Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2026/0370

 

 

 

 

 

    2026        04           17                                     128/ШШ2026/0370

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч А.Мөнх-Өлзий

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: Б******* ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******

Гомдлын шаардлага:

Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.А*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баатарзориг.

Танхимын дугаар: 1

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан гомдлын шаардлага, түүний үндэслэл:

    1. Гомдол гаргагч “Б*******” ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан гомдлын үндэслэлээ: “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсаар “Б*******” ХХК-г 500,000 төгрөгөөр торгосон шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 

    1. Улсын байцаагчийн зүгээс биднийг зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу Төрийн албан тушаалтын шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр торгожээ. Манай компанийн зүгээс ямарваа нэгэн байдлаар Төрийн албан тушаалтын шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл эс үйлдэл огт байхгүй бөгөөд тухайн хэлтсээс ирсэн албан бичиг болгонд зохих хариуг хуулийн дагуу албан бичгээр өгч Монгол шуудан ХХК-ийн баталгаат шуудангаар тухайн цагт нь хүргүүлэн өгсөн болно.

 

    1. Зөрчлийн шийтгэх хуудсанд хавсралтаар дагалдаж ирсэн албан бичиг бүрийн хариуг нь бид буцаан холбогдох баримтын хамтаар илгээсэн бөгөөд ямарваа нэгэн байдлаар хариу огт өгөөгүй, үйл ажиллагаанд саад учруулсан үйлдэл байхгүй болно.

 

    1. Энэхүү үндэслэлгүй шийдвэр гарган манай компанийг торгож шийтгэл нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй нийцэхгүй байгаа болно. Иймд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 сарын 11 өдрийн №******* тоот шийтгэлийн хуудсаар “Б*******” ХХК-ийг 500,000 төгрөгөөр торгосон шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

    1. Гомдол гаргагч “Б*******” ХХК-аас шүүхэд бичгээр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ: “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгавраар зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар гаргажээ.

 

    1. Энэхүү даалгаврыг манай компанид албан ёсоор танилцуулаагүй, мөн энэхүү даалгавартай холбоотойгоор улсын байцаагчийн зүгээс биднийг зөрчлийн тухай хуулийн 15.2 зүйлийн 1.2-т заасны дагуу төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх үйл ажиллагаанд саад учруулсан гэсэн үндэслэлээр торгожээ. Улмаар бид энэхүү торгосон шийдвэрийг эс хүлээн зөвшөөрөн шүүхийн байгууллагад хандсан байх явцад улсын байцаагчийн зүгээс энэхүү шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байна.

 

    1. Мөн улсын байцаагчийн зүгээс удаа дараалан гомдол гаргагч Ц.О******* гэх хүнд зааварчилгаа зөвлөмж өгөн хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж бидний зүгээс үзэж байна. Иймд Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчийн 2026 оны 01 сарын 02 өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

    1. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.А*******оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхлээд шийтгэлийн хуудасны хүрээнд ярья. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ******* дугаартай зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Ямар нэгэн байдлаар эцэслэн шийдвэрлэж дууссан талаар прокурор болон улсын байцаагчийн шийдвэр гараагүй. Энэ ажиллагаа бол явагдаж байна. Энэ ажиллагаатай холбогдуулаад манай компани бол хамгийн анх 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эрх бүхий албан тушаалтны даалгавар гэж явуулсан байгаа.

 

    1. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх тухай гээд 2 албан бичиг явуулсан. Үүнтэй холбогдуулаад манай компанийн зүгээс энэ бичгүүдийг шуудангаар 3 хоногийн дараа авсан даруйдаа 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр холбогдох тайлбараа бид хүргүүлсэн. Ийм байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэгдүгээрт энэхүү зөрчилтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний журмаар хянан шийдвэрлэгдсэн. Хоёрдугаарт гомдол гаргагч Ц.О******* гэдэг хүний нөхөр зам тээврийн ослоор нас барсан ажлын байран дээрээ биш. Гуравдугаарт энэхүү хэрэг нь 2025 оны 01 дүгээр сард зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Өмнөх хэрэг хянан ажиллагаа нь шийдвэрлээгүй байгаа гэдэг байдлаар холбогдох тайлбаруудаа хүргүүлсэн.

 

    1. Гэвч 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тайлбарыг аваад 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр шийтгэлийн хуудсаар бид нарыг төрийн байгууллагын алба хаагчийн үйл ажиллагаанд саад учруулж 500,000 төгрөгөөр торгосон. Үүнтэй холбогдуулаад бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид төрийн байгууллагаас шаардсан материал болон хүсэлтүүдийг бүгдийг нь тэр даруйд нь холбогдох баримт бичгийг Монгол шуудангаар илгээсэн байгаа. Энэ бол хангалттай нотлогдож байгаа.

 

    1. Ямар нэгэн байдлаар саад учруулаад зайлсхийсэн зүйл байхгүй. Гэтэл шийтгэлийн хуудсаар үндэслэлгүйгээр манай аж ахуйн нэгжийг торгоод байна гэж үзэж байгаа. Бид шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрөөд гомдол гаргасан. Гэвч компанийн төлөөллөөс шүүхийн харьяаллаа буруу тогтоогоод эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд өгсөн байсан. Улмаар хялбар ажиллагааны шүүхийн шүүгчээс захирамжаа аваад харьяаллаа зөвтгөөд захиргааны шүүхэд хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар холбогдох баримтуудыг өгсөн. Энэ явцад дахин 03 дугаар сарын 19-ний өдөр улсын байцаагч маань энэхүү эрх бүхий албан тушаалтны даалгаврыг албадан гүйцэтгүүлнэ гээд шүүгчийн захирамжид оруулаад шийдвэр гүйцэтгэх газарт хандсан.

 

    1. Гэтэл энэ 2 үндэслэл нь үндсэн ******* дугаартай зөрчлийн хэрэг шийдэгдээгүй байхад үр дагавруудтай шийдвэрүүд гараад манай компанийн үйл ажиллагаанд саад учруулаад байгаа юм. Тэрнээс бид төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаагүй, холбогдох зохих баримтын дагуу тайлан бичгүүдээ гаргаж өгсөн баримтууд байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд улсын байцаагчийн шийтгэлийн хуудас болон албан даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хоёр. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Хариуцагч Г.Б******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Ц.О******* (РД:)-аас (Манай нөхөр Б.Г******* нь “Б*******” ХХК-нд хэвлэгчээр ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Байгууллагаас үйлдвэрлэлийн ослын комисс томилоогүй, акт тогтоогоогүй өнөөдрийг хүрсэн. Үйлдвэрлэлийн ослын акт тогтоож өгөхгүй байгаа “Б*******” ХХК-нд хяналт шалгалт хийж өгнө үү) гэх зөрчлийн ******* дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж “Б*******” ХХК-нд эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн ур дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

2.2. “Б*******” ХХК-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг 3-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулах үүрэгтэй бөгөөд ажил олгогчийн тушаалаар байгуулагдсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1-2.1.6 дахь заалтуудад хамаарах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан ажилтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг осолдогч тус бүрээр тогтоож, дүрмийн 3.6 дахь заалтын дагуу судлан бүртгэж, холбогдох бичиг баримтуудыг 4 хувь бүрдүүлэн ажиллах бөгөөд “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3.9 дэх заалтын дагуу судлан бүртгэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын актыг ажлын 3 өдөрт багтаан харьяа дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэн, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулдаг.

2.3. Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Б*******” ХХК-нд холбогдох ******* дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавраар хэвлэгчээр ажиллаж байсан Б.Г*******ын ажлаа тараад явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх тул тус компанийн орон тооны бус байнгын комисс зам тээврийн осолд орсон Б.Г*******ыг үйлдвэрлэлийн осолд тооцох, тооцохгүй эсэхийг тогтоож 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлэхийг “Б*******” ХХК-нд даалгасан.

2.4. Гэвч “Б*******” ХХК нь хэвлэгчээр ажиллаж байсан Б.Г*******ын ажлаа тараад явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан нөхцөл байдлыг судлан үйлдвэрлэлийн осолд тооцох, тооцохгүй эсэхийг тогтоож хугацаандаа ирүүлээгүй тул Монгол Улсын Зөрчлийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол шуудангаар “Б*******” ХХК-нд хаягаар нь хүргүүлсэн болно” гэжээ.

2.5. Хариуцагч Г.Б******* нэмэгдүүлсэн гомдлын шаардлагад холбогдуулан бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Б*******” ХХК-аас ирүүлсэн гомдлын шаардлагад зөрчлийн үр дагаврыг арилгах тухай албан даалгаврыг хүчингүй болгуулах тухай ирүүлсэн байна.

2.6. Энэ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ц.О*******ын хүсэлтээр гэр бүлийн хүн буюу Б.Г*******ын зам тээврийн осолд орсон асуудлыг тус компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс нь үйлдвэрлэлийн осолд тооцох, тооцохгүйг судлан бүртгэж ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар торгуулийн арга хэмжээ авсан. Мөн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг Монгол шуудангаар хүргүүлсэн. “Б*******” ХХК нь ажилтан Б.Г*******ын зам тээврийн ослыг бүртгэх хугацаа хангалттай байсан гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

3. Гомдол гаргагчаас 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гомдлын шаардлагаа “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж,

4. 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлж, эцсийн байдлаар “Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах” тухай шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

5. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

    1. Иргэн Ц.О*******аас 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан “миний хань Б.Г******* нь 2023 оны 05 сараас эхлэн Б******* ХХК-д хэвлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ харих замдаа машинд мөргүүлж нас барсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан(Хавтаст хэргийн 133-134 дэх талд).
    2. “Б*******” ХХК-аас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 01/0121 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 52-53 дахь талд)-ээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/0131 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 130 дахь талд)-ээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандан “...үйлдвэрлэлийн ослын акт гаргахад талийгаачийг хүргэж ирсэн үеийн онош, осол болсон цаг хугацаа, осол болсон байршилтай холбоотой мэдээллийг бидэнд өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэх албан бичгийг тус тус хүргүүлсэн.
    3. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 0000310 дугаартай магадалгаа(Хавтаст хэргийн 66-71 дэх талд)-аар “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө Энхтайвны гүүрний хойд талын явган хүний гарц дээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 27 минутын орчимд Toyota Aqua маркийн 21-49УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь явган зорчигч Б*******гийн Г*******ийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан” гэх нөхцөл байдлыг тогтоосон.
    4. Иргэн Ц.О*******аас “...зам тээврийн осол нь тээврийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа тул өргөдөл гомдлоо түр буцаан авч байгааг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгч тусална уу” гэх хүсэлт(Хавтаст хэргийн 140 дахь талд)-ийг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******д гаргасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/186 дугаар албан бичиг(Хавтаст хэргийн 141 дэх талд)-ээр гомдлыг буцааж, 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр (Хавтаст хэргийн 142 дахь талд) “...Б*******” ХХК-д хяналт шалгалт хийхэд тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхгүй байгаа тул харьяалах шүүхийн байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэх албан бичгийг Ц.О*******д хүргүүлсэн.
    5. Талийгаач Б.Г*******ын эхнэр болох Ц.О*******аас “Б*******” ХХК-д холбогдуулан “36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 67,397,540 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/43932 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг гомдол гаргагч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэх үндэслэлд хамааруулан, энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоосны дараа дахин шүүхэд хандах нь зүйтэй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
    6. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1069 тоот “Хяналт шалгалт хийх тухай” албан бичиг(Хавтаст хэргийн 51 дэх талд)-ээр “...Байгууллагаас үйлдвэрлэлийн ослын комисс томилоогүй, акт тогтоогоогүй өнөөдрийг хүрсэн. Үйлдвэрлэлийн ослын акт тогтоож өгөхгүй байгаа Б******* ХХК-д хяналт шалгалт хийж өгнө үү” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт бүртгүүлэн хяналт шалгалтыг эхлүүлж байна. Иймд танай байгууллага дээрх асуудалтай холбогдуулан тайлбар мэдээлэл өгөх, энэхүү асуудлыг хариуцах ажилтныг албан бичгээр томилон, холбогдох баримт бичгийг гаргаж 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийг гомдол гаргагчид хүргүүлсэн.
    7. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.О*******аас гаргасан “манай нөхөр Б.Г******* нь Б*******” ХХК-нд хэвлэгчээр ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Байгууллагаас үйлдвэрлэлийн ослын комисс томилоогүй, акт тогтоогоогүй өнөөдрийг хүрсэн. Үйлдвэрлэлийн ослын акт тогтоож өгөхгүй байгаа Б******* ХХК-д хяналт шалгалт хийж өгнө үү” гэх гомдол(Хавтаст хэргийн 65 дахь талд)-ын дагуу зөрчлийн хэрэг нээсэн(Хавтаст хэргийн 61-62 дахь талд).
    8. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1077 тоот “Шалган шийдвэрлэх ажиллагаа хийх тухай” албан бичиг(Хавтаст хэргийн 52-53 дахь талд)-ээр зөрчлийн хэрэг нээж байгааг мэдэгдэн, оролцогчийн эрх үүргийг тайлбарлан “...танай байгууллага дээрх асуудалтай холбогдуулан тайлбар мэдээлэл өгөх, энэхүү асуудлыг хариуцах ажилтныг албан бичгээр томилон, холбогдох баримт бичгийг гаргаж 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийг гомдол гаргагчид хүргүүлсэн.
    9. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б******* ХХК-ийн санхүү, хүний нөөцийн албаны дарга Л.Б*******гаас мэдүүлэг авахад “...энэхүү хэрэг нь Тээврийн цагдаагийн албанд шалгагдаж байсан. Энэ асуудлыг хянан шийдвэрлэгдэж дуусахыг хүлээж байсан. Тухайн үед Тээврийн цагдаагийн албанд хандан 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/0121 албан бичиг(Хавтаст хэргийн 128 дахь талд)-ээр “энэ осол хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү” гэх албан бичгийг хүргүүлсэн, харин тус газар нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14д/997 тоот албан бичиг(Хавтаст хэргийн 129 дэх талд)-ээр “шийдвэрлэгдэж дуусаагүй тул хариу өгөх боломжгүй боломжгүй гэж албан бичгээр хариу ирсэн” гэж тайлбар өгсөн.
    10. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/7 тоот “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх тухай” албан бичиг(Хавтаст хэргийн 54-55 дахь талд)-ээр “Иргэн Ц.О*******аас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. ...Иймд осолдогч Б.Г*******ын үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоосон актыг холбогдох баримт бичгийн хамт бүрдүүлж ... 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн дотор ирүүлэх”-ийг мэдэгдсэн.
    11. Гомдол гаргагч “Б*******” ХХК нь 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 004/26 тоот “Гомдол болон тайлбар хүргүүлэх тухай” албан бичиг(Хавтаст хэргийн 17-18 дахь талд)-ээр “...амь хохирогч Б.Г******* нь ажлын байран дээр байгаагүй бөгөөд ажлын цаг дууссаны дараа зам тээврийн осолд өртөн амь нас нь хохирсон байдаг. Энэхүү асуудлыг тухай бүрд нь гомдол гаргагч болон Г.Б******* улсын байцаагчид хэлж зохих баримтыг харуулж байсан болно. ...Мөн ямар нэгэн байдлаар энэхүү асуудлыг үйлдвэрлэлийн осол гэж тооцсон шийдвэр гараагүй байтал тулган шаардсан байдлаар 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр “Үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож, баримт бичгийг хамт ирүүл” гэж тулган шаардсан, хэт субьектив байдлаар хандсан нэг талыг баримталсан бичгүүд ирүүлсэн байна” гэх гомдлыг Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад гаргасан.
    12. 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавар(Хавтаст хэргийн 45 дахь талд)-аар “...орон тооны бус байнгын комисс томилж, осолдогч Б.Г*******ын үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож дурдсан хугацаанд зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгаж”, албан бичгээр удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ мэдээллийг хугацаандаа ирүүлээгүй зөрчлийг гаргасан гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас(Хавтаст хэргийн 91 дэх талд)-аар “Б*******” ХХК-д 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

    1. Иргэн Ц.О*******аас нөхөр нь ажил олгогч “Б*******” ХХК-д хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа ажлаа тараад гэртээ харих замдаа зам тээврийн осолд орж нас барсан гэх үндэслэлээр уг ослыг үйлдвэрлэлийн осолд тооцуулах, улмаар хуульд заасан нөхөн төлбөрийг гаргуулах талаар холбогдох байгууллагад удаа дараа хандсан байна. Уг гомдол мэдээллийн дагуу эрх бүхий улсын байцаагч зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагаа явуулж, ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын шинжтэй байж болзошгүй уг тохиолдолд холбогдох комисс байгуулж, ослын нөхцөл байдлыг судлан акт үйлдэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай албан даалгавар өгч, улмаар уг даалгаврыг биелүүлээгүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан байна. Гомдол гаргагч хуулийн этгээд уг шийтгэлийг эс зөвшөөрч, осол үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байхад акт гаргахыг шаардсан нь хууль бус, мөн албан даалгаварт заасан хугацаа дуусаагүй байхад шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж маргасан.
    2. Шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ ажил олгогчийн хүлээх үүрэг, эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, зөрчлийн бүрэлдэхүүний шинж, мөн тухайн үйл баримтад эдгээр нь хэрхэн хэрэгжсэн байдлыг цогцоор нь авч үзэн дараах байдлаар дүгнэн шийдвэрлэв.
    3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-т ““үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг”, 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана” 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 29.4.1-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 29.5-т “Ажил олгогч энэ зүйлийн 29.1, 29.2-т заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл үйлдвэрлэлийн осол гарсан, хурц хордлогод өртсөн дүгнэлтийг иргэн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо улсын байцаагч болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу  шийдвэрлүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
    4. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэх ойлголтыг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөнийг ойлгохоор тодорхойлсон нь тухайн осол хөдөлмөрийн үйл ажиллагаатай шалтгаант холбоотой эсэхийг тогтоох суурь шалгуурыг тогтоосон зохицуулалт юм. Гэвч энэхүү тодорхойлолт нь тухайн ослыг шууд эцэслэн үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоох үндэслэл болохгүй, харин үйлдвэрлэлийн ослын шинжтэй байж болзошгүй нөхцөл үүссэн эсэхийг үнэлж, улмаар судлан тогтоох шаардлагыг бий болгодог анхдагч эрх зүйн үндэс нь гэж ойлгохоор байна.
    5. Үүнтэй уялдан хуулийн 29.2-т ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдол бүрд уг ослыг тогтоох, судлан бүртгэх, шалтгаан нөхцөлийг тодруулах, акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулах үүргийг шууд хүлээхээр заасан байна. Энэхүү үүрэг нь ослыг урьдчилан үйлдвэрлэлийн осол мөн гэж тогтоосны дараа үүсдэг бус, харин үйлдвэрлэлийн ослын шинжтэй байж болзошгүй нөхцөл үүссэн даруйд хэрэгжих ёстой урьдчилсан, судлан тогтоох шинжтэй үүрэг байдлаар зохицуулсан байна.
    6. Хуулийн 29.3, 29.4-т зааснаар ажил олгогчоос гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан үзэж, зөвшөөрөх, баталгаажуулах эсхүл зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байхаар зохицуулсан нь акт үйлдэх ажиллагаа нь заавал ажил олгогчийн түвшинд анх хийгдсэний дараа төрийн хяналтын шатанд шилжих дараалалтайг илэрхийлж байна. Иймд ажил олгогч акт үйлдээгүй нөхцөлд улсын байцаагчийн хяналтын бүрэн эрх хэрэгжих боломжгүй болж, хуульд заасан процесс алдагдах нөхцөл үүсэхээр байна.
    7. Мөн хуулийн 29.5-д ажил олгогч дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэн, ажилтан гомдол гаргах, улмаар улсын байцаагч болон шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжийг хуульчилсан нь ажил олгогчийн энэхүү үүрэг зайлшгүй биелэгдэх шинжтэй болохыг баталгаажуулж байна.
    8. Эдгээр хуулийн зохицуулалтыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-тэй уялдуулан үзвэл ажил олгогчийн үүргийн агуулга улам тодорхой болж байна. Тухайлбал, дүрмийн 3.1-д ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг ажил олгогч болон ажилтны төлөөллийг оролцуулсан, гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулах үүрэгтэй байхаар заасан нь ослыг судлах ажиллагаа нь заавал олон талын оролцоотой, бодитой, нотлох баримтад тулгуурласан байдлаар явагдах ёстойг илэрхийлж байна.
    9. Мөн дүрмийн 3.6-д уг комисс нь осолдогчийг нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамааран ослыг заавал судлан бүртгэж, батлагдсан маягтын дагуу акт үйлдэх үүрэгтэй байхаар зохицуулсан нь ослыг судлах ажиллагаа нь ямар нэгэн урьдчилсан дүгнэлт, маргаан, эсхүл бусад байгууллагын шийдвэрээс үл хамааран шууд хэрэгжих ёстойг илтгэнэ. Иймд “осол үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй” гэх нөхцөл байдал нь комисс байгуулах, акт үйлдэх үүргийг хойшлуулах, эсхүл хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
    10. Түүнчлэн дүрмийн 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах замдаа явж байх үед гарсан ослыг тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд үйлдвэрлэлийн осолд хамааруулан судлах боломжтой гэж заасан нь ийм төрлийн осол нь анхнаасаа тодорхой бус, маргаантай байх боломжтойг харгалзан үзсэн зохицуулалт юм. Ийм ослыг чиглэл, маршрут, цаг хугацаа зэрэг нөхцөл байдлыг тогтоох замаар л үнэлэх боломжтой тул ажил олгогчийн комисс байгуулах, судлах үүрэг онцгой ач холбогдолтой байна.
    11. Иймээс дээрх хуулийн болон дүрмийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэвэл ажил олгогч нь ажилтантай холбоотой ослын талаар мэдээлэл хүлээн авсан даруйд тухайн осол үйлдвэрлэлийн шинжтэй байж болзошгүй эсэхийг урьдчилсан байдлаар үнэлж, ийм боломжтой тохиолдолд заавал комисс байгуулан, ослын нөхцөл шалтгааныг иж бүрэн судалж, холбогдох актыг үйлдэх үүргийг хүлээдэг байна. Энэхүү үүрэг нь бусад байгууллагын эцсийн дүгнэлтээс хараат бус бөгөөд харин ч тэдгээр дүгнэлтүүдийг гаргах суурь баримт бичгийг бүрдүүлэх анхдагч ач холбогдолтой.
    12. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар “Б*******” ХХК нь тухайн ослын талаар мэдэж байсан, тодорхой хэмжээнд мэдээлэл цуглуулах зорилгоор “Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаах газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг зэрэг байгууллагад хүсэлт гарган хариу авч” оролдлого хийсэн боловч үйлдвэрлэлийн ослын комисс байгуулаагүй, ослын нөхцөл байдлыг дотооддоо судлан тогтоох ажиллагаа явуулаагүй, холбогдох баримтыг бүрдүүлээгүй, улмаар үйлдвэрлэлийн ослын акт үйлдээгүй нь тогтоогдож байна.
    13. Түүнчлэн эрх бүхий улсын байцаагчаас уг ослын талаар гомдол мэдээлэл хүлээн авч, хяналт шалгалт явуулахдаа 2025 оны11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1069, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/1077, 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/7 тоот албан бичгүүдээр ажил олгогчид үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож ирүүлэхийг удаа дараа шаардсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд эдгээр шаардлага нь гомдол гаргагчид үүргээ биелүүлэх хангалттай боломж олгосон болохоос бус үйлдвэрлэлийн осолд зайлшгүй тооцсон актыг ирүүлэхийг шаардсан гэж үзэхээргүй байна.
    14. Учир нь хуульд зааснаар ажил олгогчоо байгуулсан комисс нь тухайн ослыг үйлдвэрлэлийн осолд хамаарна, хамаарахгүй гэсэн шийдвэрийн аль нэгийг нь өөрийн цуглуулсан баримт, мэдээллийн хүрээнд гаргах эрх, үүрэгтэй ба үүнийг нь хариуцагчаас хянаж дүгнэлт гаргах ёстой боловч уг ажиллагаа хийгдэх боломжгүй нөхцөл үүсэж зөрчлийн хэрэг нээн уг зөрчлийг хянан шалгах явцдаа удаа дараа хугацаатай үүрэг өгч, хуульд заасан үүргээ биелүүлэх албан даалгавар, албан бичиг өгсөн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг олгож сануулсан байх ба үүнийг албан даалгаварт дурдсан “хугацаа дутуу байсан” гэх тайлбараар хуулийг зөрчсөн гэж үзэх, бий болсон нөхцөл байдлыг үгүйсгэх ач холбогдолгүй гэж үзлээ.
    15. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т төрийн албан хаагч, улсын байцаагчийн эрх бүхий этгээдээс хууль ёсны дагуу шаардсан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл биелүүлээгүй үйлдлийг зөрчилд тооцохоор хуульчилсан байна. Энэхүү зохицуулалтын зорилго нь төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг саадгүй, үр дүнтэй хэрэгжүүлэх, түүнд оролцогч этгээдүүдийн үүргийг тодорхой болгох, хууль ёсны шаардлагыг биелүүлэх сахилга хариуцлагыг хангахад оршино.
    16. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол гарсан тухай мэдээллийг хүлээн авсан даруйд ослыг судлан тогтоох, комисс байгуулж акт үйлдэх үүргийг анхдагчаар хүлээдэг тухай дээр дүгнэсэн ба уг акт нь цаашид улсын байцаагчаар хянуулах, улмаар ослын шинж чанарыг эцэслэн тогтоох эрх зүйн үндсэн баримт бичиг болдог. Иймд улсын байцаагчаас “үйлдвэрлэлийн ослын акт гаргаж ирүүлэх”-ийг шаардсан нь шинэ үүрэг ногдуулсан шинжтэй бус, харин хуулиар аль хэдийн ажил олгогчид ногдсон үүргийг биелүүлэхийг сануулж, хэрэгжүүлэхийг шаардсан хууль ёсны шаардлага гэж үзнэ.
    17. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эрх бүхий улсын байцаагч нь гомдол мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа гомдол гаргагчид үйлдвэрлэлийн ослын актыг тогтоож ирүүлэх талаар удаа дараа албан бичиг, албан даалгавар хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Эдгээр шаардлагууд нь нэг удаагийн шинжтэй бус, тодорхой хугацаанд давтан өгөгдсөн бөгөөд гомдол гаргагчид үүргээ биелүүлэх бодит боломжийг олгосон байна.
    18. Гэтэл “Б*******” ХХК нь тухайн ослын талаар мэдээлэлтэй байсан, тодорхой байгууллагуудаас мэдээлэл авах оролдлого хийж байсан атлаа өөрт ногдсон комисс байгуулах, ослыг судлан тогтоох, акт үйлдэх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар улсын байцаагчийн хууль ёсны шаардсан баримт бичгийг тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй, албан даалгаварт өгсөн хугацаа дуусаагүй байсан гэдгээр энэхүү үүргийг үгүйсгэх боломжгүй. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “хууль ёсны шаардсан мэдээ, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй” зөрчлийн шинжийг хангаж байна.
    19. Гомдол гаргагчийн зүгээс “тухайн осол үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байхад акт шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч энэ нь дээр дурдсанчлан хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэлийн ослын акт үйлдэх ажиллагаа нь өөрөө тухайн ослын шинжийг тогтоох процессын нэг хэсэг болохоос урьдчилсан байдлаар өөр байгууллагаас тогтоосны дараа хийгдэх ажиллагаа биш юм. Мөн улсын байцаагчаас уг актыг шаардахдаа заавал үйлдвэрлэлийн осолд тооцсон акт гаргаж ирүүлэхийг шаардаагүй, үйлдвэрлэлийн осолд тооцоогүй байдлаар актаа гаргаж ирүүлэх боломжийг нь үгүйсгээгүй байна. Иймд улсын байцаагчийн шаардлага нь хуульд нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гарсан шаардлага гэж үзэхээр байна.
    20. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг гаргасны дараа дахин 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай албан даалгавар өгсөн боловч тогтоосон хугацаанд үйлдвэрлэлийн ослын актыг гаргах үүргээ биелүүлээгүйг тэмдэглэв.
    21. Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл “Б*******” ХХК нь улсын байцаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, холбогдох баримт бичгийг хугацаанд нь гаргаж өгөөгүй зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу 500 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс энэ үндэслэлээр гомдол гаргагчийн шийтгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.2, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан гомдол гаргагч “Б*******” ХХК-аас гаргасан Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн улсын байцаагч Г.Б*******гийн 2026 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ******* тоот шийтгэлийн хуудас, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.МӨНХ-ӨЛЗИЙ