| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0200/Э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2018-06-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
шинжээч эмч Ц.Нандинцэцэг,
хохирогч Д.Б-,
шүүгдэгч И.Т-, түүний өмгөөлөгч Б.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.б овогт И-ийн Т-т холбогдох эрүүгийн 1810006360219 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нагац эгч, ах, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо .......... тоотод тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, Д.б овогт И-ийн Т- /РД:УХ91121873/
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч И.Т- нь 2018 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны 3 дугаар давхарт байрлах тамхины өрөөнд хохирогч Д.Б-г хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож хацарт няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч И.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмэгтэй хүнд гар хүрсэндээ гэмшиж байна. Тухайн өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж “...” клуб ороод орос найз охинтойгоо хамт байхдаа текэн дээр Д.Б-тай таараад мэндэлсэн. Би шатан дээр Д.Б-тай дахин таарахад “чамд монгол охин олдохгүй байна уу? орос янхантай яваад байгаа юм” гэх мэтээр намайг доромжилсон. Удалгүй тамхины өрөөнд байхад Д.Б- Монголжингоор түшүүлсэн согтуу орж ирээд миний зүүн шилбэ рүү өшиглөөд “ орос янхантай явж байгаа юм уу” гэх мэтээр дахиад доромжилоод байхаар нь би уураа барьж дийлэлгүй хацар руу нь нэг удаа цохисон. Хамгаалагч нар ирээд намайг камерын өрөө рүү авчирхад Д.Б-, хоёр найзтайгаа байсан. Би гар хүрсэндээ Д.Б-гаас уучлалт гуйгаад бие биенийгээ ойлгож тохиролцоод салсан. Маргааш нь Д.Б-тай уулзаад “биеийн байдал чинь ямар байна эмнэлэгт үзүүлье” гэхэд Д.Б- ууртай байсан бөгөөд манай найзын дугаар руу “чи маргааш 20.000.000 төгрөгтэй ирээрэй, тэгэхгүй бол цагдаад өгнө” гэж хэлсэн. Маргааш нь эгчтэйгээ хамт Д.Б-г гэрээс нь аваад “эмнэлэгт үзүүлье” гэхэд “Натул эмнэлэгт үзүүлье” гэхээр нь би “бие биенийхээ танидаг эмнэлэгт үзүүлж яах бэ, өөр эмнэлэгт үзүүлье” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явж байтал Д.Б- гэнэт ажилтай болоод буусан. Би үдээс хойш Д.Б-гийн ажил дээр очоод “надад 20.000.000 төгрөг олдохгүй байна. Эгч, ах нараасаа зээлээд 5.000.000 төгрөг байна” гэхэд Д.Б- “би 5.000.000 төгрөгөөр бөгсөө арчдаг. Чамайг цагдаад өгөөд шоронгийн хоригдол болгоно” гэж хэлсэн. Үүнээс хойш Д.Б- миний талаар сошиалд мэдээлэл оруулж дарамталсан гэв.
Хохирогч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хүчирхийлэлд өртсөн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч миний хацар дээр үүссэн гэмтлийг гэмтэл гэж хүлээж авч байгаа боловч би тархиндаа хүнд гэмтэл авсан. Сэтгэл санаа болон эдийн засгаараа хохирсон. Би чацарганаар гоо сайхан болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаний захирал ажилтай. Бүтээгдэхүүнээ 12 оронд экспортолж бизнес хийдэг. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай ажилчид “... клуб орьё” гэсэн санал тавьсан учраас очсон. Би Б.М-той тамхины өрөөнд байхад И.Т- орж ирээд хажуугаар явахаар нь “хүүе Т-аа” гэхэд И.Т- эргэж хараад намайг цохисон. Тухайн үед би цохиулаад ухаан алдсан байсан. Нэг мэдэхэд манай ажлын Б.М- намайг тэвэрсэн зогсож байсан. “Таныг тэр залуу зодчихлоо” гэж хэлсэн. ... клубын хамгаалагчид намайг зодчихоод байхад хамгаалаагүй. Манай ажлын газрын эмэгтэйгийн нөхөр нь И.Т-ыг хамгаалагчийн өрөөнд дагуулаад ирсэн. ... клубын хамгаалагчид камерын бичлэгийг үзүүлээд И.Т-ыг “энэ хүнээс уучлалт гуй” гэж хэлсэн. Би Б.М-д “цагдаа дууд” гэж хэлсэн гэтэл “...” баарны хамгаалагчид цагдаа нарыг оруулаагүй юу, ямар ч байсан цагдаа ирээгүй. Хамгаалагчид “хоорондоо учраа олоод явцгаа” гэсэн. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс болон ... клубд гомдол гаргасан. Миний бүх бие хөх няц, гар, хөл хөдөлж болохгүй, нүүр хавдсан байдалтай болсон байсан. Би И.Т-тай уулзахад Билгүүн гэдэг өмгөөлөгч найзтайгаа ирээд “намайг битгий цагдаад хэлээрэй. Би эмэгтэй хүнд гар хүрч үзээгүй. Тухайн үед ухаан санаагаа алдсан байна. Эмнэлэгт үзүүлье” гэсэн.
И.Т- эгчтэйгээ хамт ирээд “Гэмтлийн эмнэлэг рүү явъя” гээд хамт явж байгаад замдаа орхиод явсан. Би ганцаараа такси бариад Гэмтлийн эмнэлэгт очиж толгой, нурууны зураг, тархины бичлэг хийлгэсэн. Намайг “шүүх эмнэлэгт үзүүл” гэхэд нь шүүх эмнэлэгт үзлэгт үзүүлсэн. И.Т- манай ажлын оффис дээр үеэл ах Баатартай ирээд “5.000.000 төгрөг өгье, бие чинь зүгээр байна” гэж хэл амаар доромжилсон.
Миний биед одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсаныг мэдэхгүй байна. Тархины гэмтэл хэзээ нэг харвах ч юм уу эрсдэлтэй тэрийг бид хэлж мэдэхгүй. Миний эрүүл мэнд 5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхгүй. Би маш их гомдолтой байна. И.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэхийг хүлээн зөвшөөрөхгүй. И.Т- нь нийгмийн аюулгүй байдлын эсрэг болон захиргааны зөрчил маш олон удаа гаргаж байсан хүн. Шийтгэл оногдуулахгүй бол хүн алж мэднэ. Эмчилгээний зардал, замын зардал, имрай шинжилгээ, шүүх эмнэлэг 976.000 төгрөг, цаашид гарах зардалд Солонгос улсад тархины зураг авахуулах, шинжилгээ хийлгэх 25.200.000, Солонгос улсад эмчлүүлэх зардал 93.600.000 төгрөг, замын зардал 24.000.000 төгрөг, цаашид гарах хүндрэл эрсдлээс хамгаалах даатгал 50.400.000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдаж, сарын орлого алдсан 30.000.000 төгрөг Д.Б-гийн удирдсан Нэгдсэн үндэстний байгууллагын 04 дүгээр сарын 10-наас эхлэх төсөл хэрэгжээгүй 236.167.200 төгрөг, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг нийт 510.343.200 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн байцаалтын явцад
Мөн эрүүгийн 1810006360219 дугаартай хавтаст хэргээс:
Хохирогч Д.Б- 2018.03.20-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед санагдаж байна байгууллагынхаа 4 эмэгтэй надтай нийлээд 5 эмэгтэй хамт баяраа тэмдэглэх гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутагт байрлах “...” клубт орсон. Хамт олноороо сууж байгаад манай ажилчин Монголжин, Батцэцэг нарын хамт үлдсэн. Би ажилчиддаа Виски сэт захиалсан, мөн 1 шил вино авсан. Тухайн виноноос 1 стакан уусан. Би тамхины өрөө явахдаа Батцэцэг, Монголжин хоёртой хамт орсон. Тухайн өрөөнд тамхи татаад зогсож байтал Т- нэг хүүхэнтэй хамт орж ирсэн. Т- над дээр ирээд “Сайн уу юу байна, би Монголд ирсэн байгаа. Ажил нь сайн уу” гээд ойр зуурын юм ярьж байгаад тухайн өрөөнөөс гарсан. Буцаж ширээндээ сууж байгаад бүжиглэж байтал Батцэцэгийн нөхөр ирсэн. Дахиад тамхи татах гээд тамхины өрөө рүү Монголжинтой хамт ороод тамхи татаад сууж байтал Т- орж ирэхээр нь “Хөөе Т-аа” гэж дуудтал Т- гэнэт над руу хараад ямар нэгэн үгийн зөрөөгүй аль гараараа цохисныг сайн мэдэхгүй байна, миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохьсон. Тэр үед ухаан алдсан байсан. Ухаан ортол хамгаалагч нарын өрөөнд сэрсэн. Т- миний өмнө сөгдөж суугаад “Болороо би ухаанаа алдсан байна. Би чамайг гэж мэдээгүй, би энэ бичлэгийг үзээд нүд халтирч байна, би ухаан мэдэрлээ алдсан байна” гэж надад хэлсэн. ... Шөнийн 02 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн боловч хамгаалагч нарын өрөөнд орж ирээгүй. ... Хамгаалагч нар нь “цагдааг зохицуулчихлаа” гээд ярилцаж байхаар нь “яахаараа явуулдаг юм” гэхэд “та нар одоо өөрсдөө учраа ол” гэхээр нь “үгүй” гэж хэлсэн. Тэгээд Т-ыг явуулчихсан. Би “...” баарны хүмүүстэй “мөнгөө төлж орсон, нэг хүний 35.000 төгрөгний таксаа авъя” гээд маргалдахад “өгөхгүй” гэж хэлсэн. ... Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 15-16 цагийн хооронд ГССҮХ-нд үзүүлэхийн өмнө Т- үеэл Баатар гэх залуутай, мөн ээжийнх нь дүү гэх эмэгтэйтэй хамт миний ажлын байрны гадна ирээд “Чи яг яасан юм бэ, толгой тархи чинь яасан юм, барьж үзнэ” гэхээр нь “би цагдаад хандана” гэхэд “цагдаад хандаад яах юм бэ, 5.000.000 төгрөг өгье” гэхэд нь “үгүй” гэхэд “цагдаагаар яваад 1.200.000 төгрөгөөр л торгуулаад болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Маргааш нь “Т-ын өмгөөлөгч байна, уулзах хэрэг байна” гээд эмэгтэй хүн залгахаар нь би байгаа газраа хэлсэн. Удалгүй дахин залгаад “би очих шаардлагагүй болчихлоо” гэхээр нь “та надтай ирж уулзвал би юу болсон талаар нь сайн хэлж өгье. Тэгээд ч хүнийг санаатай зодох нь хүнд гэмт хэрэг” гэж хэлсэн. Т- над руу харж чадахгүй “Болороо би чамд уучлаарай гэж хэлсэн ш дээ” гэж хэлэхэд эгч нь гэх хүн Т-ыг татаад аваад явсан. Тэрнээс хойш холбогдоогүй... Миний бие эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хохирол хүлээсэндээ гомдолтой байна. Тухайн клубын захиргаанд гомдолтой байна. ... баарны хувьд үйлчлүүлэгчээ хамгаалж чадаагүй, ажлаа хийж чадаагүйд гомдолтой байна. Тухайн үед дуудлагаар ирсэн цагдаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-40-р хуудас/,
2018.04.23-ны өдөр мэдүүлэхдээ: ... Миний тархи толгой маш их өвдөж байна. Надад миненгрит гэдэг тархины саатал тусаж байна, эмчилгээ хийнэ гэж хэлсэн болохоор хөнгөн зэргийн гэмтэл гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Солонгос улсад эмчилгээ хийлгэхээр болсон ба тухайн зардлыг гаргуулна, бас өөртөө Амин даатгал хийлгэнэ. ... Би Натул эмнэлэгт 12 хоног хэвтэж эмчлүүлсэн ба 500.000 орчим төгрөгийн зардал гарсан. Бүх зүйлд гомдолтой байна. Өнөөдөр би эрүүл мэндээрээ болон санхүү эдийн засгаараа хохирч байна. Монгол ард түмний өмнө нэр нүүрээ барж байна. Сэтгэл санааны хохирол миний болон миний хүүхэд, эцэг эх, хамаатан садан, бизнес бүгд хохирч байна. Энэ хэрэг шийдэгдэхгүй удаад байгаад гомдолтой байна. Одоог хүртэл би тархины эмчилгээ хийлгэж байна, цаашдаа ч хийлгэсээр байх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,
Гэрч Б.М- 2018.03.12-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай хамт олон захирал Д.Б-гийн хамт ажил дээрээ эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд 750 граммтай 1 шил дарс хувааж ууж, пицца идсэн. Ингээд шөнө 23 цагийн үед худалдагч Хонгорзул, гоо сайханч Энхмаа, маркетингийн менежер Батцэцэг, захирал Болортуяа нарын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” бааранд орсон. Тус клуб рүү ороход захирал Болортуяа бид нарт 1 литр виски захиалж өгсөн ба тэрээр өөрөө 750 граммтай, нэг шил дарс захиалж авч уусан. Хонгорзул, Энхмаа нар клубт 30 орчим минут болоод гараад явсан. Батцэцэг, захирал Болортуяа бид гурав үлдсэн. Ингээд шөнө 02 цаг өнгөрч байхад Болортуяа, Батцэцэг бид гурав “...” клубын 3 дугаар давхарт байрлах тамхи татах өрөө рүү ороод тамхи татаж байхад гаднаас 26-27 орчим насны, 170 см өндөртэй, бордуу царайтай, богино халимаг үстэй, хөх өнгийн шоотой срочкон цамцтай залуу нь 25 орчим насны эмэгтэйн хамтаар орж ирчихээд гарч байгаа харагдсан. Батцэцэг найз залуутайгаа уулзахаар гарахад тамхи татах өрөөнд Болортуяа бид хоёр үлдсэн. Тэгтэл гаднаас нөгөө 26-27 орчим насны бордуу царайтай залуу орж ирсэн би хогийн сав руу тамхины ишээ хаячихаад эргээд хартал нөгөө залуу сандал дээр сууж байсан Болортуяагийн зүүн шанаа орчимд нь гараараа цохиж газар унагаад, нуруу, баруун гар орчим руу нь баруун гараа атгаж байгаад олон удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залууг Болортуяагаас салгахад, нөгөө залуу Болортуяагийн баруун гуя, өвдөг орчимд нь нэг удаа өшиглөсөн. Ингээд би Болортуяаг шалан дээрээс босгож байхад гаднаас Батцэцэг найз залуутайгаа орж ирсэн. Тэр хооронд Болортуяаг зодсон залуу алга болчихсон. Тэгэхээр нь би тус баарны хамгаалагчид болсон асуудлын талаар хэлж хяналтын камерыг шүүсэн. Ингээд би ариун цэврийн өрөө орох гээд явж байгаад нөгөө залуутай тааралдаад түүнийг хамгаалагчдын өрөөнд оруулсан. Тэр үед Батцэцэгийн найз залуу Боолоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/ миний гар утсаар дуудлага өгсөн. Би ариун цэврийн өрөөнд ангийнхаа хүүхэдтэй тааралдаад, түүнтэй нилээн ярилцаж байгаад буцаад хамгаалагч нарын өрөөнд иртэл Болортуяа, Батцэцэг нар гэртээ харихаар болчихсон байсан. Батцэцэг, Боолоо бид нар Болортуяаг гэрт нь хүргэж өгөөд, өөрсдөө гэр гэртээ харьсан. Болортуяа “намайг зодсон залууг Т- гэдэг” гэж сүүлд надад хэлсэн. Тухайн үед Болортуяа нь саарал өнгийн биеийн Т-ын өмд, хар хөх өнгийн юүдэнтэй цамцтай байсан болохоор ямар гэмтэл шарх учирсаныг нь анзаарч хараагүй. Маргааш өдөр нь Болортуяа фэйсбүүкээр өөрийнхөө зургийг явуулахад л түүний зүүн хацар нь бага зэрэг зулгарч улайсан, тохой нь хөхрөөд, эрүүний доод хэсэг, хүзүүний хэсэг, гарын бугуй бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан. Үүнээс 3 хоногийн дараа тэрээр дахин над руу зургаа явуулахад зүүн хацар нь нилээн хавдаад, зулгарсан улайлт нь нэмэгдчихсэн, хөхрөлтүүд нь нэмэгдсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч М.Н- 2018.03.24-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 07-08-ны шилжих шөнө “...” баарны хамгаалагчаар ажиллаж байхад 5 эмэгтэй орж ирсэн. Тэр дунд нэг эмэгтэй нь нилээн халамцуу байдалтай, бусад эмэгтэйчүүд нь зүгээр зогсож байсан. Тэр халамцуу эмэгтэй такс төлөх гээд картаа уншуулахад мөнгө нь хүрээгүй, VIР өрөө рүү орох гэж байсан. Тухайн өрөө рүү ороход нэг хүний 40.000 төгрөг байдаг. 5 эмэгтэй орох гээд картны үлдэгдэлд мөнгө хүрэлцэхгүй байна гэж мэдээлэл ирсэн. Тэр талаар нь хэлэхэд тэр эмэгтэй “тийм байх ёсгүй, надад хангалттай мөнгө байх ёстой. Танайх илүү уншуулдаг биз дээ” гэж хэлсэн. Тухайн эмэгтэй нэг найзынхаа гар утсаар өөрийнхөө дансыг шалгаж үзэхэд боломжит мөнгөн дүн гэдэгт 90.000 төгрөг байна гэж харагдсан. Тэр 5 эмэгтэйн хоёр нь “за за бид хоёр харьлаа” гээд явсан. Үлдсэн 3 эмэгтэй орохоор болсон. Тэр эмэгтэйн дансанд байгаа 90.000 төгрөгөө уншуулаад нэг эмэгтэй нь бэлнээр 30.000 төгрөг өгөөд орсон. Намайг үүдний хэсэгт байхад хэсэг хугацааны дараа тухайн эмэгтэй нилээд согтуу болсон байдалтай шатаар бууж ирээд уйлаад байсан. Манай хамгаалалтын ахлах станцаар “наад эмэгтэйгээ битгий оруулаарай” гэж хэлсэн. Дотор талд асуудал гаргасан хүний гаранд зүүсэн таксыг нь тасалдаг юм. Тэр эмэгтэй “дотогшоо орно” гэхээр нь “таныг оруулах боломжгүй” гэхэд “яагаад оруулахгүй байгаа юм, намайг оруулахгүй бол би төлсөн 100.000 гаран төгрөгөө яг одоо авна” гээд орилоод хашгираад байсан. Тэр үед тухайн эмэгтэйтэй хамт найз нар нь байгаагүй. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг эмэгтэй бууж ирсэн. Тэр согтуу эмэгтэй такс авдаг Маралмааг цохих гэхээр нь би гарыг нь бариад авсан. Тэгсэн тэр эмэгтэй карт уншигч машиныг газарт унасан байхад дээр нь дэвсээд байсан. Миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Би тухайн эмэгтэйд гар хүрээгүй. Тэр эмэгтэй намайг хэл амаар доромжлоод “Боловсролгүй арчаагүй пизда, ямар олигтой болохоороо хамгаалагч хийдэг юм пизда минь” гээд байсан. Тухайн эмэгтэй дахиад агсраад цохих гээд байхаар нь тэр эмэгтэйг тэврээд гаргасан. Тэрнээс хойш дахиж орж ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44-р хуудас/,
Гэрч Л.Д- 2018.03.26-ны өдөр мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би хамгаалалтын ажилтай 3 давхарт хяналтын камерын өрөөнд байж байхад станцаар Ням-Очир “1 давхарт согтуу эмэгтэй асуудал гаргаад байна” гэхээр нь хяналтын камераар харахад нэг нь нөгөө эмэгтэйгээ тэвэрсэн байдалтай байхаар нь буугаад очиход саарал өнгийн биеийн Т-ын цамц өмссөн эмэгтэй нилээн согтуу хөл дээрээ тогтож чадахааргүй “Би бөө удам судраар чинь харааж ална” гэж хэлээд байсан. Хамгаалагч Ням-Очирыг лифтны хажууд өшиглөөд цохиод байхад найз эмэгтэй нь салгаж холдуулж байсан. Тэр үед гар утас нь газарт унаад гар утсаа газраас аваад хамгаалагч Ням-Очирыг өшиглөхөд дахин найз хүүхэн нь холдуулсан. Тухайн эмэгтэй бид нарыг англи болон монголоор хараагаад байсан. Удалгүй дахин ирээд текнээс “бид төлсөн таксны мөнгөө авмаар байна” гээд нэхээд байхаар нь “уучлаарай манайх таксны мөнгө буцаахаар бол 20 минутын дотор буцаадаг. Та үйлчлүүлээд 2 цаг гаран болсон байна” гэхэд тухайн эмэгтэй зүүн гараараа миний хацар хэсэг рүү цохьсон. Би тухайн эмэгтэйд дахин цохиулахгүй гээд хөдөлгөөнийг нь хориод нуруу хэсгээс нь гараараа тэврээд гадаа гаргасан. ... Миний араас шатаар гараад намайг цохих гээд чадаагүй ард унаж байсан. Би тэр эмэгтэйг орхиод дотогш ороход нэг залууг бас нэг залуу барьсан байсан. Тэгтэл станцаар “наанаа байгаа цохьсон гэх залууг аваад хяналтын камерын өрөө рүү ороод ир” гэхэд нь би тухайн 2 залууг дагуулаад хяналтын камерын өрөө орсон. Хяналтын камер шүүж байгаад намайг цохиод байсан эмэгтэйг хяналтын камерын өрөөнд оруулж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд гэнэт инээгээд “юун хөөрхөн юм” гээд тэврээд байсан. Тухайн үед агсам тавиад байсан эмэгтэйн найз нь “цагдаа дуудсан байгаа” гэж хэлсэн. Тэр эмэгтэйг цохьсон халамцуу залуу “одоо эндээ зохицье” гэхэд нөгөө эмэгтэй “200.000 төгрөг өгчих, би найз нартайгаа караоке орлоо” гэхэд залуу нь “2.000.000 өгье” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “за тэгье, одоо шилжүүлчих, ямар сайн юм, ямар хүнд цохиулж үзээгүй биш” гэсэн. Агсам тавиад байсан эмэгтэйн найзынх нь нөхөр гэх залуу тухайн эмэгтэйг цохьсон залууд “Чи олигтойхон уучлалт гуйчих, чамаас мөнгө аваад байх шаардлага алга, би өөрөө караокед даана. Чи наад эмэгтэйгээс өвдөг сөгдөөд уучлалт гуйчих” гэхэд нөгөө залуу өвдөг сөгдөөд уйлаад “найзыгаа уучлаарай, би эмэгтэй хүн гэж мэдээгүй” гээд уучлалт гуйсан. Тэгээд тухайн өрөөнөөс инээлдээд гарцгаасан гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/,
Шинжээч Ц.Нандинцэцэг 2018.04.17-ны өдөр мэдүүлэхдээ: Д.Б-гийн биед учирсан гэмтлээс зүүн хацарт няцарсан шарх тусдаа хөнгөн зэрэгт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал цус хуралт тусдаа хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гэмтлийн зэрэг нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 97-98-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3580 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Б-гийн биед хацарт няцарсан шарх, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3720 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд И.Т- гэж хаяглан авсан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй. /хх-ийн 50-51-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 75-78-р хуудас/,
Камерын бичлэг бүхий СD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 79-81-р хуудас/,
Хохирогч Д.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23-р хуудас/,
- хохирлын баримтууд /хх-ийн 99-102-р хуудас/,
Шүүгдэгч И.Т-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч И.Т-ыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч И.Т- нь 2018 оны 03 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” баарны тамхины өрөөнд хохирогч Д.Б-г зодож “...хацарт няцарсан шарх, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч – Б-ийн ... Намайг тамхины өрөөнд байхад И.Т- нэг эмэгтэйтэй хамт орж ирээд надтай мэндлээд ойр зуурын зүйл ярилцаад өрөөнөөс гарч явсан. Би тамхины өрөөнөөс гарч ширээндээ сууж байгаад бүжиглэж байтал Батцэцэг нөхөр нь ирсэн гээд явсан. Би Монголжинтой хамт дахин тамхины өрөөнд ороод тамхи татаад сууж байтал И.Т-ыг орж ирэхээр нь “Хөөе Т-аа” гэж дуудтал над руу хараад ямар нэгэн үгийн зөрөөгүй миний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохьсон. ...
Гэрч М- ... Шөнө 02 цаг өнгөрч байхад Д.Б-, Батцэцэг бид гурав “...” клубын 3 дугаар давхарт байрлах тамхи татах өрөө рүү ороод тамхи татаж байхад 26-27 орчим насны, 170 см өндөртэй, бордуу царайтай, богино халимаг үстэй, хөх өнгийн шоотой, срочкон цамцтай залуу /Т-/ нь 25 орчим насны эмэгтэйн хамтаар орж ирчихээд, гарч байгаа харагдсан. ... Би тамхины өрөөний хогийн сав руу тамхины ишээ хаячихаад эргээд хартал нөгөө залуу /Т-/ сандал дээр сууж байсан Д.Б-гийн зүүн шанаа орчимд гараараа цохиж шалан дээр унагааж байгаад түүний нуруу, баруун гар орчим руу нь баруун гараа атгаж байгаад олон удаа цохисон. Мөн баруун гуя, өвдөг орчимд нь нэг удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
Гэрч Д-ийн ... Тэр эмэгтэйг цохьсон гэх залуу бага зэрэг халамцуу байсан. Тэр залуу “одоо эндээ зохицье” гэхэд нөгөө эмэгтэй “200.000 төгрөг өгчих би найз нартайгаа караоке орлоо” гэхэд залуу нь “2.000.000 өгье” гэж хэлсэн. Тэр эмэгтэй “за тэгье, одоо шилжүүлчих, ямар сайн юм, ямар хүнд цохиулж үзээгүй биш” гэсэн. Агсам тавиад байсан эмэгтэйн найзынх нөхөр гэх залуу тухайн эмэгтэйг цохьсон залууд “Чи олигтойхон уучлалт гуйчих, чамаас мөнгө аваад байх шаардлага алга, би өөрөө караокед даана. Чи наад эмэгтэйгээс өвдөг сөгдөөд уучлалт гуйчих” гэхэд нөгөө залуу өвдөг сөгдөөд уйлаад “найзыгаа уучлаарай, би эмэгтэй хүн гэж мэдээгүй” гээд уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “...” баарны бичлэг бүхий CD-нд шүүгдэгч И.Т- нь хохирогч Д.Б-г зодож буй дүрс бичлэг,
Түүнчлэн хохирогч Д.Б-гийн гэмтэлтэй холбоотой “Д.Б-гийн биед хацарт няцарсан шарх, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 18-р хуудас/ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн №3580 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч Д.Б-гийн биед учирсан “хацарт няцарсан шарх, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, шуу, өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтлийг шүүгдэгч И.Т- цохиж учруулсан ба шүүгдэгчийн үйлдэл хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагаварын хооронд шалтгаант холбоотой.
Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй шүүгдэгч И.Т-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос И.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Билгүүнээс “...шинжээчийн дүгнэлтэнд хохирогчийн хацарт няцарсан шарх учирсан гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас үзэхэд хохирогч Д.Б-гийн хацарт шарх харагдахгүй байна. Түүнчлэн гэрч Б.М- “...маргааш нь Д.Б- фэйсбүүкээр зургаа явуулахад зүүн хацар нь бага зэрэг зулгарч улайсан байсан гэх мэдүүлгээс үзэхэд хохирогч Д.Б-д хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Хохирогч Д.Б-д учирсан гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. Иймд И.Т-ыг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэв.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар гэрч Б.М- тогтвортой мэдүүлсэний зэрэгцээ, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нь хохирогчийг хэрхэн зодсон талаарх CD бичлэгт шүүгдэгч И.Т-ын үйлдэл тодорхой бичигдсэн байна. Нөгөөтэйгүүр шүүгдэгч И.Т- нь хохирогч Д.Б-г зодсон асуудал дээр маргаагүй болно. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүгдэгч И.Т-ыг цагаатгаж өгнө үү” гэх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах санкцийг хууль тогтоогчоос “450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан ба зорчих эрхийг хязгаарлах ялыг Монгол Улс хэрэглэж эхлээгүй байгаа.
Шүүхээс шүүгдэгч И.Т-т ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч И.Т-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Д.Б- нь шүүгдэгч И.Т-аас нийт 510.343.200 төгрөг нэхэмжилснээс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр толгойн КТГ шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн баримт /хх-ийн 101-р хуудас/ нь нотлох баримтын шаардлагад нийцсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч И.Т-аас гаргуулах хохирлын хэмжээг 120.000 төгрөгөөр тогтоож, хохирогч Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн боловч хохирогч Д.Б- 120.000 төгрөгийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүрэн хангуулах хүсэлт гаргав.
Шүүх ирээдүйд гарах зардлыг урьдчилан шийдвэрлэх боломжгүй түүнчлэн нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэж гэм буруутай этгээдээс хохирлыг гаргуулах учиртай.
Хохирогч Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлээс дараахь шаардлагыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1-рт. “Натул” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 596.000 төгрөгийн баримт /хх-ийн 102-р хуудас/ нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэлийн эх хувийг ирүүлээгүй канондсан хуулбар ирүүлсэн,
2-рт. шүүх эмнэлэгт үзүүлсэн 10.000 төгрөг баримтгүй,
3-рт. Хохирогч унааны зардалд 250.000 төгрөг зарцуулсан замын зардал буюу таксинд зарцуулсан баримтгүй,
4-рт. Хөдөлмөрийн чадвар алдагдаж эдийн засгийн хохиролд орсон сарын хугацаанд олох орлогоо алдсан 30.000.000 төгрөг,
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэх 1 сарын төсөл хэрэгжиж чадаагүй 236.167.200 төгрөгийн хохирол нэхэмжилсэн боловч хохирогч Д.Б- эмнэлгийн чөлөөтэй байсан магадлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, орлого олох боломжгүй байсан талаарх баримт байхгүй. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний байгууллагын төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэх баримтууд нь монгол хэл дээр албан ёсны орчуулгагүй байна. Өөрөөр хэлбэл тухайн нотлох баримт нь өөр нотлох баримтуудаар давхар нотлогдож хэмээн нотолгооны шаардлагыг хангах ёстой.
5-рт. Хохирогч нь цаашид гарах зардалд: Солонгос улсад шинжилгээнд орох 25.200.000 төгрөг, Солонгос улсад эмчлүүлэх зардал 93.600.000 төгрөг, ирэх очих замын зардалд 24.000.000 төгрөг, осол гэмтлийн улмаас үүдэн цаашид гарч болох хүндэрлээс, гарч болох эрсдлээс хамгаалах даатгалд хамрагдах 50.400.000 төгрөг зэрэг зардлаа хохирогч Д.Б- нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин хүчирхийллээс үүссэн сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч И.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.