| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0407/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 436
2018 05 21 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал,
шүүгдэгч Л.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.О-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808009150254 дүгээр хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Захуй суманд төрсөн, 54 настай, дээд боловсролтой, сэтгүүлч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 6 дугаар баг, Орхоны 1 дүгээр гудамж, 124 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Аптаун Вилла” хотхоны 53г байр, 336 тоотод түр оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Урианхан овогт Лхагваагийн О- /РД:ТЗ63121204/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Л.О-нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Татварын хэлтэст үйлчлүүлж байхдаа иргэн Б.Х-ын гээгдүүлсэн түрийвчтэй 400.000 төгрөгийг олж авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Л.О-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гардаг өдөр би уг хүний бичиг баримтыг олоод “өгье” гэж бодож байсан боловч цагаан сар болоод өгч чадаагүй. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808009150254 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Х-ын: “Би 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст буцаан олголт хөөцөлдөхөөр ороод ...Татварын хэлтсээс гараад куртикны халаасанд хийсэн байсан түрийвчээ үзтэл миний түрийвч алга болсон байсан. Буцаж ороод түрийвчээ гээгдүүлсэн талаар ажилтнуудаас асуухад харсан үзсэн хүн байхгүй байсан. ...Татварын хэлтсийн даргын өрөөнд байдаг хяналтын камерийн бичлэг шүүлгэж үзэхэд миний хажууд сууж байсан хар шуба, хар ороолттой нүдний шилтэй эгч намайг түрийвчээ унагаагаад явсны дараа түрийвчийг сандлын хажуугаас аваад дотор нь байгаа мөнгийг хараад буцаад гараад явсан бичлэг байсан. Миний түрийвч дотор банкны картууд, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, “Номин”-гийн хөнгөлөлтийн карт, автобусны карт, бэлэн 400.000 төгрөг байсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим 99125016 дугаараас “Бичиг баримтыг чинь олсон. Маргааш ярьж байгаад өдрийн цайны цагаар авчих” гэсэн. Би маргааш нь уулзсан. Миний мөнгөтэй түрийвчийг олсон эгч хүрээд ирсэн. Би тухайн үед гайхаад бичиг баримтаа асуутал надаас тэр эгч “над шиг сайхан сэтгэлтэй эгчдээ тус болоод 200.000 төгрөг данс руу шилжүүлчих” гээд дансны дугаар өгсөн. Би бичиг баримтуудаа бүгдийг авсан. Хар өнгийн түрийвчээ аваагүй. Мөн дотор нь байсан 400.000 төгрөгөө авч чадаагүй. Тэр эгчид би дотор нь мөнгө байсан талаар хэлээгүй бөгөөд хаанаас олсон талаар асуухад “Таван шарын автобусны буудлын ТҮЦ-ний доод талаас олсон” гэж хэлж байсан. Би тэр эгчийг гайхаж байна. Яагаад гэвэл дотор нь байсан мөнгийг авчихаад бичиг баримтыг чинь олсон гээд надаас мөнгө нэхээд байх юм” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Шүүгдэгч Л.О-ийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...Татварын хэлтэс орсон. ...Үл таних залуу “та юмаа унагаачихлаа” гээд хэлэхээр нь буцаад 8 дугаар цонхон дээр очиход хар өнгийн түрийвч байхаар нь нээж үзтэл мөнгө байсан. Тэгэхээр нь ...аваад гарсан. Геологийн төв лабораторийн автобусны буудал дээр түрийвчийг хаяад мөнгө, бичиг баримтыг аваад явсан. Би автобусанд мөнгийг тоолоход 400.000 төгрөг байсан. Тэгээд өөрийн Хаан банкны дансанд хийсэн. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр бичиг баримтыг нь өгье гэж бодоод “Номин” худалдааны төвөөс Х- гэх хүний утасны дугаарыг аваад залгаад “Бичиг баримтыг чинь олсон, аваарай” гэж хэлээд ...уулзаад “эгчид нь мөнгөний хэрэг байна, нүдний хагалгаанд орох гэж байгаа” гэж хэлээд бичиг баримтуудыг өгсөн. Тухайн үед манай хүү нүдний хагалгаанд орох гээд мөнгөний асуудалтай байсан, тухайн мөнгийг хэрэглэх гэж байсан. Би 400000 төгрөгийг буцаан өгсөн. Би өөрийн буруутай үйлдлээр бусдын гээсэн эд зүйлийг дур мэдэн зөвшөөрөлгүй авсандаа гэмшиж байна. Цаашид дахин ийм үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
бэлэн мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-15, 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тухай илтгэх хуудас /хх-39-42/, хохирогчийн хүсэлт /хх-44/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.12-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-52/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.О-нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүүргийн Татварын хэлтэст үйлчлүүлж байхдаа иргэн Б.Х-ын гээгдүүлсэн түрийвчтэй 400.000 төгрөгийг олж авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Х-ын “...хяналтын камерийн бичлэг шүүлгэж үзэхэд миний хажууд сууж байсан хар шуба, хар ороолттой, нүдний шилтэй эгч намайг түрийвчээ унагаагаад явсны дараа түрийвчийг сандлын хажуугаас олж аваад дотор нь байгаа мөнгийг хараад буцаад гараад явсан бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, шүүгдэгч Л.О-ийн яллагдагчаар өгсөн “...хар өнгийн түрийвч байхаар нь нээж үзтэл мөнгө байсан. Тэгэхээр нь ...аваад гарсан. Автобусны буудал дээр ирээд түрийвчийг хаяад мөнгө, бичиг баримтыг цүнхэндээ хийгээд аваад явсан. Мөнгийг тоолоход 400.000 төгрөг байсан, ...бичиг баримтуудыг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-28/, мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /15, 16/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа мэдсээр байж завших гэмт хэргийн шинжтэй болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Л.О-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-д 400000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гаргасан хохирогчийн “...хохирлоо барагдуулсан тул ямар нэгэн гомдолгүй, хохиролгүй болсон. Шүүх хуралдаанд суухгүй” гэх хүсэлт /хх-44/-ийг үндэслэн шүүгдэгч Л.О-бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Л.О-эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлоготой болох нь тогтоогдоогүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх, нэмж нэгтгэн 1 жил 1 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялтан биш, тэнсэгдсэн этгээд гэж ойлгож байна. Хуучин хуульд байсан ялтай байдал гэх ойлголт шинэ хуулиар үгүй болсон гэдгийг анхаарна уу” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирлын хэр хэмжээ/, шүүгдэгчийн хувийн байдал /ар гэрийн амьдрал, ахуйн нөхцөл-гэр бүлийн хүн 2018.05.16-нд нас барсан, эрхэлсэн тодорхой ажилгүй/-ыг харгалзан шүүгдэгч Л.О-т улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн дагуу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Л.О-т тус шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар дээрх ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн байх боловч дараах үндэслэлээр тухайн хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн дагуу сэргээн эдлүүлэх боломжгүй гэж үзэв. Үүнд:
2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тухайн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь нэгэн зэрэг ялтай байдлыг тооцох хугацаа болж байсан. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн ялтай байдлын талаарх 78 дугаар зүйлийн зохицуулалтыг бүхэлд нь хассан, мөн 2015 оны Эрүүгийн хууль 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх тухайн цаг хугацаанд шүүгдэгч гэмт хэрэг үйлдээгүй байх тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацааг “дууссан”-д тооцох буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг сэргээн эдлүүлэхгүй байх үндэслэл бүхий болно.
Түүнчлэн 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө...гэж зааж байсан бол, 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “ ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө...гэж зохицуулсан нь бас ялгаатай гэж ойлгогдохоор байна. “Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа, мөн оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг үйлдэх гэдэг нь утга агуулгаараа өөр ойлголт болно. Тухайлбал 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа...гэмт хэрэгт үйлдсэн гэдэгт “хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, хорих ял оногдуулсныг тэнсэж, хянан харгалзсан хугацаа дуусаагүй байхад гэмт үйлдсэн байхыг ойлгоно, харин...”оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө...гэмт хэрэг үйлдсэн гэдэгт...оногдуулсан тухайн төрлийн ялыг биечлэн эдэлж байхдаа буюу биелүүлж дуусаагүй байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэнийг тус тус ойлгох үндэслэлтэй.
Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 1-д заасан “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа...гэснийг хассан буюу зохицуулаагүй байх тул 2002 оны Эрүүгийн хууль дахь “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа” гэснийг 2015 оны Эрүүгийн хуулийн “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө” гэдэгт багтааж ойлгох, адилтган төсөөтэй хэрэглэх буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хуулийг хэрэглэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн, мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар тухайн асуудлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О-урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Л О-гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.О-нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.О-урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР