Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 302/ШШ2025/00385

 

 

 

 

20250507

302/ШШ2025/00385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж /

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “К ” ХХК /гүйцэтгэх захирал А.Е /

Нэхэмжлэлийн шаардлага: Засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ш.Ж , түүний өмгөөлөгч С.Н

Хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Е  /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

2. Нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн алба /дарга Ш.Ж / дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Японы элчин сайдын яамны дэргэдэх “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажлыг “К ” ХХК нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Засварын ажлын өдөр тутмын хяналтыг тус Барилга захиалагчийн алба гүйцэтгэсэн бөгөөд бичиг баримтыг бүрдүүлэн хамтарч ажилласан болно. Мөн “К ” ХХК нь сургуулийн засварын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгч, засварын ажлын санхүүжилтийг бүрэн авсан болно. Тухайн засварын ажлын санхүүжилтийг “К ” ХХК-ийн дансаар дамжуулан манай байгууллагын дансанд хяналтын зардлыг шилжүүлэн өгөх байсан юм. Гэвч “К ” ХХК нь хяналтын зардлын үлдэгдэл санхүүжилт болох 2 055 221 төгрөгийг тус албаны дансанд шилжүүлж өгөлгүй өдий хүрлээ. Иймд засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл санхүүжилт болох 2 055 221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч “К ” ХХК /гүйцэтгэх захирал А.Е / нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд: Нэхэмжлэгч талтай манай байгууллага ямар нэгэн зөвлөх үйлчилгээ авахаар гэрээ байгуулаагүй байх ба зөвлөх үйлчилгээний хөлс нь гүйцэтгэгч талаас гардаггүй захиалагч тал нь төлдөг. Захиалагчаас Барилга захиалагчийн албаны зөвлөх үйлчилгээний төлбөрийг манай данс руу шилжүүлэх боломжгүй ба алдаатай эсвэл ийм утгатай гүйлгээ орж ирээгүй болно гэв.

3.1. Хариуцагч “К ” ХХК-ийн захирал А.Е ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны нэхэмжлэлийн шаардлагыг хууль ёсны нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагчийг төлөөлж Б аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Х.А , Б аймгийн Барилга захиалагчийн албаны дарга Ш.Ж  гэж, гүйцэтгэгчийг төлөөлж “К ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Е  гэж тус тус  гарын үсэг зурж, тамга дарж, талууд гэрээ байгуулсан байна.

4.2. Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн засварын ажил зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулсан тухай 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 38/22 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан байх ба энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Барилга захиалагчийн албаны хяналтын инженер Е.Айнур оролцсон байна.

4.3. Б аймгийн Барилга захиалагчийн албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 119/22 дугаартай “К ” ХХК-ийн захирал А.Е  танаа “хугацаат албан даалгавар хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлсэн байх ба албан бичигт ... хугацаат албан даалгаварт заасан ажлуудыг дутуу эсвэл хийгээгүй нөхцөлд барилгын ажлын акт, засварын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахгүй болохыг анхаарна уу гэсэн байна.

4.4. Б аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай тэмдэглэл”-ээр Өргөдөл гаргагч Б аймгийн Барилга захиалагчийн алба нь уригдах тал “К ” ХХК-д холбогдох 2,055,000 төгрөг гаргуулах тухай өргөдлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэж Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал явуулахаас татгалзсан байна.  

4.5. Б аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “ Орон нутгийн төсвийн болон зарим нэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих барилга, засварын ажлын захиалагч томилох тухай” А/04 дугаартай захирамжийн 1 дэх хэсэгт 2022 оны орон нутгийн төсвийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж хэрэгжих барилга, засварын ажлын захиалагчийн чиг үүргийг орон нутагт гүйцэтгэх төлөөлөгчөөр Барилга захиалагчийн албыг томилсон байна.

4.6. Ерөнхий захиалагчийг төлөөлж аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого,төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А , захиалагчийг төлөөлж аймгийн Барилга захиалагчийн албаны дарга М.С  нар нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан харилцааг зохицуулах зорилгоор 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Захиалагч болон захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурж, гэрээг АЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн хянасан байна.

4.7. Хариуцагч “К ” ХХК нь Барилга захиалагчийн албанд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 40 дугаартай “комисс ажиллуулах тухай”, 2022 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 75 дугаартай “үүрэг даалгавар биелсэн тухай”,  мөн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 90 дугаартай “гүйцэтгэл хянан үзэх тухай” албан бичгүүдийг хүргүүлж байсан байна.

4.8. Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 1.1-т дүрмийн зорилго нь Барилгын тухай хуульд заасан барилгын ажлын захиалагч (цаашид “Захиалагч” гэх)-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх, барилгын ажлыг зохих зөвшөөрөл, зураг төсөл, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэх болон барилгын ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулах,хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах, материал, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг оновчтой зохион байгуулах, барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэжээ.

4.9. Барилгын ажлын захиалагчийн дүрмийн 2.8-т Захиалагч Барилгын тухай хуулийн 37.1.4-т заасан барилгын үе шатны ажилд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийг томилон ажиллуулна гэж, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Захиалагч барилгын үйл ажиллагаанд оролцох өөрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтэн, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно гэж тус тус заасан байна.

4.10. Хариуцагч “К ” ХХК-ийн нотлох баримтаар Барилга захиалагчийн албаны хяналтын зардал нэхэмжилсэн 2/хоёр/ ширхэг нэхэмжлэхийг гарган өгч, нэхэмжлэх-д төлөгч байгууллагын нэр Японы Элчин Сайдын Яам Өвсний үндэс хүний аюулгүй байдлын хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр гэж бичигдсэн тэр байгууллага хяналтын зардлыг төлөх  буюу түүнээс шаардах ёстой гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн засварын ажил гүйцэтгэх гэрээний 4.2-т гэрээний үнэд бүх татвар, хураамж, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх материалын үнэ багтсан болно, 4.3-т гүйцэтгэгч бүх материалуудыг Захиалагчид хүлээлгэн өгсний дараа захиалагч гэрээний санхүүжилтийг Гүйцэтгэгчид шилжүүлнэ гэж, мөн Барилгын ажлынзахиалагчийн дүрмийн2.7-тЗахиалагчийн санхүүжилтийн эх үүсвэр нь барилгабайгууламжийнтөсөвт өртөгт тусгагдсан байх бөгөөд зардлыг зориулалтын дагуу ашиглана гэж тус тус заасан байх тул хариуцагч “К ” ХХК-ийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. 

4.11. Нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн алба нь хариуцагч “К ” ХХК нь хяналтын зардлаас дөрвөн сая орчим төгрөгийг төлж өгсөн, үлдсэн 2,055,221 төгрөгийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа учраас шаардлага гаргасан гэж тайлбарлаж байсныг хариуцагч “К ” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Е  үгүйсгэж чадаагүй.

4.12. Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн барилгын их засварын ажлын төсөв буюу өртгийн товчоонд зардлын нэр техник хяналтын зардал, зардлын хэмжээ /төг/ 7,030,249 гэж тусгасан байна.

5. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч “К ” ХХК-ийн Японы элчин сайдын яамны дэргэдэх “Өвсний үндэс хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн засварын ажлыг хийхэд нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн алба нь барилгын үе шат засварын ажилд тавих хяналт, захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэн ажилласан байх тул хариуцагч “К ” ХХК-иас засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

6. Иймд хариуцагч “К ” ХХК-аас засварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албад гаргуулан олгох нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т шүүхийн зардлыг нэхэмжлэл бүхэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасан.

7.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “К ” ХХК-иас 47830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албанд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “К ” ХХК-иасзасварын ажлын хяналтын зардлын үлдэгдэл мөнгө 2,055,221 /хоёр сая тавин таван мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албаны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,830 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “К ” ХХК-иас 47,830 /дөчин долоон мянга найман зуун гучин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Барилга захиалагчийн албад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   К.Б