| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00435/И |
| Дугаар | 302/ШШ2025/00574 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 302/ШШ2025/00574
| 20250702 | 302/ШШ2025/00574 |
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, Х дүүрэг, -р хороо, Н 7 давхарт үйл ажиллагаа явуулах, Н ХХК
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, С овогт Б.А
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 8,915,225 /найман сая есөн зуун арван таван мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ж, Ц.Ө /цахимаар/,
Хариуцагч Б.А , түүний өмгөөлөгч С.Н,
Орчуулагч М.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н ХХКнь хариуцагч Б.А -д холбогдуулан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 8,915,225 /найман сая есөн зуун арван таван мянга хоёр зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Н ХХКнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.А тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь Н Ө салбарт барааны мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
1.2. Тодруулбал хариуцагч нь тус дэлгүүрийн Эрүүл мэнд хүнс, хүнс бус, Органик, Чихэр, Жигнэмэг, Шоколад набор, бохь гаа хатаасан жимс үрэл цэлцгэнүүр зэрэг тасгуудыг хариуцан ажиллаж байсан ба дэлгүүрийн удирдлагын зүгээс бараа бүтээгдэхүүний хугацаа, өрөлт, хадгалалт зэрэгт хяналт тавихад хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүн ихээр илэрч манай компанид 8,915,255 төгрөгийн хохирол учирсан.
1.3. Өөрөөр хэлбэл барааны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.А нь ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага алдаж, хугацаа дуусах дөхсөн барааг нийлүүлэгчид буцаах тухай мэдэгдэл өгөөгүй, буцаалт хийгээгүй хугацаа дууссан бараануудаа нууж улмаар ажлаа орхиж явсан бөгөөд Н ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.Бидний зүгээс хариуцагчтай утсаар удаа дараа холбогдож уг төлбөрийг өөрийн боломжоор сар бүр тодорхой дүнгээр төлөх талаар хэлсэн боловч төлөхгүй гэх тайлбарыг хэлсэн болно.
1.4. Иймд хариуцагч Б.А ээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2-д тус тус заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 8,915,225 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.А хариу тайлбартаа: Миний бие Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Н Б аймаг дахь салбар дэлгүүрт үйлчилгээний ажилтнаар ажилласан. Тус дэлгүүрийн менежер ажилтай Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зүй бусаар харьцаж, хэл амаар доромжлон "чамайг цаашид ажиллуулахгүй, битгий ажилдаа ир" гэж хөөж хэрүүл маргаан үүсгэсэн. Би нэгэнт цаашид ийм байдлаар ажиллах боломжгүй болсон гэдгийг ойлгож, болсон асуудлын талаар зөвлөгөө авахаар болж Б аймгийн Цахилгаан холбооны байранд суудаг өмгөөлөгч Х.Б гэдэг хүнтэй уулзсан юм. Өмгөөлөгч Х.Б нь “чи нэгэнт ажлаас гарах гэж байгаа бол, өөрт холбоотой ажлыг бүрэн хүлээлгэж өгч, хамгийн гол нь тооллого сайн хийж ажлаа хүлээлгэж өг” хэмээн зөвлөсний дагуу би ажилдаа буцаж очоод үргэлжлүүлэн ажиллаж, бүх тооцоогоо нийлж, бараа материалаа хүлээлгэн өгч, өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Би эд хариуцагчаар ажиллаагүй, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан дээр эд хариуцагч Аршагүлд өргүүлэв гэж бичсэнбайна. Мөн тэр өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтад өөр гэрээний сүүлчийн хуудсыг хавсаргаж, шүүхэд хуурамч бичиг баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан байна. Энэ бол гэмт хэрэг юм. Хэрэв би ажлаас чөлөөлөгдөх үед буюу бараа дутаасан, хохирол учруулсан бол миний 6 дугаар сарын цалин хөлсөө өгөхгүй байх байсан. 6 дугаар сарын цалинг 7 дугаар сарын 3-ны өдөр хийдэг бөгөөд тэр хүртэл надад ямар нэгэн тооцооны зөрүү байгаагүй, эд материалын зөрүү гараагүй тул би миний цалин хөлсийг 7 дугаар сарын 3-ны өдөр бүрэн олгосон. Н Б аймаг дахь салбар дэлгүүрийн менежер нь тухайн дэлгүүрт ажилладаг ажилтнуудын цалин хөлснөөс байнга үндэслэлгүй суутгал хийдэг, ачилтын буруу болон дэлгүүрийн бусад ажилтнуудын буруугаас болж бараа дутах, гэмтэх зэрэг бүх зүйлд барааны үйлчлэгч нарын цалин хөлсийг суутгаж, тэднийг хохироодог. Би тус дэлгүүрт ажилласан 8 сарын хугацаанд хугацаа дуусах дөхсөн барааг өөрөө худалдан авах замаар цалингаа буцаан суутгуулж ирсэн. Бүх ажилтнуудыг ингэж дарамталдаг байсан.