Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч С холбогдох эрүүгийн 2422000000049 тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч *******ын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт ын , Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн сумын 4 дүгээр баг “Номгон” гэх оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Номгоны Говь” гэх газарт байх хохирогч гийн адуун сүргээс хээр зүсмийн тамгагүй 2 тооны шүдлэн байдсыг /3 настай эм адуу/ хулгайлж 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: *******т холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнийг гэм буруутайд тооцон түүнд 1 жилийн хорих ял оногдуулаад байна.

*******ыг 2024 оны 3 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Номгоны говь” гэх газарт байх хохирогч гийн адуун сүргээс хээр зүсмийн тамгагүй 2 тооны шүдлэн байдсыг хулгайлж, 2000000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн сумын 1-р багийн нутаг “Номгоны говь” гэх газраас хохирогчийн 2 тооны адууг авч явсан үйл баримт тогтоогддог хэдий ч тухайн адууг хувийн ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор, бусдын эзэмшлээс нууц аргаар, хууль бусаар авч явсан, хулгайлсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлогдон тогтоогдоогүй.

Хэрэгт авагдсан хохирогч /хх-ийн 12-13-рт/-гийн “.. сумын , сумын гэх хоёр залуу 2024 оны 3 сарын 9-ний орой танай адуунаас 2 адуу салгаж туугаад аваад явсан гэсэн тэгээд би тэр адуу авч явсан гэх хүний утсыг хүнээс асууж сураглаж олоод утсаар гэх залууд хандаж “манай адууг яагаад ачаад явчихваа гэхэд би андуурсан байна, адууг чинь хүргэж өгий гэсэн, тэгээд 2024 оны 3 сарын 15-ны орой манай адууг ачиж хүргэж ирсэн, манайх ийм тамгагүй адуутай андуурсан байна уучлаарай гээд явсан өөр зүйл болоогүй” гэх,

- гэрч /хх-ийн 20-21 -рт/-гийн “ гэх хүний утсыг олоод ярихад гэдэг хүнд хандаж чамайг гэдэг хүн мөн үү гэхэд мөн гэсэн тэгэхээр нь би д хандаж ойролцоо байсан адуунаас та хоёр хоёр адуу салгаж аваад явсан байна гэхэд би бол мэдэхгүй би д замчилж өгсөн надад мэдэх юм байхгүй манай адуу юм шиг байна гээд 2 адууг салгаж туугаад явсан …2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэх хүн манай утас руу залгаж яриад байна гэсэн тэгэхээр нь би манай адуунаас хоёр адуу салгаж туугаад явсан байна гэхэд би хоёр даага байна гээд салгаж аваад ирсэн чинь манай адуу биш байна гэсэн” гэх,

гэрч /хх-ийн 24-25-рт/-ын “би тэр адууг тууж явж байгаа , хоёрыг 500 метр зайнаас хараад , хоёр мөн байна гэдгийг шууд таньсан” гэх, гэрч Б. /хх-ийн 28-29-рт/-ын “энэ адуу манай адуу байна гээд ойролцоо байсан адуунд байсан 2 адууг туугаад адуундаа нийлүүлсэн” гэх,

шүүгдэгч ******* /32-34-рт/-ын гэрчээр өгсөн “Би тэр хоёр адууг таниагүй өөрийн дааган шүдлэнтэй андуурсан, гэхдээ миний андуурсан дааган шүдлэн эр адуу байсан, харин өөрийн адуутайгаа андуурч ачиж ирсэн адуу бол хоёулаа охин адуу байсан....би адуун дээрээ очиж үзсэн тэгсэн чинь миний ачиж ирсэн хоёр адуу манай адуу биш байсан” гэх мэдүүлгүүдээр өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заагдсан “Мал хулгайлах” гэмт хэргийн обьектив талын шинж болох хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл хууль бусаар авсныг “бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно” гэж, нууцаар авсныг “бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр далд авсныг ойлгоно” гэж тус тус үздэг. Гэтэл шүүгдэгч ******* нь 2024 оны 3 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн сумын 1-р багийн нутаг “Номгоны говь” гэх газарт өөрийн адууг хайж явахдаа тухайн нутгийн хүн болох тай таарсан байдаг бөгөөд ын гэрчээр өгсөн мэдүүлэгт “би тэр адууг тууж явж байгаа , хоёрыг 500 метр зайнаас харсан” гэж мэдүүлсэн байна. ******* нь тухайн адууг хулгайлах санаа, сэдэлтэйгээр авч явсан бол гэрч аас 500 метрийн зайтайгаар тууж явахгүй, аливаа хэлбэрээр нутгийн хүнээс нуух замаар авах байсан. Ийм байдлаар авч явсан үйлдэл нь “мал хулгайлах” гэмт хэргийн дээрх шинжүүдийг хангахгүй байна.

