хаалганы түгжээг онгойлгосон гэж хийсвэр дүгнэх боломжгүй юм. Туршилт нь мөрдөн шалгах ажиллагааны бие даасан төрөл гэж үзвэл, хохирогчийн мэдүүлэг бүхэлдээ няцаагдана. Анхан шатны шүүх үйл явдал болсны дараа очсон гэрчийн мэдүүлгийг үндэслэснээс мөрдөн шалгах ажиллагааны туршилтын ажиллагааг авч үзээгүй. Шүүгдэгч талаас хохирогчийг унасан эсэх дээр маргаагүй. Хохирогчийг М.Пүрэвбаасан түлхсэн эсэх дээр маргаж байна. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтэл хохирогчид учирсан эсэх дээр маргаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолын 3 дахь үндэслэлд дурдсанаар хохирогчийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэдэг. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь гараараа цохих, өшиглөх зэргийг ашигласны улмаас үүсдэг. Тээврийн хэрэгслээс унах тохиолдолд мохоо зүйлийн үйлчлэлээр гэмтэл үүсэж болох эсэх нь эргэлзээтэй. Шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан шинжлэх ухааны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүгдэгч, хохирогч нарын дунд болсон үйл явдлыг тогтооход тухайн нөхцөл байдлыг нүдээрээ үзээгүй гэрч нарын мэдүүлгээс илүү туршилтын үйл ажиллагаа, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн зэрэг ажиллагаануудаас дүгнэлт өгөх нь зүйтэй байх. Машинд сууж яваа хүнийг мөрөөрөө налах, түлхэх үед унах боломжтой эсэх асуудал яригдана. В.Содномцэрэн өмгөөлөгчийн ярьж буйгаар эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна. Эргэлзээ бүхий нөхцөл байдлыг Улсын Дээд Шүүхээс тайлбарласан тайлбар байдаг. Эргэлзээ бүхий нөхцөл байдалд 3 үндэслэлийг тусгасан. Нэгдүгээр үндэслэл нь үйл баримтыг тогтоож байгаа нотлох баримт нь хангалттай биш, хоёрдугаарт үйл баримтыг хэсэгчлэн биш, бүрэн тогтоогоогүй нөхцөл байдал, гуравдугаарт хууль тогтоомжийн эргэлзээ бүхий нөхцөл байдлын талаар тайлбарласан байдаг. Гуравдугаар үндэслэл өнөөдрийн маргаанд хамааралгүй юм. Хуульд заасан арга хэрэгслээр хэргийн бодит байдлыг тогтоох нь прокурор таны чиг үүрэг. Туршилтын үйл ажиллагааг хэргийн нөхцөлтэй адил түвшинд хийх нь чухал. Хуульд заасан арга хэрэгслээр хэргийн бодит байдлыг тогтоох боломж байна. Гэм буруу дээр маргаж байгаа ч хүнлэг ёсны үүднээс машинд нь сууж яваад гэмтсэн хүний эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргаж өгсөн. Энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зүйл биш юм. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа үндэслэл болгохдоо ...хохирол, нөхөн төлсөн байдлыг авч үзсэн. 2 талтайгаар тайлбараа гаргаж байна гэж бүү ойлгоорой. Хуульд заасан арга хэрэгслээр өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангаж оролцох үүрэгтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэх юм бол анхан шатны шүүхийн эрүүгийн хариуцлага оногдуулахдаа авч үзсэн нөхцөл байдал өнөөдөр өөрчлөгдсөн гэдгийг хэлье. Хохирогчийн өмгөөлөгч С.Чинзориг хохирогчийг хагалгаанд орох шаардлагатай гэж байна. Хохирогч нутаг усандаа сайхан намаржиж байгаа сураг сонссон. Дахин хагалгаанд оролцох талаарх баримтыг дахин шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй юм шиг байна. Хохирогчийн өмгөөлөгчийн тайлбар бодит байдалтай нийцэхгүй байна. М.Пүрэвбаасанд холбогдох хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын байр суурьтай холбогдуулан тайлбараа хэлье. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэдэгтэй маргаж байна. Хохирогч анх ухаан ороод М.Пүрэвбаасан намайг машинаас түлхчихлээ гэж хэлсэн байдаг. Үүнийг гэрч нар нотолдог. Гэрч нар ашиг сонирхлын зөрчилтэй байсан асуудлыг шалган тогтоогоогүй. Ашиг сонирхлын зөрчил ямар тохиолдолд үүсэх боломжтой юм. Хохирогч ухаан оронгуутаа М.