Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00283

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00283

 

 

Н.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 101/ШШ2021/03928 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Бгийн хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан 13,333,302 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Бтэй 2016 оны 7 сард танилцаж, хамтын амьдралтай байсан. Тухайн үед Дундговь аймгийн төвд ажилладаг байсан. Д.Б Улаанбаатарт хувийн байгууллагад ажилладаг. 2016 оны 9, 10 дугаар сард цалингийн зээл аваад өгөөч, зээлийн эргэн төлөлтийг нь сар бүр төлнө гэж олон удаа хэлсэн. Ингээд 2016 оны 10 сарын 25-ны өдөр Хас банкны салбараас 10,900,000 төгрөгийн цалингийн зээл авч Д.Бд 10,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг шилжүүлж, 6,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Д.Б нь зээл авснаас хойш 2016 оны 11 сараас 2017 оны 10 сарын хооронд 9 удаагийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Түүнээс хойш уг зээлийг огт төлөөгүй. Хас банк зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэрээр 9,893,855 төгрөгийг Хас банкны Дундговь салбарт олгохоор шийдвэрлэсэн. Хас банкинд 2016 оны 10 сарын 25-ны өдрөөс 2017 оны 11 сарын 25-ны өдрийн хооронд төлсөн зээлийн хүү 2,059,729 төгрөг, шүүхийн шийдвэрээр гаргуулсан хүү 1,273,573 төгрөг, нийт 3,333,302 төгрөгийг Д.Бгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн 39-63 дугаар талд хариуцагч талаас гаргаж өгсөн шилжүүлгийн баримтууд нь хавтаст хэргийн 81-99 дүгээр талд авагдсан Хаан банкны дансны хуулга, 101-103 дугаар талд авагдсан Хас банкны дансны хуулгатай давхцдаг. Хэрэгт авагдсан 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны Хаан банк, Хас банкны дансны хуулгуудад дүгнэлт өгөх ёстой. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хас банкны дансны хуулгаар тухайн данс руу Д.Б 22 удаагийн шилжүүлэг хийсэн байна. Хариуцагчийн нэр, утасны дугаар байгаа учраас бидний зүгээс тодорхой хэмжээний зээл төлсөн гэж үзэж байна. Хариуцагчийн 2016 оны 11 сараас 2018 оны 09 сарын хооронд шилжүүлсэн мөнгө нэхэмжлэгчийн цалингийн зээлд төлөгдсөн гэж харахаар байна. Хариуцагчаас 1,622,962 төгрөг шилжүүлсэн, нэр, утасны дугаараа бичсэн байгаа учраас бид зээл төлсөн гэж харж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн зээлийн дансанд мөнгө шилжүүлснээ тайлбарлахдаа CHO, 185 гэсэн утга бүхий шилжүүлгээр нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн гэх боловч энэ талаар Хас банкнаас хариу ирүүлсэн. Моннис тооцооны төвөөс Д.Б эсхүл Н.Б шилжүүлсэн эсэх нь харагдахгүй учраас нэхэмжлэгчийн зээлийн дансанд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн нь зээлийн төлөлт хийгээд байгаа нь тодорхойгүй. Гэрч Н.Улаанхүүхэн хариуцагч Д.Бтэй хамт эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Н.Б Д.Бд 10,000,000 төгрөгийн зээл авч өгөөд эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж хариуцагч ярьсан талаар мэдүүлэг өгсөн. Зээл төлж байсан хугацаанд үндсэн зээл 2,017,341 төгрөг, зээлийн хүү 2,059,729 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,518 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас нийт 11,273,573 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Н.Б нь Д.Бтэй гэр бүл болж хамтран амьдрахаар 2016 оны 7 сараас эхлэн Д.Бгийн гэрт ирж очин явдаг байсанН.Б цалингийн зээл аваад Д.Бгийн Хаан банкны 5450173580 тоот дансанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр өглөг нэрээр 4,000,000 төгрөг хийсэн байдаг. Хэдий өглөг гэж дансанд нь мөнгө хийсэн боловч Д.Бгийн хувьд зээлийн төлөлт хийж байсан. Д.Б 2016 онд Гурван гал худалдааны төвд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн худалдан борлуулдаг байсан. Н.Б цалингийн зээл аваад Д.Бд 4,000,000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн мөнгөө өөрөө захиран зарцуулсан байх, энэ талаарх тооцоог мэдэхгүй. Харин цалингийн зээлийн эргэн төлөлтийг нь Д.Б эхний саруудад байнга төлж байсан. Н.Б 2016 оны 10 сарын 26-ны өдөр 100,000 төгрөгийг, 2016 оны 10 сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус өглөг гэсэн утгаар, 2016 оны 10 сарын 29-ний өдөр 800,000 төгрөгийг утасны дугаар бичиж шилжүүлсэн байдаг. Үүнээс харахад Н.Б, Д.Б нарын хооронд гэр бүлийн хүмүүсийн хоорондын өглөг, авлагын асуудал байгаа болох нь харагдаж байна. Н.Б хэрэглүүлсэн мөнгөө эргүүлж авахаар хандсан бол өглөг нэрээр шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 100,000 төгрөг, 800,000 төгрөг, нийт 4,900,000 төгрөгийг Д.Б төлж барагдуулсан болох нь өөрийн нэр, утасны дугаараар шилжүүлж байсан баримтаас харагдана. Д.Б Н.Бадамсүрэнгийн зээлийн дансанд нь өөрийн нэрээр 2,074,400 төгрөг, Хас банкны төв салбар болон өөрт ойр байсан салбараас нэргүйгээр 1,706,171 төгрөгХас банкны харилцах дансанд нь 2,327,969 төгрөг, Хаан банкны дансанд нь 1,307,900 төгрөг, нийт 7,403,440 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгаас тодорхой харагддаг. Хэрэгт авагдсан дансны хуулгаас хэн нь хэдэн төгрөг авсан бэ гэдэг нь нотлогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгээс 3,277,031 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,996,545 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөг, 68,300 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгээс нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 67,382.49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтад бус нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж дүгнэлт хийсэн. Мөн талуудыг хамтын амьдралтай байсан талаар дүгнэсэн атлаа 4,900,000 төгрөгийг хамтын амьдралдаа хэрхэн зарцуулж байсныг тодруулаагүй. Хариуцагч нь 4,900,000 төгрөгийг хариуцах ёстой бол нэхэмжлэгчид 6 сая гаруй төгрөг буцаан төлсөн баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн Хас банк ХХК-аас зээл авч, хариуцагчид өгсөн. Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгээсээ татгалзсан. Анхан шатны шүүх 5,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлсэн 4,900,000 төгрөгөөс зөвшөөрсөн 1,622,969 төгрөгийг хасч, үлдэх 3,327,031 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн. 6,000,000 орчим төгрөгийг төлсөн гэж хариуцагч маргадаг. Хэрэгт авагдсан зарлагын баримт болох Хас болон Хаан банкны дансны хуулгууд нь хоорондоо давхацдаг. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, зөвхөн хариуцагчийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 4,900,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бөгөөд талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйг хэрэгт авагдсан баримтад үндэслэн залруулах боломжтой.

 

3. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан 11,273,573 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хас банкнаас цалингийн зээл авсан 10,000,000 төгрөгөөс хариуцагчид 4,900,000 төгрөгийг дансаар, 5,100,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч дансаар авсан 4,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, харин 5,100,000 төгрөгийг аваагүй гэж тус тус тайлбарласан.

4а. Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 4,900,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 13/ Харин нэхэмжлэгч нь 5,100,000 төгрөг бэлнээр өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

 

4б. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө буцаан шаардах эрх хөрөнгө шилжүүлсэн этгээдэд үүсэхийн тулд тэрээр уг хөрөнгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байх шаардлагатай. Нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэхдээ гүйлгээний утгыг өглөг гэж бичсэн байх боловч энэ нь хариуцагч уг мөнгөн хөрөнгийг өөртөө үлдээх болон нэхэмжлэгчээс авах эрхтэй болохоо баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 4,900,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4в. Хариуцагч нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5450267726 тоот данс руу 1,086,900 төгрөг, Хас банкны 5000140075 тоот данс руу 1,211,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл болон дансны хуулгаар тогтоогдож байна. /хх 39-63/ Түүнчлэн, хэргийн 157-159 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Д.Бямбасүрэнгийн зээлийн дансны хуулгаас үзэхэд хариуцагчийн утасны дугаар болон нэрийг гүйлгээний утга дээр бичсэн нийт 980,269 төгрөгийн орлого нэхэмжлэгчийн дансанд орсон байна. Иймд хариуцагчийг 3,278,169 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн гэж үзэхээр байх тул 1,621,831 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

5. Нэхэмжлэгч Хас банк ХХК-аас авсан цалингийн зээлийн хүүд төлсөн 1,273,573 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч уг цалингийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгэх этгээд биш байна. Учир нь нэхэмжлэгч цалингийн зээлийн гэрээг дангаар байгуулж, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан тул хариуцагчаас уг зээлд төлсөн төлбөрийг шаардах эрх үүсээгүй болно.

 

6. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцах хүсэлт гаргаагүй, талууд шүүх хуралдаанд маргаан бүхий асуудлаар мэтгэлцэж, тайлбар гарган оролцсон байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 101/ШШ2021/03928 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 3,277,031 /гурван сая хоёр зуун далан долоон мянга гучин нэгэн/ гэснийг 1,621,831 гэж, 7,996,545 /долоон сая есөн зуун ерэн зургаан мянга таван зуун дөчин тав/ гэснийг 9,651,742 гэж, 2 дах заалтын 67,382.49 гэснийг 40,899 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