Мөн 2024 оны 3 сарын 9-ний өдөр тухайн хоёр адууг өөрийн адуутай нийлүүлэн 3 км газар тууж яваад уг газраа үлдээж, 2024 оны 3 сарын 10-ны өдөр очиход тухайн хоёр адуу өөрийнх нь адуунд байж байсан үйл баримт тогтоогддог. Ийнхүү тухайн хоёр адуу болон өөрийн адууг аваад 2024 оны 3 сарын 12-ны өдөр сумын нутагт очсон нь өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн, захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй бөгөөд хууль бусаар авсан хэлбэрт хамаарахгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны жилийн эцсийн мал тооллого /хэрэгт мал тооллогын баримт авагдсан/-оор 230 толгой адуу тоолуулсан байдаг бөгөөд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “зарим унагаа барьдаггүй, тамга тэмдэггүй адуу байдаг” гэсэн байдаг. 2023 оны өвөл цас ихээр орж, адуу уруудаж, тамир тэнхээ алдсан нөхцөл байдал нь Дундговь аймгийн хэмжээнд нийтэд илэрхий бөгөөд хаврын цагт адууны зүс өөрчлөгддөг тохиолдол бүх малчин ард түмэнд тулгардаг асуудал юм. Түүнээс гадна 200 толгой адуутай айл өрх ховор байдаг бөгөөд малчин хүн 200 толгой адуутай байх тусам өөрийн адууг андуурах эрсдэл гарах магадлалтай. Иймээс шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан “шүүгдэгч нь малчин ба 20 орчим жил адуу маллан амьдарсан хүн болохын хувьд андуурах нөхцөл байхгүй” гэх үндэслэлээр гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн сумын 1-р багийн нутаг “Номгоны говь” гэх газраас 2 тооны адууг авч явсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг ч ******* нь 2 тооны адууг авч явах болсон сэдэл, санаа зорилго, үйлдэл шууд санаатай үйлдэл болох нь нотлогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхөөр байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэхийг хүсч, өмгөөлөгчийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймээс Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв..

3. Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Би сумандаа мал малладаг. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Андуурсан тийм зүйл болсон. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4. Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Прокуророос *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд 2024 оны 3 дугаар сарын 9-ний өдөр гэрч т өөрийн адуу гэж хэлэн тухайн 2 тооны охин адууг тууж өөрийн адуунд нийлүүлсэн. 2 хоногийн дараа буюу 2024 оны 3 сарын 11-ний өдөр ачааны Портер Бонго маркийн машинд ачиж явсан. Ингээд 2024 оны 3 сарын 13 буюу одоо 4 хоногийн дараа хохирогч өөртэй нь холбогдож ярьсан үед одоо ингээд мэдсэн гэсэн асуудлыг ярьж байна. Дээрх асуудлууд нь хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалтай ерөөсөө тохирдоггүй. Тухайлбал тухайн адууны зүс нь өөрчлөгдсөн, тулсан эцсэн гэж байгаа боловч дээрх адууны хүйс бол өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөөгүй байгаа. Байдас охин адуу хайж яваад эр байдас адуу ачиж явж байгаа. Тэгэхлээр ын хувьд 20 гаран жил мал маллачихсан хүн. Эр охин адууг ялгах нь зүйн хэрэг. Мөн олон тооны адуу хайж явсан гэснээр одоо бусдын адуунд байгаа. Тэгээд 2 тооны адууг авч явсан үйлдлийг зөвтгөх, улмаар хуулийн эргэлзээ үүссэн, гэм буруугийн эргэлзээ үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй байна гэж дүгнэж байна. Иймд сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний 130 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд үндэслэн хэргийг хянахдаа хэргийг бүхэлд нь хянах тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг баримталлаа.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч *******ыг бусдын 2 тооны адуу буюу олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ нь шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Номгоны Говь” гэх газарт байх хохирогч гийн адуун сүргээс хээр зүсмийн тамгагүй 2 тооны шүдлэн байдсыг өөрийн адуундаа нийлүүлэн авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч “бусдын 2 тооны адууг хулгайлаагүй, өөрийн адуутай андуурсан” гэх тайлбар мэдүүлгийг өгсөн,  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн өмгөөлөгчтэй санал нэг байгаа талаараа мэдүүлж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас мал хулгайлах гэмт хэргийн сэдэлт, зорилгыг үгүйсгэн “өөрийн тамгагүй адуутай андуурч авч яваад эзэнд нь буцааж аваачиж өгсөн” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны явцад гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүрэн тогтоохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрийн адуун сүргийн шүдлэн насны адууг тамгалаагүй үлдээсэн эсэх, хэрэв үлдээсэн бол тэдний адуун сүрэгт тамгагүй хээр зүсмийн адуу /шүдлэн насны байдас/ байдаг эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохгүйгээр 20 гаран жил адуу малласан хүн андуурах боломжгүй гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор мөрдөгч нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор  шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг мөрдөгч прокурорын зүгээс хэрэгжүүлэн ажиллаж, гэмт хэргийг нотолсон, үгүйсгэсэн баримтыг бүрэн, эргэлзээгүй, хөдөлбөргүй цуглуулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч  гийн адуун сүргээс хээр зүсмийн тамгагүй 2 тооны шүдлэн байдсыг тээврийн хэрэгсэл ашиглан өөрийн адуун сүрэгт нийлүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх боломж нөхцөлийг бүрдүүлээгүй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, залруулах боломжгүй юм.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2422000000049 дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл шүүдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж давж заалдах гомдолдоо дурджээ.  Гэвч шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2422000000049 дугаартай хэрэгт “хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан” гэх үйл баримт тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй байх тул өмгөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/130 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 2422000000049 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.

 2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧИД                                    Г.БАЯРДАВАА

 

                                                            Г.МӨНХБАТ