Надад 6 төрлийн гэрээ байгуулсан ба доторх агуулгыг нь танилцуулаагүй, нэг хувийг гардуулж өгдөггүй байсан. Би ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа огт харж байгаагүй ба би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхад намайг ажил тасалсан гэж тушаал гаргасан байна. Би өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхад яагаад ажил тасалсан гэж чөлөөлсөн бэ, би үүнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь ажил таслаагүй, 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл бүрэн ажиллаж, 7-ны өдөр өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарсан. Би энэ нэхэмжлэл гаргасан Н ХХК гэдэг компанийн талаар огт мэдэхгүй түүнтэй ямар нэгэн байдлаар тохиролцоогүй. Н Б аймаг дахь салбар дэлгүүр гэсэн гэрээ надад байгуулж байсан ба тухайн гэрээний нэг хувийг огт өгөөгүй, одоо л тухайн гэрээнүүдийг шүүхээс харж байна.Би ямар нэгэн бараа дутаагаагүй, хугацаа дуусах бараануудыг өөрийнхөө ажилласан хугацаанд холбогдох байгууллагуудад мэдэгдэж ажилласан. Би ажлын ямар нэгэн доголдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.Иймд нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээсхуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ын өдрийн 3-82/40 дугаартай тушаал, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 3-2/39 дугаартай тушаал, бараа бүтээгдэхүүн хадгалалт, хамгаалалтын журам, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, цахим гарын үсгийн баталгааны гэрээ, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, бараа материалын борлуулалт, ажлын байрны тодорхойлолт, Е.Ж, Ц.Ө нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, фото зураг, бүтээгдэхүүний үнийн мэдээ, бараа материалын борлуулатзэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас өмгөөллийн гэрээ, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариу тайлбарыггаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан,шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч С.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.А тэй 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ тус тус байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь Н Ө салбарт барааны мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байсан ба 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.хариуцагч нь тус дэлгүүрийн Эрүүл мэнд хүнс, хүнс бус, Органик, Чихэр, Жигнэмэг, Шоколад набор, бохь гаа хатаасан жимс үрэл цэлцгэнүүр зэрэг тасгуудыг хариуцан ажиллаж байсан ба дэлгүүрийн удирдлагын зүгээс бараа бүтээгдэхүүний хугацаа, өрөлт, хадгалалт зэрэгт хяналт тавихад хугацаа дууссан бараа, бүтээгдэхүүн ихээр илэрч хохирол учирсан. Иймд хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 8,915,225 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
7. Хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбарласан байна. Үүнд:Миний бие Б.А нь 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Н Б аймаг дахь салбар дэлгүүрт үйлчилгээний ажилтнаар ажилласан.. Тус дэлгүүрийн менежер ажилтай Б нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зүй бусаар харьцаж, хэл амаар доромжилсон тул би өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Би бүх тооцоогоо нийлж, бараа материалаа хүлээлгэн өгч, өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.би ажлаас чөлөөлөгдөх үед буюу бараа дутаасан, хохирол учруулсан бол миний 6 дугаар сарын цалин хөлсөө өгөхгүй байх байсан. 6 дугаар сарын цалинг 7 дугаар сарын 3-ны өдөр хийдэг бөгөөд тэр хүртэл надад ямар нэгэн тооцооны зөрүү байгаагүй, эд материалын зөрүү гараагүй тул би миний цалин хөлсийг 7 дугаар сарын 3-ны өдөр бүрэн олгосон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
8.1.Хэрэгт авагдсан Н ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 82/40 дугаартай Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай / ноцтой зөрчил гаргасан,сахилгын зөрчил давтан гаргасан/ тушаалаар тус компанийн “Н Ө” салбарын барааны мэргэжилтэн албан тушаалтай Болатбек овогтой Аршагүл нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-с дээш хоног ажил тасалсан зөрчил гаргасан тул 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлсүгэй гэжээ.
8.2.2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нууц хадгалах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Цахим гарын үсгийн баталгааны гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-гээр тус тус хариуцагч Б.А , нэхэмжлэгч Н ХХК-н нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
8.3. Ажил олгогч болон ажилтан нар нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, уг гэрээний 3.10-т Ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үйлдэл болон эс үйлдлийн улмаас өөрийн хариуцсан болон хамтран ажиллагчийнхаа эд хөрөнгийг дутаасан, чанарыг дордуулсан, эвдэж гэмтээсэн, үрэгдүүлсэн, ашиглан шамшигдуулсан, завшсан, хулгайлсан, хулгайлахыг завдсан, устгасан тохиолдолд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-д заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэж зааснаас үзэхэд талууд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйл, 131 дүгээр зүйлд заасан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байна.
8.4.Нэхэмжлэгч Н ХХК-ийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13, 14, 15, 16,17 дугаар Бараа материалын борлуулалтын падаан, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 52 дугаар Бараа материалын борлуулалтын падаан гэх баримтуудаар хариуцагч Б.А нь Н ХХК-ийн Н Ө салбарын Барааны мэргэжилтнээр 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд ажиллахдаа байгууллагад нийт 8,915,225 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдохгүй байна.
8.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 131.1-т ажилтан дараах тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж, 131.1.1-т ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, 131.1.2-т эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан, 131.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн зарцуулалтыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хугацаанд тайлагнаагүй, эсхүл зарцуулаагүй эд хөрөнгийг эгүүлж төлөөгүй, 131.1.4-т эд хариуцагч боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хувийн хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн, 131.1.5-т согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл ажил үүргээ гүйцэтгээгүй үедээ ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан бол гэж заасан байна.
8.6.Нэхэмжлэгч Н ХХК нь ажилтан Б.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан үндэслэлээр буюу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоогүй буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан гэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилтан Б.А -д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх боломжгүй байна.
Учир нь, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13, 14, 15, 16,17 дугаар Бараа материалын борлуулалтын падааны гүйлгээний утга нь хугацаа дууссан барааг нуун дарагдуулсан тул хариуцах эд хариуцагч Аршагүл, Жанботад өртүүлэв гэж, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолтод барааны мэргэжилтэн Б.А гэж тус тус бичигдсэн байна.
Хугацаа дууссан барааг нуун дарагдуулсан тул хариуцах эд хариуцагч Аршагүл өртүүлэв гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 131 дүгээр зүйлийн 131.1- т заасан үндэслэлүүд буюу 131.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй байна.
8.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар ажил олгогч эд хөрөнгийн хохирлын хэмжээг тодорхойлохоос өмнө тухайн үеийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй, дээрх хавтаст хэрэгт гаргаж өгсөн Бараа материалын борлуулалтын /хугацаа дууссан барааг нуун дарагдуулсан/ баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагчийн гарын үсэггүй, хянасан шалган, хянасан ЗЗБ, шалгасан нягтлан бодогч гэж тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан мөртлөө ажилтанд танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй, хэдэн төгрөгийн, хэдэн төрлийн бараа материалыг ажил олгогч ажилтанд хүлээлгэн өгсөн жагсаалтгүй, бараа материалын хугацаа дууссан гэх боловч энэ тодорхойгүй, энэхүү хяналт шалгалтыг хийхэд ажилтан Б.А ийн байлцуулан шалгасан эсэх нь тодорхойгүй буюу байлцуулан шалгаагүй, ажилтны учруулсан хохирлын хэмжээг ажил олгогчийн эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг тодорхойлоогүй, бодит гарсан хохирлын хэмжээг тооцно гэж заасан байхад дээрх ажилтнаас шаардаж байгаа хохирол нь бодит хохирол мөн эсэх нь эргэлзээтэй байна.
8.8. Гэтэл нэхэмжлэгч тал хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн Н Ө салбарт одоог хүртэл хадгалж байгаа үзлэг хийж өгнө үү гэж бараа бүтээгдэхүүний фото зургийг хавсаргаж ирүүлж, шүүх үзлэг хийсэн бол хугацаа хэтэрсэн барааг тогтоох боломжтой байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд тайлбарлаж байгаа байдал нь учир дутагдалтай байна. Учир нь ажилтан Б.А ийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 82/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон ба дээрх тушаалаар ажилтан Б.А ийг маргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын биш, өөр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, нэхэмжлэгч тал шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар нэхэмжлэл гаргасан байх ба дээрх хугацаанд хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүнийг ямар зорилгоор хадгалах болсон үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.
8.9. Ажилтан Б.А тэй байгуулсан 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн /дугааргүй/ гэрээний 6 дугаар зүйлийн 6.6-т хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажилтан нь ажил олгогчоос тойрох хуудсыг авч, ажлын 5 хонгийн дотор ажил хүлээлцэх комисст ажлаа хүлээлгэн өгч, эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулсны үндсэн дээр ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын ногдох цалинг олгоно гэснээр ажилтан Б.А ажиллаж байх хугацааны цалин хөлсийг бүрэн авсан нь хариуцагчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 134.1-т ажил олгогч өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор эд хөрөнгөө даатгуулах, эрсдэлийн сан байгуулахдаа ажилтны цалин хөлс, эд хөрөнгөөс дайчлан авах, суутгахыг хориглоно гэжээ.
8.10. Мөн ажил олгогч ажилтнаас тухайн хохирол учирсан үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тайлбараа бичгээр өгөхийг шаардах эрхтэй бөгөөд хэрэв ажилтан тайлбар өгөөгүй бол энэх тухай тэмдэглэл үйлдэх ёстой байдал энэхүү ажиллагаа хийгээгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 13, 14, 15, 16,17 дугаар Бараа материалын борлуулалтын падааны гүйлгээний утга нь хугацаа дууссан барааг нуун дарагдуулсан тул хариуцах эд хариуцагч Аршагүл, Жанботад өртүүлэв гэсэн мөртлөө ажилтан Б.А , Ж нарын буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэснийг ажил олгогч зөрчсөн байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.5-д ажилтан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэрийг үндэслэлгүй, эсхүл эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх журмыг ажил олгогч зөрчсөн гэж үзвэл гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага, эсхүл шүүхэд гаргах эрхтэй гэснээр шүүхэд хандсан байна.
10. Иймд ажилтан Б.А ийн учруулсан хохирол ба түүний хууль бус үйлдэл, эс үйлдлийн хооронд шалтгаант холбоо байх, хохирол бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйдээ ажилтнууд нь гэм буруутай байх, ажил олгогч этгээдийн эд хөрөнгөнд бодит хохирол учирсан байх шалтгаан холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т дааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А ээс эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 8,915,225 /найман сая есөн зуун арван таван мянга хоёр зуун хорин таван/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,594 /нэг зуун тавин долоон мянга таван зуун ерэн дөрвөн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б