Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 120/ШШ2026/0020

 

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******, *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: аймгийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь “ аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах”-аар маргасан.

2. Маргааны үйл баримт, процессын талаар:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор “...1. "*******" зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийт 263730 га газар / аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт дэвсгэрийг хамруулан/-ыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг тогтоож,

2.2. Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн газрын нөхөн олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж,

2.3. "*******" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгаж...” шийдвэрлэжээ.

2.4. Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ор/1378 дугаар албан бичгээр “...******* төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газарт өөр зориулалтаар бусдад газар эзэмшүүлэхээр ...Тухайлбал, Оюу толгой уурхайн хашааны зүүн хойт талд Ханбогд сумын Засаг даргын 2016 оны А/34 дугаар захирамжаар “Эрдэнэсгалба” ХХК-д 4601006651 нэгж талбарын дугаартай 2га газрыг зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар, уурхайн хашааны зүүн талд Ханбогд сумын Засаг даргын 2018 оны а/138 дугаар захирамжаар “Даймонд” ХХК-д 4601006724 нэгж талбарын дугаартай 1га газрыг шатахуун түгээх станцын зориулалтаар тус тус олгосон байна, захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү...” гэх гомдлыг гаргасан,[1]

2.5. аймгийн Засаг даргаас 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01/2520 дугаар албан бичиг /...улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцал бүхий шийдвэрийг хүчингүй болгож ажиллах чиглэлийг үүгээр хүргүүлж байна/-ийг,

Мөн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/864 дүгээр албан бичиг /2018 оны а/158, 2022 оны а/391 дүгээр захирамжийг цуцлах, хүчингүй болгох, арга хэмжээ авч, хариуг ирүүлнэ үү/-ийг Ханбогд сумын Засаг даргад хүргүүлсэн.  /1хх-30,178/

2.6. “*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ор/812 дугаар албан бичиг /Улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас нь өөр зориулалтаар газар эзэмшүүлж,, ашиглуулахаар олгож болмооргүй байна/-ийг Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтэд хүргүүлсэн.[2]

2.7. Мөн нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр led/1261 дугаартай албан бичиг /…зориулалтын бусаар газар эзэмших, эрх олгосон асуудлаар бид Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар болон тантай харилцаж, тодруулга, зөвлөмж, мэдээлэл авч байгаа билээ.  …Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын дарга А.Энхманлайгаас Танд илгээсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/596 дугаар албан бичгийн хуулбарыг бид мөн хүлээн авсан. Иймд  албан бичигт дурдсаны дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу маргаан бүхий газруудын эзэмших эрхийг хүчингүй болгох, цуцлах шийдвэр гаргаж, бидний туслалцаа үзүүлэхийг хүсье/-ийг мөн аймгийн Засаг даргад хүргүүлсэн.[3]

2.8. Үүний дараа 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 06/961 дугаартай албан бичгээр “Даймонд” ХХК-д газар эзэмших эрх олгосон аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2018 оны а/158 дугаар захирамжийг хүчингүй болгож,  “Эрдэнэсгалба” ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/1210 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах журмын дагуу шинээр гаргаж, газар эзэмших эрхийг давхардуулан олгосон явдлыг нэг мөр шийдвэрлэж, ******* ХХК-д улсын тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаж өгөхийг аймгийн Засаг дарга Н.Энхбатаас хүссэн байх ба энэ бичгийн хариуд аймгийн Засаг дарга Н.Энхбат нь 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/1702 дугаар албан бичгээр “шийдвэрлүүлэхээр дурдсан дээрх асуудлуудад холбогдуулан шүүхээс эцсийн шийдвэр гаргаагүй тул хүсэлтийг шийдвэрлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байна” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.[4]

2.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 221/ШТ2025/0643 дугаар тогтоолоор “...тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захирамжийг хэвээр үлдээж /“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “*******” ХХК-ийн гаргасан “ аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг аймгийн Засаг даргад даалгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан/, уг бие даасан шаардлагыг тусад нь нэхэмжлэл гаргах байдлаар шийдвэрлүүлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн.

2.10. Нэхэмжлэгч 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШЗ2025/0168, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 120/ШЗ2025/0181 дугаартай захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг тус тус тогтоосон, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхэд гаргасан.

 

3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175-р тогтоолоор "*******" зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.

1. Тус тогтоолын 3 дахь заалтаар "*******" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, аймгийн Засаг дарга  нарт даалгасан.

Тодруулбал, аймгийн Засаг даргад тусгайлан ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах үүргийг даалгасан.

Тус тогтоолыг биелүүлж аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар тусгай хэрэгцээний газрыг ашиглах нөхцөл бий болж, төслийг амжилттай хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно.

2. аймгийн Засаг дарга нь тогтоолд дурдсан байршлын дагуу ерөнхий төлөвлөгөө боловсруулж аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй этгээд юм.

Гэтэл аймгийн Засаг дарга дээрх үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа болох нь Оюу толгой ХХК-иас удаа дараа Засаг дарга болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хандсан албан бичгүүдэд ирүүлсэн хариугаар тодорхой болсон.

аймгийн Засаг дарга нь дээрх тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, эс үйлдэхүй гаргаж байгаа төдийгүй Ханбогд сумын Засаг дарга Засгийн газрын 175 дугаар тогтоолтой давхцуулан бусдад газар эзэмших эрх олгосон асуудлын улмаас “*******” ХХК уурхайн үйлдвэрлэл эхэлсэнтэй холбогдуулаад уурхайн хамгаалалтын бүсийг байгуулах шаардлага үүссэн, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зориулалтад нийцүүлэн ашиглах боломжгүй нөхцөл байдал бодитоор үүссэн учраас “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасан зохицуулалтаас үзэхэд Засаг даргын шийдвэр нь өөрөө хууль тогтоомж, засгийн газар болон дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрт нийцсэн байх ёстой, хэрвээ нийцээгүй бол дээд шатны захиргааны байгууллага болох аймгийн Засаг дарга тухайн шийдвэрийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар тогтсон байна.

Ханбогд сумын Засаг дарга Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолд заасан зориулалтаас өөр зориулалтаар бусдад газар эзэмших эрх олгосон асуудал нь хууль тогтоомж, цаашлаад Засгийн газрын энэ тогтоолыг зөрчсөн зүйл байхад сумын Засаг даргын хуульд нийцээгүй шийдвэр хүчингүй болгох эрх хэмжээ аймгийн Засаг даргад холбогдох хууль тогтоомжоор маш тодорхой олгогдсон байхад доод шатны захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хүчингүй болгохгүй байгаа үйлдэл нь хууль бус үйлдэлд тооцогдоно гэж үзэж байна.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яам болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тухайн асуудлыг нягтлан үзэж холбогдох арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хандаад Ханбогд сумын Засаг даргын газар олголт хийсэн энэ захирамжууд Газрын тухай хуульд нийцэхгүй байна, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу гэдэг хүсэлтийг уламжилсан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/596 дугаар албан бичгээр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээг авах талаар аймгийн Засаг даргад хүргүүлсэн байдаг.

“Оюу толгой” төслийг амжилттай хэрэгжүүлэх явдал нь тухайн төслийг хэрэгжүүлэгч “*******” ХХК-ийн асуудал биш бөгөөд энэ төсөл улс, эх орны хөгжил, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаагийн хувьд улсын их өмчтэй шууд хамааралтай асуудал, энэ төслийг хэрэгжүүлэхэд бодитоор саад учирсан буюу гүний уурхайн хамгаалалтын бүсийг зайлшгүй байгуулах шаардлага үүссэн бөгөөд тухайн тогтоолыг хэрэгжүүлснээр гүний уурхайн хамгаалалтын бүсийг байгуулах юм.

Засгийн газрын тогтоолыг аймгийн Засаг дарга хэрэгжүүлж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар тусгай хэрэгцээний газрыг зориулалтын дагуу ашиглах нөхцөл байдал үүснэ.

Газрын тухай хуулийн 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.3.1, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтуудаас үзэхээр аймгийн Засаг дарга аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг болон сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төслийг иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх үүрэгтэй, тухайн төсөлд чиглэл өгч баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүй гэж үзэж байна.

аймгийн Засаг дарга нь хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, маргаан бүхий газрын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, Засгийн газрын хэрэгжүүлж буй төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг аймагтаа бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд газрын асуудлаар хэрэгжүүлэх энэ эрх, үүргийг хуульд тодорхой заасан байх ба аймгийн Засаг даргаас хуулиар хүлээсэн энэ үүргийг биелүүлэхээс удаа дараа үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг даалгах шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хэрэгжилт, гүйцэтгэлийг хангахад тухайн асуудал ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй гэдэг нь одоо байгаа хүчин төгөлдөр төлөв, олон хууль тогтоомжийн зохицуулалтын агуулга, мөн чанараар ойлгогдож байгаа, тиймээс мэдээгүй гэдэг шалтгаанууд энэ тогтоолын хэрэгжилтийг зогсоох, өөрөөр авч үзэх, ийм нөхцөл байдал болохгүй гэдгийг хэлэх ёстой.

Мөн өмнө нь ажиллаж байсан Засаг дарга нар өөрийн бүрэн эрхийн хэмжээнд 175 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын төлөө зохих чармайлтыг гаргаж ажиллаж байсан. Үндсэн хуульд Монгол Улс нэгдмэл байна гэж, хууль тогтоомжийн нэгдмэл тогтолцоо үйлчлэх талаар хуульчилсан. Үүнийг бид бодох ёстой.

“Оюу толгой” төсөл нь 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, түүний үр дүнд Монгол Улсын хөгжилд нэн хамааралтай төсөл болж Монгол Улсын Засгийн газар 34 хувийн хувьцааг нь эзэмшдэг болсон, Засгийн газрын 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг компани 34 хувиа эзэмшээд явж байгаа. Энэ төсөлтэй холбоотой асуудал улс орны хөгжилд их чухал учраас төслийн тодорхой асуудлууд хөндөгдөх бүрт Их Хурлаар орж энэ асуудал шийдэгдэж Монгол Улсын Их Хурлаар явж ирдэг туршлагатай. Тэгэхээр энэ байдалд анхаараад энэ төслийг Монгол Улсын ирээдүйд их хэрэгтэй, улс орны хөгжилд их хувь нэмрээ оруулах гэж үзээд энэ төслийн тэлэлттэй холбоотойгоор холбогдох газрыг 175 дугаар тогтоол тухайн үедээ гарч улсын тусгай хэрэгцээнд авсан. Уурхай тэлээд аюулгүй байдлын тухай асуудал яригдаад ирж байгаа нөхцөлд ядаж тэр орчмын шийдвэрлэж болох хэсгээсээ цаг хугацааны төлөвлөгөө гаргаад газар зохион байгуулалтаа хийгээд шийдвэрлээд явах нь хэлүүлсэн, хэлүүлээгүй орон нутгийн үүрэг.

Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэхүй гэдэг хугацаанд нь биелүүлээгүй нэг асуудал хамрагдахаас гадна биелүүлж шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгодог, энэ орхигдуулж байгаа үйл явц эс үйлдэхүй энд гарч ирж байгаа гэж ойлгох ёстой. Нөгөө талдаа Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1.2-т Засгийн газар өөрөө бүрэн эрхтэй гэдгийг, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1, 24 дүгээр зүйлийн 4 дэх заалтууд энэ маргааныг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.1, 60.1.1 дэх заалтууд энэ маргааныг шийдвэрлэхэд үйлчлэхээр, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Засаг даргын бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд мөн хуулийн 12.1.1 хамааралтай.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртэй зохион байгуулах гээд бүрэн эрх гэдэг нь зөвхөн эрх гэж ойлгохгүй, хариуцагч тэрийг ойлгох ёстой, бүрэн эрх гээд байвал юу ч бүтэхээ болино. Ийм учраас Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 онцгой ач холбогдолтой.

Мөн Геодези, зураг зүйн тухай хуулийн 5.8.1 дэх хэсэгт тодорхой заасан бөгөөд төрийн бодлого, хууль тогтоомжийг харьяалах нутаг дэвсгэртэй хэрэгжүүлж зохион байгуулах үүргийг өгдөг. Үүнээс үүдэн 2011 онд тогтоол гарсан. Тэгээд 2017 онд Засгийн газар дахиж 287 дугаартай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох гэсэн нэртэй тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 3.13 дээр шийдвэр гарсны дараа Засаг даргын авч хэрэгжүүлэх арга хэмжээг буюу тусгай хэрэгцээнд авсан газрын хүрээнд биелүүлж хэрэгжүүлэх ажлуудыг нь тодорхой зааж өгсөн. Бид хожим янз бүрийн эрсдэл үүсэх, томоохон хэмжээний хөрөнгө оруулагчдын хоорондын маргаан гарах үед энэ асуудлыг ярьж амаа барихгүйн тулд, мөн хариуцагч тал үүнийг ойлгоосой гэж эрт хандсан.

Тийм учраас нийтийн эрх ашигтай холбоотой, нийтийн өмчийн үр дагавартай холбоотой, улс орны хөгжилтэй холбоотой, цаашилбал баялгийн сангаа байгуулаад “Оюу толгой” болон бусад ашигт малтмал, уул уурхайн чиглэлийн томоохон компаниудын зарим орлогыг төвлөрүүлэх замаар ард түмэндээ үр өгөөжийг нь хүртээх гэж байгаа нь төрийн бодлоготой холбоотой тул энэ тогтоолтой маргасан, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан 2 дугаар талбай нь 20 эргэлтийн цэгтэй бөгөөд 11, 12, 13 дугаар эргэлтийн цэг нь Монгол Улсын хилийн шугамаас гадна гарч зураглагдсан, мөн батлагдсан талбайн хэмжээ зөрүүтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын үндэслэл хэсэгт заасан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт нь ашигт малтмалын асуудлаар шийдвэр гаргах Засгийн газрын бүрэн эрх бөгөөд тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаарх саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэсэн заалт бөгөөд энэ тогтоолоор зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих зориулалтаар 263.730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хил заагийг тогтоосон боловч үндэслэл болгосон хуулийн заалт нь ашигт малтмалын талаарх Засгийн газрын бүрэн эрхэд хамааралтай байх тул Газрын тухай хуульд нийцэхгүй байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино, энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглахтай холбоотой зохицуулсан харилцааг Засгийн газар бүрэн эрхэд хэрхэн авах вэ гэдэг хуулийн заалтаар энэ газрыг тусгай хэрэгцээнд авсан байна. Энэ нь зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой заалт бөгөөд энэ заалтаар авсан 3 талбай бүхий үндсэн талбайн нэгдүгээр талбай гэхэд Засгийн газрын тогтоолын талбайн хэмжээ нь солбицлоор холбож зурагласан талбай нь 85352 га буюу зөрүү нь 152 га, хоёр дахь талбайн хэмжээн зөрүү нь 95 га, гурав дахь талбайн хэмжээн зөрүү нь 161 га  байдаг.

Энэ тогтоол гарахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтууд газрыг улсын тусгай хэрэгцээнд авах Засгийн газрын бүрэн эрхийн заалтууд дээр Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын 2, 3 дахь заалтууд огт хийгдээгүй, 2 дахь заалт нь газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах тухай саналыг аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох төрийн захиргааны төв байгууллагад газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад гаргана гэхээр газрыг тусгай хэрэгцээнд авах асуудлыг газрын асуудал эрхэлсэн байгууллага Засгийн газарт гаргадаг байна.

Энэ журмын 3 дахь хэсэгт газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, улсын тусгай хэрэгцээнээс гаргах саналд тухайн газрыг харьяалдаг аймаг болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг хавсаргасан байх ёстой. 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол гарснаас хойш аймгийн Засаг дарга дээр тус тогтоолыг хэрэгжүүлэх эсэх талаар Засгийн газраас ямар нэгэн бичиг баримт ирж байгаагүй, мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ч ирээгүй.

аймгийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны чиглэлийн хэлтэс дээр Засгийн газрын тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд бүгд хяналтад авагдаж, хэрэгжилтийг хангаж ажилладаг байхад Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын энэ тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн хяналтад байхгүй, газрын кадастрын мэдээллийн системд огт бүртгэгдээгүй.

Энэ тогтоолын хавсралт, солбицол алдаатай байсан учраас сүүлд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар дээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газрын кадастрын мэдээллийн системд энэ тогтоол бүртгэгдсэн байдаг. Энэ тогтоолыг бүхэлд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад авах ёстой мэтээр нэхэмжлэгч талаас хэлж байгаа нь үндэслэлгүй, тогтоолын 1, 2 дахь заалт хамааралгүй, харин 3 заалтад Засаг даргад тусгай хэрэгцээнд орсон газартай холбоотой үйл ажиллагаа даалгасан байдаг ч аль нь ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь тодорхойгүй байдлаар даалгасан байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. аймагт газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байдаг. Уг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төлөвлөлт төлөвлөгдөж суугдсаны дараа тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудал яригддаг.

аймгийн газар зохион байгуулалтын тухайн үед мөрдөгдөж байсан 2005 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хүлээж авсан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 2011 оны 175 дугаар тогтоолтой холбоотой газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар төлөвлөгөөнд огт байхгүй.

Газрыг улсын тусгай хэрэгцээнд авсныхаа дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулдаг хууль зүйн үндэслэл хууль, журам дээр ч байхгүй. Хуучин нэршлээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас 2015 онд Барилга хот байгуулалтын яаманд ажлын хэсэг гаргаж ирээд тус тогтоолтой холбоотой мэдээллийг хүргүүлсэн, энэ ажлын хэсгийн танилцуулга Барилга хот байгуулалтын яам руу явсан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас энэ тогтоол хууль зүйн үндэслэлгүй, Газрын тухай хуульд нийцээгүй гэдгийг албан ёсоор гаргасан 1/1407 дугаар 2015 оны 10 сарын 28-ны өдрийн Барилга хот байгуулалтын яаманд гаргасан албан бичгээр Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын ажлын хэсэг гаргаж ажиллаад үндсэндээ Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол Газрын тухай хуульд нийцээгүй гэж ажлын хэсгийн дүгнэлт гараад хүргүүлсэн байдаг.

Тэгэхээр Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол Засгийн газрын тусгай хэрэгцээнд авах, Ашигт малтмалын тухай хуультай холбоотой зүйл заалтаар авсан тогтоол болохоос, газартай холбоотой Газрын тухай хуулийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журмын дагуу авсан тогтоол биш учраас тус тогтоолыг аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

4.1. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны акт гэж 37 дугаар зүйлийн 37.3 дээр эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

Хариуцагчийн зүгээс “*******” ХХК-аас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй ч юм уу, эсвэл шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл хийсэн, үүнээс нь улбаалаад “*******” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдсөн нөхцөл байдал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл дээр огт байхгүй. Засгийн газрын 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гэдэг зүйлийг шүүхээс тогтоох боломжгүй, нэхэмжлэгчид чиглэсэн эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Мөн энэ тогтоолыг бүхэлд нь биелүүлэхийг даалгах гээд даалгах шаардлага нь ирээдүйд чиглэсэн, хангагдсан тохиолдолд тухайн үүргийг хариуцагч биелүүлэх буюу энэ үүрэг нь биелэгдэх боломжтой байх ёстой байдаг.

Гэтэл энэ тогтоолоос харахаар энэ тогтоолыг хариуцагч дангаараа биелүүлэх боломжгүй харагддаг. Хоёр дахь заалтаараа гэхэд Эрдэнэс баялаг, эрчим хүчний сайд, сангийн сайд нарт үүрэг болгосон. Гурав дахь заалтаараа Засгийн газарт танилцуулахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд н.Баттулга болон Өмнөговийн Засаг дарга н.Бадраа нарт үүрэг болгосугай гээд хэд хэдэн субъектүүдэд чиглэсэн тогтоол гарахад үүнийг зөвхөн аймгийн Засаг дарга биелүүлэх ёстой мэтээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа нь учир дутагдалтай учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна.

Энэ тогтоолыг хэрэгжүүлээгүй гэдэг үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг зөрчигдсөнтэй холбоотой, шаардлага, үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас сумын Засаг дарга холбогдох хуулийн этгээдүүдэд газар олгочихсон гэж тайлбарлаад байдаг.

Гэтэл энэ шийдвэр гаргасан албан тушаалтантай холбоотой асуудал байгаа болохоос биш сумын Засаг дарга газар олгосон нь аймгийн Засаг даргатай ямар холбоотой юм, энэ тогтоолтой ямар холбоотой юм, яагаад үүнээс улбаалаад “*******” ХХК-ийн ямар эрх, ашиг зөрчигдсөн гэж үзээд байгаа юм. Энэ талаараа тайлбар үндэслэл нь тодорхой биш байгаа, энэ тогтоол гарснаас хойш Засгийн газраас дээрх тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой заавар чиглэлийг Өмнөговийн Засаг даргад огт ирүүлээгүй, мөн энэ тогтоолын 3 дахь хэсгээс харахад тогтоолыг биелүүлэх үүрэг бүхий этгээдийн нэр зааж өгснийг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сайд н.Баттулга, засаг дарга н.Бадраа гээд заачихсан. Зүгээр л Засаг даргад гэсэн бол дараа дараагийн Засаг дарга нар ч гэсэн биелүүлэх үүрэг үүсэх байсан болов уу. Гэтэл энэ дээр зөвхөн н.Бадраа гэж субъект болгож нэр зааж өгсөн, одоо өөр хүн Засаг даргаар ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.

2011 оны 3 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулах үүргийг эдгээр хүмүүст өгчихсөн. Гэтэл 2011 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлэх ёстой ажлыг өнөөдөр шинээр томилогдсон Засаг дарга Н.Энхбат биелүүлэх ёстой юм гэдэг байдлаар шаардлага гаргаж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байна.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” гэж зааснаар эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болох www.Legalinfo.mn сайтаас Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын үйлчлэлтэй холбогдон гарч байсан эрх зүйн актыг шүүж, нотлох баримтаар ашигласан болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “ аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тусгайлан хүлээсэн үүргийн дагуу тус тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, тухайн газрыг чөлөөлж, орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авч Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг даалгах” гэж /агуулгаар/ тодруулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба шүүх хуралдаанаар хариуцагч аймгийн Засаг дарга нь Засгийн газрын 175 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан эсэхэд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтууд:

1.1. “Оюу толгой” ХХК нь энэ нэхэмжлэлийг гаргахаас өмнө Засаг даргад  2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ор/1378 дугаартай,  2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн led/1261 дугаартай албан бичгүүдээр “улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас нь өөр зориулалтаар газар эзэмших эрх олгосон Сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн байна.[5]

1.2. Мөн “*******” ХХК нь Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга *******д хандан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ор/2986 дугаартай бичгээр “...хэргийн хариуцагч болох аймгийн Ханбогд сумын Засаг дарга хууль бус үйлдлээ засаж залруулахын оронд Засгийн газрын бодлого шийдвэрийг илтэд эсэргүүцсэн, үгүйсгэсэн агуулга бүхий хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газар нь газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж хангах бүрэн эрхтэй байх тул дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг хичээнгүйлэн хүсэж байна, Энэхүү асуудлаар ...Таны боломжтой үед уулзаж ярилцах бүрэн боломжтой болохыг илэрхийлж байна” гэх агуулгатай гомдол гаргажээ.[6]

1.3. Уг гомдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ******* хянаад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт “Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга *******гийн “асуудлыг нягтлан үзэж арга хэмжээ авах саналаа танилцуулахыг..” даалгасан 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ХЭГ/323 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байна.[7]

1.4. Дээрх ХЭГ/323 дугаартай албан бичгийг хүлээн авсан Уул уурхай, Хүнд үйлдвэрийн Яам нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/480 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын дарга А.Энхманлайд хандан “...Засгийн газрын 175 дугаар тогтоолоор ******* зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчлэн болон бүхэлд нь давхцуулан Ханбогд сумын Засаг дарга ... газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан байна. ...Илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах тухай зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, холбогдох болон төрийн захиргааны төв байгууллага болон Засаг даргатай улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гуравлсан гэрээ байгуулах, уг гэрээг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох, улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх” зэргээр арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүссэн байна.[8]

1.5. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын дарга А.Энхманлай нь дээрх 03/480 тоот албан бичгийг хүлээн аваад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/596 дугаар албан бичгээр аймгийн Засаг дарга Р.Сэддоржид “... Засгийн Газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор авсан Улсын тусгай хэрэгцээний газартай “Эрдэнэсгалба” ХХК-д олгосон ... газрууд давхцалтай байна., ... газрын зориулалт нь 2011 оны 175 дугаар тогтоолын ... зориулалттай нийцэхгүй байна,  ... Засгийн газрын 2017 оны 287 дугаар “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын 5.1.2-т “тухайн газраас иргэн аж ахуйн нэгжид  газар өмчлүүлж, эзэмшүүлэхгүй байх” гэж заасныг зөрчиж олгосон байна. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасны дагуу ... газар эзэмших эрхийг цуцлах”-ыг мэдэгдсэн байна.[9]

1.6. аймгийн Засаг дарга нь дээд шатны Засаг даргын эрх хэмжээний хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/1210 дугаартай захирамжаар Ханбогд сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А391 дүгээр захирамжийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг зөрчиж шийдвэрлэсэн гэж хүчингүй болгожээ.

1.7. Дээр дурдсан баримтуудаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн Ерөнхий газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/596 дугаартай албан бичиг болон нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлтүүдэд дурдсан “улсын тусгай хэрэгцээний газарт тусгай хэрэгцээнд авсан зориулалтаас нь өөр зориулалтаар газар эзэмших эрх олгосон Сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах” хүсэлтийг шийдвэрлэсэн байна.

1.8. аймгийн Засаг даргын орлогчийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/1210 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “Эрдэнэсгалба” ХХК нь маргасан маргааныг шүүхээр шийдвэрлэж дуусаагүй нь хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байна.

 

Хоёр. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол, түүнтэй холбоотой бусад эрх зүйн акт, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар:

2.1. Уг тогтоолоор - "*******" зэрэг ашигт малтмалын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Манлай, Цогтцэций сумдын нутагт зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийг хавсралт ёсоор тогтоож,

- Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн газрын нөхөн олговрыг зохих хууль тогтоомжийн дагуу тооцож олгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж,

- "*******" төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зам, гүний усны шугам хоолой, харилцаа холбооны дэд бүтцийн барилга байгууламж болон цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, тухайн орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах арга хэмжээ авч, дүнг 2011 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймгийн Засаг дарга Б.Бадраа нарт даалгасан байна.[10]

2.2. Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол Газрын хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байх тул хуульд нийцүүлэн өөрчлөх, эсхүл хүчингүй болгохыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, биелэлтийг 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтан танилцуулахыг даалгасан байна.[11]

2.3. Уг тогтоолын “орон нутгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах” хэрэгжилтийн хүрээнд Зам тээврийн яамнаас шийдвэр гаргаагүй, харин Барилга, хот байгуулалтын яамнаас дээрх тогтоолыг шинэчлэн батлахаар 2016 онд 01/299 тоот албан бичгээр санал авч байсан нь Зам тээврийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 02/5325 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.[12]

2.4. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2015 оны А/206 тоот тушаалаар  байгуулагдсан “Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг “Газрын тухай” хуулийн 16.1.3 заалттай уялдуулах санал боловсруулах, түүнчлэн тусгай хэрэгцээнд авсантай холбогдуулан тухайн газарт байгаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын судалгаа хийх” үүрэг бүхий ажлын хэсэг нь 175 дугаар тогтоолыг өөрчлөх, давхцалтай газрыг судалж улмаар уг тогтоолд заасан 263730 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг боловсруулсан болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Барилга, хот байгуулалтын Яаманд хүргүүлсэн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/1407 албан бичиг, түүнд хавсаргасан танилцуулга, хурлын тэмдэглэл, судалгаа, тогтоолын төсөл зэргээр тогтоогдож байна.[13]

Дээрх ажлын хэсгийн гаргасан судалгаагаар Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол гарахаас өмнө 13 газар эзэмшигчийн 7088 га газар, 3 газар ашиглагчийн 26,1 га газар, 8 аж ахуйн нэгжийн 4841,4 га газар давхцалтай байжээ. Энэ үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар тогтоолын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил гэж үзэхээр байна.

2.5. Харин дээрх ажлын хэсгийн танилцуулга болон Байнгын Хорооны чиглэлийн дагуу Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хуульд нийцүүлэн өөрчлөөгүй байна.

2.6. Үүнээс хойш буюу 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Их хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол гарчээ.

Уг тогтоолын 5-д “Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай" тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох”-ыг Засгийн газарт даалгасан байна.[14]

2.7. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийн 3.2-т “...Монгол Улсын Их хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах замаар “Оюу толгой” ордын ашиглалтад гарч буй сөрөг үр дагавруудыг арилгахын тулд тогтоолыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй юм...” гэж дүгнэж, холбогдох баримтуудыг хавсралтаар жагсаасан байна.[15]

2.8. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланд хийсэн дүн шинжилгээ /2025 оны эхний хагас жилийн байдлаар/-ний хавсралтаар гаргасан хэрэгжсэн тогтоолын заалт гэсэн хэсгийн 3-т “Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 тоот “Газрыг улсын хэрэгцээнд авах тухай" тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох шийдвэр хэрэгжсэн гэж үзжээ.[16]

 

Гурав. Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт газрын гэрчилгээ олгох, бүртгэх талаарх эрх зүйн зохицуулалтууд: Үүнд:

3.1. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 10.21-д “Улсын тусгай хэрэгцээний газарт аймаг, нийслэл, сум, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгоно” гэжээ.

3.2. Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор дээрх журмыг хүчингүй болгож, уг тогтоолын хавсралтаар шинээр батлагдсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-ын 3.13-т зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга улсын тусгай хэрэгцээний газрыг ашиглах тухай гуравласан гэрээ байгуулах,

гэрээг үндэслэн холбогдох төрийн захиргааны төв байгууллагад улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээ олгох,

улсын тусгай хэрэгцээнд авсан газрын нэгж талбарын эргэлтийн цэгийг батлагдсан солбицлоор газарт бэхлэх, кадастрын зураг үйлдэн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх арга хэмжээ авах, газрын кадастрын мэдээллийн сангийн холбогдох мэдээллийг байгаль орчны болон ашигт малтмалын асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй байна. /энэ тогтоол нь Засгийн газрын 2025 оны 03 сарын 19-ны  өдрийн 138 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

3.3. 1999 онд батлагдан мөрдөгдсөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулиар кадастрын зураглалын сан, газрын мэдээллийн сангийн талаар зохицуулж мөрдөж байсан байна. Харин Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоол  батлагдан гарснаар өмнө байсан газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг цахим хэлбэрт, мөн улсын хэмжээнд ашиглаж байсан газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн сантай холбож дундын мэдээллийн санг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Дээрх хууль, журамд зааснаар улсын тусгай хэрэгцээнд авсан газрын мэдээллийг Газрын кадастрын улсын мэдээллийн санд холбогдох хууль, журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгох нь төрийн захиргааны байгууллагын үүрэг байна.

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” хэд хэдэн удаа өөрчлөгдөж хүчингүй болсон байх боловч аль ч журамд тусгай хэрэгцээнд авсан газарт гэрчилгээ олгохоор зохицуулж байсан байх ба Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолд заасан газарт гэрчилгээ олгогдоогүй, бүртгэгдээгүй байсан байна.

 

Дөрөв. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газрыг Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн системд бүртгэсэн талаарх хүсэлтүүдэд эрх бүхий байгууллагаас дараах хариуг өгч байсан байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3-т “Засгийн газар тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг тэдгээрийн заалтыг хариуцан гүйцэтгэх байгууллагад тараан хүргүүлж, биелэлтийг нь хянан шалгаж, зохион байгуулан үр дүнг хугацаанд нь тооцож байвал зохино” гэж заасан.

4.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичигт “Засгийн газрын  2020 оны 110 дугаар тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд албан ёсоор улсын хэмжээнд нэвтрүүлсэн бөгөөд үүнээс хойшхи хугацаанд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан зориулалтаар дээр дурдсан журмын дагуу улсын тусгай хэрэгцээнд авсан газруудыг тус газраас цахим системд тухай бүр бүртгэж ирсэн.

Харин цахим систем нэвтрэхээс өмнөх улсын тусгай хэрэгцээнд авсан зарим газруудын мэдээлэл цахим системд бүртгэгдээгүй байсан.

Иймээс тус газраас цахим системд бүртгэгдээгүй Улсын тусгай хэрэгцээний газруудын мэдээллийг шалгаж, нөхөж бүртгэх ажлыг 2025 онд гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хүрээнд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хилийн заагийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэх ажлыг хийж гүйцэтгэсэн” гэжээ.[17]

4.2. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Халиунд ирүүлсэн 2025 оны 2/528 тоот албан бичигт “албан бичигт дурдсан аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны а/34, а/105, 2018 оны а/157, а/158 дугаар захирамжуудыг шалгаж үзэхэд:...   аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2016 оны а/34 захирамжаар “*******” ХХК-д зуурмагийн үйлдвэрийн зориулалтаар 2 га, а/105 дугаар захирамжаар “Баянгурван-Эрдэнэ” ХХК-д авто зогсоолын зориулалтаар 1 га газрыг олгосон асуудал нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоолоор авсан газрын зориулалтад нийцэхгүй байна.

Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтаар 3 талбайн солбицлыг баталсан бөгөөд солбицлыг боловсруулан шалгаж үзэхэд 1, 3 дугаар талбайн эргэлтийн цэгүүд зөрүүгүй бөгөөд таны албан бичигт дурдсан газрын давхцалын асуудал нь 1 дүгээр талбайд хамааралтай байна. Харин 2 дугаар эргэлтийн цэг, талбайн хэмжээний зөрүүтэй асуудлыг тус газраас тодруулах ажлыг зохион байгуулж байгаа ...” гэжээ.[18]

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* “... хавсралтаар батлагдсан 2 дугаар хавсралтаар талбай нь 20 эргэлтийн цэгтэй бөгөөд 11, 12, 13 дугаар эргэлтийн цэг нь Монгол Улсын хилийн шугамаас гадна гарч зураглагдсан, мөн талбайн хэмжээ зөрүүтэй.

Талбайн хэмжээ нь 85,200 га солбицлоор холбож зурагласан талбай нь 85,352 га, зөрүү нь 152 га, зурагласан 2-р талбай нь 115,295 га, зөрүү нь 95 га, зурагласан 3 дугаар талбай нь 63,491 га, зөрүү нь 161 га байдаг, маргаан бүхий тогтоол гарсан талаар манай газарт болон аймгийн Засаг даргад огт мэдэгдэж байгаагүй, нөхөн олговрын талаарх асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй, энэ тогтоолын 3 дахь заалт хэрэгжих боломжгүй...” гэж,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч З. Сүхбаатар “хариуцагч талаас улсын хилийн зурвас энэ тэр гээд хэлж байсан тэр талаар бид сайн мэдэхгүй байна, тийм байлаа гээд энэ тогтоолыг хэрэгжүүлэхгүй байх буюу ямар ч байсан энэ төслийг гацаанд оруулах дайны нөхцөл байдлыг үүсгэхгүй. Хэрэгжихдээ бодит байдал дээр зөрүү гарч байгаа, түүгээрээ хязгаарлагдана гэдэг нь хууль тогтоомжийг хэрэгжүүлж байхад ойлгомжтой” гэж тус тус тайлбарлан Засгийн газрын тогтоолд заасан газрын эргэлтийн цэг, талбайн хэмжээний талаар мэтгэлцсэн.

4.3. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХЭГ/01 дугаартай албан бичигт “Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай”  Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоол болон хавсралтад өөрчлөлт ороогүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байгаа”[19] гэжээ.

Эдгээр албан бичгүүдийг харьцуулж үзвэл, Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хавсралтад алдаатай зурагдсан хилийн заагийг өөрчлөхгүйгээр газрын кадастрын нэгдмэл санд уг газрыг бүртгэх боломжгүй тул уг газрыг нөхөн бүртгэсэн гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/4044 дугаартай албан бичгийг үнэн зөв агуулгыг илэрхийлсэн гэж үзэх боломжгүй, тухайн маргаан бүхий тогтоолыг хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй байсан байна.

4.4. Монгол Улсын Их Хурлаас “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт 2011 оны 175 тогтоолыг өөрчлөх талаар өгсөн үүрэг, УИХ-ын байнгын хорооноос өгсөн чиглэл, эдгээр тогтоол, чиглэлийг хэрэгжүүлэхээр байгуулагдсан ажлын хэсгийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа зэрэг нөхцөл байдал зэргээс дүгнэхэд уг тогтоол хэдийгээр хүчин төгөлдөр боловч анхнаасаа бодит байдалд хэрэгжих боломжгүй байсан гэж үзэхээр байна.

