Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/77

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай       

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Хохирогч ******* өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2418000000452 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

******* Улсын иргэн,  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 13 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан захын хашаан дотор иргэн ******* “намайг залгахад гар утсаа авсангүй, миний мөнгийг өгсөнгүй” гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр рүү нь цохисны улмаас баруун дээд 1 дүгээр шүдний булгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* прокурорын саналын хүрээнд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200,000 (хоёр зуун, мянга) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч С.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч ******* нь миний эрүүл мэндэд хохирол учруулчхаад 1 ч төгрөг төлөөгүй байж 600,000 төгрөгөөр торгуулсанд гомдолтой байна /6,000,000 гаран төгрөгийн нэхэмжлэлээ нэхэмжилсэн юм. Мөн анхан шатны шүүхээс надад шүүх хурлын товыг мэдэгдэхгүйгээр шүүх хурлыг хийсэнд гомдолтой байна. Миний үүдэн дээд 3 шүд хугарчихсан байхад хөнгөн гэмтэл гэж тодорхойлсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах хүсэлтэй байна. Би эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй ажил төрлөө алдсандаа маш их гомдолтой байна.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* өмгөөлөгч ******* саналдаа:

Хохирогч С.Батжаргал нь “Миний 3 шүдэнд гэмтэл учирсан, шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, мөн шүднээс гадна биеийн бусад хэсэгт шарх учирсан. Шүүгдэгч нь хохирол, төлбөр огт төлөөгүй байхад хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид тохироогүй ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.” гэх агуулгатай гомдол гаргасан байдаг. Миний бие хохирогчтой өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэргийн материалтай танилцахад хохирогчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул дэмжиж байна. Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүх хуралдаанд хохирогчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч нь хохирол, төлбөрийг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Би хохирогчид хохирлыг төлөх гээд залгахад утсаа аваагүй, гэрт нь очиход байхгүй байсан тул холбогдож чадаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хуралдааны ирц танилцуулахад хохирогч тов мэдэгдсэн боловч ирээгүй гэж танилцуулж байсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хохирогч нь 3 шүд гэмтсэн байхад хөнгөн гэмтэл учирсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлыг буруу тогтоосон гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Би хохирогч, шүүгдэгч нартай прокурорын шатанд биечлэн уулзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлд заасан үндэслэл, хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсөн. Хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар хүсэлтээ бичиж өгсөн. Үүний дагуу яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт шүүгдэгч нь хохирогчид учруулсан гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй тухай, мөн ял эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон болохыг дурдсан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох талаар хохирогч хүсэлт гаргаагүй, мөн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хохирогчийг байлцуулахгүйгээр үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогчийн шүд нь хиймэл шүд байсан учраас хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах тухай шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Мөн мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргаан гараагүй. Давж заалдах гомдол үндэслэл муутай байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх  шүүгдэгч ******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоолыг үндэслэн хянан шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ:

1/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзээгүй байна.

Тухайлбал: Шүүгдэгч хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянаж үзээгүйгээс хохирогч хохирол төлбөр төлөгдөөгүй, хэзээ төлөх нь ч тодорхойгүй гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргасан ба шүүгдэгч хэдэн төгрөгийн хохирол төлбөр төлөхөө мэдэхгүй явж байгаа нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар тогтоогдлоо.

2/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрхээр хохирогч хангагдаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч ******* холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчид шүүх хуралдаанд товыг мэдэгдээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзлээ.

3/ Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжид энэ тухайгаа зааж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаагаа тодорхойлох ёстой.

Ингэж тодорхойлоогүйгээс тухайн хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн үү, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үү гэдэг нь ойлгомжгүй шүүх хуралдаан явагджээ.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн 330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

           2. Хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх хүртэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                           Б.МАНЛАЙБААТАР