Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Яллагдагчийн өмгөөлөгч *******, *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/230 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч *******ад холбогдох эрүүгийн 2302007850008 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч *******гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программ хангамжийн инженер мэргэжилтэй, яллах дүгнэлт үйлдэх үед ар ажиллаж байсан, одоогоор , ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг ..... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, (РД: );

Яллагдагч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд болох ар ажиллаж байхдаа, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн 21.3.2 дахь заалт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг тус тус зөрчин, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “” ХХК-ийн захирал ий Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “” ХХК-ийн захирал өөс 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлтийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/129 дугаартай захирамжаар “тус аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр (Цагдаагийн газрын зүүн урд талд Г.Чагдаржавын 4 гудамж 4076 тоотод) байршилтай 2000 м.кв (0.2 га) газрыг “Супрема бүтик лоджэс” ХХК-нд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргаж, тус хуулийн этгээдэд буюу д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар яллагдагч *******ад холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч *******ад урьд авсан “Хувийн баталгаа гаргах”, “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Шүүхээс Дундговь аймгийн засаг дарга ******* нь сумын засаг дарга ын эрх хэмжээг эдэлж газар эзэмшүүлсэн эсэх, түүнчлэн мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар бус Сайнцагаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын баталсан газрыг бусдад эзэмшүүлсэн эсэх, аль эсхүл аймаг, сум эсэхээс үл хамаараад аймгийн төвийн газрыг эзэмшүүлэх нь аймгийн засаг даргын эрх хэмжээнд байдаг эсэх нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар аймгийн засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхтэй байх боловч энэ нь зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байх ёстой юу үгүй юу, нөгөө талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлаагүй харин сумын иргэдийн төлөөлөгчдийн /Сайнцагаан/ хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан боловч аймгийн төвийн газар бол харьяалал харгалзахгүй эзэмшүүлэх эрхтэй юу үгүй юу, түүнчлэн аймгийн засаг дарга газар эзэмшүүлэхдээ тухай сумын засаг даргын санал авсан гэдгийг ямар байдлаар ойлгохыг, энэ тохиолдолд санал авсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай.

Мөн хэрэгт *******ын олгосон гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн боловч 000022662 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 55 дахь хэсэгт "... 5-8 давхар орон сууц" гэх хэсэгт дурдагдсан газартай уртраг, өргөрөг аль эсхүл координат бусад тоон хэмжигдэхүүнээр тохирч буй эсэх, дотор нь багтсан аль эсхүл хэтэрсэн эсэхийг шалган тогтоогоогүй байна гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Нэг. Яллагдагч ******* нь нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд болох ар ажиллаж байхдаа, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн 21.3.2 дахь заалт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг тус тус зөрчин, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдсон бөгөөд прокуророос яллагдагчийн ямар хуулийн зүйл, заалтыг хэрхэн зөрчсөн үйл баримтын талаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийсэн байхад шүүхээс яллагдагчийн зөрчсөн гэж буруутгагдаж байгаа хэм хэмжээг хэрхэн, ямар байдлаар ойлгох талаар тайлбарлуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.." гэснийг зөрчсөн байна.

Мөн *******ын бусдад эзэмшүүлсэн гэх газар нь аймгийн эсхүл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний алинд хамаарч байгаа болох, түүнчлэн уг газар нь аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газар мөн эсэх, аль хурал газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хамаарч эсхүл *******ын аль нь уг газрыг ямар байдлаар олгох байсан эсэх зэргийг шалгах шаардлагатай гэж үзсэн боловч “Супрема бүтик лоджэс” ХХК-д Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр (Цагдаагийн газрын зүүн урд талд Г.Чагдаржавын 4 гудамж 4076 тоотод) байршилтай 2000 м.кв (0.2га) газар нь тус аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д дээрх зориулалтаар тусгагдаагүйн зэрэгцээ дуудлага худалдаа зохион байгуулаагүй зэрэг нь хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул дээрх мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж байна.

Хоёр. Прокуророос яллагдагч *******ыг нь нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд болох ар ажиллаж байхдаа, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн 21.3.2 дахь заалт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.”, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэснийг тус тус зөрчин, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьөктив тал нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл эс, үйлдэхүй байх ба үйлдэл эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

Гэвч шүүхээс *******ын олгосон гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн боловч 000022662 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 55 дахь хэсэгт "... 5-8 давхар орон сууц" гэх хэсэгт дурдагдсан газартай уртраг, өргөрөг аль эсхүл координат бусад тоон хэмжигдэхүүнээр тохирч буй эсэх, дотор нь багтсан аль эсхүл хэтэрсэн эсэхийг шалган тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаж шийдвэрлэсэн ба ******* нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн А/129 дугаартай захирамжаар “тус аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр (Цагдаагийн газрын зүүн урд талд Г.Чагдаржавын 4 гудамж 4076 тоотод) байршилтай 2000 м.кв (0.2га) газрыг “Супрема бүтик лоджэс” ХХК-д Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх захирамж гаргасан үйлдэл нь тус хуулийн этгээдэд буюу д давуу байдал бий болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй ба хэрэгт авагдсан баримтуудаар тухайн газар нь хаана байгаа, ямар газар болох, олгосон зөвшөөрөл кадастрын зураг зэрэг нь тодорхой харагдаж байгаа учраас уртраг, өргөрөг аль эсхүл координат бусад тоон хэмжигдэхүүнээр тохирч буй эсэх, дотор нь багтсан аль эсхүл хэтэрсэн эсэхийг шалган тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасныг баримтлаагүй, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/230 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Прокурорын ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын 81 дугаартай эсэргүүцлийн хууль зүйн үндэслэлийг дэмжиж оролцож байна. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид хоёр үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Нэг дэх үндэслэл яллагдагч *******ыг нийтийн албан тушаалтан буюу улс төрд нөлөө бүхий этгээд ар ажиллаж байхдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн 2 дахь заалт, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг тус тус зөрчин эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдалд прокуророос яллагдагчийг ямар хуулийн зүйл заалтыг хэрхэн зөрчсөн, үйл баримтын талаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт, хууль зүйн дүгнэлт хийсэн байхад шүүхээс яллагдагчийг зөрчсөн гэж буруутгаж байгаа хэм хэмжээг хэрхэн ямар байдлаар ойлгох талаар хууль тайлбарлуулахаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг зөрчиж байна. Мөн яллагч *******ын бусдад эзэмшүүлсэн гэх газар нь аймгийн эс үгүй бол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын газрын зохион байгуулалтын төлөвлөгөөний алинд хамаарч байгаа болох, түүнчлэн уг газар нь аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газар мөн эсэх, аль хурал, газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталснаас хамаарч , эс үгүй бол *******ын аль уг газрыг ямар байдлаар олгох байсан эсэх зэргийг шалгах шаардлагатай гэж үзсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн,  Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэр Цагдаагийн газрын зүүн урд талд Чагдаржавын 4 дүгээр гудамж 407 б тоот байршилтай, 2000 мкв газар нь тус аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дээрх зориулалтаар тусгагдаагүйн зэрэгцээ дуудлага худалдаа зохион байгуулаагүй зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Хууль тогтоогчоос Газрын тухай хуулийн 21.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан буюу Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг сумын Засаг дарга олгохоор хуульчилсан байхад шүүх уг асуудлыг тодорхойгүй гэдэг агуулгаар буцаасан нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 21.3-д аймгийн Засаг даргын газар олгохтой холбоотой эрхийн хоёр асуудлыг хуульчилж өгсөн бөгөөд энэ асуудал Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газрыг олгоно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байна.

