Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2026/0365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, О.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах.

Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Нэхэмжлэгч Ж******* ХХК нь 2019 оны 04 дүгээр улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг илгээж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас тус тайланг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 570,091,497.25 /таван зуун далан сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун ерэн долоон төгрөг, хорин таван мөнгө/ төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны татварын өр үүсгэсэн байна.

2.2.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газраас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Татварын өрийг төлүүлэх тухай DNPM дугаартай, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай Татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхүүдийг үүсгэжээ.

2.3.Ж******* ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/15 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг хууль бус гэж үзэж, гомдол гаргасан.

2.4.Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/3215 тоот албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэсэн заалтын дагуу 2019 оны татварын тайланд залруулга хийх хуулийн хугацаа дууссан тул залруулах боломжгүй гэх хариуг ирүүлсэн.

2.4.Нэхэмжлэгчээс тус хариуг эс зөвшөөрч, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мон******* Улсын хуулийн этгээд Ж******* ХХК /РД:*******/ нь 2009 оны 10 дугаар сард анх үүсгэн байгуулагдсан. С******* аймгийн Х******* сумын нутагт орших үйлдвэрээ Э******* г******* ХХК-ийн төмрийн хүдрийн нөөц дээр түшиглэн байгуулсан бөгөөд төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Мон******* улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж холбогдох татвар, төлбөрүүдийг төлж байсан. Гэвч компанийн татварын цахим системд 2019 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 585,091,497.25 /таван зуун наян таван сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун ерэн долоо зууны хорин тав/ төгрөгийн хууль бус ногдуулалт үүсгэж, татварын байгууллагаас уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 08 дугаар сараас байгууллагын данс битүүмжлэн, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна. Учир нь манай компани ашигт малтмалын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниас төмрийн х******* худалдан авч, экспортолдог бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 53,821.55 тонн төмрийн х******* болон баяжмалыг экспортолсон. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани болон манай компанид давхар төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Мон*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэн манай компанид төлбөр ногдуулсан. Дээрх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус зүйлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус хуулийн зохицуулалтыг хэрэглэн төлбөр ногдуулах нь хууль зөрчсөн үйлдэл юм. Том татвар төлөгчийн газар нь Мон******* Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан хууль дээдлэх зарчмыг зөрчиж нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэн татвар төлөх үүрэг үүсгэсэн нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Том татвар төлөгчийн газар чиг үүргийнхээ хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлэхээр манай компанид татварын өрийг төлүүлэх тухай 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр DNPM нэхэмжлэхүүдийг үүсгэсэн. Татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх нь Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид нэхэмжлэх гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана хэмээн 51.1.7-д ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөхийг шаардсан, тогтоосон хугацаанд төлөхгүй бол хуульд заасан албадлагын арга хэмжээ авахыг анхааруулсан зэрэг заалтаас үзвэл татварын өр үүссэн хэмээн үзсэн тохиолдолд холбогдох албан тушаалтан нэхэмжлэх нэртэй акт гаргасан байгаа нь захирамжилсан шинжтэй, зохицуулалт агуулсан зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн хангаж иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн үр дагавар үүсгэж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар дээрх нэхэмжлэхэд заасан арга хэмжээг иргэн, хуулийн этгээд биелүүлээгүй тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх дараа дараагийн албадлагын арга хэмжээ авах нөхцөл бүрдэхээр байгаа нь харагдаж байна. Улмаар уг захиргааны актын эрх зүйн үндэслэл, эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн эсэхийг тодруулснаар нэхэмжлэлд дурдсан өр нь хууль бус, эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож, бидний хууль ёсны эрх ашиг сонирхол сэргэх боломжтой юм. Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус Ж******* ХХК нь 2019 оны 04 дүгээр улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 585,091,497.0 төгрөгийн ногдолтой тайлагнасан байна. Мөн дээрх хуулийн этгээд нь 2020 оноос 2024 он хүртэл татвар бүртгэл мэдээллийн нэгдсэн системд Х тайлан тушаасан нь татвар бүртгэл мэдээллийн нэгдсэн системээс харагдаж байна. Татварын алба нь татвар төлөгчид 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр DNPM дугаартай татварын өр барагдуулах тухай нэхэмжлэхийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй g******* цахим хаягаар хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд хэзээ татварын өрд тооцох тухай зохицуулалт, 55 дугаар зүйлд татварын өр хураах үйл ажиллагааг тус тус хуульчилсан. Мөн Татварын албаны үйлдэх баримт бичгийг мөн хуулийн 79 дүгээр зүйлд тусгасан бөгөөд 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасны дагуу үйлдэх баримт бичгийг үйлдэн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан шаардлагыг хангаж 55 дугаар зүйлийн 55.2.1-д заасны дагуу татвар төлөгчид хүргүүлсэн. Иймд татварын алба нь татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу татварын өр барагдуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй гэж заасан. Татварын албанаас татвар төлөгч хэрэв татварын тайлангаа дутуу тайлагнасан тохиолдолд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар дутууг гүйцээж авдаг. Илүү тайлагнасан тохиолдолд өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн 18 дугаар зүйлд заасанчлан татвар төлөгч илүү төлсөн татвараа буцаан авах үүрэгтэй бөгөөд үүнийг процессын хуулиар зохицуулсан. Татварын албанаас гарч байгаа захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт зэрэг нь өөр өөрийн гэсэн процессын үйл ажиллагаатай. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэхийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон. Нэхэмжлэгчээс одоо ярьж буй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл болон дээрхийг нэхэмжлэгчээс илүү төлөлт гэж үзэж байгаа тохиолдолд үүнийг өөр хуулийн заалт, процесс үйл ажиллагаагаар зохицуулсан харилцаа байгаа. Үүний талаар энэ шүүх хуралдаанд ярьж байгаа тохиолдолд манай талаас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбарлаж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс ярьж байгаа асуудал тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яригдахгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ Нэхэмжлэгч компани ашигт малтмалын чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий компаниас төмрийн х******* худалдан авч, экспортолдог бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 53,821.55 тонн төмрийн х******* болон баяжмалыг экспортолсон. Тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани болон манай компанид давхар төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй, тухайн үед хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Мон*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэн манай компанид төлбөр ногдуулсан. Дээрх хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тус хуулийн зохицуулалтыг хэрэглэн төлбөр ногдуулах нь үндэслэлгүй, Том татвар төлөгчийн газар нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэн татвар төлөх үүрэг үүсгэсэн нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй гэж,

хариуцагчаас татгалзлын үндэслэлээ Ж******* ХХК нь 2019 оны 04 дүгээр улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 585,091,497.0 төгрөгийн ногдолтой тайлагнасан байна. Татварын алба нь татвар төлөгчид 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр DNPM дугаартай татварын өр барагдуулах тухай нэхэмжлэлийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй g******* цахим хаягаар хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд хэзээ татварын өрд тооцох тухай зохицуулалт, 55 дугаар зүйлд татварын өр хураах үйл ажиллагааг тус тус хуульчилсан. Мөн Татварын албаны үйлдэх баримт бичгийг мөн хуулийн 79 дүгээр зүйлд тусгасан бөгөөд 79 дүгээр зүйлийн 79.4.7-д заасны дагуу үйлдэх баримт бичгийг үйлдэн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан шаардлагыг хангаж 55 дугаар зүйлийн 55.2.1-д заасны дагуу татвар төлөгчид хүргүүлсэн. Иймд татварын алба нь татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийн дагуу татварын өр барагдуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр тус тус тайлбарлан маргаж байна.

3.Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас 2019 оны 4 дүгээр улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд Тайланд хугацаанд худалдан авсан ашигт малтмалыг 65,740.18 гэж, Тайланд хугацаанд худалдсан, худалдахаар ачуулсан ашигт малтмалын хэмжээг 65,740.18 гэж, АМНАТ ногдуулсан ашигт малтмалыг Төмөр гэж, хэмжээг 53,821.55 гэж, Үндсэн АМНАТ-ийн ногдуулалтыг 631,188,072.32 гэж, Дамжуулан борлуулагч этгээдийн өмнөх шатанд ногдуулсан АМНАТ 46,096,575.07 гэж, Хасаж ногдуулсан АМНАТ 585,091,497.25 гэж тайлагнажээ.

4.Улмаар уг тайланд үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1201100923013 нэхэмжлэхийн дугаартай 570,091,497.25 төгрөгийн татварын өр үүсч, татварын албанаас 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн DBNP25062400001407834 дугаартай Банкны данс битүүмжлэх мэдэгдэх хуудсыг,

2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн DBNP25092600001467548 дугаартай Банкны данс битүүмжлэх мэдэгдэх хуудсыг тус тус үйлдсэн байна.

5.Ж******* ХХК-иас 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/15 тоот албан бичгээр Татварын ерөнхий газарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг хууль бус гэж үзэж, гомдол гаргасны дагуу Татварын ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 05/3215 тоот албан бичгээр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэсэн заалтын дагуу 2019 оны татварын тайланд залруулга хийх хуулийн хугацаа дууссан тул залруулах боломжгүй гэх хариуг ирүүлжээ.

6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Э******* г******* ХХК болон Ж******* ХХК нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч Ж******* ХХК нь захиалагч Э******* г******* ХХК-ийн даалгаврын дагуу С******* аймгийн Х******* сумын нутагт байрлах Т******* ******* УБҮ-ийн төмрийн хүдрийн уурхайд уурхайн ажил, х******* олборлолт, хуурай болон нойтон баяжуулалтын ажлыг гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна.

7.Мөн гэрээний 3.1-д Гүйцэтгэгч нь жилд 200.000 /хоёр зуун мянган/ тонноос доошгүй төмрийн хүдрийн баяжмал олборлож экспортод гаргасан байна, 6-д Захиалагч талын хариуцах зардал гээд 6.1-д Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг /АМНАТ/ хариуцна гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах, 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг агуулсан холимог гэрээ болохыг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, тус гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг захиалагч буюу Э******* г******* ХХК хариуцахаар заасан байна.

8.Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 01-1/1008 дугаартай албан бичгээр Ж******* ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж 14,714,232,639.0 төгрөгийн үнэ бүхий бөөмнөрүүлээгүй төмрийн баяжмалыг экспортолсон, Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/1407 тоот албан бичгээр хуулийн этгээдийн регистрийн ******* дугаартай Ж******* ХХК нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болох нь тогтоогдож байна.

9.Нэхэмжлэгч Ж******* ХХК-иас хүчингүй болгуулахаар маргаж буй Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан шинжийг хангаж байна.

10.Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай тогтоолд маргаан бүхий нэхэмжлэхээр татвар төлөгч буюу нэхэмжлэгчид татварын өр төлөх хугацаа зааж, өр барагдуулахыг үүрэг болгон татвар төлөх ажиллагаа-ны харилцааг үүсгэж байгаагаараа хандсан этгээдийн хувьд эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн гэж үзнэ. Хэдийгээр уг нэхэмжлэх нь татвар төлөгчийн өөрийнх нь гаргасан тайланд үндэслэсэн хэдий ч энэ нь тухайн актын үндсэн шинжийг үгүйсгэхгүй. Татварын албанаас татварыг тогтоох, тодорхойлох, мэдэгдэх, хураах, гомдол хянан шийдвэрлэх, алдааг засах, хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, албадан гүйцэтгэх зэрэг олон төрлийн ажиллагааны явцад акт гаргадаг, иймд зөвхөн хяналт шалгалтын явцад татварын ногдол үүсгэсэн бол захиргааны акт болно, бусад нь биш гэж шууд дүгнэх боломжгүй гэж дүгнэсэн бөгөөд маргаан бүхий нэхэмжлэхүүд нь нэхэмжлэгч Ж******* ХХК-нд 570,091,497.25 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулахыг үүрэг болгосон, хэрэв уг нэхэмжлэхийн дагуу татварын өрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дэх хэсэгт заасан дарааллын дагуу татварын алба татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлэх тул нэхэмжлэгчид татварын өр төлөх үүрэг бүхий эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт болно.

