| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | |
| Хэргийн индекс | 124/2026/0006/з |
| Дугаар | 124/ШШ2026/0013 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 124/ШШ2026/0013
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мянганбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ц” ХХК, /................../;
Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын цэгийг тогтоосон захиргааны хэм хэмжээний акт нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, Б.А, шүүхийн иргэдийн төлөөлөгч С.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Ц” ХХК тус шүүхэд “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-017365 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг анх 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор баталсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй. (Хавтаст хэргийн 227-231 дүгээр хуудас)
2.2. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ. (Хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас)
2.4. Улмаар, хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дахин Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг баталсан байна. (Хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас)
2.5. Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд хамаарч байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани анх 2007 онд үүсгэн байгуулагдаж, 2008 онд Увс аймгийн Хяргас сумын нутаг, Дэлгэрэх нэртэй газар орших, 13965Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар авч байсан. Улмаар 2008-2012 онуудад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, ашиглах боломжтой нөөцийн хэмжээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар тайлагнаж нөөцийг улсын санд бүртгэж авсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 08 сарын 14-ний өдрийн 345 дугаар тушаалаар МV-017365 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авсан. Ийнхүү 2008 оноос хойш манай компани холбогдох хууль журмын дагуу ажиллаж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Улмаар өнөөдрийн байдлаар олборлолт явуулахад шаардлагатай бичиг баримтууд бүгд бүрэн болсон байгаа бөгөөд 2026 онд ашиглалтын үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөн, тоног төхөөрөмж, хүн хүч зэргийг бэлтгэн бүрэн хангасан. Гэтэл Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоол гарч, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосонтой холбоотойгоор зарим компанийн тусгай зөвшөөрлийн талбайн координаттай давхацсан талаар Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компаниудаас олж мэдсэн. Иймээс уг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг манайд танилцуулах, мөн манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх хамгаалалтын бүсэд хамаарч байгаа эсэх талаар тодруулахаар 2025 оны 10 сарын 21-ний өдөр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан боловч одоог хүртэл тодорхой хариуг бидэнд өгөөгүй тул холбогдох яаманд хандан лавлагаа авсны үндсэн дээр манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан хамгаалалтын бүс тогтоосон болохыг олж мэдсэн. Тодруулбал, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 36 дугаартай “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг нэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай гэжээ. Мөн энэхүү тогтоол нь захиргааны актын улсын нэгдсэн санд захиргааны хэм хэмжээний актаар 7284 дугаарт бүртгэгдсэн байх боловч уг тогтоолын талаар, түүнийг батлан гаргахын өмнө манайд огт мэдэгдээгүй болно. Уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 26, 27, 60, 62 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчжээ. Учир нь манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд усан сан газар байхгүй бөгөөд олон жилийн өмнө ширгэж хатсан, жилийн аль ч улиралд ус урсдаггүй, уст цэг байхгүй болохыг бодит нөхцөл байдал дээр нь тогтоогоогүй байна. Тодруулбал, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1,4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 3.1.35-д “уст цэг” гэж энэ хуулийн 3.1.4, ...дахь заалтад заасан объектыг” гэж тус тус заасан байх бөгөөд хуульд ийнхүү заасан уст цэг манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд байхгүй. Мөн хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019.05.28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоолоор мөн энэ үндэслэлээр хамгаалалтын бүс тогтоож байсан боловч хэм хэмжээний актын шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр 2024.03.30-ны өдрийн 18/10 тоот тогтоолоороо хүчингүй болгож байсан бөгөөд үүнээс хойш дахин шинээр захиргааны акт гаргаж, 2025.06.13-ны өдрийн 36 дугаар тогтоолыг мэдэгдээгүй, сонсгох ажиллагаа зохион байгуулаагүй, мөн холбогдох хэлэлцүүлгийг зохион байгуулсан зүйл огт байхгүй, тэр ч бүү хэл батлан гаргасныхаа дараа ч манай компанид мэдэгдэж, танилцуулсан зүйл огт байхгүй болно. Цаашилбал аливаа төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс ямар ч төрлийн захиргааны актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасан зарчмыг баримтлах ёстой байхад хариуцагчийн зүгээс огт баримтлаагүй гэж үзэж байна. Учир нь дээр дурдсанчлан урьд нь яг адилхан тогтоол гаргасан боловч түүнийгээ цуцалж, хүчингүй болгосон тул манай компанийн зүгээс өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд дахин хамгаалалтын бүс тогтоох асуудал цаашид яригдахгүй, үйл ажиллагаа явуулах боломжтой гэж ойлгож, тухайн талбайдаа үйл ажиллагаа явуулахаар өдий төдий хөрөнгө оруулалт хийж, хөрөнгөө зарцуулан бэлтгэл ажлаа хангасан байсан, мөн манай талбай дээр хуульд заасан уст цэг байхгүй байхад юуг хамгаалж байгаа нь тодорхойгүй шийдвэрийг гаргаснаар манай компани цаашид ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох зэргээр эдийн засгийн хувьд асар том хохирол учрах эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож, манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Манай компанийн хувьд хуулийн дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч, түүний дагуу бүх үйл ажиллагаагаа хуулийн дагуу холбогдох бүх зөвшөөрлүүдийг авч ажилладаг ба тухайлбал ус ашиглахтай холбоотой болон бусад асуудлаар дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн ажиллаж байгаа болно. Үүнд:
1/ 2025 онд “Ц” ХХК-ийн “Цагаан түнгэ” нэртэй алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг гаргуулсан,
2/ 2025 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй талаарх лавлагаа авсан,
3/ 2025 оны 05 сарын 19-ний өдрийн Е-2505-000079 дугаартай, Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг Усны газраас авсан,
4/ 2014 оны 04 сарын 03-ны өдрийн 32 дугаартай, 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 248 дугаартай “Монгол ус” ТӨҮГ-ын “Ус ашиглуулах дүгнэлт”-үүд гаргуулсан,
5/ 2015 оны 01 сарын 16-ны өдрийн Ус ашигласан гэрээ дүгнэсэн тэмдэглэл, 6/ Ус ашигласны төлбөрийн ногдуулалт,
7/ 2013 оны 09 сарын 25-ны өдрийн Увс аймгийн Хяргас сумын Байгаль орчны албаны зөвшөөрлөөр 2 ширхэг худгийн зөвшөөрөл,
8/ 2014 оны 05 сарын 19-ний өдрийн 02 дугаартай, Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргатай ус ашиглах гэрээ байгуулсан,
9/ 2014 оны 05 сарын 19-ний өдрийн А-14 дугаартай, Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын “Ус ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах тухай” тушаал,
10/ “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194-р тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй” тухай мэдэгдсэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013.06.10-ны өдрийн 6/3075, Байгаль орчин, Ногоон хөгжлийн яамны 2014 оны 04 сарын 08-ны өдрийн 6/1801, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 07 сарын 16-ны өдрийн 05/4337, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 066/1590, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2017 оны 06 сарын 12-ны өдрийн 066/3584, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 066/436 тоот албан бичгүүд,
11/ 2025 онд “Г” ХХК-ийн үйлдсэн Увс аймаг, Хяргас сумын нутагт орших “Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны тайлан,
12/ Увс аймгийн Хяргас сумын Дэлгэрэх ордын 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө. Гэтэл Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан бөгөөд үүний дагуу батлагдсан, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.9-т “Энгийн хамгаалалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 2.10-т “Энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22.9-д заасны дагуу зохицуулна”, мөн Усны тухай хуулийн 22.9-т “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулна”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж тус тус заасны дагуу манай компани уг маргаж байгаа тогтоолын улмаас цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, мөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Иймээс манай компанийн хувьд хуулийн дагуу 2008 оноос хойш одоог хүртэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, тухайн талбай дээрээ өнөөдрийн байдлаар 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа бөгөөд ийнхүү цаашид манай компаниас хамаарах шалтгаанаар бус хариуцагч төрийн байгууллагын шийдвэрийн улмаас үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа тохиолдолд тэрхүү шийдвэрийг гаргасан байгууллага хариуцан нөхөн олговрыг олгохоор хуульд заасан. Гэтэл нөхөн олговрыг олгох битгий хэл хамгаалалтын бүс тогтоох болсон үндэслэл, тогтоосон талаараа ч мэдэгдэхгүй, танилцуулахгүй байгаа ба мөн хэзээ ямар байгууллагаас гаргасан ямар дүгнэлтийг үндэслэсэн, ямар шалтгаанаар яагаад манай талбай дээр ийнхүү хамгаалалтын бүс тогтоосон болох, ямар баримтыг үндэслэн нь тодорхойгүй байх тул манай талбайг булааж авах гэсэн хэн нэгний ашиг сонирхол нөлөөлсний улмаас уг маргаж байгаа тогтоол нь гарсан гэж хардахад хүрч байна. Эдгээрээс харахад Усны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа манай компанид огт мэдэгдэлгүй, сонсгох ажиллагаа явуулалгүйгээр, уг асуудалтай холбоотойгоор хэлэлцүүлэг зохион байгуулаагүй, газар дээрх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үндэслэлгүй байхын зэрэгцээ мөн холбогдох төрийн байгууллагын дүгнэлтгүйгээр маргаан бүхий захиргааны актыг батлан гаргаж, улмаар захиргааны хэм хэмжээний актын шаардлага хангаагүй байхад улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гэж үзэхээр байна. Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.06.13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ц” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын нутагт “Цагаан түнгэ” нэртэй газарт орших, МV-017365 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэж маргаж байна.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч нь дээрх маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60, 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актыг батлан гаргах шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаа заавал хийх захиргааны актад тавигдах бас үндсэн шаардлага байдаг. Хэлэлцүүлгийг зохион байгуулаагүйгээс гадна иргэн, хуулийн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан актыг гаргасан тухайгаа ч танилцуулж мэдэгдээгүй гэх мэт эрх мэдлээ ашигласан, дур зоргоороо загнаж захиргааны актын бусад оролцогч талуудын эрхийг хөндөж, хуулийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 9/01 дугаартай тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож байсан боловч мөн дээрх хэм хэмжээний актын шаардлагыг хангаагүй, хуулийн заалтыг зөрчсөн байсан тул Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 01/248 дүгээр албан бичгээр “Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн захиргааны байгууллагын санал дүгнэлтийг аваагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь заалтыг мөрдөх шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргаж бүртгэхээс татгалзаж, буцаасан. Гэтэл хариуцагч нь 2020 оны 01 сарын 16-ны өдрөөс хойш Хууль зүй, дотоод хэргийн яамны татгалзлаас хойш хуульд заасан шаардлагатай хийх ёстой ажиллагаануудыг хийсний дараа дахин шинэ акт гаргах байтал 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор 2019 оны 9/01 дүгээр тогтоолоо хүчингүй болгон шийдвэрлэсэн. Хариуцагч энэхүү ажиллагаануудыг хийгээгүй, зохих газруудаас дүгнэлт аваагүй, захиргааны ерөнхий хууль зөрчсөн зэргээр процессын алдаа хийсэн болохоо хүлээн зөвшөөрсөн байдал нь манай нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлагатай “Хорикава металл” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тайлбараа өгсөн байх бөгөөд хүчин төгөлдөр 2026 оны 02 сарын 09-ний өдрийн шийдвэр, давж заалдах шатын шүүхийн магадлалаар тогтоогдсон байдаг юм билээ. Энэхүү шүүхийн шийдвэрээс үзэхэд, хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбар болон манай нэхэмжлэлтэй энэ захиргааны хэрэгт өгсөн тайлбартаа 1 дүгээрт нь Хяргас сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар баталсан усны сан бүхий хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Усны тухай хуулийн 17.1 4-д зааснаар жил бүр усны тоо бүртгэл зохион байгуулдаг. Энэ тоо бүртгэлд Марцын гол жил бүр тоологддог байнгын урсацтай гол бөгөөд ган, хуурайшилт ихтэй, зуны улиралд адаг хэсгээр түр горимын урсацтай байдаг гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд байнгын урсацтай юм уу, эсвэл түр горимын урсацтай юм уу гэдэг нь тодорхойгүй зөрүүтэй байгаа бөгөөд аль нь болохыг тогтоосон судалсан, хийсэн ажиллагааг нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн Увс нуур, тэсийн гол сав газрын захиргаа 2013 онд байгуулагдсан ба тухайн үед “Ц” компани ашиглалт явуулж байсан талбайд нутгийн иргэд эсэргүүцэж, үйл ажиллагаа зогсоосон гэж тайлбартаа бичсэн байдаг боловч энэ эсэргүүцэж байсан, үйл ажиллагаа явуулж байсан талаар бас хэрэгт тавигдсан нотлох баримт байхгүй. Захиргаа нь 2020 оноос хойш Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усан усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг шийдвэрлүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг явуулсан, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагт Улаанбаатар хотод хийсэн гэх хэлэлцүүлэг, 2021 оны 12 сарын 16-ны өдөр усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох талаар тогтоолын төслийг боловсруулж Uvs.khural.mn сайтад байршуулсан иргэн, аж ахуйн нэгжээс санал авч ажилласан гэсэн тайлбар байдаг. Эдгээр ажиллагаануудыг хэрхэн, хэзээ хийсэн болох нь баримтаар нотлогдохгүй байгаагаас гадна 2013, 2014, 2018, 2020, 2023 онд хийсэн гэх дээрх ажлуудыг маргаан бүхий 2025 оны 36 дугаар тогтоол буюу шинэ актыг гаргахын тулд хийсэн хуульд заасан ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 9/01 дүгээр тогтоолыг гаргахдаа хийх ёстой байсан ажиллагаануудыг хийгээгүй. Тэр тусмаа 2024 оны 18/10 дугаар тогтоол гаргахынхаа өмнө дээрх ажиллагаануудыг явуулсан гэж байгаа нь ойлгомжгүй буюу бүр хууль бус гэж үзэж байна. Ингэж хүчингүй болгоод дахин 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолыг гаргахдаа дахин шинээр газар дээр нь очиж үзэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, ус голтой газарт давхацсан эсэхийг хэмжилт хийх, судалгаа явуулах, зохих байгууллагуудын дүгнэлтийг авах, хэлэлцүүлэг хийх, давхцалтай гэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг авах нотлох баримт гаргаж өгөх, тэдний одоо нотлох баримт гаргаж өгөх, эрхээ хамгаалах боломжийг нь олгоогүй за гарах хохирол, үр дагаврыг хэрхэхийн, тэдний эрх ашгийг хэрхэн шийдвэрлэх талаар санал авах зэргээр хуульд заасан ажиллагааг явуулаагүй. Энэ мэт Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 61, 62 дугаар зүйлүүдэд заасан захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, хэм хэмжээний актыг гаргахдаа заавал явуулах шаардлага, ажиллагаануудыг хийлгүйгээр маргаан бүхий актыг гаргаж хууль зөрчсөн байна. Түүнчлэн хариуцагчийн 2020 оноос эхлэн судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн талаар тайлбарыг гаргаж байгаа боловч тухайн үед 2015-2023 оныг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг тогтоох журмын 2.7-д заасан “хур бороо болон шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсан өнгөрөх тогтоол ус үүсэхгүй, тогтмол тэжээлгүй голдрил бүхий хуурай сайрт хамгаалалтын бүс тогтоохгүй” гэсэн заалт. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын 2023 оны А324/185 дугаар дугаар тушаалаар хүчингүй болсон. Энэ журам нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул энэ цаг хугацаанд хамаарах бүрдүүлсэн гэх баримтууд нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл гэж үндэслэл болгох боломжгүй болохыг давхар бас нотолж байна. Хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа судалгаагүй, шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоололгүй, нэхэмжлэгчийн ашиглалтын талбайн яг хаагуур нь, ямар цэгүүдэд нь голын ус давхацсан, ер нь тэр газарт байнгын гол урсдаг эсэх хэзээнээс урсаж ирсэн, усны сав газар юм уу, гантай газрын хуурайшилтай газар юм уу, малчид тэнд малаа ямар голоос усалдаг, яагаад олон худаг гаргасан, худаг гаргах зөвшөөрлийг яагаад олгосон, зөвшөөрөлтэй эсэх зэрэг олон нөхцөл байдлуудыг шалгаж тогтоогоогүй. Улмаар устай голтой давхацсан, давхцаагүй аж ахуйн нэгжүүдийг ялгаж салгахгүйгээр бөөнөөр нь дураараа, эрх мэдлээ хэтрүүлж, нотлох баримтгүйгээр үндэслэлгүйгээр 36 дугаар тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийн 2007 оноос эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч нь анх 2007 онд хайгуулын төсөл, зөвшөөрөл авах цаг үеэс Газрын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиудад зааснаар энэ зөвшөөрлийг олгохдоо ямар санал өгөх юм, ямар зөвшөөрөл өгөх юм гэдэг талаар орон нутгийн Засаг дарга, баг, сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн хурлын эрх хэмжээг хуулиар зохицуулж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг олгохдоо уг талбай нь бусдын болоод тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээний газар, ой мод, гол мөрөн, усны сав газартай давхцалтай эсэх талаар тухайн сум орон нутаг, аймаг орон нутаг, аймгийн Засаг дарга, иргэдийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч байж олгодог хуулийн зохицуулалттай. Гэтэл 2007 онд хайгуулын, 2013 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийг эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагууд зохих хууль журмын дагуу олгож ирсэн байхад хориод жилийн дараа гэнэт одоо усны сав газартай давхцалтай гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн газарт байнгын болон түр урсацтай гол байхгүй. Усны тухай хуулийн 3.1.4-т заасан усны сан бүхий газар гэдэгт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан ус гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрөн, гол горхи, булаг шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорх ус” хамаардаг. Эдгээрийн аль нь ч тухайн газарт байхгүй гэж ингэж тайлбарлаж байгаа юм. Харин “Цагаан түнгэ” нэртэй газар нь уулын хөндий буюу нам доор газарт ордог тул энэ газарт уулын цас хавар болоход хайлж урсан шар усны үер болдог. Энэ тайлангууд анхны геологийн хайгуулын судалгаануудаар бас нотлогддог. Шар усны үер гэдэг бол цаснаас гардаг ус болохоос гол биш. Уулын цас ялангуяа 4-5 дугаар сард, сарын хооронд хайлж ердөө 4-14 хоногийн дотор нам дор газар луу задгайрч урсаад одоо гардаг ус болохоос урсгал ус, гол мөрөн, нуур биш. Шар усны үер нь цас ихтэй, жилд хайлахдаа хэнд ч захирагдахгүй, зөвхөн нам дор газар луу их хэмжээгээр огцом урсаж болдог тул газрын чулуу шороо, элс, хайрга зэргийг хаман хүчтэй орж ирдэг. Жил бүр тэр л газраараа урсаж ирснээс газрын гадаргууг руу жалга болгон голдрил үүсгэх элс чулуун хайргаар дүүргэдэг. Одоо үед шар усны үерийн усыг боох, шар ус, халиа мөсийг хуримтлуулж ууршуулах, газар тариалангийн болон усалгаанд ашиглах бодлогыг төрөөс барьж байгаа гэдгийг манай усны газрынхан мэдэж байгаа байх. Саяхан хүртэл одоо Ийгл телевиз дээр шинжлэх ухаан техникийн их сургуулийн Усны судалгааны төвийн дарга Н гэдэг хүний ярьсан ярианаас үзэхэд шар усны үерийг одоо боогоод хуримтлуулаад тэрийгээ ууршуулаад усжуулалт, газар тариаланд ашиглаж болно гэж байсан. Тэгэхээр энэ компаниуд ч гэсэн үерийг боломжтой бол ийм байдлаар тэр үйлдвэрлэлдээ ашиглаж болох ийм нөхцөл байдал байгааг бас усны газар анхаарч энэ талаар дэмжиж хамтарч ажиллах боломжтой цаашид ч гэсэн гэж ингэж үзэж байна. Иймд байгалийн жамаар урсаж ирэх шар усны үерийг гол усны сав газар гэж үзэх үндэслэлгүй. Ер нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газар нь гол усны сав газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамгаалалтын зурвас тогтоох эрх бол хуулиараа бий. Гагцхүү тогтоох үндэслэл нь юу байдаг вэ гэхээр үнэхээр тэнд голтой байх ёстой. Усны тухай хуулийн 11.4-д зааснаар устай байна, холбогдох Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яамны ийм дүгнэлтүүдэд үндэслэх ёстой. Тэгэхээр энэ 2 үндэслэл бол энэ нэхэмжлэгч компанийн талбайн хувьд бол байхгүй гэж үзэж байгаа. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Усны тухай хуулийн заалтын дагуу холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас дүгнэлтүүдийг гаргуулсан гэж тайлбарлаж байна. Барилга хот байгуулалтын яамнаас ирсэн дүгнэлт бол манай нэхэмжлэгч компанитай хамааралгүй, ундны усны эх, ундаргын худгуудтай холбоотой. Дүгнэлтийг гаргахын тулд эхлээд урьдчилан ажлын хэсэг томилж яг уст цэгүүдийг очиж шалга гээд явуулсан. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Тэр баримтаас харах юм бол нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр нэг ч удаа ирж шалгасан устай, усгүйг тогтоосон баримт байдаггүй. Ажлын хэсэг очиж Увс аймагт ирж ажиллаад, тайлангаа яаманд тавьж дүгнэлт гаргаснаар тэрний дагуу сайд нь энийг хамгаалалтад авах нь зүйтэй гэдэг ерөнхий байдлаар хээрийн судалгаа хийгээд ирлээ, үүний дагуу дүгнэ, одоо хамгаалалт тогтоох нь зүйтэй гэдэг ийм дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Тэгэхээр хариуцагчийн зүгээс бол Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний акт усны тухай хуулийн 11.4-г хангаж чадаагүй байна. Үнэхээр энэ талбай дээр устай гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт манай зүгээс бас манай талбай дээр ийм ус байдаггүй юм. Шар усны үер юм гэдэг холбоотой баримтуудыг хавар, намар, зуны улирал гээд бүх үеийнх нь зураг, гэрэл зургууд дээр нь одоо бичлэг бас гаргаж өгсөн. Эдгээр баримтаар бол байнгын урсгалтай гол гэж зүйл байхгүй гэдэг нь тогтоогдож байна. Усны тухай хуулийн 3.1.4-д “усан сан бүхий газар гэдэг нь нуур цөөрөм, тойром гол мөрөн, горхи, булаг шанд, усан сан, рашаан намаг, мөс, мөсөн гол, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийг ойлгоно” л гэж заасан. Маргаан бүхий актаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоосон. Усны сан бүхий газар нэхэмжлэгчийн талбай дээр байхгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т “Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ” гээд 3-т “ус” гэж заасан. Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, горхи, булаг шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг гадаргын болон газрын доорх усыг ус” гэж хуульд тодорхой заажээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл тухайн сумын Засаг дарга нь 2007 оноос хойш ер нь бол анх одоо хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдоод ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш энэ компани үйл ажиллагаа явуулж болно, байгаль орчинд нөлөөлөөгүй, үүргээ биелүүлсэн гэх бүх бичиг баримтуудыг гаргаж өгч байсан. Хамгийн сүүлийн байдлаар 2025 онд маргаан бүхий газар дээр мэргэжлийн байгууллагаас нь “устай юу, усгүй юу гэдгийг тодорхойлж өгөөч” гэсэн албан бичиг явуулахад сумын Засаг дарга “энэ газарт ус байхгүй” гэж хариу өгсөн. Сумын Засаг дарга бол тухайн орон нутагтаа Байгаль орчны тухай хууль, Усны тухай хуульд зааснаар гол мөрнийг хамгаалах арга хэмжээ авах талаарх үүргийг тодорхой заасан. Энэ хүрээндээ энэ нутагт нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбайд гол байгаа юу, байхгүй юу, устай юу, усгүй юу гэдгийг заавал мэдэж байх үүрэгтэй төрийн эрх бүхий албан тушаалтан ингэж тодорхойлж байна. Үнэхээр маргаан бүхий газарт тийм голтой байсан бол хамгаалалтын бүс тогтоох нь хуулиараа зөв. Гэтэл яг ийм нөхцөл байдалтай, талууд устай, усгүй гэж маргаантай ийм үед газар дээр нь ч очиж бүрэн шалгаж тогтоолгүйгээр хамгаалалтын зурвас тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй юм. “Ц” компанийн лицензийн талбай дээр ийм устай, голтой хамгаалах шаардлагатай ийм гол байгаа юм бол нэхэмжлэгч компани тэнд үйл ажиллагаагаа явуулахын тулд 100 гаруй сая төгрөг зарцуулан гүний худаг гаргуулж тэндээсээ ус ашиглана гэдэг ийм зүйл байхгүй. Нэхэмжлэгч П.О “Орон нутгийн иргэд нь манай компанийн гаргасан худгаас малаа услах гэж нэлээн их дараалал үүсдэг” гэж тайлбарлаж байгаа юм. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон хууль зүйн үндэслэлтэй байх” үйл ажиллагаандаа баримталбал зохих тусгай зарчмыг зөрчжээ. Усны тухай хууль болон байгаль орчныг хамгаалах тухай хууль дээр зааснаар хамгаалах, усны сан бүхий газар гэж тодорхойлсон хуулийн зохицуулалт байхгүй. Маргаан бүхий актын хэлбэр буюу агуулга, хуульд заасан актад тавигдах шаардлагыг бас хангахгүй байгаа талаар нэхэмжлэгч талаас маргасан. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлээс 60.2-т заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй. Тодруулбал 60 дугаар зүйлийн 60.2.2-т “...эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийн хүрээнд заавал хэлэлцүүлэг хийнэ” гэж зохицуулсан. Гэтэл хариуцагчийн тайлбараар 2021, 2023 онд хэлэлцүүлэг хийж байсан гэдэг үүнийг яг энэ маргаан бүхий актыг батлан гаргахын тулд хийсэн хэлэлцүүлэг мөн үү, биш үү гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй. Ер нь шүүхээс аливаа хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд үндэслэж шийдвэрлэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримт үзвэл уулзалт зохион байгуулсан асуудал харагдахаас яг үнэхээр ямар асуудлыг хэлэлцсэн бэ, ямар шийдэлд хүрсэн бэ гэдэг зүйл тодорхойгүй байдаг. 2023 онд хамгийн сүүлд хэлэлцүүлэг хийхэд 2024 онд хамгаалалтын бүс тогтоох асуудал биш өмнө нь 2019 онд гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон. Хариуцагч тал тайлбартаа энэ талбай дээр уст цэг байгааг тогтоохоор 2014, 2019, 2022 онуудад очиж ажилласан талаар тайлбарладаг боловч 2014 онд очиж ажилласан баримт хэрэгт байхгүй, тэмдэглэл гэдэг бичиг цаасны нүүрний тал цаас, доор нь байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй энэ баримтыг үнэлэх боломжтой юу, үгүй юү гэдэг дээр шүүхээс анхаарч өгнө үү. 2019 онд очиж ажилласан гэж гаргаж өгсөн баримтаас үзвэл 2019 оны 09 сарын 11-ний өдөр очсон гэдэг. Тэгвэл энэ үед очих ер нь бас тийм шаардлагатай байсан юм уу, үнэхээр ийм зорилгоор очсон уу, үгүй юү гэхээр бас маш эргэлзээтэй. Яагаад гэвэл 2019 оны 05 сарын 28-ны өдөр аль хэдийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тогтоосон байсан. 2020 оны нэг сард Хууль зүйн яамнаас тухайн хэм хэмжээний актыг бүртгэх боломжгүй гэдэг дүгнэлт ирээгүй байсан. Гэтэл 2022 оны гэх баримт нь бас яг ижилхэн. Нөгөө тухайн үеийн он, сар, өдрөөрөө эрх бүхий албан тушаалтан нь бас ийм гарын үсэг зурж баталгаажуулсан зүйлгүй тул бас үнэлэх боломжгүй байгаа юм. Нэхэмжлэгч компанийн зүгээс байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь өөрөө энэ байгаль орчныг нь үнэлгээ хийгээд энийг энэ төсөл төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт гаргахад энэ хуулийн зорилго оршино” гэж заасан. Үнэхээр устай, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр энэ компани үйл ажиллагаа явуулбал усны сан бүхий газар сөрөг нөлөө үзүүлэхээр байсан бол энэхүү дүгнэлт гарах боломжгүй байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, барилга хот байгуулалтын сайдын хамтран баталсан 2015 оны А/230/127 дугаартай тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газрын усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.7 дахь заалт 2015 оны 6 сараас 2023 оны 8 сарын 15-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Энэ 2.7 дахь заалтаар сая дурддаг. Хур бороо шар усаар түр зуурын хугацаанд тэжээгдэн урсах, өнгөрөх, тогтоол ус үүсгэхгүй, тогтмол тэжээлгүй голдрил бүхий хуурай сайрт хамгаалалтын бүс тогтоохгүй гэдэг журам хүчинтэй байхад усгүй гэдгийг нь өөрсдөө тайлбарлаад байгаа хэр нь яагаад хамгаалалтын зурвас тогтоох гээд ажиллагаа хийгээд байсан бэ гэдэг нь эргэлзээтэй байна. Шар ус, гол хоёрын ялгаа бол шар усны үер нь түр зуурын хугацаанд урсаад өнгөрдөг байгалийн цаснаас үүдэлтэй. Харин гол гэдэг нь яг хууль дээр албан ёсны тайлбар байхгүй боловч байнгын урсгалтай, газрын гүнээс тэжээгддэг ундаргатай ийм зүйлийг гол гэж ойлгохоор байгаа. Иймд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд байнгын урсацтай гол байхгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна. Усны тухай хуулийн 22.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, сайдын тушаалаар батлагдсан дээрх журмын 1.1-д ямар зорилгоор усыг хамгаалдаг вэ гэдгийг тодорхойлохдоо усны нөөц хомсдох, түүнийг бохирдохоос хамгаалах зорилгоор хамгаалалт тогтоодог. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр байнгын урсгалтай ус байхгүй учраас бохирдох зүйл байхгүй, байнгын урсгалтай ус байхгүй учраас үйл ажиллагаа явуулснаар энэ хомсдох гэдэг асуудал яригдахгүй. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоож байгаа маргаан бүхий акт анх гарах болсон зорилгодоо нийцэхгүй тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3.4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар 2019 оны 5 дугаар сард хэлэлцэн баталж захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлсэн боловч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр бүртгээгүй болно. Иймд уг асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай хамтран тодорхой ажиллагаануудыг хийсний үндсэн дээр 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж 36 дугаар тогтоолоор Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоосон. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх”, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төр байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” эрхтэй байна. Увс аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоохдоо 19 сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдээр танилцуулж баталгаажуулсан байдаг. Тухайлбал, Хяргас сумын Засаг даргын 2018 оны 03 сарын 19 өдрийн А/24 тоот захирамжаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох ажлын хэсгийг 9 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байдаг. Тус ажлын хэсгээс Хяргас сумын нутагт 24 гол, 78 булагт хамгаалалтын бүс тогтоосон ба үүнд Марцын гол хамаарагдсан байдаг. Усны тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.4-д зааснаар жил бүр усны тоо бүртгэл зохион байгуулдаг ба энэ тоо бүртгэлд Марцын гол нь жил бүр тоологддог байнгын урсацтай гол бөгөөд ган хуурайшилт ихтэй, зуны улиралд адаг хэсгээр түр горимын урсацтай байдаг, Марцын гол нь Хангайн нурууны салбар уулс Тогтохын шилийн салбар уулсаас эх авч урсдаг, Өмнө бэл булгийн гол, Хойд бэл булгийн гол, Баян гол, Шавартын гол, Могойтын горхиноос тэжээгдэн Бор бургасны дэнж орчмоос Марцын гол гэж нэрлэгдэн урссаар Зүүнговь сумын Хар бураагийн голд цутгадаг, голын дундаж өнгөрөлт нь 0,14 м3/сек, Хяргас сумын Хангай, Бугат багийн 60 гаруй өрхийн унд ахуй болон 20 гаруй мянган малын усалгаанд ашигладаг. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргааны байгууллага 2013 онд байгуулагдсан ба тухайн үед “Ц” ХХК тухайн ашиглалтын талбайд ашиглалт явуулж байсан ба нутгийн иргэд эсэргүүцэж үйл ажиллагааг нь зогсоосон бөгөөд Марцын голын татмын хил дотор олборлолтын үйл ажиллагааны улмаас газрын хөрс хөндөгдсөн, овоолго үүссэн, ямар нэг нөхөн сэргээлт хийгдээгүй байдалтай байгаа. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаа нь 2020 оноос хойш Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг шийдвэрлүүлэхээр судалгаа, шинжилгээний ажлуудыг явуулсан. Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж давхцалын талаар танилцуулж тайлбар, санал гаргах боломжийг олгосон. “Ц” ХХК-ийн захирал П.О Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаатай удаа дараа ирж уулзаж усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудалтай танилцаж байсан. Мөн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 14.00 цагт Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан ба уулзалтын зарыг өдрийн сонин болон утсаар товыг хүргэж ажилласан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох талаарх тогтоолын төслийг боловсруулж Uvs.khural.mn сайтад байршуулан иргэд, аж ахуйн нэгжээс санал авч ажилласан. Увс нуур-Тэс голын сав газар болон бусад байгууллагуудтай хамтран тус компанийн олборлолт явуулсан газар буюу лицензийн талбайд удаа дараа очиж байсан бөгөөд тухай бүр устай байсан. Тухайлбал, 2014 оны 04 сарын 29-ний өдөр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны дарга Д.Тогтохбаяр, мэргэжилтэн Ц.Б, Ц.Самбуу, жолооч Б.Баярмандал нар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Рина, Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан, Засаг даргын орлогч Б.Батцэнгэл, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Оргил, газрын даамал Т.Сүхтулга нарын бүрэлдэхүүнтэйгээр Увс аймгийн Хяргас сумын Цагаан түнгэ хэмээх газарт алтны шороон орд ашиглахаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан Ц ХХК-ны талбай дээр очиж ажиллахад Марцын гол нь Цагаан түнгэ орчмоор 0.86 м/с урсацтай байжээ. 2019 оны 09-р сарын 11-ний өдөр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Ц.Б, мэргэжилтэн Ц.Ганболд нар усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхцал бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайнуудад хээрийн судалгааны ажлыг хийх үед “Ц” ХХК-ийн ашиглалтын талбай дээр очиход мөн л устай байсан. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны дарга М.Анхбаяр, мэргэжилтэн Ц.Ганболд, Ц.Самбуу, жолооч Л.Баттулга, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн дарга Ч.Эрдэнэбаатар нар цөөрөм байгуулах газрыг үзэх, усны тоо бүртгэлийн ажлаар Марцын голын Цагаан түнгэ орчим буюу “Ц” ХХК-ийн ашиглалтын талбай дээр очиход устай, мөсөн бүрхүүл тогтсон байсан. Мөн Авлигатай тэмцэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03/18099 дугаар албан бичигт дурдагдсаныг дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хил заагийг тогтоон мөрдүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан мэдэгдэл ирсэн тул холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж ажилласан. Иймд “Ц” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлав.
3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэхүү тогтоолыг гаргахаас өмнө 2019 оноос хойш тасралтгүй энэ үйл ажиллагаа, процессуудаа явуулж байсан. 2019 оны судалгаа дээр үндэслээд энэ тогтоолыг гаргасан. 2019 оноос хойшоо усны сан бүхий онцгой газар, энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлаар хэлэлцүүлэг хэлэлцүүлэг хийх, тухайн газар дээр нь шинжээч, ажлын хэсэг ажиллуулах, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа байгууллагуудын төлөөлөлтэй хурал хийх, дүгнэлт гаргуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор болохоор Увс нуур, тэс голын сав газрын захиргаанаас 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж, давхцалын талаар танилцуулж, тайлбар санал гаргах боломжийг олгосон. Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн усан сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох талаар тогтоолын төслийг боловсруулж uvskhural.gov.mn сайтад байршуулсан. Увс нуур, тэс голын сав газрын захиргаанаас хүсэлт гарган Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/2661 тоот дүгнэлтийг гаргуулсан. Мөн усны сан бүхий хамгаалалтын газрын бүсийн зураглалыг хянуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/ 2814 тоот дүгнэлтийг гаргуулсан. Уг дүгнэлтийг үндэслэж Увс аймгийн усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоосон үндэслэлтэй танилцаж, зарим ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай дээр очиж уст цэг, намгархаг газар мөн эсэхийг тогтоох талаар Увс аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн А/597 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн удирдамжаар баталсан ажлын хэсэгтэй хамтран тус газарт ажилласан. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтоолоо хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны нэгдсэн санд бүртгүүлэхээр явуулснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 1/107 тоот албан бичгийн дагуу манай захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 7284 тоот дугаарт бүртгэсэн. Мөн хавтаст хэрэгт Хяргас сумын Бугат болон Хангай багийн Засаг дарга нарын тодорхойлолт бас авагдсан. Одоо маргаан бүхий газарт нөхцөл байдал яг ямар байгаа буюу устай юу, усгүй юу бичлэгээр баталгаажуулж тодорхойлолт ирүүлсэн” гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Усны тухай хуулийн 11.1.4-т заасан хуулийн хүрээнд л зураглалаа хийсэн. Яасан гэхээр яг л устай газар дээрээ хамгаалалтын бүс зурагласан. Энэ дээр бол хамгаалалтын бүс зураглахад ямар нэгэн лиценз юм уу, ямар нэгэн газар дээр давхцалтай бол зураглахгүй гэсэн заалт байхгүй. Тэгэхээр яг хуулийн хүрээнд энэ зураглалаа хийсэн гэдгийг хэлье. Устай газрууд бол манай аймгийн хэмжээнд нийт газар нутгийн 22 орчим хувийг эзэлж байна. Энэ дотроо давхцалтай аж ахуйн нэгжүүд дээр ийм маргаан үүсэж байгаа. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг зураглахдаа бид нар эхлээд сум болгонд ажлын хэсэг байгуулсан. Тухайн сумынх нь Засаг даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулж, тухайн сумынхаа уст цэгүүд дээр нэг бүрчлэн тулгалт хийх үүрэг өгсөн. Тухайлбал, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээгүүр урсаж байгаа Марцын гол яг хаанаас л авах, ямар булаг эх байгаа вэ, ямар голууд, хажуугаас нь булгуудад цутгах вэ, хаа хүртэл урсдаг вэ гэж нэг бүрчлэн ярилцаад тэр ажлын хэсэгт бол байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, бүх багийн дарга, газрын даамал, мөн гол, ус сайн мэддэг иргэнийг оролцуулсан. Ажлын хэсэг дээр нэг бүрчлэн танилцуулсан. Өмнө нь бид хамгаалалтын бүсийг зураглахдаа сансрын зураг, байр зүйн зургийг харьцуулж гол мөрний гадаргын усны сүлжээний зурагтай нэршилтэй харьцуулж гаргасан. Одоо дэлхийн байгаль хамгаалах сангаас гарсан голын татмын зураглалтай харьцуулж байгаа бүх харьцуулалтыг хийж гаргасан. Усны тоо бүртгэлүүдийн мэдээллүүдтэй харьцуулж уст цэгүүдийг зурагласан. Ус цэгүүдийг зураглахад өмнөх Засгийн газрын тогтоолоор баталсан 289 дүгээр тогтоолтой нэлээн зөрүүтэй гарсан. Яагаад гэвэл 289 дүгээр тогтоолын зураглал нэлээн алдаатай, тийм ч учраас 2012 оны хуулиар усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох эрхийг орон нутагт өгсөн. Энэ хүрээнд л бид хуулийн дагуу зураглалыг хийсэн. Энэ зураглалыг хийхэд бол маш олон жилийн хөдөлмөр гарсан. Хамгаалалтын бүс зурагласны дараа тусгай зөвшөөрлийн давхцалын асуудал гарч ирсэн. 2019 онд бид усны сан бүхий хамгаалалтын бүсийг тогтоох тогтоол батлуулсны дараа тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр бид газар дээр нь очсон. Яг тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхий давхцалтай газар дээр хэмжилт, судалгаа хийж, түүнийхээ мэдээллийг ус зүйн судалгаа хийсэн мэдээллүүдийг фото зурагтай GPS-ээр координатын баталгаажуулсан зураглалыг нь нотлох баримтаар өгсөн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга хот байгуулалтын яам манай энэ зураглалыг нэг бүрчлэн хянаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орох дүгнэлт ирүүлсэн. Энэхүү зураглалыг Байгаль орчны яам бол кадастрын хэлтэс маш нарийн хянасан ба бид нарыг дуудаж 2 хоног холбогдох мэргэжилтэнтэй хамт бүх уст цэгүүдийг 289 тогтоол дээр яагаад зөрөөтэй байна гэдэг тал дээр хянаж үзээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлах нь зүйтэй гэж үзсэн. Хяргас сумын Цагаан түнгэ орчим нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий газрын Марцын голын ус хурах талбай бол ер нь 75,6 км квадрат талбайтай. Өөрөөр хэлбэл хангайн нурууны үргэлжлэл Ханхөхий, Тогтохын шилийн араас эх авдаг ийм гол юм. Марцын гол маань одоо Бор бургасан, Могойт, Баянгол, Бэл булаг зэрэг голуудаас эх аваад урссаар нэхэмжлэгчийн талбайгаар өнгөрөөд Хөндлөнгийн Хар толгой гэдэг газар хүртэл урсахаар бид зурагласан. Тухайн сумын ажлын хэсэг дээр бол Зүүнговь сумын Хар бураа гэдэг газар урсдаг гэж байсан. Хамгийн устайгаар тооцдог бол тэгж зураглах ёстой гэдэг ийм маргаан ч гаргасан. Гэхдээ бид жилд хамгийн их урсдагаар нь авъя, ер нь бол Зүүнговь сумыг хүртэл зурахаар л байсан тогтмол урсдагаар нь авсан. Усны тооллогоор Марцын гол байнгын устай тооцогддог. Харин эдний талбай дээр урсдаг хэсэг дээр бол байнгын урсацтай биш, устай үе бий, усгүй ч үе бий. Тэр ч утгаараа нэхэмжлэгч талаас өнгөрсөн жил усгүй байна гэсэн тухайн үеийн мэдээллийг олж аваад нотлох баримтад хавсаргасан байна. Тийм учраас тухайн 2 багийн Засаг даргаас тодорхойлолт авч өгсөн. Цагаан түнгэ буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбай орчмоор Марцын голоор Хяргас сумын Хангай, Бугат баг 2 зааглагддаг. Ихэнх малчид бол Бугат багийнх 40 гаруй малчид байдаг. Яг хавар, намрын улиралд орж ирж ундаалдаг 3 сарын сүүлээс 5 сар хүртэл ер нь бол байнгын урсдаг. Сүүлийн жилүүдэд хур бороо багатай байгаа ба хур бороо багатай үед 5 сар гээд л татарчихдаг. Хуурай сайр бол 1-2 өдөр улаан бор ус урсаад л өнгөрдөг газрыг хэлдэг. Гэтэл нотлох баримт дээр байгаа бичлэгт тунгалаг ус урсаж байгаа нь урсгал устай гэдгийг баталж байгаа юм. Ганцхан манай байгууллага хийсэн биш маш олон байгууллагуудаар хэлэлцүүлээд хянуулсан учраас усгүй гэдэг дээр бол маргах ямар ч үндэслэл байхгүй. Ус талаар маш олон баримтууд байгаа. Сүүлийн жилүүдэд манай ажлын хэсэг тэдний тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж амжаагүй. Удахгүй очих байх. Сумын багийн Засаг дарга нар устай гэдгийг нь тодорхойлж зураг, бичлэгийг нь ирүүлсэн. Нэхэмжлэгчийн овоолготой шороо карьер нь давхар харагдаж наад талаараа гол урсаж байгаа нь харагдана. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын даргын баталсан усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, онцгой байдлын энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн хил заагийг тогтоох аргачлалаар бол хамгийн их устай үеэр нь хамгаалалтын бүсийг тогтоохоор заасан байдаг. Нэхэмжлэгч тал 2015 оны Байгаль орчны сайд болон Барилга хот байгуулалтын сайдын А/230/127 дугаар журам дээр хуурай сайр дээр хамгаалалтын бүс тогтоохгүй гээд заалт хэлж байх шиг байна уг заалтыг хүчингүй болгосон. Тийм болохоор хуурай сайр байсан ч хамгаалалтын бүс тогтоох ёстой. Гэхдээ бидний хувьд ямар нэгэн эх үүсвэртэй, хаа хүртэл урсаж байгаа гэдэг дээр маш их хянаж гаргасан учраас усны сан бүхий газар гэдэгт маргах зүйл байхгүй. 2019 оны усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоосон тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгээгүй учраас 2020 онд хэлэлцүүлэг хийсэн, тогтоолын төслийг веб сайтад байршуулсан. Яамнаас авсан зөвлөмжийн дагуу бид хэлэлцүүлгүүдээ хийж явсан. Хэлэлцүүлэгт ихэнх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Улаанбаатарт байдаг учир Усны газрын байранд ковидын үед байсан учраас нэг бүрчлэн дуудаж уулзаж байсан ба “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.О ирж уулзаж байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамгаалалтын бүс тогтоох асуудлыг ямар нэг хэлбэрээр хойшлуулж байсан. Дараа нь 2023 онд нэгдсэн хэлэлцүүлэг хийсэн ба энэ хэлэлцүүлэгт “Ц” компанийн төлөөлөл өмгөөлөгчтэйгөө ирж санал бодлоо хэлсэн. Хэлэлцүүлэг дээр юу ярьсан бэ гэхээр би өөрийн биеэр “...ийм давхцалтай байна” гэдгийг танилцуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас кадастрын болон гадаргуу усны асуудал хариуцсан мэргэжилтэн нар, Усны газрын дарга З.Батбаяр хэлтсийн дарга э.Сайханжаргал нар оролцсон. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчид, сумдын хурлын дарга нараас оролцож энэ асуудлуудыг ярилцсан. Хамгаалалтын бүс тогтоох ёстой асуудлаар л хэлэлцүүлэг хийсэн. Түүнээс биш хамгаалалтын бүсийн өмнөх тогтоолыг хүчингүй болгох гэж хэлэлцүүлэг хийнэ гэж байхгүй. Нэхэмжлэгч тал энэ тогтоол гарахыг хамгийн сайн мэдээлэлтэй байсан. Харин 2024 онд гарсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны тогтоолыг хүчингүй болгосон асуудлыг оруулсан манай байгууллага мэдээгүй. Миний хувьд хуулийн хүрээнд мэргэжилтнийхээ хувьд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг тусгай зөвшөөрөл бүхий талбай байна гээд үлдээгээд зурах эрх надад байхгүй. Хэрвээ ингэж зурсан бол би Авлигатай тэмцэх газар явах байсан. Би хуулийн хүрээнд ажлаа хийсний төлөө нэлээн их адлуулаад явж байна. Юунаас болж маргаан гардаг вэ гэхээр тухайн нэг устай газар нь ашигт малтмал олборлохоос асуудал үүсдэг. Өнгөрсөн жил тогтоол гарснаас хойш сүүлд олгосон тусгай зөвшөөрлүүд бол гол булаг байгаа газар олгохгүй байгаа. Ирээдүйд энэ хамгаалалтын бүстэй холбоотой маргаан гарахгүй. Тогтоол гаргахаас өмнө нь зөвшөөрөл олгосон компаниудад бол энэ асуудал үүсэж байна. Энэ асуудлыг усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тогтоолыг хэрэгжүүлэх шатанд шийдэгдэх болохоос хил зааг зураглах дээр шийдэх боломжгүй. Яагаад гэвэл усны сан бүхий газрын хамгаалалтыг бүсийг тогтоохдоо тусгай зөвшөөрөл бүхий газрыг тойруулж юм уу, үлдээж зурах хуулийн боломж байхгүй. Харин тогтоол гарснаар хэрэгжүүлэх шатанд урт нэртэй хуулийн хүрээнд усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийг үлдээгээд энгийн хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой. Нэхэмжлэгч компанийн талбай дайран өнгөрч байгаа Марцын гол урсгал устай ба хавар, намрын улирал бол тогтмол ус урсдаг гэдгийг хэлье” гэв.
4. Шүүхийн иргэдийн төлөөлөгч С.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа үүсэх, ирээдүйд бий болох сөрөг нөлөөллийг сайтар нягтлах, оролцогч бүхий л талыг хангах шаардлагатай ба хууль, бусад хэм хэмжээ хоорондын уялдаа холбоог бүрэн хангадаггүй болохыг олж харлаа. Хууль, тогтоомжийн хэм хэмжээ нь зарим төр, иргэн, аж ахуй нэгж, байгууллага хоорондын зөрчил бий болгоход хүргэж байна. Анхнаасаа лиценз олгохдоо шийдвэрээ цогцоор нь гаргах нь зөв. Төрийн албан хаагч өөрт олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актын “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-017365 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-017365 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
4. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “...Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох асуудлыг 2019 оны 5 дугаар сард хэлэлцэн баталсан боловч шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгээгүй. 2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж давхцалын талаар танилцуулж тайлбар, санал авсан. ...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж ажилласан ба тус хэлэлцүүлэгт “Ц” ХХК-ийн захирал П.О оролцсон. ...Барилга хот байгуулалтын яамнаас 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 3/2661 тоот дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 дугаартай дүгнэлтийг гаргуулсан. ...2014, 2019 онд “Ц” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр очиж ажиллахад Марцын гол нь цагаан түнгэ орчмоор урсацтай байсан ба тухайн цагаан түнгэ орчим хавар, намар урсацтай байдаг гол” гэж тайлбарлав.
5. Маргааны үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийвэл;
5.1. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг анх 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор баталсныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй байна.
5.2. Улмаар, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолоор 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгожээ.
5.3. Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дахин Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон байна.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, …нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” гэж заасан бөгөөд Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоол нь хариуцагчид хуулиар олгосон эрхэд хамаарах буюу Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээний акт батлан гаргах, журамд нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн тодорхойлсон эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэхээр байна.
7. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг 1 дүгээр хавсралтаар, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн эргэлтийн цэгийг 2 дугаар хавсралтаар тус тус тогтоож, Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг аймгийн хэмжээнд мөрдүүлэх, хамгаалах, тэмдэгжүүлэх, давхцалыг арилгах зэрэг дэглэмийг мөрдүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгуулж, хэрэгжилтийг жил бүр тайлагнахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан шийдвэр гаргажээ.
8. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж зааснаар хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох, хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхтэй байна.
9. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох”-оор заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 дугаар тушаалаар “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг баталсан, уг журмын 2.10-т “энгийн хамгаалалтын бүсэд ашигт малтмал хайх, ашиглах харилцааг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу зохицуулах”-аар, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах харилцааг хуулиар зохицуулах”-аар тус тус заажээ.
9.1. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж тусгайлан заасан тул маргаан бүхий хэм хэмжээний актын улмаас “Ц” ХХК-ийн Ашигт малтмалын газраас 2013 онд олгосон МV-017365 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Марцын голын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхацсанаар нэхэмжлэгч үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох эрх зүйн үр дагавар үүсгэсэн.
10. Дээрх маргаан бүхий хэм хэмжээний актын зохицуулалтаар Увс аймгийн Хяргас сумын нутагт нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайгаас Марцын голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 62.1 га, энгийн хамгаалалтын бүстэй 257.67 га давхцалтай болох нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны лавлагаагаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 226 дугаар хуудас)
11. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
12. Маргаан бүхий 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яам 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7284 дүгээрт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаарт бүрэн эхээр нь нийтэлснээр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. (Хавтаст хэргийн 106-109 дүгээр хуудас)
13. Түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх” гэж зааснаас үзвэл хариуцагчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж хуульчилсан.
14.1. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийх, санал авах ажиллагааг заавал хийсэн байхыг шаардах ба Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар эрх олгосон асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлахдаа, шийдвэр гаргах ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу явуулсан нөхцөлд захиргааны байгууллагын үйл ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэнэ.
15. Хариуцагч талаас “...2020 оноос эхлэн хамгаалалтын бүсэд давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай нэг бүрчлэн уулзаж давхцалын талаар танилцуулж тайлбар, санал авсан. ...2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод Удирдлагын академийн сургалтын танхимд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гэж үзсэн аж ахуйн нэгжүүдтэй зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт “Ц” ХХК-ийн захирал П.О оролцсон” гэж тайлбарлаж байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актын төсөлд ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг буюу “Ц” ХХК-ийн саналыг авч, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж, оролцоог бүрэн хангасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
15.1. Тодруулбал, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолоор анх Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тогтоосон бөгөөд уг тогтоолыг батлахдаа хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй тул хариуцагчаас 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор дээрх “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
15.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас өмнө гаргасан тогтоолоо хүчингүй болгож, тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн атлаа 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 36 дугаар тогтоолоор ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоохдоо ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчимд нийцээгүй байна.
15.3. Мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга”-д даалгасан нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүдэд ашиглалтын талбайд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцах шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргахгүй гэх ойлголтыг төрүүлэхүйц байна.
15.4. Энэхүү шийдвэрийн дараа 2025 онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоож шийдвэрлэсэн нь төрийн эрх бүхий байгууллагаас гарах шийдвэр өөрчлөгдсөн ба энэ тохиолдолд захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэгт урьдчилан мэдэгдэж санал тайлбарыг авах ажиллагааг шинээр хийсэн байх шаардлагатай.
15.5. Өөрөөр хэлбэл, өмнө 2020, 2023 онуудад хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсны дараа 2024 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаартай тогтоолын 2 дахь заалтаар “Тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоох тухай асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг аймгийн Засаг дарга”-д даалгасан шийдвэр гарсны дараа тухайн шийдвэрээс өөр агуулга бүхий маргаан бүхий актыг гаргасан тул 2020, 2023 оны хэлэлцүүлгүүд хийснийг урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхгүй.
16. Иймээс нэхэмжлэгчийн “...Маргаан бүхий захиргааны актын талаар манай компанид аливаа хэлбэрээр огт мэдэгдээгүй, санал, тайлбар аваагүй” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байна.
17. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас “...манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд усны сан бүхий газар байхгүй бөгөөд олон жилийн өмнө ширгэж хатсан, ус урсдаггүй, уст цэг байхгүй, “Цагаан түнгэ” нэртэй газар нь уулын хөндий буюу нам доор газар тул уулын цас хавар болоход хайлж урсан шар усны үер болж хувирдаг, байнгын урсацтай гол байхгүй болохыг бодит нөхцөл байдал дээр тогтоогоогүй” гэж, хариуцагч “тухайн цагаан түнгэ орчим хавар, намар урсацтай байдаг гол” гэж маргаж байгаа үндэслэлийн хувьд шүүхээс тухайн нөхцөл байдлыг мэргэжлийн хүрээнд дахин тодруулах нь зүйтэй гэж үзэв.
18. Учир нь, нэхэмжлэгч талаас “...Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй” гэж тодорхойлон хэрэгт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоол, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй гэх лавлагаа, “Цагаан түнгийн алтны шороон ордыг ашиглах” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд “Цагаан түнгийн сайрууд байдгаас хуурай голдрилтой ба гадаргын усны сүлжээ байхгүй, хур тунадас ихтэй үед түр урсац бүхий үер үүсдэг” гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
19. Харин хариуцагч талаас “...Увс аймгийн усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг тогтоох нь зүйтэй” гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 дүгээр албан бичиг болон 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 03/7393 дугаар албан бичгээр дүгнэлт гаргуулсан” гэж маргасан.
20. Хэрэгт авагдсан баримтаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Увс аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зураглал, үндэслэлийг хянан баталгуулах ажлын хэсэг Увс аймагт ажиллаж усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд газар дээр нь очиж шалгах ажлыг гүйцэтгэжээ.
20.1. Гэвч энэхүү ажлын хэсэг нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд очиж ажиллаагүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “тухайн газар нь цас ихтэй байсан тул ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллаж чадаагүй” гэж тайлбарласан.
21. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зохицуулсан.
22. Хуулийн энэхүү заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч “...“Цагаан түнгэ” нэртэй газар нь уулын хөндий буюу нам доор газар тул уулын цас хавар болоход хайлж урсан шар усны үер болж хувирдаг, байнгын урсацтай гол байхгүй болохыг бодит нөхцөл байдал дээр тогтоогоогүй”, хариуцагч “тухайн цагаан түнгэ орчим хавар, намар урсацтай байдаг гол” гэж тус тус маргаж байх тул Увс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий хэм хэмжээний актыг батлан гаргахдаа Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “...хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ “Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан Марцын голын “усны сан бүхий газар”-т хамаарах эсэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
23. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулахын зэрэгцээ 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолд дурдсанчлан тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, давхцалтай хэсэгт хамгаалалтын бүс тогтоохгүй байх боломжтой эсэх асуудлыг судлах, хэрэв хамгаалалтын бүстэй давхцалтай тохиолдолд цаашид үйл явуулах хүсэлттэй бол хэрхэн шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүсвэл учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг шийдвэрийн төсөлд тусгах зэргээр нэхэмжлэгчийн оролцоог шийдвэр гаргах ажиллагаанд хангах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг болно.
23.1. Энэ нь хариуцагчийн чиг үүрэгт хамаарах бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-017365 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
24. Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн шүүхийн иргэдийн төлөөлөгч С.Ганзориг “...Эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргахдаа үүсэх, ирээдүйд бий болох сөрөг нөлөөллийг сайтар нягтлах, оролцогч бүхий л талыг хангах шаардлагатай..” гэх дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
25. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэг, 106.3.11 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-017365 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.БАТДОРЖ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.МЯНГАНБАЯР