Хоёр дахь үндэслэл Прокуророос *******ыг нийтийн албан тушаалтан буюу улс төрд нөлөө бүхий этгээд буюу ар ажиллаж байхдаа Газрын тухай хууль, хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, бусдад давуу байдал бий  болгосон гэмт хэргийг үйлдсэн буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь тодорхой шийдвэр, үйлдэл хийснээрээ төгсдөг. Өөрөөр хэлбэл хор уршиг учирсан байхыг шаарддаггүй. Гэвч шүүхээс хэргийн газрын үзлэг хийсэн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор тус сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан байх ба уг тогтоолын хавсралтын 55 дахь хэсэг 5-8 давхар орон сууц гэх хэсэгт дурдагдсан газартай уртраг, өргөрөг эсвэл координат болон тоон хэмжигдэхүүнээр тохирч буй эсэх, дотор нь багтсан эсэх, эс үгүй бол хэтэрсэн эсэхийг шалган тогтоох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг даалгаж шийдвэрлэлээ. Хэрэгт авагдсан баримтуудаар ******* 2021 оны 04 сарын 05-ны өдрийн А/129 дугаартай захирамжаар тус аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багт газар эзэмшүүлэхээр буюу худалдаа үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр д газар эзэмших шийдвэр гаргасан байдаг юм. Өөрөөр хэлбэл, газар эзэмшүүлэхдээ газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмших эрхийн захирамж гаргасан. Энэ үйлдэл хийснээрээ тухайн гэмт хэрэг төгссөн. Мөн газар эзэмшүүлэхтэй холбоотойгоор баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотойгоор гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаанууд хийгдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон газрын баримттай холбоотой баримтуудад үндэслэн шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, дотоод итгэлээр үнэлнэ гэж заасныг баримтлаагүй. Мөн хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 8 дугаар зүйл шүүн таслах ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулна. Шүүгдэгч, хохирогч, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор болон бусад оролцогчийн шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор тэгш хангана. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Дундговь аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 230 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

5. ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй буюу 2024 оны 07 сарын 04-ний өдрийн 230 дугаартай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэдэг үүднээс прокурорын эсэргүүцлийг үгүйсгэж тайлбар хийж оролцоно. Миний үйлчлүүлэгчийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь зүйлээр буруутгаж байгаа. Энэ хуулийн заалт нь хоёрхон үндсэн шинжийг агуулдаг. Нэгт нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу олгох шугам сүлжээ бүхий газар байх ёстой гэдэг нэг шаардлага тавигдаж байгаа. Хоёр дахь шаардлага нь тухайн газрыг олгохдоо сумын Засаг даргын саналыг авсан байна гэсэн ийм хоёр шинжийг агуулж байгаа. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчсөн байна гэж прокурорын зүгээс үзэж буруутгаж орж ирсэн. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар *******ыг 2020 оны 12 сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоол буюу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор буруутгадаг. Гэтэл энэ тогтоол нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн шугам сүлжээ бүхий олгох газар  нэгдүгээрт биш хоёрдугаарт аймгийн Засаг даргын хэмжээнд олгох газрыг баталсан зүйл биш. Сумын Засаг даргад олгосон эрх хэмжээний Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг үндэслэлээ болгоод барьсан учраас энэ нь хууль ёсны буюу үндэслэлгүй байна гэж бидний зүгээс шүүхийн шатанд эсэргүүцлээ илэрхийлсэн. 2020 оны 12 дугаар сарын тогтоолоор буруутгаад байгаа боловч манай үйлчлүүлэгч 2021 оны газар олгосон байдлаараа буруутаж байгаа. Гэтэл 2020 оноос 2021 оны хооронд дахин газар төлөвлөлтийг иргэдийн төлөөлөгчийн хурлаар баталсан юм уу, үгүй юм уу гэдэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас татсан хурлын тогтоолууд байдаггүй. Хавтаст хэрэгт авагдсан материалаас зөвхөн газрын албанаас хуулбар үнэн гэсэн тогтоолыг хуулбарлаж авсан байдаг. Тухайн заалтаар миний үйлчлүүлэгч буруутгагдах үндэслэлгүй юм гэж миний зүгээс үзэж байгаа. Мөн хавтаст хэргийн 55 дугаар тал дээр тухайн тогтоол авагдсан. Сайнцагаан сумын 7 дугаар багийн гэх буюу 2000 мкв гэдэг газрыг тусгасан 5- 8 давхар орон сууцын зориулалтаар олгох газар гэж үздэг боловч энэ нь кадастрын зураглалд байгаа уртраг өргөрөгийн хэмжүүр буюу тоо хэмжээгээрээ зөрдөг. Энэ нь зөрж байгаа учраас бидний маргаад байгаа газартай холбогдолгүйгээр ямар ч хамааралгүй кадастрын зураглалтай ийм газрын баримтыг үндэслэлээ болгож хэрэгт хавсаргаад түүгээрээ буруутгах үндэслэл болж байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, нэг мөр тайлбарлаж утга санааг ойлгох ёстой. Нэгдүгээрт  аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаас баталсан тогтоол байх ёстой. Гэтэл энэ нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаад байгаа. Хоёрдугаарт тухайн кадастрын зураглал нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын газартай давхцах ёстой. Гэтэл энэ талаар баримт огт байхгүй хавтаст хэрэгт өөр баримтыг тусгаж өгсөн байгаа. Ийм учраас бид нар эсэргүүцэж байгаа юм. Инженерийн шугам сүлжээ бүхий газар байх ёстой гэсэн шаардлагыг хангах ёстой байдаг. Гэтэл тухайн буруутгаж байгаа Сайнцагаан сумын 7 дугаар багийн тус газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар гэдгийг яаж тогтоогоод байгаа гэдэг баримт хэрэгт авагдаагүй, огт байхгүй. Дундговь аймгийн хүмүүс мэддэг болохоороо ч юм уу 7 дугаар багийн энэ газар угаасаа тодорхой гэдэг байдлаар хэрэгт хандах ёсгүй. Хэргийг нэг мөр тал бүрээс нь  шинжлэн судалж, тогтоох ёстой, ажиллагаа хийх ёстой. Түүнээс би Дундговь аймгийн иргэн энэ газар нь угаасаа инженерийн шугам сүлжээ бүхий газар байна гэж  таамаглагдах төдий байдлаар хүнийг буруутгаж болохгүй. Үнэхээр инженерийн шугам сүлжээ бүхий газар мөн юм бол үүнийг яаж тогтоогоод байгаа юм гэдэг баримтууд нь хэрэгт байхгүй. Иргэдийн төлөөлөгчөөс баталсан энэ газрыг шугам сүлжээ бүхий газар байна гэсэн огт тийм зүйл дурдаагүй. Хэргийн газар үзлэг хийгээгүй. Энэ координаттай энэ 2000 мкв газар нь аймгийн иргэдийн төлөөлөгчийн газрын шугам сүлжээ бүхий газарт тэдэн оны тэдэн сарын ийм тогтоолоор орсон байна гэсэн нэг ч баримт хэрэгт байдаггүй учраас үндэслэлгүй байна гэж няцааж байна. Тухайн газрын хувийн хэргийн материал огт байдаггүй. Зөвхөн 2021 онд нийтийн үйлчилгээний зориулалтаар олгосон гээд байдаг. Тэгвэл энэ газар нь 2021 оноос өмнө ямар байдлаар олгож байсан юм. Нийтийн зориулалттай газраар олгож байсан юм уу, орон сууцын зориулалтаар олгож байсан юм уу? Энэ талаар яагаад тогтоохгүй байгаа юм бэ? Энэ ажиллагааг яагаад хийхгүй байгаа юм бэ гэдэг талаар бид нар дурдаж, анх мөрдөн байцаалтад буцаах шаардлага гаргасан. Тухайн газрын хувийн хэргийг тодорхой хэмжээгээр авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл олгосон 2000 мкв газар нь хэн нэгний газартай яаж давхцаж байгаа юм, дахиж давхардуулж олгосон зүйл байдаг юм уу, эсвэл орон сууцын зориулалтаар иргэнд ч юм уу давхардуулж олгосон зүйл байвал яах вэ гэдэг асуудал хөндөгдөх учраас бид  баримтуудыг гаргуулах шаардлагатай. Мөн хэргийн газар үзлэг хийлгэх шаардлагатай. Яагаад Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэг ч хурлын тогтоол татахгүй байгаа юм, тэндээс яагаад гэрчийн мэдүүлэг авахгүй байгаа юм гэдэг  үндэслэлүүдээр бид нар буцаах үндэслэлүүдээ тавьсан байгаа. Ийм учраас миний зүгээс шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байна гэдэг дээр санал хэлж байна гэв.

4. Яллагдагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Нэмж хэд хэдэн зүйлийг шүүх хуралдааны тэмдэглэл болоод тогтоолд тусгуулъя гэж бодож байна. Анх урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргахдаа нийт 9 асуудлаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай байна гэдэг хүсэлт гаргасан. Шүүхийн 2024 оны 07 сарын 04-ний өдрийн захирамжийг харахаар дүгнэлт хэсэг дээр нь зөвхөн энэ Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой газар олгосонтой холбоотой Газрын тухай хуулийн 21.3.2-той холбоотой дүгнэлт хийгээд хэргийг буцаасан.  Бид энэ дээр ямар нэгэн гомдол, эсэргүүцэл гаргаагүй. Бидний бусад хүсэлтүүдийг хүлээж авлаа ч гэж дүгнэлт хийгээгүй, аваагүй ч гэж дүгнэлт хийгээгүй, аль нэг талаараа ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн. Гэхдээ нэгэнт хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд буцаж байгаа юм чинь бид нар тухайн хүсэлтүүдээ прокурор мөрдөн байцаалтын шатанд тавиад шийдвэрлүүлэх боломжтой гэдэг утгаараа гомдол гаргаагүй юм. Гэтэл прокурорын зүгээс эсэргүүцэл бичээд орж ирсэн учраас давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүднээс дээрх асуудлуудыг нэгтгээд дүгнэлт хийгээд шийдвэрлэж өгнө үү. Хоёрт, саяын үндэслэлийн тухайд ерөөсөө л би товчхондоо ингэж л хэлмээр байгаа юм. Газрын тухай хуулийн 21.3.2-т заасныг зөрчсөн гэж энэ газрын хуулийг Эрүүгийн хууль руу татаж хэрэглэж оруулж ирж байгаа бол энэ зөрчлөө нотолсон байх шаардлагатай л гэж харж байгаа юм. Газрын энэ хуулийг Засаг дарга зөрчсөн юм уу, энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй юу, үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Эхний удаад ямар ч байсан энэ газрын тухай хуулиа зөрчсөн юм уу, үгүй юү. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тэр газар дээр ийм байдлаар баталчихсан байна гэдэг нь нотлогдсон учраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудал орсон уу, үгүй юу, өргөрөг уртраг нь таарч байна уу, үгүй юу гэдэг нь хэрэгт шалгаж тогтоох шаардлагагүй гэдэг байдлаар эсэргүүцэл бичигдсэн байна. Гэтэл бид Аймгийн Засаг дарга аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу инженерийн шугам сүлжээ гэдэг газарт газар олгоно гэсэн, үүнийг зөрчсөн гэж байгаа бол тухайн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас үүнийг нь баталсан юм уу, батлаагүй юм уу гэдэг чинь чухал асуудал болохоос сумын юм руу ороод явахаар буруудаад явчхаж байгаа юм. Сум баталчихсан юм чинь аймаг бол тэр лүү давхцах ёсгүй гэдэг зөвхөн тийм таамаглалын байр суурийг илэрхийлж явах боломж байхгүй. Хоёрдугаарт энэ эсэргүүцэл дээр  бичигдээд байгаа юм. Эрүүгийн хуулийн хэрэглээтэй холбоотой яллах дүгнэлт дээр бол тодорхой хууль зүйн дүгнэлтүүд хийчихсэн байж байхад үүнийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн хэрэглээ талаасаа маш их маргаан байгаа гэдэг нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн тэмдэглэл болон тогтоол дээр тусгагдсан байгаа юм. Тухайлбал ******* гэж хүнийг ингэж бичиж байгаа юм. Газрын тухай хуулиудыг зөрчөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж ашиглаад “Супрема бүтик лоджэс” ХХК-ийн захирал Дөлгөөний тэр нутаг дэвсгэрт газар эзэмших гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлээд тэгээд “Супрема бүтик лоджэс” ХХК-ийн захирал Дөлгөөнөөс 2021 оны 3 сарын 24-ний өдөр гарсан газар эзэмших хүсэлтийнх нь дагуу захирамж гаргаад 2000 мкв газрыг “Супрема бүтик лоджэс” компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлж захирамж гаргаж, тус хуулийн этгээд буюу Мөнхтулгад давуу байдал бий болгосон. Би бол яаж ч уншаад үүнийг ойлгохгүй байгаа юм. Дөлгөөний хүсэл сонирхлыг биелүүлэх үүднээс явж байснаа яагаад  “Супрема бүтик лоджэс” компанид давуу байдал болгосныг дараа нь Мөнхтулга гээд нэг хүн гараад ирлээ. Сая прокурор эсэргүүцлээ тайлбарлахдаа Мөнхтулгад газар эзэмшүүлсэн гээд баахан ярьчихлаа.

“Супрема бүтик лоджэс” гэж компани газар эзэмшсэн. Тэр захирамж нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Ямар нэгэн маргаан мэтгэлцээн захиргааны журмаар ч юм уу хүчингүй болоогүй байгаа. Тэгэхээр тэр байгууллага чинь одоо хүртэл нөгөө газраа эзэмшээд байж байгаа гэсэн үг. Тэгвэл энэ хэрэг дээр иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагчаар ямар нэгэн байдлаар энэ чинь орж ирдэггүй, орж ирэх ёсгүй гэсэн үг үү? Тэр зүгээр ингээд хууль ёсныхоо дагуу хүсэлтээ гаргасан чинь гэж хүн субъектив хүлээж аваад энэнд би давуу байдал бий болгоё, ингээд газар олгочихсон юм шиг яриад яллах дүгнэлт үйлдээд ороод ирчих юм. Ямар ч субьектив санаа зорилго хоорондынх нь ашиг сонирхлыг нь нотолж, тэрийгээ хэрэгт тусгасан хэргийн оролцогч болгосон зүйл байхгүй. Тэгээд Дөлгөөнийг хүсэл сонирхлыг нь биелүүлсэн гэж байгаа бол Дөлгөөн тухайн компанид гүйцэтгэх удирдлагаар ажилладаг гэсэн нотлох баримтыг нь хэрэгт авч хийх хэрэгтэй шүү дээ. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тухайн компанийг төлөөлнө.  Хувьцаа эзэмшигч энд ямар ч хамаа байхгүй. Мөнхтулгад газар олгосон гээд Мөнхтулга тэр компанийн хувьцааг эзэмшдэг байснаараа энэ хэрэгт татагдаагүй мөртлөө нэг тийм буруу юм хийчихсэн газар авчихсан хүн шиг болоод явчхаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлыг шалгахгүйгээр орхигдуулаад ороод ирсэн нь Эрүүгийн хуулийн ялангуяа энэ гэмт хэрэг хэрвээ үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол шууд санаатайгаар үйлдэгддэг ийм гэмт хэрэг. Тэгэхээр энэ дээр хэргийн нэг тал нь байхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гээд бусдад гэдэг чинь хэнийг хэлээд байгаа юм, тэр компанийг хэлээд байна уу, Мөнхтулгыг хэлээд байна уу, Дөлгөөнийг хэлээд байна уу гэдэг нь яллах дүгнэлт дээрээ тодорхойгүй.  Нэгдүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал дээр Эрүүгийн цагдаагийн албаны 1538 дугаартай албан тоот авагдсан байгаа юм. Эндээс бүх хэрэг маргааныг яагаад энэ хэрэг эхэлсэн юм бэ гэдэг зүйл авагдсан. Энэ хэргийн үйл баримт биш процессын алдаатай холбоотой асуудал учраас би үүнийг хэлэхгүй байхаас өөр аргагүй. Тэгсэн энэ дээр юу бичсэн бэ гэхээр 43 хуудас энэ газар эзэмшүүлэхтэй холбоотой гэмт хэрэг үйлдэгдсэн талаарх нотлох баримтыг хавсаргалаа гэсэн байгаа. Тэр 43 хуудас баримт нь хаана байгаа юм бэ гэсэн чинь тэр нь байхгүй юм уу, байгаа нь мэдэгдэхгүй 160 хуудас баримт байгаа. Тэрнийх нь аль нь тэр 43 нь юм, аль нь биш юм гэдэг нь хэрэгт эд мөрийн баримт, нотлох баримт, бичгийн нотлох баримтыг хэрэгт хавсаргах тогтоол үйлдэхгүйгээр ингээд 160-аар нотлох баримтын шаардлага хангахгүй ийм баримтууд ирчихсэн учраас би ялгаж салгах шаардлага боломжгүй болчхож байгаа юм. Уншсан чинь 2020-2024 оны Увс аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд бүүр өөр юм болоод явчихаж байна. Тэгэхээр энэ андуураад ингээд оруулж яваа тэр андуурснаасаа болоод энэ газрын байршил нь хүртэл будилчихсан юм уу, нөгөө нэгж талбараараа ингээд будилчихсан юм уу, би таахад хүрч байгаа юм. Тэгэхдээ Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг юм нь техникийн алдаа байдлаар хэрвээ орчихсон юм бол үүнийг мэдүүлгээрээ залруулж явах ёстой шүү дээ. Түүнээс биш энэ нэг ийм хаа хамаагүй юм биччихсэн байна, техникийн алдаа юм байна гээд л үргэлжлээд дараагийн юм руу явж болохгүй л дээ. Тэгвэл Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байх ёстой биз дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар орох газар ямар ямар газар орох ёстой байсан юм, орсон юм уу, ороогүй юм уу гэдэг нь байх ёстой. Тэгэхээр энэ ажиллагаагаа хийхгүйгээр ингээд бөөнд нь оруулаад ирчхэж байгаа учраас би энийг алдаатай байна гэж харж байгаа юм. Дараа нь энэ Эрүүгийн цагдаагийн албанаас ирсэн бичгийг үндэслээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа юм. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд нэг мөрдөгчийн тогтоолыг 10 хоногийн дараа прокурор баталсан байгаа юм. Уг нь 72 цагийн дотор батлах ёстой шүү дээ. Ингээд хугацаагаа хариуцлагагүй алдчихдаг юм байна. Өнгөрсөн хэрэг үүнийг ингээд нүдээ аниад өнгөрье гэсэн чинь нөгөө хэрэг бүртгэлтийн хэрэг прокуророос баталгаажуулах хугацаа болоогүй байхад тэр дунд баахан гэрчийн мэдүүлэг бичсэн. Тэр гэрчийн мэдүүлгээс хэрэг бүртгэлтийн тухайн хэргийн дугаарыг тавьж байгаа гэсэн. Тэгэхээр дугаар аваагүй, прокурор баталгаажаагүй байгаа хэрэг дээр мэдүүлэг авсан болж таарч байгаа. Энэ процессын зөрчил ингээд эндээ  үлдлээ гээд харсан чинь дараагийн зөрчил нь гараад ирж байгаа юм. Тэр нь юу вэ гэсэн чинь нөгөө хэрэг бүртгэлтийн хэрэг маань энэ Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа газрыг хууль бусаар олгосон л гэдэг тийм хэрэг бүртгэлтийн хэрэг нээчхэж байгаа юм. Тэр хэргийн дугаараараа асуусан асуулт нь гэсэн чинь Дундговь аймгийн 80 жилийг тэмдэглэх санхүүжилтийг асуугаад байна шүү дээ. Энэ үнэхээр байж болохгүй процессын зөрчил. Өнөөдөр иргэн Батбаяр гэж хүнийг чамайг хулгайн хэрэгт дуудаж байна аа гээд очоод хулгайн хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэж танилцуулаад мэдүүлэг авахаараа хүн амины хэрэгтэй холбоотой юм асуувал би хаашаа хандах вэ, юу гэж ойлгох вэ? Жишээ нь тэрийг ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй асуудлаар надаас мэдүүлэг аваад байна гэж ойлгох уу, андуураад асуугаад байна гэж ойлгох уу, эсвэл тусдаа тийм хэрэг бүртгэлтийн хэрэг байгаа юм байлгүй. За за яршиг гээд хаях ёстой юм уу. Ийм ноцтой процессын зөрчлийг гаргасан гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг залруулж байж энэ хэрэг цаашаагаа явах ёстой гэж үзэж байгаа юм. Дараагийн асуудал нь Авлигатай тэмцэх газрын саяын тэр хэрэг бүртгэлтийн хэрэг албан ёсоор нээгээгүй, прокуророос дугаар аваагүй, прокурор баталгаажуулаагүй байхад авсан мэдүүлгүүд дунд мэдүүлгүүдийг , , , гээд 5,6   комиссарууд асуугаад байгаа юм. Мэдүүлэг аваад байгаа юм. Энэ нь 1 дүгээр хавтасны 174-176, 179-180-183, 217 гээд ингээд 10 гаран гэрчээс мэдүүлэг авч байгаа юм. Гэтэл энэ мөрдөгч нарын тухайн хэрэг дээр багаар ажиллах буюу мөрдөн байцаах албаных нь дарга, прокуророос баталж өгсөн энэ хэрэг дээр тэр тэр нар ажиллана гэсэн ийм юм нь хэрэг дотор би бол хайгаад олоогүй. Жишээлбэл , , гэж хүмүүс бол мөрдөн байцаах ажиллагааны бүрэлдэхүүнд орчихсон байдаг. Гэтэл ороогүй мөрдөн байцаагч нарыг одоо яаж байна, хүний ажлыг сайн дураараа хажуугаас нь орж ирж хийж байна гэж үзэх үү, эсвэл үүнийг хууль бусаар байцаалт явуулж байна гэж үзэх үү? Би бол хууль бусад орно гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр хүнд ямар ч хамаагүй ажлын хэсэг байхгүй. Тийм хүн мэдүүлэг аваад явж байгаа бол тэрийгээ мөрдөн байцаах албаныхаа даргаар батлуулж орж ирж байж л тэр асуудал явах ёстой. Сүүлийн агуулга нь хэрвээ Дөлгөөн гэж хүн өөрөө тэр компанийнх нь гүйцэтгэх захирал байсан юм даа гэж бодоод тэгээд газар эзэмших ёстой хууль ёсныхоо дагуу гаргаад энэ хэрэгт татагдаагүй байгаа учраас би тэгж ярьж байгаа юм гаргаад тэгээд ингээд хамаг юмаа хууль ёсныхоо дагуу явуулж өгөх юм чинь тэнд гэж хүн буруу захирамж гаргачихсан бол энэ хаана нь гэмт хэрэг байгаа юм бол гэдэг асуудал яригдана.  Тэр хүн чинь хууль ёсныхоо дагуу яваад байсан учраас өнөөдөр татагдаагүй байгаа шүү дээ. Зүгээр л газар эзэмших хүсэлт гаргасан. Ямар ч хувийн ашиг сонирхолд байгаа юм чинь ад хэлчихсэн юм чинь гэдэг байдлаар биш хандсан учраас татагдаагүй байх. Тэгвэл ******* юуны төлөө гэмт хэрэгт холбогдоод байгаа юм бэ, энэ чинь зүгээр захиргааны шүүхийн асуудал байсан юм биш үү? Энэ газрыг ингээд буруу газар сумын Засаг даргын газартай давхцуулаад олгочихсон гэж жишээ нь хэлээд байна шүү дээ. Тэгвэл сумын Засаг даргын газарт олгож байгаа чинь хууль ёсонд бол яагаад энэ актыг хүчингүй болгохоор Захиргааны шүүхэд хандахгүй өнөөдөр эрүүгийн хэрэг гээд байгаа юм. Энэ асуудлаа мөрдөн байцаалт дээр аваачаад нэг бол захиргааныхаа шүүхээр тэр компанитайгаа хамт явъя, эсвэл эрүүгийн асуудлаараа ч тэд нартайгаа л цуг явах ёстой. Яагаад гэвэл ашиг сонирхол тэд нарт байгаа шүү дээ. Энэ асуудлыг нэг мөр болгож байж асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа учраас эдгээр зүйлийг шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж нэмэх байдлаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн зарим хэсэг үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий зарим нөхцөл байдлыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, яллагдагчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих зарим ажиллагааг тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан бүх үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин 2024/ШЗ/230 дугаар захирамжийн “аймгийн засаг дарга нь аймаг, эсхүл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан аймгийн төвийн газрыг харьяалал харгалзахгүйгээр /аймаг, эсхүл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын аль нь батлах/ эзэмшүүлэх эрхтэй эсэх, сумын засаг даргын санал авсан гэдгийг ямар байдлаар ойлгохыг шалган тогтоох шаардлагатай” гэж дүгнэсэн хэсэг нь үндэслэлгүй байна.

Маргаан бүхий газарт хэргийн газрын үзлэг хийгээгүйгээс Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр /Цагдаагийн газрын зүүн урд талд, Чагдаржавын 4 гудамж, 4076 тоот/-т байршилтай 2000 м. кв газар нь   Дундговь аймгийн Сайнцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2000 оны 12 сарын 19 өдрийн 12 дугаартай тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  орон сууцны зориулалттай тусгагдсан 10000 м.кв газартай давхацсан эсэх,  инженерийн шугам сүлжээ бүхий газар мөн эсэх нь тодорхой бус, мөн маргаан бүхий газарт Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр хэргийг нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй гэх яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй,

Мөн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг прокурорт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны /72 цагийн/  дотор танилцуулаагүй, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн, үүний улмаас зөрчигдсөн хугацаанд бүрдүүлсэн нотлох баримтууд нь хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй, 1-р хавтаст хэргийн 4-173 дугаар хуудсуудад авагдсан баримтын аль 43 хуудас баримт нь хууль ёсоор цуглуулсан нотлох баримт болох нь тодорхойгүй гэсэн яллагдагчийн өмгөөлөгчийн тайлбарыг анхаарах шаардлагатай бөгөөд шүүгчийн захирамжийг дээрх үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд прокурор ын бичсэн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/230 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор ын гаргасан 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хэргийг прокурорт очтол яллагдагч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Г.БАЯРДАВАА