| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0373/Э |
| Дугаар | 404 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 404
2018 05 09 404
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч А.Ч-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ч- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808009240285 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт А-ийн Ч /РД:/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч А.Ч-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42-34б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.О-ыг “дүү Ч.А-ыг загналаа” гэх шалтгаанаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ч-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808009240285 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогч С.О-ын: “2018 оны 02 дугаар сарын 08-ны 18 цагийн үед хичээлээ тараад гэртээ ирсэн. ...Дүү А- хичээлээ хийгээд сууж байснаа хичээлдээ анхаарахгүй дүүтэйгээ тоглоод дүүгээ уйлуулаад байсан. Тэгсэн аав “хурдан хичээлээ хий” гэж загнаж эхлэхээр нь би дүүгээ өмөөрч “миний дүү Ч-Чинбат орон дээр хэвтэж байснаа гартаа барьж байсан гар утсаа над руу шидээд миний баруун чамархай хэсэгт онох үед “наадуул чинь тэгэж л байг чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Би “ёооё” гэж хэлээд аягаа угаагаад сууж байтал босож ирээд гараа атгаж нүүрэнд 4-5 удаа цохисон. Би нүүрээ дараад “хамар” гээд толь руу очсон чинь араас аав ирээд зодох гээд алхаад ирж байтал хаалга онгойж нагац ах Алтангэрэл ороод ирсэн чинь аав гараад явчихсан. Аав тухайн үед согтуу орон дээр хэвтээд утсаар ярьж байсан. Намайг зодуулж байхад хажууд Сарантуяа эгч харж байсан. Миний хамрын яс цуурч таславч нь мурийсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
Гэрч Г.Б-ын: “...19 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд гэрт хүн уйлаад байгаа чимээ гарсан. Орсон чинь том охин О- хоёр гар нь татчихсан байдгаараа уйлаад чарлаад зогсож байсан. Түүний зүүн гар талд оюутан охин Сарантуяа гараас нь барьчихсан түшээд зогсож байхаар нь “яасан, юу болсон юм” гээд Сарантуяагаас асуусан чинь “Чинбат ах цохичихсон” гэхээр нь “яасан гэж цохиж байгаа юм” гэхэд “А-ыг хичээлээ хий гээд О- хэлэхэд Чинбат ах уурлаад “чи дуугүй бай” гээд утсаар, гараараа нүүрэнд нь цохисон” гэж хэлсэн. Нөхөр ороод ирэхээр нь “чи яаж байгаа юм” гээд хэлсэн чинь “пиздаанууд доромжлоод байгаарай” гэж хэлсэн. ...Чинбат “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд эхлээд гар утсаа шидээд шанаанд онож, дахин босож ирээд нүүрэнд гараараа 4-5 удаа цохисон байсан. Охин босоод ирэх үед муухай харлаа гээд ахин нүүрэнд нь гараараа цохисон байсан. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч М.С-: “...А- даалгавраа буруу бичээд хийхгүй байсан. О- “яагаад хуулж бичиж байж буруу бичээд байгаа юм” гээд хичээлийг зааж өгч байсан чинь Чинбат ах орон дээр сууж байснаа “чи чимээгүй бай” гээд О-т хэлсэн. Тэгсэн О- хариуд нь “А-ын багш нь надад хичээлээ хийхгүй байна гэж хэлсэн” гэж хэлсэн чинь Чинбат ах “чамд ямар хамаатай юм, хүний мууд дуртай юм бэ” гээд уурлаж байгаад О-ын нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон. О- сонин царайлаад угаалтуур руу босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.13-ны өдрийн 2523 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.О-ын биед хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/,
Шүүгдэгч А.Ч-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Галбадрахтай 2,5 литрийн пиво хувааж уусан. ...Манай нэгдүгээр ангийн хүү А- даалгавараа хийх болсон чинь том эгч О- “хичээлээ хий” гээд загнасан. Тэгэхээр нь би “дүүгээ орхио өөрөө хийчихнэ” гэж хэлсэн. Манай хүү эгчийгээ загнахаар улам зөрүүдлээд хийхгүй байсан чинь эгч О- нь ахиад дүүгээ загнаад байхаар нь би “чамд хэлээд байна шүү дээ, дүүгээ орхи” гэж хэлэхдээ хажууд сууж байсан охин О-ын нүүрэнд зүүн гарынхаа алганы хойд хэсгээр нэг удаа цохиод авсан чинь амандаа бувтнаад намайг муулах шиг болохоор нь “чи юу гээд байгаа юм” гээд уурандаа ахиад гарынхаа хажуу хэсгээр нэг удаа нүүрэнд нь цохисон. ...Тухайн үед охин О- нүүрээ дараад уйлж байсан, нүүр нь хавдчихсан байдалтай байсан. О- сүүлийн үед зан авир нь эвдрээд муухай харьцаатай болоод байгаа. Дээрх гэмтлийг би гараараа 2 удаа цохиж учруулсан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-30-31/,
хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-12/, шинжээч Б.Дийн мэдүүлэг /хх-25-26/, “Хос гурван оргидог” ХХК-ийн тодорхойлолт /хх-44/, банкны албан тоотууд /хх-54-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан хүсэлт /хх-67/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ч-согтуурсан үедээ 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 42 дугаар гудамж, 34б тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.О-ыг “дүүгээ загналаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч С.О-ын “...аав Чинбат орон дээр хэвтэж байснаа барьж байсан гар утсаа над руу шидээд баруун чамархай хэсэгт онох үед “наадуул чинь тэгэж л байг чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. Би “ёооё” гэж хэлээд аягаа угаагаад сууж байтал босож ирээд гараа атгаж нүүрэнд 4-5 удаа цохисон. Би нүүрээ дараад “хамар” гээд толь руу очсон чинь араас аав ирээд зодох гээд алхаад ирж байтал хаалга онгойж нагац ах Алтангэрэл ороод ирсэн чинь аав гараад явчихсан. Аав тухайн үед согтуу орон дээр хэвтээд утсаар ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/, гэрч М.С- “...Чинбат ах “чамд ямар хамаатай юм, хүний мууд дуртай юм бэ” гээд уурлаж байгаад О-ын нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Г.Б-ын “...Чинбат гар утсаа шидээд шанаанд нь онож, гараараа 4-5 удаа цохисон байсан. Охин босоод ирэх үед муухай харлаа гээд ахин нүүрэнд нь гараараа цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.02.13-ны өдрийн 2523 дугаар шинжилгээ “1.С.О-ын биед хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-22/ шүүгдэгч А.Ч-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-30-31/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Ч- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч С.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч А.Ч- бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч А.Ч-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч А.Ч-“Зөвшөөрч байна. Гэхдээ бидний үед ингэж хүмүүжсэн. Тиймдээ ч хүүхдээ хүмүүжүүлэх гэж л алгадсан” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, 14 нас 5 сар 3 хоногтой эмэгтэй хүүхдийг зодсон/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хамрын таславчийн мурийлт/, шүүгдэгчийн хувийн байдал /хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ажиллуулдаг компанид жолооч ажилтай/-ыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэж шүүгдэгч А.Ч-ад 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч нь жолоочоор ажилладаг, албан ёсоор цалин хөлс авдаггүй гэж мэдүүлсэн, мөн хэрэгт цалин хөлс авдаг талаар нотлох баримт авагдаагүйг үндэслэн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Ч-ад торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ч-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Ч- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч- 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ч-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ч-бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР