Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00341

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00341

 

 

 

Н.АТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 102/ШШ2021/02895 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.АТӨХК-ийн хариуцагч Ц.Цд холбогдуулан гаргасан 25,708,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Өргөн говь ХХК-ийн захирал Ц.Ц нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Налайх дүүргийн 2 дугаар хороо, 43-47 дугаар байрны хороолол дундах авто замын засварын ажил гүйцэтгэсэн. Ийнхүү ажлаа хийхдээ Н.АТӨХК-ийн ажилчдыг туслан гүйцэтгэгчээр аман хэлцлийн үндсэн дээр ажиллуулсан. Ингээд харилцан тохиролцсоны дагуу Н.АТӨХК-ийн 15 ажилтан нь хариуцагчийн хийж байсан засварын ажилд нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тогтооосон ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн. Нийт 189,880,000 төгрөгийн төсөв, тендертэй замын засварын ажлаас 54,812,604 төгрөгийн хөлс бүхий ажлыг туслан гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн. Үүнээс тооцоо нийлсний дагуу үлдэгдэл ажлын хөлс 12,408,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Ц.Ц нь дээр дурдсан ажлын тендер авахад зориулж 11,300,000 төгрөгийг Н.АТӨХК-аар төлүүлсэн бөгөөд төсөв орж ирэхээр буцаан өгнө гэсэн боловч өгөөгүй. Мөн Н.АТӨХК нь Си кэй эйч ХХК-д 2,000,000 төгрөгийг Битумын эмульс цацлагын үнэ гэсэн утгаар хариуцагч Ц.Цы өмнөөс төлсөн.

Ц.Ц дээрх мөнгийг өгөхгүй, худал хэлж олон жилийг өнгөрөөсөн тул 2019 онд Баянгол дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хааж шийдвэрлэсэн. Тухайн үед туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан, ажлын хөлсийг бүрэн гүйцэт төлөөгүй болох нь битумын цацлагын бэлэн мөнгөний зарлагын баримт болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаарх тооцоо нийлсэн акт, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, гомдол, гомдлын хариу зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Иймд Ц.Цаас нийт 25,708,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Өргөн говь ХХК-ийн хаяг, оршин байгаа газрыг мэдэх боломжгүй байсан учраас захирал Ц.Цыг хариуцагчаар татсан гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгаНэхэмжлэгч Н.АТӨХК нь бодит байдал дээр ямар ч ажил гүйцэтгээгүй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй төдийгүй ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүнг хүлээлцсэн баримт байхгүй. Өргөн говь ХХК-ийн хувьд Нийслэлийн авто замын газартай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу Налайх дүүргийн зам засварын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Өргөн говь ХХК-ийн зүгээс хамтран ажиллахаар тохиролцсон зүйлгүй. Нэхэмжлэгч Н.АТӨХК нь Ц.Цыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүнтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Нэхэмжлэгч нь тендерийн зардалд 11,300,000 төгрөгийг туслан гүйцэтгэгч Өргөн говь ХХК-ийн өмнөөс төлсөн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ц.Цаас 25,708,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.АТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэгч компанийн ажилтнуудыг туслан гүйцэтгүүлэгчээр ажиллуулж, хөлсийг нь өгөөгүй болох нь витум цацлагны бэлэн мөнгөний зарлагын баримт, ажилчдын жагсаалт, Налайх дүүргийн 2 дугаар хорооны 43-47 дугаар байрны хороолол дундах авто зам дээр засварын ажил хийж байсан ажилчдын гэрэг зургийн үзүүлэлт, тухайн ажлын наряд, томилолт, зам талбайн барилгын ажлын төсөв, нийт барилгын материалын тооцоо, цалингийн нэгтгэл, зам засварын ажлын төсөв, Өргөн говь ХХК-тай тооцоо нийлсэн акт, хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байхад шүүх хэргийг бүхэлд нь хянахгүйгээр, нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй.

4б. Иргэний хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч татгалзаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байхад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг нотлох ямар нэг хүсэлт гаргаагүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өргөн говь ХХК захирал Ц.Ц нь Н.АТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулахаар тохиролцсон боловч гэрээнд гарын үсэг зурахгүй чирэгдүүлж, ажлаа гүйцэтгүүлэхдээ гэрээний шаардлагагүй, ажлын хөлсийг ямар ч асуудалгүй төлнө гэж хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн. Талууд амаар хэлцэл хийж, Ц.Цы хүсэл зоригийн дагуу саналыг нь хүлээн авч, хэлцлийн үндсэн дээр тус зам засварын ажлыг заасан хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн дуусгасан байдаг. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

4в. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хэлээгүй байхад шүүх үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Шүүх хуулийг буруу тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хугацаа нь асуудалтай харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтуудаар нотлох ёстой. Гэтэл нотлох баримтаа хангалттай бүрдүүлж өгөөгүй, өөрөөр хэлбэл яг энэ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан эсэх талаар нотолж чадаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний улмаас 12,408,000 төгрөг үлдэгдэлтэй болохыг нотлоогүй. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдлээс гадна 11,300,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийн төлбөр тооцооны асуудал юунаас болж үүссан талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй. Прокурорын тогтоолд талуудын хооронд гэрээ байгуулагдсан асуудлыг тогтоогоогүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Ийм учраас нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

3.   Нэхэмжлэгч Н.АХХК нь хариуцагч Ц.Цд холбогдуулан 25,708,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4.   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Өргөн говь ХХК Налайх дүүргийн 2 дугаар хорооны 43-47 дугаар байрны хороолол дундах авто замын засварын ажил гүйцэтгэхэд Н.АТӨХК-ийн ажилчдыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсны хөлс 12,408,000 төгрөг, уг ажлын тендер авахад Ц.Цы өмнөөс төлсөн 11,300,000 төгрөг, битум цацлагын үнэд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 25,708,000 төгрөг гаргуулах гэж тайлбарласан.

 

4а. Өргөн говь ХХК нь Нийслэлийн авто замын газрын захиалгын дагуу Налайх дүүргийн хороолол доторх зам засварын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, уг ажлыг графикийн дагуу гүйцэтгэж, 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 105-108/

 

4б. Нэхэмжлэгч Н.АТӨХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан ажилчдын цалин хөлс 12,408,001 төгрөгийг шаардах эрх үүссэн гэх байдлаа нотлохоор Өргөн говь ХХК-тай Тооцоо нийлсэн акт гэх бичгийн баримтыг ирүүлжээ. Уг баримтад хариуцагч Ц.Ц гарын үсэг зурсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эрх бүхий албан тушаалтан юм. Хариуцагч Ц.Ц нь гүйцэтгэх захирлын хувиар Өргөн говь ХХК-ийг төлөөлж тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан байх тул тэрээр иргэний хувиар уг үүргийг хариуцах этгээд биш байна .

 

4в. Нэхэмжлэгч нь тендерийг Өргөн говь ХХК авсан, хариуцагч Ц.Цы өмнөөс түүнийг тендер авахад нь зориулж 11,300,000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Түүнчлэн, битумын цацлаганы үнэд 2,000,000 төгрөгийг төлсөн болохоо нотлохоор бэлэн мөнгөний зарлагын баримт гэх баримт ирүүлсэн боловч уг баримтад мөнгө хүлээн авагч Си кэй эйч ХХК, гүйлгээний утга нь битумын эмульс цацлаганы үнэ гэж бичсэн байна. Иймд уг баримтыг үндэслэн хариуцагчаас нэхэмжлэгчид 2,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж дүгнэх боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. /хх 10/

5.   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар Өргөн говь ХХК-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.

 

Өргөн говь ХХК-ийн захирал Ц.Цыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хариуцагч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн Өргөн говь ХХК-ийн захирал Ц.Цтай хэлцэл хийсэн эсэхийг анхаараагүй, тооцоо нийлсэн баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь тухайн нэхэмжлэлийг хариуцах этгээд биш тул шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримталж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 11 дүгээр сарын 09ий өдрийн 102/ШШ2021/02895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,490 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