Пүрэвбаасан намайг машинаас түлхчихлээ гэж хэлсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Бэлчээрийн асуудлаас болоод маргаан үүссэн байдаг. Машинд сууж явах үед бус, хэрэг гарахын өмнөх өдөр нь үүссэн байдаг. Үхэр малаа бусдын бэлчээр лүү тууж буй асуудалд бухимдсандаа үхэр малыг эргүүлэх ажилд нь цуг явахаар машинд нь суусан байдаг. М.Пүрэвбаасан энэ асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн байдаг. Танай гэрийн буусан бууц танай өмчлөлийнх өвөлжөө бусад газар нь улсын өмч хэн ч эзэмших эрхтэй гэж хэлээд уурлахад манай үйлчлүүлэгч олон жил айл айлын өвөлжөөнд бууж явах юм. Сум орон нутгийн удирдлагуудтайгаа ярилцаад өвөлжөөний газартай болж болно гэж хэлсний дараа М.Пүрэвбаасан нь дуугарахгүй байж байснаа машиныхаа урд талын хайрцгийг онгойлгох нь уу? гэж бодтол машины хаалганы түгжээг тайлж, түлхэж унагаасан гэдэг. Юу болсныг санахгүй байна гэдэг. Шүүгдэгчийн үйлдлийг эсэргүүцэх ёстой байсан. Болсон явдлыг санах ёстой байсан мэтээр шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн өмгөөлөгч ярьж байна. Туршилтаар тогтоогдсон зүйл нь жолооч эсрэг талынхаа хаалганд ямар байдлаар хүрч байгааг тогтоосон. М.Пүрэвбаасан бол өндөр, урт гартай хүн. Жолоочийн эсрэг талын хаалганд налах байдлаар чөлөөтэй хүрч байсан. Ийм нөхцөл байдлыг тогтоосон. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авахад намайг М.Пүрэвбаасан түлхсэн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж тайлбарлаж байна. Хохирогчийн мэдүүлгийг ямар баримтаар няцааж байгаа юм. М.Пүрэвбаасанг гүтгэж байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үзэж байх шиг байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ч болно. Гүтгэсэн зүйл байхгүй. М.Пүрэвбаасан олон хүнд Г.Баярмаа гэх хүн машинаас өөрөө үсэрсэн гэж ярьсан байдаг. Сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан мэтээр ойлгуулсан байдаг. Г.Баярмаагийн сэтгэц эрүүл эсэхийг шүүх шинжилгээний байгууллагаас шалган тогтоосон. Сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчин эмгэггүй. Эрүүл саруул хүн байна гэх дүгнэлт гарсан. Явж буй машинаас үсэрч өөрийн амь насаа хохироож болзошгүй нөхцөл байдалд оруулахыг эрүүл хүн хүсэхгүй. М.Пүрэвбаасан нь түргэн ууртай хүн гэсэн. Уурлахдаа хохирогчийг түлхэж унагаасан. М.Пүрэвбаасангийн хохирогчийг түлхсэн үйлдлийг прокурор, мөрдөгч тогтоосон. Ямар зорилгоор түлхсэн бэ? гэдгийг тогтоогоогүй. Хохирогчид хүнд гэмтэл учруулахаар түлхсэн гэж дүгнэсэн. Миний хувьд энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийг машинаас түлхэж унагаахад амь нас, эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж машинаас түлхсэн үйлдэл байдаг. Магадгүй автомашинаас унасны дараа машинаараа дайрсан үйлдэл хийсэн байх боломжтой. Машинаас унаснаар маш олон хавирга хугарах боломжгүй. Хохирогчийн баруун хавирга ташраараа хугарсан байдаг. Хохирогч хүнд гэмтэлтэй болсон. Машинаас унахад эдгээр гэмтлүүд учирна гэдэгт эргэлзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Машины дугуйнд дайруулсан үед учрах боломжтой гэмтлүүд байдаг. Миний үйлчлүүлэгч бол намайг алахыг завдсан. Дашцэрэнгийн мэдүүлгээр хохирогчийг ухаангүй байхад М.Пүрэвбаасан толгойг нь хучсан байсан. М.Пүрэвбаасан айлд ороод толгойгоо бариад 5 гаруй минут суусан. Сууж байгаад машинаас Г.Баярмаа үсэрчихлээ гэж хэлсэн байдаг. М.Пүрэвбаасан хохирогчийг нас барсан гэж бодоод өөрийгөө өмгөөлөх маягаар хэлсэн байх гэж бодож байна гэв.
Прокурор Б.Сансарбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогчид эрх, үүргийг сануулаад эрх үүргийг тайлбарлаад мэдүүлэг авч байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлсэнчлэн хохирогч худал ярьж байна гэж үзвэл ямар үндэслэлээр шүүгдэгчийг гүтгэж байгаа талаарх баримтаа бүрдүүлээд гомдол гаргах боломжтой. Тухайн хэрэг явдал болсон өдөр В.Содномцэрэн өмгөөлөгчийн тухайд хохирогч ухаангүй байсан. Гэрч нарт хэзээ шүүгдэгчийг өөрийг нь түлхсэн талаар хэлсэн юм бэ? гэж байна. Г.Баярмаагийн тухайд ухаангүй байж байгаад эмнэлэгт хүргэгдсэний дараа ухаан орсны дараа мөрдөгч хойшлуулахгүйгээр мэдүүлэг авахад хохирогч “... Цагаанаа намайг малын бэлчээрийн маргаанаас болоод уурлаад намайг түлхсэн ...” гэж мэдүүлдэг. Гэрч Гарамханд мөрдөн шалгах ажиллагааны явцад, анхан шатны шүүх хуралдаан дээр “... Г.Баярмаа намайг очиход ухаангүй байсан. Ухаан орсныхоо дараа Цагаанаа намайг түлхсэн...” гэж хэлсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Отгончимэг гэх гэрчийн талаар ярьж байна. Гэрч Отгончимэг нь М.Пүрэвбаасан, Г.Баярмаа нартай уулзсан. М.Пүрэвбаасантай уулзахад Г.Баярмаа өөрөө машинаас үсэрчихлээ гэсэн. Г.Баярмааг харж, эмнэлэгт сахиж байхад Г.Баярмаа ухаан ороод Цагаанаа буюу М.Пүрэвбаасан намайг машинаас түлхчихлээ гэж хэлсэн гэж мэдүүлдэг. Хохирогч ухаан ороод гэрч нарт хэлсэн байдаг. Гэрч нарт эрх, үүрэг болон худал мэдүүлэг өгвөл хүлээх хариуцлагыг сануулж мэдүүлэг авсан. Хэрэг болох үед шүүгдэгч, хохирогч нарын хажууд гэрч байгаагүй. Тиймээс болсон нөхцөл байдлыг сэргээн дүрслэх зорилгоор туршилт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй. Жолоо барьж яваа хүн эсрэг талын хаалганд хүрэх боломжтой эсэхийг тогтоосон. Машины хаалга хүн хүрэнгүүт онгойх боломжтой эсэх зэргийг сэргээн тогтоох байдлаар туршилтыг хийсэн. Гэрч Гарамхандын хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт хувийн ашиг сонирхолгүй гэж үзэх Отгончимэг, Норовсүрэн гэх гэрч нар байна. Шүүгдэгч хуульд зааснаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэггүй хүн боловч шүүгдэгчийн ярьж буй зүйл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хангалттай тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр М.Пүрэвбаасан нь өмнөх өдөр нь малын бэлчээрийн асуудалтай холбоотой маргаан болоогүй машинд суугаад н.Сайнаа гэх хүнтэй холбоотойгоор маргаан үүссэн талаар ярьдаг. Энэ нь хохирогчийн мэдүүлэгтэй нийцдэггүй. Гэрч Гарамхандын мэдүүлэгт өмнөх өдөр нь Г.Баярмаа, М.Пүрэвбаасан нарын дунд бэлчээрийн маргаан болсон талаар мэдүүлдэг. Бэлчээрийн маргаан болоогүй гэж тайлбарладаг бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Мөрдөн шалгах ажиллагаануудыг дутуу хийсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс ярьж байна. Ямар ажиллагаа хийх ёстой байсан бэ?. Туршилтад М.Пүрэвбаасанг оролцуулж, туршилтын ажиллагааг хийсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан. Тухайн хэрэгт хийх ёстой мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж тогтоосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт байх ёстой шаардлагыг хангаагүй гэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...шүүх хуралдаанаар хэлэлцсэн зүйлс, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тодорхой дүгнэн бичсэн байдаг. Өмгөөлөгч нарын яриад байгаа зүйлүүдийг үгүйсгэж буй зүйлийг тодорхой дүгнэн бичсэн гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс завдалттай хүн амины хэрэг байсан гэж үзэж байна. Шүүгдэгч хохирогчийг хүнд гэмтэл учруулахаар түлхсэн гэдгийг хэрхэн нотолж байгаа юм бэ? гэж байна. Үүнтэй адил хохирогчийг алах зорилгоор түлхсэн гэдгийг яаж нотолж байгаа юм бэ? Нүүр амыг нь хучаад хаяад явсан гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Нүүрийг хучаагүй, дулаахан байлгах үүднээс хучсан гэж шүүгдэгч тайлбарладаг. Тэр даруйдаа хүмүүсээс тусламж хүссэн байдаг. М.Пүрэвбаасан нь хохирогчийг түлхсэнээр гэмтэл үүсэх боломжтойг энгийн ухамсрын түвшинд ойлгох боломжтой байсан боловч түлхсэнээр хохирогчийн биед олон тооны хүнд зэргийн гэмтэл учирсан байгаа үйлдэл нь хүний эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн тухайд тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр оногдуулсан. Уг ял нь М.Пүрэвбаасангийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдалтай тохирсон гэж дүгнэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Пүрэвбаасан, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
3. Шүүгдэгч М.Пүрэвбаасан нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15-16 цагийн үед Завхан аймгийн Идэр сумын Загастай багийн нутаг “Хөшөөтийн бэл” гэх газарт өөрийн эзэмшлийн 56-59 ЗАН улсын дугаартай Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хамт явсан хохирогч Г.Баярмаатай малын бэлчээрээс болж маргалдан улмаар түүнийг машинаас түлхэж унагаасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
хохирогч Г.Баярмаагийн “ ...Машинд нь суугаад явж байхад М.Пүрэвбаасан нь өвөлжөөний бууц нь танайх болохоос бусад нь улсын өмч, хэн ч идсэн хамаагүй гэхээр нь угаасаа танайх айл айлын хаяанд ад үзэгдэж явахаар өөрийн гэсэн өвөлжөөтэй болооч гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл яах ийхийн зуургүй миний урдуур гараа явуулаад машины хаалгаа хурдтай явж байхдаа онгойлгоод баруун гараараа миний зүүн тал руу түлхэхээр нь газарт унасан. Газарт яаж унаснаа санахгүй байна нэг мэдэхэд хүмүүс ирсэн байсан. Тухайн үед машин нь хурд ойролцоогоор 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан. Намайг ухаан ороход миний хажууд Отгончимэг, Гарамханд хоёр л байсан, удалгүй араас хүмүүс ирсэн. Намайг түүний машинд суухад ойр орчимд ямар ч хүн байхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас)
гэрч Г.Гарамхандын “...Намайг ирэх үед манай дүү Баярмаа ухаангүй хэвтэж байсан бөгөөд Баярмаатай хамт Бямбарагчаа, Отгончимэг нар байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан орохоор нь юу болсон талаар бид 3 асуухад Цагаанаа буюу Пүрэвбаасан намайг машинаас түлхэж унагаасан гэж хэлсэн. Өөр юм бол хэлэлгүй ёолоод үхлээ, үхлээ гээд байсан. Тэгээд бид нар сумын эмнэлэг рүү аваад явсан. ....Г.Баярмаагийн толгойн ар хэсэг болон өмсөж байсан цамц нь цус болчихсон, хувцас нь шороо, тоос болсон байсан. Анх очих үед ухаангүй байсан...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас)
гэрч Б.Норовсүрэнгийн “...Тухайн өдөр би жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан. Өдрийн 17 цаг орчмын үед Загастайн багийн нутаг Хөшөөтийн бэл гэх газар хүн машинаас унасан гэж дуудлага ирсэн. Тэгээд би жолоочийн хамт тухайн хүн машинаас унасан гэх газар очсон. Намайг тус газар очих үед Баярмаа замын хажууд гадаа хэвтэж байсан. Баярмаатай хамт Бямбарагчаа, Отгончимэг, Пүрэвбаасан нар байсан. Би Баярмааг үзэх үед зүүн мөр дал орчим өвдөлттэй, амьсгалын дутагдалд орсон шинж тэмдэгтэй, царай хөхрөлттэй байсан. Тэгээд би Баярмаагаас юу болсон талаар асуухад намайг машинаас түлхээд унагаачихсан гэж хэлж байсан. Өөр зүйл бол хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас)
гэрч С.Отгончимэгийн “...Тэгээд би юу болсон талаар асуухад Цагаанаа буюу Пүрэвбаасан надад “балай авгай чинь машинаас үсэрчихлээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм, хэн гэж асуухад Баярмаа гэж надад хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинаар Хөшөөтийн бэл гэх газар руу Баярмаа эгчийг авахаар очсон. Тухайн үед Цагаанаа манай гэрийн гадаа үлдсэн. Намайг Хөшөөтийн бэл гэх газар очих үед Баярмааг ягаан дээлээр бүтээгээд замын хажууд хэвтүүлчихсэн ухаангүй хэвтэж байсан. Тэгээд би гар хөлийг нь бариад байж байтал Гарамханд эгч ирсэн. Тэгээд байж байтал Баярмаа ухаан ороод Цагаанаа буюу Пүрэвбаасан намайг түлхээд унагаачихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас)
