Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0068

 

 

“Ж-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Ц.И, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0802 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З-ын гаргасан давж заалдах гомдлоор, “Ж-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0802 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 4.1.7, 11 дүгээр зүйлийн 11.3.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.2, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай 9 дүгээр зүйлийн 9.8, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4.4, 39.1.9, 39.3, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан “Жамп-Алт” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газар, татварын улсын байцаагч Ц.Ишжамц, Т.Баасан нарт холбогдуулан гаргасан “татварын улсын байцаагч нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0802 тоот шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 тоот актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 тоот тогтоолоор хянан хэлэлцэж Татварын улсын байцаагчийн актын тогтоох хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийн хэвээр үлдээсэн. Иймд Татварын улсын байцаагчийн актын үлдсэн хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Манай компанийн 2015 оны үйл ажиллагааг 37,365,989.6 төгрөгийн ашигтай ажилласан гэж үзэж татвар оногдуулсан.

Манай компанийн олборлосон уурхайн эфиль, гаалийг угаах ажил гүйцэтгэж, оронд нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэсэн байхад тухайн нөхөн сэргээлтийг манай орлого гэж үзэж нэмэгдсэн өртгийн албан татвар болон болон орлогын албан татвар оногдуулсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын хугацаа хожимдуулж төлсөнд оногдуулсан торгууль, алданги зэрэгтэй холбоотой өрнөсөн.

Анхан шатны шүүх дараах байдлаар алдаатай дүгнэлт хийсэн.

Манай компани 2015 онд өмнөх жилүүдэд элэгдэл тооцоогүй байснаа тоног төхөөрөмжийг зарахдаа нэг мөсөн тооцсон байдаг. Нэг мөсөн элэгдэл тооцож болохгүй гэж хуульд хориглосон юм байх. Гэхдээ нэг доор тооцсон нь буруу байлаа гэхэд тухайн 2015 онд ногдох элэгдлийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тооцож хасах боломжтой. Гэтэл шүүх нэг мөсөн тооцсон нь буруу гэсэн хэрнээ тухайн 2015 онд ногдох элэгдлийг тооцож хасаагүй.

Манай компани 2015 онд “Р р” ХХК болон “Ж.Э.Э.С” ХХК-тай нөхөн сэргээлт хийх, дахин ашиглах гэрээ байгуулсан. Гэрээний гол зохицуулалт нь 1) Өмнө ашигласан талбай дахь эфиль, гааль (өмнө угаасан шороо)-ийг дахин угаа, хаягдсан металлыг олборлож өгөх, 2) тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэгт нөхөн сэргээлт хийх. Олборлосон металл нь манай компанийн өмч бөгөөд хуульд зааснаар зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч зохих банкинд тушаах эрхтэй. Үүний дагуу металлыг манай компани Монгол банкинд тушааж байсан. Харин металлын төлбөрийг бүхэлд нь ажил гүйцэтгэгчид 1) металл олборлолтын ажлын хөлс, 2) нөхөн сэргээлтийн төлбөрт тооцож бүхэлд нь шилжүүлж байсан. Өөрөөр хэлбэл татварын байцаагч нарын үнэ төлбөргүй бусдаар гүйцэтгүүлсэн гээд байгаа ажлыг бид төлбөр төлж гүйцэтгүүлсэн. Гэтэл ийм байхад шүүх тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн сэргээлтээ гүйцэтгэх үүрэгтэй байна гэж дүгнэсэн. Бид нөхөн сэргээлт хийх үүрэгтэй, үүнийхээ дагуу төлбөрийг нь төлж тухайн 2 компаниар нөхөн сэргээлтийн ажлаа гүйцэтгүүлсэн.

Тогтоох хэсгийн 2-д нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги ногдуулсан. Энэхүү нэмэгдсэн өртгийн албан татварыг манай компани “Ж.Э.Э.С” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар авлагаар шилжүүлж баталгаажуулахаар тохирсон ч тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татвар дээр татварын албатай маргаан үүсч, 2016 оны 5 сард “Ж.Э.Э.С” ХХК-ийн талд шийдэгдэн нэмэгдсэн өртгийн албан татварын өглөг 2016 оны 08 дугаар сард хаагдсан. Энэ нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус татварын албанаас шалтгаалсан хоцролт юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хянахад гомдлыг хангах үндэслэлгүй байх боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.И, Т.Б нар нь “Ж-А” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын даргын баталсан 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн удирдамжийн дагуу шалгаж, Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 210022545 дугаар актаар тус компанид 35,191,472.6 төгрөгийн нөхөн татвар, 17,108,914.1 төгрөгийн торгууль, 11,704,329.9 төгрөгийн алданги, 26,748.1 төгрөгийн хүү, нийт 64,031,734.7 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна.

Дээрх актыг “Ж-А” ХХК-аас эс зөвшөөрч гаргасан гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 35 дугаар тогтоолоор нийт 2,281,883,422.30 төгрөгийн зөрчилд ногдуулсан 64,031,734.70 төгрөгийн төлбөр ногдуулсан актаас 142,731,395.50 төгрөгийн зөрчилд ногдуулсан 25,691,651.20 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож үлдэх 2,139,152,026.80 төгрөгийн зөрчилд ногдох 20,918,603.00 төгрөгийн нөхөн татвар, 12,826,972.30 төгрөгийн торгууль, 4,567,760.10 төгрөгийн алданги, 26,748.10 төгрөгийн хүү буюу нийт 38,340,083.50 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчлөлт оруулжээ.

Нэхэмжлэгчээс “татварын улсын байцаагч нар нь актаараа өмнөх онуудад хуримтлагдсан булдозерын элэгдлийн зардлыг бөөн дүнгээр 2015 онд хасагдах зардалд оруулж тооцсонд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан, мөн нөхөн сэргээлтэд зарцуулсан 89,160,300.00 төгрөгийг “Ж-А” ХХК-ийн орлого гэж үзсэн нь хууль бус” хэмээн гомдолд дурьдан маргасан байна.

Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “татварын тайлан” гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг”, 11 дүгээр зүйлийн 11.3.1-д “тайланг жилийн эцэст нэг удаа гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гаргаж татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Албан татвар төлөгчийн 1 жилээс дээшхи хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно, 13.2-т “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нэхэмжлэгч  “Ж-А” ХХК нь өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй Комацу 375А-10, 375А-11 маркийн 2 ширхэг бульдозерийн элэгдлийг жил бүр тооцож татварт тайлагнах үүрэгтэй бөгөөд ийнхүү тайлагнаагүй атлаа 6 жилийн элэгдлийг бөөн дүнгээр нэг удаа тооцон албан татвар ногдох орлогоос суутган тооцсон нь хуульд нийцээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 53 дугаар зүйлд татварын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэхээр, 53.2-т “Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана” гэж тус тус заасны дагуу суутгал нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдож байх ёстой.

Гэтэл “Ж-А” ХХК нь 2015 онд 108,991,32.8 төгрөгийн илүү тооцсон борлуулсан бүтээгдэхүүний өртөгийг, мөн 65,584,123.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдох орлогыг бууруулсан болох нь тус компанийн 2015 оны санхүүгийн тайлан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан болон түүний хавсралтаар тогтоогдсон байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Ж-А” ХХК нь “Ж.Э.Э.С” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”, “Р.р” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Тусгай зөвшөөрлийн талбайг дахин ашиглах, нөхөн сэргээлт хийх тухай гэрээ”-г тус тус байгуулж, 2015 онд өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нийт 89,160,300.00 төгрөгийн геологийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн байх ба энэ талаар талууд маргаагүй, харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”, гэж заасны дагуу “Ж-А” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан уурхайн талбайд “Ж.Э.Э.С” ХХК болон “Р.р” ХХК-иудын нөхөн сэргээлтэд зарцуулсан 89,160,300.00 төгрөгийг “Ж-А” ХХК-ийн орлого гэж үзэж, уг орлогод татвар ногдуулаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрлэсэн боловч маргааны үйл баримтад хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2017/0802 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4.4, 39.1.9, 39.3, 45 дугаар зүйлийн 45.1.1...” гэснийг хасч, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 16 дугаар зүйлийн 16.1” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