Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00433

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00434

 

 

 

С.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 15ы өдрийн 101/ШШ2021/04229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.С хариуцагч Ш.Мт холбогдуулан гаргасан 24,875,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ш.М нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр С.Сэс 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан. Дараа нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг, 05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 1,750,000 төгрөг, нийт 14,300,000 төгрөг зээлж авсан. Дээрх мөнгүүдийг зээлэх болгондоо 10 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн. Анх 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн 3,000,000 төгрөгт 2 сарын хүү 600,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг болно. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлээр 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш мөнгийг төлнө гэж заасан боловч төлөөгүй. Гэрээний доод хэсэгт хариуцагч Ш.М нь хэрвээ хугацаандаа өгөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Зээлсэн нийт 14,300,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг хасаад 11,300,000 төгрөгөөс алданги тооцоход /1 хоног 56,500 төгрөг, хугацаа хэтэрсэн 150 хоног8,475,000 төгрөгийн алданги болно. Иймд Ш.Мээс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 5,100,000 төгрөг, дараа нь зээлж авсан 11,300,000 төгрөг, түүний алданги 8,475,000 төгрөг, нийт 24,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Сэс 10 хувийн хүүтэй 3,000,000 төгрөг авсан, дараа нь цувуулж авсаар нийт 14,300,000 төгрөг авсан. Тухайн үед 10 хувийн хүүтэй мөнгө зээлнэ гээд бид хоёр нотариат дээр очсон. Гэрээг огт уншаагүй, гарын үсгээ зур гэхэд нь шууд зурсан. С.Стэй 2021 оны 01 дүгээр сард тооцоо нийлсэн гэрээ хийсэн. Би 2020 оны 05 дугаар сараас хойш 18 удаагийн гүйлгээгээр 4,500,000 төгрөгийг дансаар өгсөн. С.С надаас 24,875,000 төгрөг нэхэмжилсэн. 14,300,000 төгрөгөөс төлсөн 4,500,000 төгрөгийг хасаад 9,800,000 төгрөг төлье гэж бодож байна. 4,500,000 төгрөг төлсөн гэжээ.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Мээс 13,222,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,652,150 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 175 төгрөг, хариуцагч Ш.Мээс 224,064 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Сд олгож шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ш.М нь нийт 15,500,000 төгрөгийг удаа дараа хүсэлт гарган зээлдэн авсан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өмнө зээлж авсан мөнгөн дүнд зээлийн гэрээ бичгээр хийсэн бөгөөд энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгч чадаагүй. Уг баримтад ... 10,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 10 хувийн зээлж авъя гэж 2 удаа гараар бичиж өгсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцооллыг буруу гаргаж, хангалттай тайлбар гаргаагүй. Итэгмжлэгдсэн төлөөлөгч нь хууран мэхэлсэн.

4а. Ш.Мийн данс руу зээлсэн мөнгийг шилжүүлэхдээ 10 хувийн хүүтэй талаар дансны гүйлгээний утга хэсэгт бичиж явуулдаг байсан. Хариуцагчийн шилжүүлсэн мөнгөнүүд нь өөр бусад зээлсэн мөнгөнүүдийн хүү гэж өгч байсан болохоос энэ мөнгөний хүү гэж хэлж байгаагүй, шилжүүлэхдээ ч тайлбар бичээгүй.

4б. Анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасан. 10 сарын 01-ний өдөр өгсөн 250,000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн 550,000 төгрөгийг хүүгийн төлбөрт шилжүүлсэн болохоос үндсэн зээлийн төлбөрт өгөөгүй. Зээл авахдаа сар бүр 10 хувийн хүүтэй зээлье гэж хүсэлт гаргасан.

4в. Хариуцагч нь 15,500,000 төгрөгийг авсан болохоо хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулах хэлцэл хийсэн. Уг хэлцэлд хариуцагч нь 15,500,000 төгрөг төлөх ёстой болохоо мэдэж байгаа төдийгүй 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 5,500,000 төгрөг төлнө гэж тохиролцсон. Мөн алданги төлөхөөр тохиролцсон тул алдангид 9,067,500 төгрөг нэхэмжилсэн. Энэ тооцоолол нь үндсэн зээл, алдангийн тооцоо болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.    Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

1.   Нэхэмжлэгч С.С хариуцагч Ш.Мт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 24,875,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 9,800,000 төгрөгийг төлнө, хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2.   Хариуцагч нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс 3,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги хоног тутамд тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ байгуулжээ. /хх 9/

 

2.а. Нэхэмжлэгч гэрээний зүйл болох 3,000,000 төгрөгийг мөн өдрөө хариуцагчид шилжүүлсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх 3, 47/ Уг гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүүд 600,000 төгрөг, нийт 3,600,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

3.   Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараас үзэхэд дээрх бичгээр байгуулсан зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчид хэд хэдэн удаагийн үйлдлээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 05 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг05 дугаар сарын 23-ны өдөр 550,000 төгрөг05 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 07 дугаар сарын 02-ны өдөр 1,750,000 төгрөг, нийт 11,300,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байна. /хх 4-8, 48-55/

 

3.а. Талууд 11,300,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү шаардах эрхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн ... хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлэхдээ 10 хувийн хүүтэй талаар гүйлгээний утга хэсэгт бичсэн тул хүү нэхэмжилнэ гэх гомдлыг хангах боломжгүй.

 

4.   Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх талаар заасан. Нэхэмжлэгч С.С зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй. Аливаа этгээд зээлийн үйл ажиллагааг байнга эрхэлж, орлого олох хэрэгсэл болгож байгаа тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

 

5.   Хариуцагч нь бичгийн зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг, аман хэлцлийн дагуу авсан 11,300,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөг төлөхөөс 4,500,000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон тул 10,400,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

6.   Талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 2.2 болон 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцэл-д зааснаар зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна. Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний дагуу алдангид нийт 2,822,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 15ы өдрийн 101/ШШ2021/04229 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201,500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