Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

  2018            03            26                                           261

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч С.Э.н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .н Э.н холбогдох эрүүгийн 1808 0080 50252 дугаартай хэргийг 2018 оны 03 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Тайж нар овогт Сандагийн Э.н, Монгол Улсын иргэн,

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга

Шүүгдэгч С.Э.н нь согтуугаар 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд ....тоотод төрсөн дүү Г.Ч.н.жтой маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хоёр Шүүхийн хэлэлцүүлэгт С.Э.н : “... 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр намайг шатрын клубд байх үед Г.Ч.н.жийн хүү Б.л.о над руу утсаар яриад хөдөөнөөс ах, эгч хоёр ирсэн байна. Таныг хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Тэгээд 18:00 цагийн үед “та хаана явж байна” гээд над руу ярьсан. Тэгээд би 18:00 цагийн үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд 3-4 шил архи уусан, нилээд согтсон байсан. Намайг Б.л.огийн гэрт ороход эгч унтаж байсан. Харин ах нилээд согтсон байдалтай сууж байсан. Тэгээд намайг гэрт ороход Б.л.о эгчийг сэрээсэн. Гэтэл эгч надад нэг шил архи, ууттай чихэр өгсөн. Тэгэхээр нь би эгчийн өгсөн архийг нь задалж ах, эгч нарт өгөхөд согтуу байсан учраас ууж чадахгүй байсан. Тэгээд Б.л.о бид хоёр хувааж уусан. ...Б.л.о нилээн согтсон байсан учраас Ч.н.ж бид хоёр унтуулсан. Би Ч.н.жид хандаж наадуул чинь согтуу одоо унтах гэж байна, одоо миний дүү орж унт гээд бид хоёр тэврэлдээд хамтдаа газар унаж, Ч.н.ж миний үснээс зулгаагаад байхаар нь би нүүр рүү нь цохисон. Тэгээд тавихгүй болохоор нь чихнээс нь хазаад тавьж гэхэд тавихгүй болохоор нь нилээд чанга хазсан...” гэв

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Г.Ч.н.жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ....гудамжны ... тоот гэртээ байж байтал манай төрсөн ах...Х.д нь эхнэр Д.маа...хоёр найзынхаа хамт манай гэрт 15 цагийн орчим ирсэн. ...Б.л.огийн гэрт ороод бид нар хоол унд хийж идчихээд 2 шил 0.5 литрийн архи...хувааж уусан. Тэгтэл манай төрсөн ах С.Э.н нь 19 цагийн орчим Б.л.огийн гэрт орж ирсэн. ...Би тухайн үед нилээн согтчихсон байсан ба зарим зүйлээ сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд гадаа гарчихсан хашаан дотор С.Э.н ахтай маргалдаад зогсож байсан. Тэгээд маргалдаад бид хоёр зууралдаад газар уначихсан бөгөөд С.Э.н ах миний баруун чихийг хазаад би тавь гээд үснээс нь зулгаасан. Мөн баруун гарын долоовор хурууг нь хазсан...2018 оны 2 дугаар сарын 09-ний өглөө сэртэл толгой тархи өвдөөд би толинд хартал нүүр ам хавдчихсан, бас баруун талын чихийг хазаад үзүүр хэсгийн мөгөөрс нь тасарчихсан цус гараад хатчихсан байсан. ...Тэгээд яахаа мэдэхгүй сууж байтал С.Э.н ахын эхнэр болох О.гоо манай гэрт орж ирээд намайг харчихаад юу болсон юм бэ яачихсан юм гэхээр нь би өчигдөр орой С.Э.н ах намайг зодоод чих хазаад байсан. Тэгээд л ийм болгочихсон гэж хэлтэл О.гоо эгч манай охин И.лоо руу залгаж хэлсэн...Тухайн орой миний санаж байгаагаар 3 шил архи уусан...би ямар шалтгаанаас болж С.Э.н ахтай маргалдсанаа санахгүй байна...Нэг мэдсэн гадаа гарчихсан маргалдаж байсан...Намайг гадаа байхад С.Э.н газар унагаагаад багалзуурдаж бас баруун чих болон баруун гарын долоовор хуруунаас хазаж байсан бас нүүр рүү гараараа цохиж байсан. би яг хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй байна. Мөн үснээс зулгаасан... би тухайн үед С.Э.н ахад зодуулчихаад биеэ ийм аймар болгосныг мэдээгүй, согтуу байсан юм. Тэгээд л маргааш өглөө нь чих хазаж мөгөөрс тасалсан бас нүүр ам хавдсан байсныг мэдсэн юм. Тэгээд манай охин И.лоо цагдаа руу залгаж дуудлага өгсөн...Миний баруун нүд хөхөрсөн, баруун талын чихний үзүүр хэсгийн мөгөөрс тасарсан, баруун гарын долоовор хуруу хазаж шалбалсан гэмтэл учирсан байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

2. Гэрч Ч.И.лоо (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө...О.гоо эгч над руу залгаад...ээжийн чинь чих нь аймар болчихсон байна гэхээр нь би...Сонгинохайрхан дүүргийн...тоотод гэрт нь очсон юм. ...Тэгээд гэртээ ороод ээжийг хартал нүд нь хөхөрчихсөн, баруун талын чихний үзүүр хэсэг тасарчихсан цус гараад хатчихсан байдалтай байсан. ...О.гоо эгч надад хандаж өчигдөр орой архи ууж байгаад С.Э.н ах чинь ээжийг чинь ийм болгочихсон байна гэж хэлсэн...С.Э.н ах надад хэлэхдээ...орой архи уугаад ээж чинь надтай маргалдаад ийм асуудал болчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

3. Гэрч Ч.Д.р.ж (хохирогчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим гадуур явж байгаад...хашаа руугаа явж ороход гэрийн гадаа ээж Г.Ч.н.ж, Б.л.о, С.Э.н нар газар уначихсан. С.Э.н ах, ээж Г.Ч.н.ж, Ч.Б.л.о нарын дээр  нь гараад дарчихсан хэвтэж байсан. ...Тэгээд би С.Э.н ахыг босготол хашаанаас гараад явсан...Тэгээд би гэртээ ороод байж байгаад унтах гэтэл ээж гаднаас нилээн согтуу чих болон толгойгоо барьчихсан орж ирсэн ба намайг хартал нүүр ам нь цус болчихсон байсан. ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө...11 цагийн орчим сэртэл...ээжийн нүүр нь халцарчихсан, нүд нь хөхөрчихсөн, баруун талын чихнийх нь үзүүр буюу мөгөөрсөн хэсэг нь байхгүй цус гараад хатчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

4. Гэрч Э.С.аагийн (яллагдагчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 09-ний өглөө...ээж Г.Ч.н.ж эгчийн гэр рүү түлхүүрээ аваад ирье гээд явж орсон ба би охиныхоо хамт гадаа үлдсэн юм. Тэгээд ээж буцаж гарч ирээд надад Г.Ч.н.ж эгч чинь аавд чинь зодуулчихсан байна гэж хэлсэн бөгөөд гэрээ онгойлгож гэр рүүгээ авч явсан эд зүйлээ оруулж тавьчихаад ээжийн хамт Г.Ч.н.ж эгчийн гэр рүү нь орсон...гэрт ороход Г.Ч.н.ж эгч орон дээрээ сууж байсан ба ямартай ч нүд нь хөхөрчихсөн чихнээс нь цус гарчихсан хатчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

5. Гэрч Ч.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан ...тоотод гэртээ ганцаараа байж байтал манай ээжийн том ах Х.д нь эхнэр болон 2 найзынхаа хамт ирсэн юм. Тэгээд удалгүй хойноос нь манай ээж болох Г.Ч.н.ж орж ирсэн. ...Тэгээд бид нар хамт архи ууж эхэлсэн бөгөөд нийтдээ 3 шил архи хувааж уусны дараа гадаа харанхуй болсон байхад С.Э.н ах гаднаас орж ирсэн. ...С.Э.н ах орж ирээд дахин 1 шил архи уугаад манай ээж болох Г.Ч.н.ж нь түрүүлээд гэрээс гарч явсан. ... Тэгээд гэртээ байж байтал гадаа манай ээж хашгираад орилоод байсан ба би гэрээс гартал ээж газар уначихсан С.Э.н ах дээр нь гараад суучихсан чихнээс нь цус гарчихсан байдалтай байж байхаар нь би ямартай ч явж очиж салгаж байх шиг байсан. Би салхинд гарч цохиулаад тасарчихсан бөгөөд цаашаа юу болсныг ерөөсөө санахгүй байна...2018 оны 2 дугаар сарын 9-ний өглөө...ээж Г.Ч.н.жийн гэр рүү нь явж ортол гэрт нь манай ээж Г.Ч.н.ж, манай эмэгтэй дүү Д.р.ж, эгч И.лоо нар байж байсан. Харин ээж орон дээрээ сууж байсан бөгөөд нүд нь хөхөрчихсөн баруун талын чих нь цус гараад хатчихсан үзүүр хэсэг нь тасарчихсан их дуу муутай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2454 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун чихний дэлбэнд 6см мэс заслын оёдол бүхий шархтай, баруун нүдний эргэн тойрон, зүүн нүдний дээд зовхи хөхөлбөр ягаан, баруун хацарт 8х5см, хамарт 1х0.5см, хүзүүний баруун хэсэгт 6х0.2см улаан ягаан, зүүн гуяны ар дээд хэсэгт 8х5см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, духны баруун доод хэсэгт 1х0.2см баруун 2-р хуруу 2х.01 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй...ДҮГНЭЛТ:

1. Г.Ч.н.жийн биед баруун чихэнд шарх, баруун дээд доод зовхи, зүүн дээд зовхи, баруун хацар, хамар, хүзүү гуяанд цус хуралт, дух, баруун 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24),

7. Шүүгдэгч С.Э.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Тусгаар тогтнолын намын байранд найзуудынхаа хамт байж байхдаа 1 том аягаар нэг дүүрэн архи уусан. Тэгээд байж байтал 16 цагийн орчим манай дүү болох Г.Ч.н.жийн том хүү болох Б.л.о над руу залгаад хөдөөнөөс Х.д ах, Д.маа эгч хоёр ирсэн байна...гэхээр нь би автобусанд суугаад очлоо гэж хэлээд утсаа тасалсан. ...тэгээд би Б.л.огийн гэр рүү нь ортол Д.маа эгч тасарчихсан орон дээр унтаж байсан. Харин Б.л.о ширээнийхээ хажуу талд суучихсан Х.д ах гэрийн баруун талд ширээний хажууд сууж байсан. Харин Г.Ч.н.ж зүүн талынх нь орон дээр сууж байсан...Тэгэхээр нь би  хажуунаас нь та нар одоо бүгд нэлээн согтчихсон байна одоо болсон байна гэж хэлтэл Г.Ч.н.ж архийг нь ширээний хажууд тавьсан. Тэгээд би Г.Ч.н.жийг одоо гэртээ орж унт би бас гэр рүүгээ орж унтлаа гэж хэлтэл Б.л.о орон дээр унтаж байгаад босож ирээд суугаагаарай доошоо харчихсан гуйваад пизданууд минь би та нарыг ална шүү гээд амандаа үглээд байсан. Тэгтэл Г.Ч.н.ж Б.л.о дээр явж очоод одоо чи унт гээд хүзүүгээр нь тэврээд унтуулах гэсэн боловч Б.л.о унтахгүй байсан...Тэгэхээр нь би Г.Ч.н.жийг...чи одоо гэртээ орж унтаж амар гэтэл Г.Ч.н.ж миний үгэнд ороод Б.л.огийн гэрээс нь гараад явсан...Тэгээд намайг Б.л.огийн гэрээс гараад явж байтал Г.Ч.н.ж гэрээсээ гарч ирж надтай таарсан. Тэгээд би Г.Ч.н.жид хандаж чи Б.л.огийн гэр рүү явж орж яах гээд байгаа юм бэ наадуул чинь согтуу одоо унтах гэж байна гэж хэлээд Г.Ч.н.жийг тэврээд гэр рүүгээ яв гэтэл Г.Ч.н.ж би өөрөө мэдэж байна гэж хэлээд намайг 1 удаа алгадсан. Тэгэхээр нь би тэвэрч аваад чи яахлаараа хүн алгадаж байгаа юм бэ чамайг гэртээ орж унт гэж байхад гээд тэврэлдээд бид хоёр хамтдаа газар унасан бөгөөд би Г.Ч.н.жийн дээр нь гараад унасан юм. Тэгтэл Г.Ч.н.ж намайг үснээс зулгаагаад байсан ба би тавь гэж хэлтэл Г.Ч.н.ж ерөөсөө тавихгүй би өөрөө мэдэж байна чамаар заалгахгүй гээд өөдөөс нулимаад байхаар нь би өөдөөс нь бас уурлаад нулимсан бөгөөд үснээс тавь гэтэл тавихгүй зулгаагаад байхаар нь би Г.Ч.н.жийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа алгадаж цохисон. Тэгээд тавихгүй болохоор нь би баруун талын чихийг нь хазаад тавь гэтэл тавихгүй байсан ба би чихийг нь улам чангалаад хазаад байсан. Тэгтэл хойноос Б.л.о ирээд намайг татаж миний гарыг мушгиад ээжийг тавь гээд толгой руу шилээр нэг удаа цохисон. Тэгээд би Г.Ч.н.жийн үснээс нь зулгаасан хэвээр босож ирээд Б.л.огийн гарт нь байсан шилийг нь булааж аваад өөрийг нь бас нэг удаа нуруу руу нь цохисон. Тэгээд Б.л.ог бас газар унагаагаад Г.Ч.н.жтой хамт нийлүүлж байгаад би дээр нь дарж суугаад та хоёр унтахгүй юм уу миний үгэнд орохгүй яасан янзын хүмүүс бэ гээд дараад байж байтал гаднаас Д.р.ж хашаанд орж ирэхээр нь би энэ 2 согтуу үгэнд ордоггүй хүмүүсийг авч унтуул гэтэл Д.р.ж бид нартай юм ярилгүй шууд ганцаараа өөрийнхөө гэр рүү яваад орсон. ...2018 оны 2 дугаар сарын 09-ний өглөө И.лоо надад хандаж та ээжийг яаж байгаа юм бэ нүүр амыг нь хавдахаад бас чихийг нь ийм болгож байгаа юм бэ гэж хэлэхээр нь би Г.Ч.н.жийн нүүр рүү хартал нүүр нь хөхөрчихсөн чихийг хартал чих нь үзүүр хэсэг нь тасарчихсан байхгүй болчихсон байсан...Би Г.Ч.н.жийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон, чихийг нь хазаж үзүүр хэсгийн тасалчихсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64),

8. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 38,41), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 49),  аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 31-37), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 39), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 54) хувийн байдлын баримтууд (хавтаст хэргийн 73-76) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Э.нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С.Э.н нь Сонгинохайрхан ..... тоотод, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харьцааны улмаас, төрсөн дүү Г.Ч.н.жтой маргалдан, шууд санаатай үйлдлээр, түүнийг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.Ч.н.жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Нэг мэдэхэд гадаа гарчихсан хашаан дотор С.Э.н ахтай маргалдаад зогсож байсан. Тэгээд маргалдаад бид хоёр зууралдаад газар уначихсан бөгөөд С.Э.н ах миний баруун чихийг хазаад би тавь гээд үснээс нь зулгаасан. Мөн баруун гарын долоовор хурууг нь хазсан... Тухайн орой миний санаж байгаагаар 3 шил архи уусан...би ямар шалтгаанаас болж С.Э.н ахтай маргалдсанаа санахгүй байна...Нэг мэдсэн гадаа гарчихсан маргалдаж байсан...Намайг гадаа байхад Э.н газар унагаагаад багалзуурдаж бас баруун чих болон баруун гарын долоовор хуруунаас хазаж байсан бас нүүр рүү гараараа цохиж байсан. би яг хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй байна. ...Миний баруун нүд хөхөрсөн, баруун талын чихний үзүүр хэсгийн мөгөөрс тасарсан, баруун гарын долоовор хуруу хазаж шалбалсан гэмтэл учирсан байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч Ч.И.лоо (хохирогчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө...О.гоо эгч над руу залгаад...ээжийн чинь чих нь аймар болчихсон байна гэхээр нь би...Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 29 дүгээр гудамжны 45 тоотод гэрт нь очсон юм. ...Тэгээд гэртээ ороод ээжийг хартал нүд нь хөхөрчихсөн, баруун талын чихний үзүүр хэсэг тасарчихсан цус гараад хатчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11),

- Гэрч Ч.Д.р.ж (хохирогчийн хүү) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 2 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчим ...гэртээ ороод байж байгаад унтах гэтэл ээж гаднаас нилээн согтуу чих болон толгойгоо барьчихсан орж ирсэн ба намайг хартал нүүр ам нь цус болчихсон байсан. ...2018 оны 02 дугаар сарын 09-ний өглөө...11 цагийн орчим сэртэл...ээжийн нүүр нь халцарчихсан, нүд нь хөхөрчихсөн, баруун талын чихнийх нь үзүүр буюу мөгөөрсөн хэсэг нь байхгүй цус гараад хатчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13),

- Гэрч Э.С.аагийн (яллагдагчийн охин) мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ч.н.ж эгчийн гэр рүү нь орсон...гэрт ороход Г.Ч.н.ж эгч орон дээрээ сууж байсан ба ямартай ч нүд нь хөхөрчихсөн чихнээс нь цус гарчихсан хатчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15),

- Гэрч Ч.Б.рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ээж хашгираад орилоод байсан ба би гэрээс гартал ээж газар уначихсан С.Э.н ах дээр нь гараад суучихсан чихнээс нь цус гарчихсан байдалтай байж байхаар нь би ямартай ч явж очиж салгаж байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2454 дугаар дүгнэлт “...1. Г.Ч.н.жийн биед баруун чихэнд шарх, баруун дээд доод зовхи, зүүн дээд зовхи, баруун хацар, хамар, хүзүү гуяанд цус хуралт, дух, баруун 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 24),

- Шүүгдэгч С.Э.ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ч.н.ж намайг үснээс зулгаагаад байсан ба би тавь гэж хэлтэл Г.Ч.н.ж ерөөсөө тавихгүй би өөрөө мэдэж байна чамаар заалгахгүй гээд өөдөөс нулимаад байхаар нь би өөдөөс нь бас уурлаад нулимсан бөгөөд үснээс тавь гэтэл тавихгүй зулгаагаад байхаар нь би Г.Ч.н.жийн нүүр рүү нь гараараа 2-3 удаа алгадаж цохисон. Тэгээд тавихгүй болохоор нь би баруун талын чихийг нь хазаад тавь гэтэл тавихгүй байсан ба би чихийг нь улам чангалаад хазаад байсан. Тэгтэл хойноос Б.л.о ирээд намайг татаж миний гарыг мушгиад ээжийг тавь гээд толгой руу шилээр нэг удаа цохисон. Тэгээд би Г.Ч.н.жийн үснээс нь зулгаасан хэвээр босож ирээд Б.л.огийн гарт нь байсан шилийг нь булааж аваад өөрийг нь бас нэг удаа нуруу руу нь цохисон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Э.н нь хохирогч Г.Ч.н.жийг харьж амарсангүй гэх шалтгааны улмаас түүний  нүүрэн тус газар цохиж, чихийг нь хазаж хөнгөн гэмтэл учруулсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хохирогчийн чихийг хазсан, нүүр рүү цохисоноос болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ. 

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч С.Э.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь, улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас С.Э.ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 (дөрвөн зуун тавин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455.000 (дөрвөн зуун тавин таван мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

- Шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 нэгж буюу 455.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх саналын гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.                                    

Шүүгдэгч С.Э.н нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч С.Э.н нь “өндөр настны тэтгэвэрт”  байдаг тодорхой орлого олдог болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 455 нэгж буюу 455.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар С.Э.ныг нь торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.   

III. Бусад асуудлаар                    

Эрүүгийн 1808 0080 50252 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: