Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 302/ШШ2025/00481

 

 

 

 

2025 05 28

302/ШШ2025/00481

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, Санырау овогт Хуанбайн Ниетжан

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, Уах овогт Гавидений Еркебек

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдагч ажилдуулсны ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.Еркебекээс гаргуулах тухай гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Ниетжан,

Хариуцагч Г.Еркебек,

Орчуулагч Т.Хуаныш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Х.Ниетжан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Ниетжан би Өлгий сумын Тирлик захад лангуу эзэмшиж, хувиараа худалдаа наймаа эрхэлдэг. Иргэн Г.Еркебек нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өлгий сумын Тирлик зах дотор бараа үзэж байгаа хүмүүсийг өдөөн хатгаж, өөр тийшээ явуулсан гэх шалтгаанаар Х.Ниетжан намайг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан юм. Г.Еркебекийн уг үйлдэлд тус аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлснээр тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Уг шийтгэх тогтоолын 9 дэх заалтаар хохирогч Х.Ниетжан намайг ... 1 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажиллуулсны хөлс болох 1,000,000 төгрөг болон цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах хохирол, төлбөр байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй..."гэж дурдсан. Х.Ниетжан би гэмт хэргийн хохирогч болсноос хойш 1 сарын хугацаанд зах дээр гарч худалдаа эрхэлж чадахгүй байсан ба энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд шинжилгээ хийлгэсэн, хөдөлгөөн хязгаарлагдаж дэглэм сахисан тул 1 сарын хугацаанд Т.Жардем гэх эмэгтэйг хөлслөн ажиллуулсан ба ажлын хөлсөнд нь 1,000,000 төгрөг төлсөн юм. Иймд Худалдагч ажилдуулсны ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.Еркебекээс гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Г.Еркебек нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд

Миний бие Г.Еркебек нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Тирлик захын дотор бараа зарж байгаад Х.Ниетжантай маргалдаж харилцан зодоон болж шүүхээр явсан. Шүүхээс надад 2 сарын хугацаагаар зөрчих эрхийг маань хязгаарлах ялаар шийтгэж, Х.Ниетжанд 4,418,848 гаргуулж олгосон. Х.Ниетжан 1 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажиллуулсны хөлс 1,000,000 төгрөг нэхэмжилснийг нотлох баримт байхгүй, нийгмийн даатгал төлөөгдөөгүй байна. Би 4 нялх хүүхэдтэй, тогтсон эрхэлсэн ажил байхгүй. Шүүхээс надаас 4,418,848 гаргуулж Х.Ниетжанд олгож шийдвэрлэсэн мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдалд байна. Х.Ниетжаны нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөг нь ямар нэгэн нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Х.Ниетжан нь Би Өлгий сумын Тирлик захад лангуу эзэмшиж, хувиараа худалдаа наймаа эрхэлдэг. Гэмт хэргийн хохирогч болсноос хойш 1 сарын хугацаанд зах дээр гарч худалдаа эрхэлж чадаагүй, энэ хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, шинжилгээ хийлгэсэн, Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд шинжилгээ хийлгэсэн, хөдөлгөөн хязгаарлагдаж дэглэм сахисан тул 1 сарын хугацаанд Т.Жардем гэх эмэгтэйг хөлслөн ажиллуулсан ба ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг төлсөн ба би хохирсон учир уг ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

4.2. Нэхэмжлэгч Х.Ниетжанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

5. Хариуцагч Г.Еркебек нь шүүх хуралдаанд ... шүүхийн шийдвэрээр 4,418,848 төгрөгийг Х.Ниетжанд төлөх шийдвэр гарсан. Миний зөрчих эрхийг 2 сарын хугацаагаар хязгаарласан тул явж худалдаа хийх боломжгүй болж худалдаа маань зогссон. Х.Ниетжанд төлөх ёстой мөнгийг төлж чадахгүй байна. Худалдагч ажилдуулсны хөлс болох 1,000,000 төгрөгийг нэхэмжилснийг төлж чадахгүй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

6. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт Т.Жардемийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолтоор Тирлик захын барааны лангуунд 1 сар ажиллуулахдаа түүнээс ажлын хөлс 1,000,000 төгрөгийг ХААН банкны 5180699548 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэж тодорхойлж, нэхэмжлэгч Х.Ниетжан нь өөрийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус үндэслэж хариуцагч Г.Еркебекээс гаргуулах боломжгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

6.1. Нэхэмжлэгч Х.Ниетжан болон Т.Жардем нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасан харилцаа үүссэн нь тогтоогдохгүй байна.

Хөлсөөр ажиллах гэрээ нь хоёр тал нь харилцан үүрэг хүлээдэг гэрээ бөгөөд энэ гэрээний дагуу нэг тал нь (ажиллагч) тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь (ажиллуулагч) тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй ба хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Х.Ниетжан нь ажиллагч Т.Жардемтэй ажил үйлчилгээ гүйцэтгэх талаар тохиролцсон эсэх, Т.Жардем нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, мөн ажил гүйцэтгэсний цалин хөлсний талаар талууд тохиролцсон зэрэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

6.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолоор Габидений Еркебекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Еркебекийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх ба мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Еркебекээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 458,848 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 3,960,000 төгрөг гаргуулж хохирогч Х.Ниетжанд олгосон байна.

6.3. Дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Ниетжаны 1 сар гэртээ эмчилгээ хийлгэсэн хугацаандаа худалдагч ажилд авсан ажиллуулсны хөлс болох 1,000,000 төгрөг болон цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндээ эмчлүүлэхэд гарах хохирол, төлбөр байна гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн байна.

6.4. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан боловч хуульд заасан дээрх үндэслэлээр буюу Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтаар хохирогч буюу нэхэмжлэгч Х.Ниетжанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлуудыг хариуцагч буюу шүүгдэгч Г.Еркебекээс гаргуулж олгосон байна.

6.5. Нэхэмжлэгч Х.Ниетжан нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбарлахдаа ... Х.Жардем нь олон жил болсон миний туслахаар ажилласан гэж, хариуцагч Г.Еркебек нь гарын баримт өгсөн Х.Жардем нь Х.Ниетжаны туслах ажилчин, зах дээр байнга тусалдаг хүн, үүнийг зах дээр наймаа хийдэг бүх хүмүүс түүний туслахаар ажиллахыг мэднэ, түүнийг худалдагчаар ажиллуулж 1,000,000 төгрөг өгсөн гэдэг нь эргэлзээтэй гэж тус тус тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

6.6. Нэхэмжлэгч Х.Ниетжан нь Т.Жардемийг 1 сар Тирлик захын лангууд ажиллуулж, түүнд ажлын хөлс 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Ниетжаны хариуцагч Г.Еркебекээс ажлын хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ниетжаны худалдагч ажилдуулсны ажлын хөлс болох 1,000,000 төгрөгийг хариуцагч Г.Еркебекээс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Х.Ниетжаны нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН