Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2422000000052 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ын , Монгол Улсын иргэн, өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн сумын 3 дугаар баг “Тагт” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сард Дундговь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч эзэмшлийн хөх шанаатай, нуруун дээрээ хөх мэнгэтэй, баруун чих нь онь имтэй, зүүн чих нь ганзага имтэй, сэрвээн дээрээ улаан шap, цэнхэр будагтай эвэргүй 1 тооны шүдлэн хуцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн малд нийлүүлэн авч, бусдад 250,000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан

мөн 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “Оройн хонд” гэх газар хохирогч тэй уг алдагдсан гэх хуцнаас шалтгаалан маргалдаж улмаар толгойн тус газарт гараараа цохих, мөргөх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 сарын зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан уг ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчид нийт 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийт 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 9 сарын хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 9 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Шүүхээс хохирогч өөрийн 1 тооны хуцыг биет байдлаар *******аас буцааж авсан, эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжилсэн зүйлгүй, гомдол, саналгүй талаараа бичгээр хүсэлт гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Харин “шүүгдэгч хохирлоо нөхөн төлсөн” гэж үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэсэн байна.

Хэдийгээр хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй, гомдол, саналгүй гээд гэм хорын нэхэмжлэлээс татгалзсан ч энэ нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитой нөхөн төлөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх “Тэнсэх” хэм хэмжээг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт этгээдийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох юм. Уг зохицуулалт нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх хэрэглэж болохоор хуульчлагдсан байна. Гэтэл ******* нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг хэрэглэж, тэнссэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2-т заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, тухайн этгээд уг гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөлд шүүх дээр дурдсан зүйл хэсэгт тодорхойлсон нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болохоор зохицуулсан байна.

3.Шүүх шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Мал хулгайлах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэн, хууль хэрэглээний алдаа гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан “тэнсэх” ерөнхий журам нь тус хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд хэрэглэгдэнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээ бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тэнсэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг тэнсэх шаардлага, хориглосон зохицуулалттай нийцсэн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хориглосон заалтыг шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн .... бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “.... зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус хуульчилсан байна. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт тэнсэх хэм хэмжээг хэрэглэж, *******т оногдуулсан хорихоос өөр төрлийн ялыг тэнсэж шийдвэрлэсэн байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

3. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүлээн зөвшөөрдөг. Мал хулгайлах гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй талаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн1.1, 1.2-т зааснаар шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан байна гэж үзэж байна. Тиймээс хяналтын прокурор гийн 5 дугаартай эсэргүүцлийг дэмжиж байна. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 сарын 03-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоолыг хэвээр баталж өгнө үү гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.  ******* анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон ч болсон үйл явдлыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мэдүүлэг нь тогтвортой авагдсан байдаг.  Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй нь хэргээс харагдаж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” талаар дурджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Учир нь:

Прокуророос шүүгдэгч *******ыг 2023 оны 12 дугаар сард Дундговь аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч эзэмшлийн хөх шанаатай, нуруун дээрээ хөх мэнгэтэй, баруун чих нь онь, зүүн чих ганзага имтэй сэрвээн дээрээ улаан шар, цэнхэр будагтай, шүдлэн хуцыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн малд нийлүүлэн авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөөний 08 цагийн үед сумын 3 дугаар багийн “Оройн хонд” гэх газар С.Од-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2122000000052 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчид 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан  9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. 

            Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчлан заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтууд нь харилцан ялгаатай, өөр, өөр агуулгыг илэрхийлсэн байгааг анхан шатны шүүх анхаарах нь зүйтэй. Тухайлбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирлоо нөхөн төлсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байхыг шаардаагүй боловч  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзахаар хуульчилсан бөгөөд энэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар явуулсан хэрэгт хамааралтай гэдгийг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2122000000052 дугаартай хэргээс үзэхэд яллагдагч нь өөрийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Мөн анхан шатны шүүхийн баримталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “…илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-р заажээ. Хуулийн зүйл заалтыг цэг, таслал, агуулга бүрээр нь сайтар нягталж үзэхэд “….хорихоос өөр төрлийн ял сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай заасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулж тэнсэх тухай ойлголт агуулаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, 2 төрлийн гэмт хэргийг шүүгдэгч ******* үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгэр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/196 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт товлон зарласан боловч 2024 оны 07дугаар сарын 03-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан эхэлсэн эсэх, хойшилсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг анхаарвал зохино.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан алдаа гаргасан бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс засах, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/101 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 2422000000052 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаанд буцаасугай.

 2.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбоотойгоор шүүгдэгч *******т урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