Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/38

 

С.*******од холбогдох  эрүүгийн

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Б.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч С.*******од холбогдох 2323000420198 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Завхан аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгч ажилтай, Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* хэсэг ******* тоотод оршин суух хаягтай,  урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар /*******/

Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  С.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл зэргийг тусгаагүй хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж байна. 2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Үндэслэл нь: Мөрдөгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлд заасан хэв загвар авахдаа оролцогчдын эрхийг зөрчсөн байна. Хэдийгээр мөрдөгчийн баланканд зөвшөөрсөн этгээд гэж хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулсан боловч эдгээр нь тэдний өөрсдийн зөвшөөрөл гэж харагдахгүй байна. Харин мөрдөгч хэв загвар авах ажиллагааг хүчээр явуулж бэлэн баланк дээр зөвшөөрсөн гэж гарын үсэг зуруулсан харагдаж байна. Зүй нь, бичгийн хэв загварыг өгөхийг зөвшөөрсөн зөвшөөрлыг өөрсдөөр нь бичүүлж авсаны дараа хэв загвар авах ажиллагааг явуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Мөрдөгч нь С.*******оос гарын үсгийн хэв загвар авахдаа хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчиж хэв загвар авсан уг хуулийн 8 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж авсан гэж үзэхээр байгаа болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шинжилгээ хийх зорилгоор хүний бие, цогцос, түүний эд эрхтэн, мал, амьтан, эд зүйл, баримт бичгээс хэв загвар, дээж авч болно" гэж хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан болохоос хэв загвар авахдаа мөрдөгчийн бэлэн бичигдсэн хэв загвар дээж авах тухай гэсэн бланк дээр зөвшөөрсөн гэсэн гарын үсэг зуруулаад хүчээр шинэ бичгийн цаасан дээр шууд бичүүлж авч байгаа ажиллагааг хэв загвар дээж авах ажиллагаа хууль ёсны гэж үзэхгүй. Хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан гэрч С.*******ын зөвшөөрсөн гарын үсэг гэх зүйлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй бегеед С.*******ын тухайд өөрийн өдөр тутмын тэмдэглэл бичгийн хэвийн хувьд дан ганц дармалаар үйлддэг байхад хэв загвар авахдаа түүний бичиж заншсан дармал хэлбэрээр бус бичмэл хэлбэрээр бичүүлж авч байгаа нь түүнд эрүү, шүүлт тулгасан гэж үзэхээр байна. Мөрдөгчийн дээрх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 заасан хууль ёсны байх, 1.8-д заасан хүний халдашгүй байх, 1.9-д заасан Эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, 1.11-д заасан Иргэний хувийн ба гэр бүлийн захидал харилцааны нууцыг хамгаалах зэрэг зарчимуудыг зөрчсөн хууль бус ажиллагаа байна. Иймд мөрдөгчийн хэв загвар авсан ажиллагааг бүхэлдээ хууль ёсны нотлох баримт болох үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх энэ асуудалд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. 3. Шинжээчийн дүгнэлтийн тухайд, Мөрдөгчийн зүгээс энэ хэрэгт яг ижил мэргэжлийн 3 шинжээч томилсон бөгөөд эхний 2 шинжээч харьцуулан шинжлэх боломжгүй гэж дүгнэсэн байхад шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг ганцхан үндэслэж байгаа талаараа тайлбарлаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргахад нарийн мэргэжлийн багаж төхөөрөмж шаардлагатай эсэхийг шүүх хуралдаанд оролцсон шинжээч О.аас тодруулахад бичгийн хэвийн харьцуулсан шинжилгээ хийхэд нарийн мэргэжлийн багаж төхөөрөмж шаардахгүй шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах боломжтой талаар тайлбарладаг. Дээрх шинжээчийн дүгнэлтүүд шүүгдэгч С.*******ыг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ төрүүлхүйц байх бөгөөд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох талаар прокурорын байгууллагын 3 шатанд тус бүрд нь хүсэлт гомдол гаргахад хүлээн аваагүй болно. Иймд дээрх үндэслэлүүдээр С.*******од холбогдох хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, С.*******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...С.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2 удаа давтан үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгчийн зүгээс шийтгэх тогтоолд гэмт хэрэг хэрхэн нотлогдож байгаа талаар хангалттай дурдаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэв загвар дээж авах ажиллагааны тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шинжилгээ хийх зорилгоор хүний бие, цогцос, түүний эд эрхтэн, мал, амьтан, эд зүйл, баримт бичгээс хэв загвар, дээж авч болно” гэж зохицуулсан. Бичгийн хэв загвар авахдаа тухайн хүнээс заавал бичгээр зөвшөөрөл авахыг шаардсан зохицуулалт байхгүй. Мөрдөгч Банзрагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэв загварыг авсан талаараа шүүгдэгчид танилцуулаад шүүгдэгч гарын үсэг зурсан байдаг. С.******* эрх зүйч мэргэжилтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар байдлаар явагддагийг сайн мэддэг хүн. Тухайн ажиллагаа хууль журам зөрчсөн нөхцөл байдал бий болсон бол тухайн үедээ саналаа гаргаад эсвэл зөвшөөрөхгүй байх боломжтой байсан. Хэв загвар дээж авах ажиллагаа хууль зөрчиж явагдсан эсэхийг мэдэх боломжтой хүн байгаа. Хэв загвар дээж авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан. Хэв загвар дээж авах ажиллагааг явуулахад прокуророос зөвшөөрөл авах шаардлагагүй. Шинжээчийн дүгнэлтийн тухайд эрс зөрүүтэй дүгнэлт байдаггүй. Шинжээч ын 000000058 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...аас харьцуулах шинжилгээнд авсан гарын үсэг хэрэгт авагдсан ын гарын үсэг биш байна...” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Мөн “...харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэх дүгнэлтийг гаргасан. Ямар шалтгааны улмаас харьцуулан шинжлэх боломжгүй талаараа дурдаагүй байдаг. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь Говь-Алтай аймагт байдаг учир Говь-Алтай аймгийн шинжээчээр шинжилгээ хийлгэсэн байдаг. Говь-Алтай аймгийн нь Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ажиллаж байсан шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан байдаг. шинжээч нь “... харьцуулан шинжлэх боломжгүй байна...” гэх дүгнэлтийг гаргасан мөн яагаад харьцуулан шинжлэх боломжгүй талаараа тодорхой дурдаагүй байдаг. Тиймээс нэмэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд ямар үндэслэл, дүгнэлтээ тодорхой дурдаж тайлбарласан байдаг. Шинжээчийн дүгнэлтүүд эрс зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шинжээч нарын дүгнэлтийг дурдан, үнэлсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд орсон шинжээч а тусгай техник, төхөөрөмж шаардлагагүй гэх байдлаар дүгнэлт гаргах үндэслэл, нотлох баримтуудыг тайлбарлан, үндэслэл бүхий дүгнэлтийг гаргасан учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй байна. Хуурамч гарын үсэг зурагдсан гэх гэмт хэргүүд хаагдсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Эдгээр гэмт хэргүүд нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хаагдаагүй. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргүүд хаагдсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******ын гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч С.******* нь Завхан аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгчийн үүргийг гүйцэтгэж байх хугацаандаа иргэн С.аас гаргасан “...2 ширхэг, 180 ампертэй акумлятор хулгайд алдлаа гэх гэмт хэргийн талаарх гомдлыг шалгахдаа 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.ыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогч С.аас мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан тэмдэглэл зэрэг хуурамч баримтуудыг үйлдэж, дээрхи баримтуудад С.ын гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, улмаар хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлүүлсэн.

