Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2026/0348

 

 

 

 

 

    2026        04           10                                     128/ШШ2026/0348

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба,

Нэхэмжлэлийн шаардлага:

Ж.Б*******ын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Б*******ын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ж.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Наранцацрал.

Танхимын дугаар: 1

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл:

    1. Нэхэмжлэгч Ж.Б******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай Ж*******ийн Б******* нь Баянгол дүүргийн Ардын Депутатуудын Хурлын 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/431 дүгээр шийдвэрээр Баянгол дүүргийн 16-р хороо, Туулын тоот 300 м.кв эзэмшиж, 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр          97-1051 дугаар үнэмлэх гаргуулсан бөгөөд 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 30 жилийн хугацаатай газар эзэмших гэрээ байгуулж, 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 30 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ авсан.
    2. Тэрээр 1997 онд тухайн газар дээрээ зоорийн давхартай хоёр давхар барилга барьж ашиглалтад оруулан өмчлөх эрхийн гэрчилгээ 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн ******* дугаартай авсан бөгөөд 2021 онд үл хөдлөх эрх өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр өөрийн төрсөн дүү Ж.Б*******г нэмүүлж шинэчлэн, тухайн барилга дээрээ үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай гэрчилгээ авсан. Харин 2006 онд газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхдөө миний 300 м.кв газрын хэмжээг 181 м.кв болгож хууль бусаар багасгасан байсан.
    3. Ж. Б******* өөрийн өмчлөлийн газар дээр барьсан барилгадаа 380 киловаттын цахилгааны шугам татуулах зайлшгүй шаардлага гарсан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас авах ёстой зөвшилцөн зөвшөөрсөн тухай гарын үсэг авахаар тус агентлагт хандаж өргөдөл гаргасан байдаг бөгөөд тухайн байгууллагаас “Танай өмчилсөн газар 181 м.кв хэмжээтэй байтал газрын хэмжээгээ илүү гаргаж хашсан байна. Иймд тухайн зөрчлөө арилгаж байж 380 киловаттын зөвшөөрөл өгнө” гэсэн тул “... өмчлөл газрын хэмжээг Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, хуулийн дагуу 300 м.кв хэмжээтэй өмчлөх эрхийг баталгаажуулсан захирамж гаргаж, кадастрын мэдээллийн санд 300 м.кв хэмжээгээр кадастрын зургийг оруулж, 380 киловаттын цахилгааны шугам татах зөвшөөрөл өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан.
    4. Гэвч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Таны ирүүлсэн 181 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 300 м.кв болгуулах хүсэлтэд хамаарах газар нь бохирын шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс зэрэг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсүүдэд өртөж байх тул ... хуульд заасны дагуу уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 албан бичгээр өгсөн.
    5. Иймээс тэр өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгуулахаар шүүхэд хандсан болно. Учир нь Ж.Б******* нь хуулийн дагуу 300 м.кв газрыг өмчлөх эрхтэй гэж өөрийгөө үзэж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас түүний газрын хэмжээг анх олгосон хэмжээнээс хууль бусаар хасаж гэрчилгээ олгосон атлаа энэхүү алдаагаа засаж 300 м.кв болгон нэмэгдүүлэхээс татгалзсан нь хууль бус юм.
    6. Иймд Ж.Б*******ын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзал хууль бус болохыг тогтоолгож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Б*******ын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
    7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Б******* гэдэг хүн хашаа татсан эсвэл сунгасан асуудал огт байдаггүй. Анх нийслэлээс газар өмчлүүлэхдээ мөн газар эзэмших гэрчилгээ олгохдоо бид нартай метрлэж газрынх нь хэмжээг баталгаажуулж өгдөг байсан. Тэгээд энэ газар дээр 2005, 2014 онд өргөтгөл хийсэн. 2005 онд энэ дулааны шугам, цэвэр, бохир ус зайлуулах шугам, мөн цахилгааны шугам трассыг бол өргөтгөсөн.
    8. 2014 онд Ж.Б*******ын хажуугаар явж байгаа нэг эгнээ зам байсныг 2 эгнээ болгож өөрчлөхдөө мөн цахилгааны шугам, дулааны шугам, цэвэр бохир зайлуулах шугамууд мөн бас замынхаа трассын дагуу татаж өргөтгөөд Ж.Б*******ын газартай давхцаад байгаа гэж ярьж байгаа юм. Тэрнээс биш урьд нь Ж.Б*******ыг анх газар эзэмшээд энэ газар дээр амьдарч байх үед цахилгааны болон дулааны, цэвэр, бохир усны шугам байгаагүй” гэв.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар Ж.Б*******т, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ******* дугаар бүрийн 181 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний газраар өмчлүүлсэн байна. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийн хариуг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 тоот албан бичгээр хүргүүлсэн.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан. Тиймээс хууль зүйн хувьд эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд даалгах шаардлага гаргасан. Эс үйлдэхүйгээс хамааран даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

2.4. Тодруулсан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд 2000 онд 300 м.кв газрыг цагаан гэрчилгээгээр олгосон байдаг. 2005 онд Нийслэлийн Засаг даргаас 300 м.кв газрыг 181 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Тухайн үед 181 м.кв газрыг өмчлүүлэхдээ цэвэр, бохир усны шугамын хамгаалалтын бүс, цахилгааны шугамын хамгаалалтын бүс зэрэг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсүүдэд өртөж байгаа тул тэр хэсгүүдийг хасаад 300 м.кв газраас 181 м.кв болгон өмчлүүлсэн.

2.5. Тухайн үед иргэн өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээнийхээ дагуу өмчлүүлэх хүсэлт гаргасан байдаг. Шүүхэд хүргүүлсэн хэргийн материалаас үзэх юм бол тус хүсэлт дээр тухайн иргэн нь хэдэн метр квадрат газрыг өмчлүүлэх тухайгаа хүсэлт дээрээ бичиж өгөөгүй байдаг. Үүнээс нь үзвэл Нийслэлийн Засаг даргын зүгээс тухайн шийдвэрээр өмчлүүлэхдээ шугам хоолой давхцалтай хэсгийг нь хасаад 181 м.кв-аар болгоод өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжоор бохирын шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугам хамгаалалтын бүс зэрэгтэй давхацсан байвал тухайн инженерийн бүсүүдэд газар өмчлөх захирамж гардаггүй.

2.6. Тийм учраас багасгаж, өмчлүүлсэн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. 2000 онд нэхэмжлэгчийн тухайн газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Улсын бүртгэлд тухайн байшин барилгыг бүртгэж улсын бүртгэлд бүртгэхдээ тухайн газар дээр олгогдсон хэмжээгээр нь бүртгэх ёстой байтал шууд 300 м.кв-аар улсын бүртгэлийн гэрчилгээ гаргасан нь өөрөө хууль бус гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Нэхэмжлэгчээс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Ж.Б*******ын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон захирамж гаргахгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын мэдээллийн санд 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, Ж.Б*******ын өмчилсөн газрын хэмжээг 300 м.кв болгон захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, кадастрын мэдээллийн санд 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах” гэж тодорхойлж,

4. Эцсийн байдлаар 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Ж.Б*******ын хууль ёсоор өмчлөх эрхтэй газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын хэмжээг 300 м.кв болгон нэмэгдүүлж захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад, Ж.Б*******ын өмчлөлийн газрыг 300 м.кв-аар кадастрын зургийг оруулан бүртгэхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгахгэж тодруулсан бөгөөд энэхүү тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

5. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Баянгол дүүргийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/481 шийдвэрээр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 18, 386 тоот хаягт 300 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэхээр 97-1051 дугаартай үнэмлэхийг 1997 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Б*******т олгож(Хавтаст хэргийн 12 дахь талд), 1998 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ” (Хавтаст хэргийн 14-15 дахь талд)-г 2000 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 0101001361 дугаартай газар эзэмших гэрчилгээ(Хавтаст хэргийн 13 дахь талд)-г олгосон.
    2. Ж.Б******* нь уг газарт барилга барьж Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туул 19 гудамж 386 тоот хаягт байршилтай 601 м.кв талбай бүхий хувийн сууц, үйлчилгээний зориулалттай Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг 2000 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 0023126 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ(Хавтаст хэргийн 16 дахь талд), 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 000897161 дугаартай гэрчилгээ(Хавтаст хэргийн 17 дахь талд) авсан.
    3. Ж.Б*******аас эзэмших эрхтэй газраа өмчилж авахаар 2005 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл(Хавтаст хэргийн 135-142 дахь талд) гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 186 дугаар захирамжийг үндэслэн Ж.Б*******т гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 181.46 м.кв талбай бүхий газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж(Хавтаст хэргийн 133-134 дэх талд), 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 000046687 дугаартай гэрчилгээг олгосон(Хавтаст хэргийн 18 дахь талд).
    4. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 186 дугаар захирамжаар өмчлүүлсэн 181 м.кв газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн                Ү-******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн тал хэсэгт хамаарч байгаа болох нь хавтаст хэргийн 62 дахь талд авагдсан Ж.Б*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцуулсан 181 м.кв талбай бүхий газрын кадастрын зураг болон шүүхээс хийсэн газрын үзлэг, Геодези зураг зүйн ерөнхий газраас ирүүлсэн зурган баримт болон талуудын тайлбараар тус тус тогтоогдсон(Хавтаст хэргийн 147-152 дахь талд).
    5. Ж.Б*******аас 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандан өмчлөх эрхийн газрын хэмжээг 300 м.кв талбайгаар захирамж гаргаж, кадастрын мэдээллийн санд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан(Хавтаст хэргийн 38-39 дэх талд).
    6. Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 05-02/8378 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 38-39 дэх талд)-ээр хүргүүлж, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэргийн 11 дэх талд)-ээр “...Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтад “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” газрыг өмчлүүлнэ гэж заасан байдаг. Иймд таны ирүүлсэн 181 м.кв газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж 300 м.кв болгуулах тухай хүсэлтэд хамаарах газар нь бохирын шугамын хамгаалалтын бүс, цэвэр усны шугамын хамгаалалтын бүс, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүс зэрэг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсүүдэд өртөж байх тул дээрх хуульд заасны дагуу таны уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг өгсөн(Хавтаст хэргийн 39 дэх талд).
    7. Уг хариуг эс зөвшөөрч Ж.Б*******аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
    8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүсэлтдээ хавсаргасан 300 м.кв талбай бүхий газрын кадастрын зургийг (Хавтаст хэргийн 146 дахь талд) цэвэр усны шугамын хамгаалалтын бүстэй 0.3 м.кв, бохир усны шугамын хамгаалалтын бүстэй 48.18 м.кв, цахилгаан түгээх шугамын хамгаалалтын бүстэй 15.16 м.кв талбай тус тус давхцалтай тухай албан бичгийг нотлох баримтын хамт тус шүүхэд ирүүлсэн(Хавтаст хэргийн 158-163 дахь талд).

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

    1. Юуны өмнө, нэхэмжлэгч Ж.Б******* нь анх 1997 онд 300 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхтэйгээр авч, улмаар уг газартаа үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглаж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин 2005 онд тухайн эзэмшиж байсан газраас зөвхөн 181.46 м.кв талбайг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь тухайн үеийн эрх бүхий этгээдийн гаргасан захиргааны актын үр дүн бөгөөд нэхэмжлэгч энэ талаар тухайн үед маргаагүй байна. Иймд өнөөгийн маргаан нь анх эзэмшиж байсан 300 м.кв талбайг бүхэлд нь өмчлөх боломжтой эсэх, эсхүл хуульд заасан хязгаарлалтын хүрээнд хэсэгчлэн өмчлөх боломжтой эсэх асуудалд төвлөрч байна.
    2. Хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзахдаа Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт” гэсэн зохицуулалтыг үндэслэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн өмчлүүлэхийг хүссэн 300 м.кв газрын тодорхой хэсэг нь цэвэр болон бохир ус, цахилгааны шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдал нь дээрх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэл болж болохоор байна.
    3. Гэвч шүүхийн зүгээс уг татгалзлыг бүхэлд нь зөвтгөх боломжгүй гэж үзэв. Учир нь Монгол Улсын Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар иргэнд газар өмчлүүлэхдээ тухайн газрын байршил, зориулалт, бодит нөхцөл байдал, ашиглалтын боломж зэргийг харгалзан шийдвэрлэх, мөн газар өмчлүүлэх ажиллагаа нь иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх зарчмыг баримтлах ёстой.
    4. Тодруулбал, тухайн газар дээр нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бодитоор 2000 оноос хойш оршин байгаа, анх газрыг нэхэмжлэгч эзэмшихдээ барьсан ба бодит байдалд тус үл хөдлөх эд хөрөнгийн талд нь хамаарах л газрыг өмчлүүлсэн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахад зайлшгүй шаардлагатай үлдсэн газрын асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй үүссэн шаардлага байна.
    5. Энэ тохиолдолд захиргааны байгууллага нь зөвхөн “шугам сүлжээний хамгаалалтын бүстэй давхцалтай байна” гэсэн ерөнхий үндэслэлээр бүхэлд нь татгалзах бус, дараах асуудлуудыг нарийвчлан судалж шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж шүүх үзлээ. Үүнд: анх газар эзэмшүүлэх болон өмчлүүлэх үед үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хэрхэн тооцсон, одоо байгаа үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахад шаардлагатай газрын хэмжээг тусад нь тогтоох боломжтой эсэх, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг тусгаарлан үлдсэн хэсгийг өмчлүүлэх боломжтой эсэх, эсхүл хамгаалалтын бүстэй давхцаж буй нөхцөлд хуульд нийцүүлэн тусгай нөхцөлтэйгөөр өмчлүүлэх боломж байгаа эсэх зэрэг болно.
    6. Өөрөөр хэлбэл, тухайн газрын нийт 300 м.кв талбайг бүхэлд нь өмчлүүлэх боломжгүй байлаа ч, давхцалгүй хэсгийг нь өмчлүүлэх, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалттай уялдуулан хэсэгчлэн шийдвэрлэх боломжийг захиргааны байгууллага судалж үзээгүй, энэ талаар бодит нөхцөлд тулгуурласан хээрийн болон суурин судалгаа хийгээгүй нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны бүрэн бус байдлыг илтгэж байна.
    7. Ийнхүү маргаан бүхий харилцаанд бодит нөхцөл байдал, техникийн нарийвчилсан судалгаа, газар дээрх хэмжилт, төлөвлөлтийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай бөгөөд эдгээрийг тогтоох нь захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах ажиллагаа юм. Харин шүүх нь нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх чиг үүрэгтэй тул дээрх байдлаар газар дээрх нөхцөл байдлыг шинээр тодорхойлох, кадастрын нарийвчилсан зураглал гаргах, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн хил заагийг тогтоох зэрэг ажиллагааг өөрөө гүйцэтгэх боломжгүй бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрч байна.
    8. Иймд хариуцагч байгууллагаас гаргасан татгалзлыг шууд хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй боловч уг асуудлыг хуульд нийцүүлэн, бодит нөхцөл байдалд тулгуурлан дахин нягтлан судалж, зохих захиргааны акт гаргах шаардлагатай гэж шүүх дүгнэв.
    9. Дээрх үндэслэлүүдийг харгалзан шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дахин шинээр гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагчид хээрийн болон суурин судалгааг иж бүрнээр хийж, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт, газрын бодит нөхцөл байдал, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсийн давхцалыг нарийвчлан тогтоон, хуульд нийцсэн шийдвэр гаргах үүргийг даалгах нь зүйтэй гэж үзэн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу газрын хэмжээг нь 300 м.кв болгон нэмэгдүүлж, өмчлүүлэх захирамж гаргахаас татгалзсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/8395 дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХ-ӨЛЗИЙ