| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 182/2021/02894/И |
| Дугаар | 210/МА2022/00340 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2022/00340
| 2022 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2022/00340 |
Г.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/02608 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Аын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэрээр Г.Ааас 66,476,190 төгрөг гаргуулж Май капитал ХЗХ-д олгож шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат Б8 байрны 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай Ү-2202007072, Ү-2202006989 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 207,991,000 төгрөгөөр үнэлсэн. Тус орон сууцууд нь гэрчилгээн дээрээ 2 өрөө гэж байгаа боловч 4 өрөө болгож томсгосон, зай талбай томтой бөгөөд зөвхөн дотор засалд 30,000,000 төгрөгийг зарцуулсан. Мөн 36 м.кв гэж бичигдсэн боловч гал зуух, коридор зэрэг ашигтай талбайнууд тооцогдоогүй байдаг учраас дээрх үнэлгээ илтэд хохиролтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 634 дугаар тогтоолоор Г.Ааас 65,988,299 төгрөг гаргуулж Май капитал ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Аын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат Б8 байрны 18 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007072 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн хаягийн 19 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006989 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18300734/127 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Виннэр Вэй ХХК-ийг томилон дээрх орон сууцуудыг тус бүр 207,991,000 төгрөг, нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.А, төлбөр авагч Май капитал ХЗХ-д 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээлгэн өгч, гомдол эрхтэй болохыг танилцуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж Б8 байр 18, 19 тоот хаягт байршилтай тус бүр 36 м.кв талбайтай, Ү-2202007072, Ү-2202006989 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 207,991,000 төгрөг, нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь гэрчилгээн дээрээ 2 өрөө гэж байгаа боловч маш их зардал, өртөг шингээж 4 өрөө болгож томсгосон, энгийн байрнуудтай харьцуулшгүй зай талбай томтой, гал зуух, коридор зэрэг ашигтай талбайнууд талбайн хэмжилтэд орж тооцогдоогүй учраас хариуцагч талын тогтоосон үнэлгээ илтэд хохиролтой байна. Барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий газраас хэмжилт хийж орон сууцны ашигтай талбайн хэмжээг тогтоох ёстой байхад ийм хэмжилтгүйгээр үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй бөгөөд өмчлөгчийн эрх ашигт нийцэхгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Тухайн байгууллага нь барилгын зураг төсөл боловсруулах эрх бүхий газраар хэмжилт хийсэн гэх боловч үнэлгээ тогтоох хугацаанд хэмжилт хийсэн талаарх ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Өртөг шингээсэн 2 өрөө орон сууцыг 4 өрөө орон сууц болгосон гэх боловч 2 өрөөг тус тусд нь үнэлсэн, үнэлгээ хуулийн дагуу явагдсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2035 дугаар шийдвэрээр Г.Ааас зээлийн гэрээний үүрэгт 65,988,299 төгрөг гаргуулж, Май капитал ХЗХ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг Г.Аын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, Б-8 байрны 18, 19 тоот хаягт байрлах, тус бүр 36 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 634 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх 4-16, 50-60/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.
4. Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх 64-71/
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч 65,000,000 төгрөгийг, төлбөр төлөгч 380,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч төлбөрт хураагдсан дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус бүр 207,991,000 төгрөг, нийт 415,982,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 82-116/
5а. Хариуцагч нь дээрх үнэлгээний тайланг төлбөр төлөгчид 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын уг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт нийцжээ. /хх 122-123/
6. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Иймд уг орон сууцнуудын зах зээлийн үнэлгээг тус бүр 207,991,000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
7. Дээрх үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. Түүнчлэн, шинжээч нь үнэлгээг гаргахдаа орон сууцнуудын талбайг улсын бүртгэлийн гэрчилгээ болон барилгын хэмжилт гаргасан бодит талбайн хэмжээг тус тус харгалзан үзсэн талаараа дүгнэлтдээ заасан байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2021/02608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