Мөн иргэн Ж.аас гаргасан “…Завхан  аймгийн Цэцэн-Уул сумын хүүхдийн цэцэрлэгийн байранд хулгай орж, байгууллагын эрхлэгчийн тамга тэмдэг хулгайд алдагдсан…” гэх 222300084 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг шалгахдаа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Ж.д эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааг танилцуулсан, хохирогч Ж.аас дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, Ж.аас дахин мэдүүлэг авсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдэж, Ж.ын гарын үсгийг хуурамчаар зурж, хэрэг шалган шийдврлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргасан үйл баримт тогтоогджээ.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрч С.ын “…Би урьд нь мэдүүлэг өгөөгүй, завгүй байсан, анх удаа мэдүүлэг өгч байна. Би 2 ширхэг аккумлятор алдсан гэж цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан. Намайг дуудаад байсан би ирж мэдүүлэг өгөөгүй. Миний алдсан хоёр ширхэг аккумлятор 2-лаа шинэ, ашиглаж байсан. Одоогийн байдлаар 180 ампертай аккумлятор 550 орчим байгаа байх, би тухайн аккумляторыг тус бүрийг нь 500.000 төгрөгөөр авч байсан. Элэгдэл хасаад 400.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би шинжээчийн дүгнэлтийг өөрөө уншиж танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтээс харахад миний гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон байна. Тэгэхээр шинжлэх ухаантай би юу ярих билээ. Миний гарын үсэг зурж өгсөн мэдүүлгийг хараад дахиж хуурамчаар зурсан байна.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас, 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Ж.ын “...Хэсгийн төлөөлөгч ******* надаас манай байгууллагын тэмдэг алга болсон хэргийг хаачих уу гэж асуугаад байхаар нь би тамгаа шинээр авчихсан, хэргийг хаахгүй байж байвал яадаг юм гэж хэлж байсан. Тэгээд намайг Завхан аймгийн Цэцэн-Уул суманд ажил дээрээ байхад цагдаагийн алба хаагч ******* над руу залгаад таны тамга алга болсон хэргийг хаалаа. Таны мэдүүлгийг бичээд таны гарын үсгийг зурчих уу гэхээр нь тэг гэж хэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.*******ын хохирогчоос дахин авсан мэдүүлгийг утсаар надад уншиж өгч байсан. Тэгээд миний өмнөөс гарын үсэг зурчих гэсэн. Тэгээд түүний дараа ******* надаас би хуурамч гарын үсэг зурсан гээд ажилгүй болох гээд байна гээд гуйгаад байхаар нь би тухайн 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хохирогчийн дахин мэдүүлэг дээр би өөрөө гарын үсэг зурсан гээд мэдүүлсэн юм. Тэрнээс надад санаатай худлаа мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагч *******од тус болох гээд өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн юм. ...Би хэсгийн төлөөлөгч *******од Цэцэн-Уул суманд мэдүүлэг өгч байсан. Харин Завхан аймгийн Улиастай суманд буюу аймгийн төв дээр мэдүүлэг өгч байгаагүй.” гэсэн мэдүүлэг,

Албан тушаалын тодорхойлолт, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг,

377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд үзлэг хийсэн тэмдэглэл, материалд авагдсан баримтуудын хуулбарууд,

2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар,

Завхан аймгийн Прокурорын газрын 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/61 дугаартай албан бичгийн хуулбар,  

Хэрэг бүртгэлтийн 222300084 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтуудын хуулбар,

Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 000000058 дугаартай: Хэрэг бүртгэлтийн 222300084 дугаартай хэргийн 14 дүгээр хуудасны ар хэсэгт /хохирогчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/-д зурагдсан гарын үсэг, Хэрэг бүртгэлтийн 222300084 дугаартай хэргийн 15 дугаар хуудасны ар хэсэгт /хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/-д зурагдсан гарын үсгүүд Ж.аас ирүүлсэн гэх гарын үсгүүд, гар бичмэлийн загваруудтай ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3773 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалын 8, 9, 10, 11, 12, 18 дугаар хуудасны “С.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь, 222300084 дугаартай хэргийн 14, 15 дугаар хуудасны “Ж.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүдийг нэг хүн зурсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 377 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалын 8, 9, 10, 11, 12, 18 дугаар хуудасны “С.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь, 222300084 дугаартай хэргийн 14, 15 дугаар хуудасны “Ж.” гэсэн хэсэгт хар өнгийн бичих хэрэгслээр зурагдсан гар бичвэрүүд нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн С.*******ын гэх гар бичвэрийн загваруудтай тохирч байна.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 165-184 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хууль сахиулагч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 6000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь давж заалдах гомдолдоо “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй, хэтэрхий нэг талыг баримталж шийдвэрлэсэн...” С.*******оос гарын үсгийн хэв загвар авахдаа хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжилгээ хийх зорилгоор хүний бие, цогцос, түүний эд эрхтэн, мал, амьтан, эд зүйл, баримт бичгээс хэв загвар, дээж авч болно” гэж  хуульчилсан болохоос хэв загвар авахдаа мөдөгчийн бэлэн бичигдсэн хэв загвар дээж авах тухай гэсэн бланк дээр зөвшөөрсөн гэсэн гарын үсэг зуруулаад хүчээр шинэ бичгийн цаасан дээр шууд бичүүлж авч байгаа ажиллагааг хууль ёсны гэж үзэхгүй, шинжээчийн дүгнэлтийг хэрхэн яаж үнэлж байгаагаа тайлбарлаагүй гэжээ.

6. Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн шүүгдэгч С.*******ын үйлдлийг зөв зүйлчилж, түүнд хуульд заасан ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

8. Түүнчлэн мөрдөгч шүүгдэгч С.*******оос бичгийн хэв загвар авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.  Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3773 дугаартай дүгнэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авсан байх ба энэ дүгнэлт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байна.

Шинжээчийн дээрхи дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирсон, бүхэлдээ шүүгдэгчийн гэм бурууг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх, үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул дээрхи нотлох баримтуудыг үнэлэн шүүгдэгчийн гэм бурууг тодорхойлсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД                                                     Ж.БАТТОГТОХ

                                                                        Б.НАМХАЙДОРЖ