| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00445/И |
| Дугаар | 302/ШШ2025/00529 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00529
| 2025 0618 | 302/ШШ2025/00529 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт А.Н
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчА.Н ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж ,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1.Хүсэлт гаргагчА.Н нь Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1Би шүүхэд Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтээ бүхэлдээ дэмжиж оролцож байна. Миний тухайн үед ажилласан жилдээ холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй тул шүүхэд хандсан. Тухайн үеийн тушаал,цалин хөлсний баримт байгаа болов уу гэж аймгийн архиваас шүүсэн боловч гараагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэхэд 3 жил дутаж байх тул дээрх жилүүдээ тогтоолгох гэж байна. Өөртөө байгаа нотлох баримт болон тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийг гэрчээр асуулгасан. Миний ажилласан нь үнэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтууд олдохгүй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хүсэлт гаргагч А.Н шүүхэд Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан байна. Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон гарсан тушаал нь байхгүй. Харин Н ХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа. Тэгэхээр хүсэлт гаргагчийн цалин хөлс авч байсан тухай баримт гарах ёстой байсан. Ядаж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хүмүүсийн дотор нэр нь байх ёстой. Тийм зүйл огт байхгүй учраас хүсэлт гаргагч тус байгууллагад ажиллаж байгаагүй гэж дүгнэж байна. Мөн хүсэлт гаргагч биеийн байцаалт өгөхдөө би насаараа мал малласан малчин хүн гэсэн. Хэрэгт хүсэлттэй холбоотой гэрч нарын мэдүүлгээс өөр хөндлөнгийн нотлох баримт байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ Т.Н , Х.С , Д.Б нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаартай архивын лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Нийгмийн даатгалын газраас Б.Ж д олгосон итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.
5.Шүүхийн журмаарБ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай архивын лавлагаа, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12/624 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Н ийнХААТР маягтууд, Т.Н , Х.С , Д.Б нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүхээс хүсэлт гаргагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
7.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч нийгмийн даатгалд хандахад ажилд орсон гарсан тушаалууд гарахгүй байна. Иймд миний Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
8. Хүсэлт гаргагч А.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
9. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч А.Н ийн Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдал нь дараах үйл баримт тогтоогдохгүй байна. Үүнд:
9.1. Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаартай лавлагаанд “Хүсэлт гаргагч А.Н д холбогдох Б аймгийн Н ХК-ийн 1992-1994 онуудын тушаал болон цалин хөлсний баримтуудыг архивт шилжүүлээгүй болно” гэжээ.
9.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12/624 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч А.Н ийн Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15 /А/ маягтад “1.Бүртгэсэн он, сөр, өдөр: 1995.03.27, 2.Гэрлэсэн он, сар, өдөр: 1995.01.01, 27.эхнэрийн ажилладаг байгууллага: бүртгэгдээгүй, эрхэлдэг ажил: ААтан” гэж бүртгэгдсэн байна.
9.3. Б аймгийн Ө сумын иргэн Т.Н , Х.С , Д.Б нар нь хүсэлт гаргагч А.Н нь 1991 оны 06 дугаар сараас 1994 он дуустал Н ХК-д нэхмэлчнээр ажиллаж байсан гэж нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт гаргаж өгч, шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгч чадаагүй энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад хөдлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч А.Н нь Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, цалингийн цэс болон бусад холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хүсэлт гаргагчийн Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Б аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарны 07-ны өдрийн 112 дугаартай архивын лавлагаанд “Тус газрын архивт Ө сумын “Н” ХК нь шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1992, 1993, 1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно” гэсэн байх ба энэхүү лавлагаагаар хүсэлт гаргагч А.Н нь Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй болно.
12. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт А.Н нь Б аймгийн Н ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нэхмэлчнээр байсан байдлыг тогтоолгох тухайхүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Н ийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б