Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******т холбогдох эрүүгийн 2422000000091 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: ******* овогт гийн , Монгол Улсын иргэн, өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 1, Дундговь аймгийн сумын багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дундговь аймгийн 4 дүгээр хэсгийн шүүхийн 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 4/11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 700 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 127 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийх ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан (РД: );

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт оршин суух гийн гэрийн гадаа “чи утсаа авдаггүй малын сураг хэлдэггүй” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч гийн баруун гарын хавьтан болон булчин хэсэгт 3 удаа мөн зүүн гарын булчин хэсэг, баруун чихний омог хэсэг, нурууны баруун хэсэгт нийт 6 удаа хутгалж, нүүрэн тус газар 2 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд баруун чих, хацар, мөр, 2 бугалгын шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2422000000091 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, захирамж хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2422000000091 дугаартай хэргийг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга /улаан хар модон иштэй бариул хэсгийн ар талд Б.К гэх бичиглэлтэй бариул хэсгийн урт 7.5см, ажлын хэсгийн урт 7.5см ажлын хэсгийн хажуу талд MODEL NO.K30 гэсэн бичиглэл бүхий нийт 15см урттай/-ны хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

2.Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ...Шүүхээс хохирогч гийн баруун бугалга хатгуулж өвдөж байна, баруун чихний сонсгол муудсан /буурсан/ гэх асуудал нь шүүгдэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг болон дээрх асуудал нь шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл хохирогч гийн эрүүл мэндэд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл /хохирол/-ийг бүрэн тогтоосон гэж дүгнэх боломжгүй байх ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлох баримтаар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдал хангагдаагүй байна гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокуророос яллагдагч *******ыг нь хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх хэрэгт *******аас өөр хүн яллагдагчаар татагдаагүй бөгөөд яллагдагч ******* нь үйлдсэн хэргийн талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрхийн дагуу өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Шүүхээс хохирогч гийн баруун бугалга хатгуулж өвдөж байна, баруун чихний сонсгол муудсан /буурсан/ гэх асуудал нь шүүгдэгчийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг болон дээрх асуудал нь шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэхийг тодруулах нь зүйтэй байна...шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл /хохирол/-ийг бүрэн тогтоосон гэж дүгнэх боломжгүй гэсэн нь:

Хохирогч гийн “...миний баруун гарын хавьтан болон булчин хэсэгт 3 удаа хутгалсан мөн зүүн гарын булчин хэсэг, баруун чихний омог хэсгийг болон нурууны баруун хэсэгт 6 удаа хутгалсан тэгээд миний нүүрний баруун хэсэгт 2 удаа хутгаар зүссэн...” гэсэн мэдүүлэг, гэрч ын “...миний аав гийн баруун гарын булчин хэсэгт 1 удаа, баруун гарын харьтанд 1 удаа, баруун гарын мөрөн дээр нь 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа, нуруу хэсэгт 1 удаа, баруун чихний омог хэсэгт 1 удаа нийт 6 удаа хутгалсан байсан мөн нүүрний баруун хэсэгт 2 удаа хутгаар зүссэн байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч гийн “...Миний нөхөр гийн баруун гарын булчин хэсэгт 1 удаа, баруун гарын хавьтан хэсэгт 1 удаа, баруун гарын мөрөн дээр нь 1 удаа, зүүн гарын булчин хэсэгт 1 удаа, нуруун хэсэгт 1 удаа, баруун чихний омог хэсэгт 1 удаа хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг, Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаартай “... овогтой //-ийн биед баруун чих, хацар, мөр, 2 бугалгын шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Баруун мөрний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтлүүд нь тус бүр болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд нотолж, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт шүүхэд шилжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл тухайн үйлдэл болох хугацаанд болсон асуудлын талаар гэрч нараас тодруулах ажиллагаа хийгдсэн байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч нь мэдүүлэг өгөхдөө чихний сонсгол муудсан, буурсан талаар тодорхой мэдүүлээгүйн зэрэгцээ, улмаар хэвийн сонсож мэдүүлэг өгсөн гэх үйл баримт болон хохирогч , түүний өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт зэрэгтэй танилцсан, гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл... шүүх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байхад нотлох баримтгүй зөвхөн хохирогч, түүний өмгөөлөгч нарын мэдүүлэг, тайлбарт үндэслэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...миний бие хохирогч гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын эсэргүүцэлтэй танилцаад давж заалдах шатны шүүх хуралд тайлбарыг гаргаж байна. Хохирогч нь хутгалагдсан шарх эдгэсэн ч хатгуулж өвдөөд байна, баруун чихний сонсгол буурсан гэдгийг эмч болон мөрдөгч прокурорт удаа дараа илэрхийлж хүсэлт гаргаж байсан. хүсэлтийг хангаагүй учраас шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн. Иймд хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлыг бүрэн тогтоож байж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 тоот захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4. Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг эсэргүүцсэн прокурорын эсэргүүцлийг миний бие дэмжиж оролцож байна. Шүүгчийн захирамжаар тодорхой үндэслэлүүд зааж, хэргийг прокурорт буцаасан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг бүрэн бус байна, тодорхой хүсэлтүүд гаргасан байна гэдэг үндэслэлээр буцаасан. Хэргийг прокурорын шатанд бид нар хялбаршуулах журмаар шийдвэрлэх хүсэлтийг гаргасан байдаг. Прокурор уг хүсэлтийг хүлээж аваад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай орж ирсэн. Тэгэхээр шүүгчийн буцаагаад байгаа захирамж үндсэндээ таамагт үндэслэж буцаасан гэж харж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч баруун чихний асуудлаар огт дурддаггүй.  Шинжээчийн дүгнэлт дотор баруун чихний омог хэсэгт шарх байдаг. Энэ омог хэсэг чихний хэнгэрэг хэсэгт хэрхэн нөлөөлөх юм бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад дурдагдаагүй асуудлуудыг шүүх хуралдаан дээр дурдсан байж байдаг. Шүүгчийн захирамж өөрөө хэрэгт авагдсан баримтын хүрээнд бус харин хохирогч, өмгөөлөгчийн тайлбарт үндэслээд буцаачихсан асуудал байгаад байгаа юм. Шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд хэргийн оролцогчдод хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад танилцуулдаг. Энэ танилцуулсан хугацаанд тодорхой шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн асуудал гарах юм бол шинжээчийн дүгнэлттэй холбоотой хүсэлт, гомдлыг шат шатны эрх бүхий албан тушаалтнуудад гаргах хуулийн зохицуулалт байж байдаг. Тэгэхээр энэ эрхээ хэзээ эдэлсэн юм бэ? Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүсэлтийг тухайн мөрдөн шалгах ажиллагааных нь явцад гаргаад явчхаж болохгүй байсан юм уу гэдэг асуудлыг дурдах юм. Тэгээд гол асуудал хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлээд ирчихсэн байж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэнэ. Цаашлаад прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэнэ гэдэг хуулийн зохицуулалт байж байгаа. Тэгэхээр энэ шинжээчийн дүгнэлтийг дахин шалгая гээд буцааж байгаа нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэж харж байгаа юм. Тэгэхээр прокурорын гаргаад байгаа эсэргүүцэл  үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлт 2 авагдсан байж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр зүүн чихний сонсголын талаар огт дурдаагүй зүүн чих, чихний омог хэсэг бол чихний гадна тогтдог ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр энэ шалтгаант холбоонууд маань өөрөө хэр үндэслэлтэй юм бэ? Энэ хохирогч талын хүсэлтийг хүлээж аваад буцаагаад байгаа нь хавтаст хэрэгт авагдсан баримтад үндэслэсэн юм уу, үгүй юм уу? мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан асуудлууд байгаа. Энэ бүхнийг давж заалдах шатны шүүх харж, прокурорын эсэргүүцлийг хүлээж авна уу гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийн дагуу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 дугаар шүүгчийн захирамжтай *******т холбогдох эрүүгийн 2422000000091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг гэх газарт оршин суух гийн гэрийн гадаа “чи утсаа авдаггүй малын сураг хэлдэггүй” гэж хэлэн үл ялих зүйлээр шалтаглан, хохирогч гийн баруун гарын хавьтан болон булчин хэсэгт 3 удаа мөн зүүн гарын булчин хэсэг, баруун чихний омог хэсэг, нурууны баруун хэсэгт нийт 6 удаа хутгалж, нүүрэн тус газар 2 удаа хутгаар зүсэж эрүүл мэндэд баруун чих, хацар, мөр, 2 бугалгын шарх, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хялбаршуулсан журмаар шүүх хуралдаан явуулаад шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нотлох баримтаар нотлогдсон эсэх нь эргэлзээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн дагуу *******т холбогдох эрүүгийн хэргийг хянаад, эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс хохирогч гийн баруун бугалга хатгуулж өвдөж байна, баруун чихний сонсгол муудсан /буурсан/ гэх асуудал нь шүүгдэгчийн 2024 оны 05 сарын 03-ны өдрийн үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг болон дээрх асуудал нь шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийн зэрэгт нөлөөлөх эсэхийг тодруулах, энэ нь хохирогч гийн эрүүл мэндэд 2024 оны 05 сарын 03-ны өдөр яллагдагч *******ын үйлдлийн улмаас учирсан гэмтэл /хохирол/-ийг бүрэн тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчид энэхүү зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хангалттай гэж үзэхэд эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдал хангагдаагүй  гэх агуулга бүхий дүгнэлт хийжээ.

Хохирогчийн гаргасан “ нэмэлт шинжээч томилуулах хүсэлтэд “ хэргийн материалтай танилцах үедээ энэхүү хүсэлтийг гаргаж байсан боловч уг  хүсэлтийг хангахаас татгалзсаныг сая мэдлээ. Учирсан гэмтлийг хөнгөн зэргийнх гэж байгаа боловч одоо болтол зовууриуд арилаагүй, хутгаар зүсэгдсэн чихний сонсгол муудаж байнга дүнгэнэдэг болсон, баруун гарын шарх идээлж, шарх нь удаж аньсан ба одоо дээш нь өргөж чадахгүй, хутгалагдсан газраа маш хөндүүр зовуурьтай, хөдөлмөр хийх боломжгүй болсон тул нэмэлтээр шинжээч томилж, дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгох агуулгаар бичсэн байх бөгөөд уг хүсэлтийг 2024 оны 06 сарын 24-ний өдөр гаргаж, прокурор  2024 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авсан атлаа хүсэлтийг нь шийдвэрлэхгүйгээр 2024.06.27-ны өдөр яллах дүгнэлтийг гардуулж хэргийг шүүхэд 2024 оны 07 сарын 03-нд шилжүүлжээ. Мөн шүүхэд хэрэг шилжсэнээс хойш хохирогчийн хүсэлтийг хангахаас татгалзах тогтоол гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам дарааллыг ноцтой зөрчсөн байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүсэлтийг хангах үндэслэл нь тодорхой бол даруй, шалгах шаардлагатай тохиолдолд түүнийг гаргаснаас хойш ажлын 5 өдрийн дотор хангах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан байхад прокурор ийнхүү дээр дурдсан журам дараалал буюу хуульд заасан хугацааг баримтлаагүйгээс энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах тухай хохирогчийн эрх зөрчигдсөн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан тус ажиллагааг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болно.

Яллагдагч нь хохирогчийн нүүрэн тус газар 2, биеийн бусад хэсэгт 4 удаа нийт  6 удаагийн буюу хохирогчийг олон дахин хутгалж, түүний биед өвдөлт зовуурь шаналал үүсгэж байгаа төдийгүй сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтыг шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт гарахаас өмнө тогтоох нь зөв эсэхэд ч анхаарах шаардлагатай байжээ.  

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан нь зөвхөн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд бус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн үйл баримтын хүрээнд явагдана гэдгийг анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, шийдвэрлэх журмыг хуульчлан заасан бөгөөд мөн зүйлийн 8 дахь хэсэгт “ Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг болон шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг Улсын дээд шүүх батална” гэж заасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар “эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг журам”-г баталжээ.

Уг журмын 3 дугаар зүйлийн 3.4-т “...хэргийн зүйлчлэлийг өөрчлөх...үндэслэл тогтоогдвол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг прокурорт буцаах, эсхүл яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байх тул Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ өөрчлөлтөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан тохиолдолд оролцогчид гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхгүй болсон атал 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр улсын яллагч эсэргүүцсэн бичсэн байгааг анхаарах шаардлагатай бөгөөд эсэргүүцлийг анхан шатны шүүх хүлээн авч, давж заалдах шатны шүүхэд нэгэнт хүргүүлсэн тул хэлэлцсэн болно.  

            Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Мөн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж”-ийн дугаарыг бичээгүй /хх-ийн 198/, яллагдагч *******ын биеийн байцаалтад урьд ял шийтгүүлж байсан гэсэн байх бөгөөд урьд ял шийтгүүлж байсан бол аль шүүхийн, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдрийн хэдэн тоот шийтгэх тогтоолоор ямар ялаар шийтгүүлж байсныг бичээгүй алдаа гаргасан байхыг тэмдэглэв.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЗ/247 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор *******ийн гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Г.БАЯРДАВАА

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                            Л.УГТАХБАЯР 

 

                                                   Г.БАЯРДАВАА

                                                       

 

 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.

 

 

 

 

 

      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР