Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00567

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00567

 

 

 

Д.Н, Ц.П нарын 

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 20ы өдрийн 183/ШШ2021/03081 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Н, Ц.П нарын хариуцагч Ж.Г.Г ХХК-д холбогдуулан гаргасан барилгад хөрөнгө оруулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, 32,518,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэсэлэлийн агуулга: Ж.Г.Г ХХК-аас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парк од молл үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхрын 33 /409/ тоотод байрлах 102.26 м.кв талбай бүхий 541,978,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцож, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч компанитай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1-д зааснаар бидний зүгээс 162,539,400 төгрөгийн урьдчилгааг төлсөн. Худалдан авагчаас үл шалтгаалах нөхцөл байдал үүсч, банкны зээл бүтэхгүй зэрэг нөхцөл байдлууд бий болсны улмаас гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэн. Ж.Г.Г ХХК нь гэрээний 2.4, 2.5-д зааснаар 32,518,680 төгрөгийг торгуульд суутгасан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн хууль бусаар суутгасан 32,518,680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан. Захиалагч тал гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай 2021 оны 07 сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдэж, урьдчилгаа төлбөрийг шаардсан. Захиалагч тал гэрээг дангаар цуцлах санал гаргасан тохиолдолд гэрээний 2.5 дахь заалтын дагуу нийт үнийн дүнгийн 20%-ийн торгуулийг суутгуулахаар тохиролцсон. Захиалагч талд талбайг борлуулсны дараа урьдчилгаа төлбөрийг 100% буцаан өгөх, захиалагч тал өөрөө талбайг худалдах, гэрээний дагуу 20 хувийн торгуулийг суутган үлдэгдэл төлбөрийг захиалагчид шууд шилжүүлэх зэрэг саналыг тавьсан. Захиалагч тал 2021 оны 08 сард 20 хувийн торгуулийг суутгуулан үлдэгдэл төлбөрийг авах хүсэлтээ илэрхийлсэн. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр захиалагчийн тушаасан 162,593,400 төгрөгөөс 20 хувийг суутган 130,074,720 төгрөгийг Д.Нгийн дансанд шилжүүлсэнЗахиалагч Д.Н, Ц.П нартай гэрээ байгуулснаараа тус талбайг бусдад санал болгохгүйгээр борлуулалтаа зогсоон зөвхөн түүний төлөх үлдэгдэл төлбөрийг хүлээж байсан бөгөөд гүйцэтгэгч тал гэрээг цуцалснаар бид шууд түүний төлсөн төлбөрийг гарган өгөх боломжгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Г.Г ХХК /РД:2543729/-иас 32,518,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н /РД:ШБ83070778/, Ц.П /РД:ЙК83102824/ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 210603 дугаар барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 390,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жигүүр гранд ХХК-аас улсын тэмдгийн хураамжид 390,744 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэгч тал гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бичгээр мэдэгдэж, урьдчилгаа төлбөрийг шаардсан. Компанийн зүгээс 2021 оны 07 сарын 22-ны өдөр харилцан тохиролцох саналаа албан бичгээр хүргүүлсэн. Улмаар нэхэмжлэгч нь 2021 оны 08 сарын 03-ны өдөр 20 хувийн торгуулиа төлөөд үлдсэн 130,074,720 төгрөг авах тухай хариу өгсөн. Гэрээний 2.5-д зааснаар үнийн дүнгийн 20 хувийн торгуулийг суутгуулахаар тохиролцсон. Уг тохиролцоог нэхэмжлэгч зөвшөөрсөн тул гэрээ дуусгавар болсон. Захиалагчтэй гэрээ байгуулсан тохиолдолд тухайн талбайг бусдад санал болгохгүйгээр борлуулалтаа зогсоож, үлдэгдэл төлбөр төлөхийг хүлээж байсан. Иймд гэрээний төлбөрт төлсөн мөнгийг буцаан гарган өгөх боломжгүй тул 20 хувийн торгуулийг суутгах заалтыг гэрээнд тусгадаг. Уг гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ юм. Иймд шийдвэрийн 32,518,680 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: 32,518,680 төгрөгийн торгууль суутгаж авсан нь шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагч талаас гэрээг цуцлахдаа уг торгуулийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байсан гэдгийг тайлбарлаж, энэ талаар дурдаж байна. Хариуцагч компанид ямар ч хохирол учруулаагүй. Иймд үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Д.Н, Ц.П нар хариуцагч Ж.Г.Г ХХК-д холбогдуулан барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу торгуульд суутган авсан 32,518,680 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан Барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээгээр хариуцагч компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Parkod mall үйлчилгээний зориулалттай барилгын 4 давхар, 33 тоотод байх 102.26 м.кв талбайг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нар гэрээний үнэд нийт 541,978,000 төгрөг төлөхөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 162,593,400 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 379, 384,600 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-6-13/

 

3.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Барилгад хөрөнгө оруулалт хийх гэх нэртэй боловч хариуцагч нь компанийн барилгын үйл ажиллагаанд хөрөнгө оруулах бус, харин тодорхой хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөлдөө авахаар тохиролцсон. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

4.   Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл байна. Уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

5.а. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 162,593,400 төгрөг төлсөн бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч компанид үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй талаар бичгээр мэдэгдсэн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх заасан гэрээнээс татгалзах журмыг баримталсан байна.

 

5.б. Хариуцагч компани нэхэмжлэгчийн гэрээг цуцлах хүсэлтийг хүлээн авч, гэрээний 2.5-д зааснаар урьдчилгаанд шилжүүлсэн 162,593,400 төгрөгийн 20 хувь болох 32,518,680 төгрөгийг суутган авч, үлдэгдэл 130,074,720 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 29-33/

 

6.а. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хариуцагч компанийн хувьд байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөл бүхий гэрээ байна. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. Аж ахуй эрхлэгч бус иргэнтэй байгуулсан стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зохицуулсан байна.

 

6.б. Гэрээний 2.5-д Захиалагч тал гүйцэтгэгчийн буруутай бус шалтгааны улмаас захиалгат ажлын гүйцэтгэлийн явцад гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний 2.1-д заасны дагуу төлсөн нийт төлбөрөөс 20 хувийн торгуулийг гүйцэтгэгчид гэрээ цуцалснаас учирсан хохиролд тооцож суутгуулна. гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-т санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Мөн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт хэрэглэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай энэ хууль болон бусад хууль тогтоомжоор тогтоосон нөхцлөөс дордуулсан бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан байна.

 

Иймд худалдан авагч талын гэрээнээс татгалзсантай холбоотой төлсөн мөнгөө буцаан шаардах эрхийг хязгаарласан гэрээний стандарт нөхцөл болох 2.5 дахь заалт нь хүчин төгөлдөр бус юм.

 

6.в. Гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх боловч үлдсэн хэсэг нь уг гэрээний зорилтыг хангаж байх тул Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дахь хэсэгт зааснаар гэрээний бусад заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

 

6.г. Хариуцагч компани гэрээг цуцалсны улмаас 32,518,680 төгрөгийн хохирол учирсан болохоо баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7.Талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн 32,518,680 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 20ы өдрийн 183/ШШ2021/03081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,545 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