11.Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 50 дугаар зүйлийн 50.1-д Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид татварын өр гэх/-ийг татварын өрд тооцно: гээд 50.1.1-д татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр; гэж, 51 дүгээр зүйлийн 51.1-д Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид нэхэмжлэх гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана: гээд 51.1.1-д татвар төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр , 51.1.2-т татвар төлөгчийн бүртгэлийн дугаар, 51.1.3-т нэхэмжлэх хүргүүлсэн хугацаа, 51.1.4-т татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл, 51.1.5-д татварын өр, алдангийн хэмжээ, татварын өр төлөх эцсийн хугацаа, 51.1.6-д татварын өр төлөх газар, дансны нэр, дансны дугаар, 51.1.7-д нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөх тухай шаардлага, 51.1.8-д татварын албанаас зайлшгүй гэж үзсэн бусад шаардлага, 51.2-т Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ гэж, 55 дугаар зүйлийн 55.1-д Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ:, 55.1.1-д татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй, 55.2-т Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:, 55.2.1-т нэхэмжлэх хүргүүлэх гэж тус тус заасан.

12.Маргаан бүхий Ж******* ХХК-нд 570,091,497.25 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд дээрх хуульд зааснаар татвар төлөгчийн татварын тайланд үндэслэн үүссэн татварын өр байх бөгөөд хуульд заасан журмын дагуу үйлдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татварын алба Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан шаардлагыг хангаж 55 дугаар зүйлийн 55.2.1-д заасны дагуу татвар төлөгчид хүргүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй байна.

13.Гэвч энэхүү татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг хангаагүй гэж үзэхээр байна.

14.Учир нь Ашигт малтмалын тухай хууль (2006 оны)-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт шилжүүлнэ гэж заасныг,

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Мон*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэж өөрчлөн найруулжээ.

15.Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт нь Мон******* Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна., Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

16.Улмаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт нь Мон******* Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна., Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. гэснийг тус тус зөрчсөнийг тогтоож, хүчингүй болгожээ.

17.Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг ...47.1.Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.1.3.Мон*******банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд. гэж өөрчлөн найруулжээ.

18.Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон байх тул Улсын Их Хурлаас баталсан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д хэсгийг өөрчлөн найруулах хүртэл буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх эрх зүйн үндэслэлгүй байна.

19.Энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 131, 132 дугаар тогтоолд нэгэнт хүчингүй буюу эрх зүйн үйлчлэлгүй болсон хуулийг үндэслэсэн нь буруу, Мон******* Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, ингэснээр нэхэмжлэгчийн хувьд АМНАТ төлөх үүрэг үүсээгүй буюу хариуцагч шаардах эрхгүй гэж, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25 дугаар тогтоолд хариуцагч нар 2019 онд Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгосон зохицуулалтыг 2022 онд үндэслэж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг ... нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Мон******* Улсын Үндсэн хууль болоод Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж тус тус дүгнэсэн нь энэ хэргийн хувьд хамааралтай байна.

20.Дээрхээс дүгнэвэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/1407 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Ж******* ХХК ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл эзэмшигч бус этгээд болохын хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2019 оны татварын тайланд тайлагнасан нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг үүсэхгүй.

21.Иймд Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалт, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн DNPM, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн DNPM дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