4.5. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол...гаргана”, 2 дахь хэсэгт “Засгийн газар асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2011 оны 175 тогтоолд өөрчлөлт оруулах нөхцөл байдал бий болсон байсан нь Байнгын Хорооны чиглэл, УИХ-ын тогтоолоор тогтоогдож байх тул уг тогтоолын анхны бичвэрийн зарим зүйл заалтыг өөрчлөн найруулах, эсхүл тодорхой зүйл, заалтыг буюу бүхэлд нь хүчингүй болсонд тооцох төсөл боловсруулагдсан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэхээр байх ба ийм үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

4.6. Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 384 дүгээр тогтоолын “а. улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газруудын байршил, хил зааг, хэмжээг газар дээр нь нарийвчлан тогтоож, газрын мэдээллийн санд бүртгэн олон нийтэд мэдээлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү), бүх шатны Засаг дарга нарт;

б/ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулж, шинэчлэн батлуулах талаар шуурхай арга хэмжээ авч ажиллан газар зохион байгуулалтын зураг, схем, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусах хүртэлх хугацаанд улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ хэрэгжих газарт бусдад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгож, энэ чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (Ц.Ганхүү)-т тус тус даалгасан байна.

Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 2.1.3-т “олон улс, улс, бүс нутгийг хамарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох” нь газар зохион байгуулалт хийх үндэслэл болохоор заасан байна.

Мөн журмын 3.5-д “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймаг, нийслэл, сум, дүүргийн болон тусгай хэрэгцээний газрын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэслэл болох бөгөөд газар зохион байгуулалтын бүх шатны төлөвлөгөөг ерөнхийгөөс эхлэн нарийвчлах зарчмаар нутаг дэвсгэрийн нэгж бүрээр боловсруулж хэрэгжүүлнэ”, 3.7-д “Аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврыг аймаг, нийслэлийн газрын алба боловсруулж, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны Засаг дарга хамтран батална” гэж тус тус зохицуулсан.

аймгийн Засаг дарга нь Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах эрх хэмжээтэй боловч дээрх тогтоол, журамд зааснаар уг төлөвлөгөө нь улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний бүрдэл хэсэг болж, улмаар төлөвлөгөөг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байна.

4.7. Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах үүрэгтэй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж тус тус заасан. Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоос үзвэл, тус тогтоолын 1, 2 дахь заалт болон уг тогтоолд заасан байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, газрыг чөлөөлөх зэрэг үүргийг тусгайлан аймгийн Засаг даргад хүлээлгэсэн гэж үзэхээргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр аймгийн Засаг даргыг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй тул байршлын талбайн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахгүй, тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ шийдвэр нь Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол хэрэгжихэд саад болж буй нөхцөл арилсан тохиолдолд тус газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахгүй байх арга хэмжээ авч ажиллахад саад болохгүй дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, “Оюу толгой” ХХК-иас аймгийн Засаг дарга Р.Сэддоржид “дэд бүтэц, ашиглалт, тээвэр ложистик, эрчим хүчний судалгааны зориулалтаар ашиглах шаардлага үүссэн” тухай гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны бичгээр гаргаж байсан бөгөөд уг үндэслэл нь одоогийн хэлэлцэж буй хэргийн үндэслэл болсон, мөн Засгийн газрын 175 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан гэх газар нь ******* ХХК-ийн дангаараа ашиглуулах эрх олгосон газар гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь, Нэхэмжлэгчээс “...тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, биелүүлэхийг даалгах...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны “эс үйлдэхүй”-тэй холбоотой нэхэмжлэлийг гаргах хугацааг хэзээнээс яаж тооцох талаар нарийвчлан заагаагүй тул заавал урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангасан байхыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллагад энэ талаарх гомдол, хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх нь ач холбогдолгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээр түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******” ХХК-иас гаргасан “ аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг зохих ёсоор биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус тогтоолыг биелүүлэхийг мөн аймгийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ

 

[1] Хавтаст хэрэг /1/-ийн 11-14 дэх талд

[2] Хавтаст хэрэг /1/-ийн 15-20 дахь талд

[3] Хавтаст хэрэг /1/-ийн 21-22 дахь талд

[4] Хавтаст хэрэг /1/-ийн 23-29, 60 дахь талд

[5] Хавтаст хэрэг /1/-ийн 11-12, 21-22 дахь талд

[6] Хавтаст хэрэг /2/-ийн 52-53 дахь талд

[7] Хавтаст хэрэг /2/-ийн 38 дахь талд

[8] Хавтаст хэрэг /2/-ийн 60-61 дэх талд

[9] Хавтаст хэрэг /1/-ийн 32-33 дахь талд

[10] Хавтаст хэрэг /1/-ийн 165 дахь талд

[11] Хавтаст хэрэг /2/-ийн 92 дахь талд

[12] Хавтаст хэрэг /2/-ийн 79 дэх талд

[13] Хавтаст хэрэг /1/-ийн 136-153 дахь талд

[14] Хавтаст хэрэг /2/-ийн 95-96 дахь талд

[15] Хавтаст хэрэг /2/-ийн 97-110 дахь талд

[16] Хавтаст хэрэг /2/-ийн 111-114 дэх талд

[17] Хавтаст хэрэг /1/-ийн 160-161 дэх талд

[18] Хавтаст хэрэг /1/-ийн 36-38 дахь талд

[19] Хавтаст хэрэг /1/-ийн 164 дэх талд