гэрч Г.Бямбарагчаагийн “... Намайг очих үед замын хажууд хэвтүүлээд Г.Баярмаа эгчийг дээлээр хуччихсан манай эхнэр хөл, гарын бариад сууж байсан. Тухайн үед Гарамханд эгч, манай эхнэр Отгончимэг, Цагаанаа буюу Пүрэвбаасан надад “Баярмаа эгч машинаас үсэрчихсэн” гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламж дуудсан уу гэхэд дуудчихсан гэж хэлсэн. Тэгээд түргэн тусламж ирэхгүй болохоор сүлжээтэй уулан дээр гарч ахин эмнэлэг рүү залгасан. Тэгээд эмнэлэг ирээд шууд аймгийн төв рүү аваад явсан...”гэсэн мэдүүлгээр,
гэрч Н.Оюунтуяагийн “...Тухайн... орой ойролцоогоор 17-18 цагийн үед манайд Пүрэвбаасан ирээд “Г.Баярмаа машинаас уначихлаа” гэж хэлээд та хоёр очоодхооч гэж хэлсэн. Тэгээд Пүрэвбаасан манай нөхөр бид хоёроос түрүүлээд явчихсан. Тэгэхээр нь манай нөхөр бид хоёрыг “Хөшөөтийн бэл” гэх газар очих үед Бямбарагчаа, Гарамханд, Отгончимэг, Пүрэвбаасан, Баярмаа нар байсан. Тухайн үед Баярмаа ухаангүй замын хажууд хувцас хунар, нүүр нь шороо болчихсон байсан. Тэгээд бид хоёрыг очоод удаагүй байж байтал эмнэлгийн тэрэг ирээд аваад явчихсан...” гэсэн мэдүүлгээр,
Шүүгдэгч М.Пүрэвбаасангийн Г.Баярмааг машинаас түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №15519 дугаартай “...1. Г.Баярмаагийн биед баруун 1-10-р хавирганы хугарал, баруун уушгины задрал, урагдал, цээжний хөндийн хий, цус хуралдалт, элэгний няцрал, дагзны хуйханд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
4. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Пүрэвбаасанг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учируулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрхи хуулийн зүйл хэсэгт зааснаар шүүдэгч М.Пүрэвбаасанд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсэн байна.
5. Шүүгдэгч М.Пүрэвбаасан болон түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нар нь давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. …хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, Пүрэвбаасан, Баярмаа нар нь яг юунаас болсон, мөн Баярмааг түлхсэн үү, үсэрсэн үү гэдгийг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-д заасан нотлолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна… гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ. ….
6.Хэрэгт авагдсан хохирогч Г.Баярмаагийн “…Машинд нь суугаад явж байхад М.Пүрэвбаасан нь өвөлжөөний бууц нь танайх болохоос бусад нь улсын өмч, хэн ч идсэн хамаагүй гэхээр нь угаасаа танайх айл айлын хаяанд ад үзэгдэж явахаар өөрийн гэсэн өвөлжөөтэй болооч гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгтэл яах ийхийн зуургүй миний урдуур гараа явуулаад машины хаалгаа хурдтай явж байхдаа онгойлгоод баруун гараараа миний зүүн тал руу түлхэхээр нь газарт унасан. Газарт яаж унаснаа санахгүй байна, нэг мэдэхэд хүмүүс ирсэн байсан. Тухайн үед машин ойролцоогоор 40-50 орчим километр цагийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гарамхандын” ... Намайг ирэх үед манай дүү Баярмаа ухаангүй хэвтэж байсан, Баярмаатай хамт Бямбарагчаа, Отгончимэг нар байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ухаан орохоор нь юу болсон талаар бид 3 асуухад, ухаан ороод Цагаанаа буюу Пүрэвбаасан намайг түлхээд унагаачихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Отгончимэгийн “...Цагаанаа буюу Пүрэвбаасан намайг машинаас түлхэж унагаасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Пүрэвбаасан нь хохирогч Г.Баярмааг машинаас түлхэж, унагаасан гэх үйл баримт хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас Г.Баярмаагийн биед хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Дээрхи баримтууд нь эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, бүхэлдээ шүүгдэгчийн үйлдлийг нотолсон байна. Хохирогч Г.Баярмаагийн “М.Пүрэвбаасан нь намайг түлхсэн” гэх мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхаг нотлогдсон, уг мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
7. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн шүүгдэгч М.Пүрэвбаасангийн үйлдлийг зөв зүйлчилж, түүнд хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Пүрэвбаасан, түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.НАМХАЙДОРЖ