Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 302/ШШ2025/00148

 

 

 

 

 

    2025            02           19      

                             302/ШШ2025/00148

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Х овогт И-н Н

Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Ж хазбек овогт Б-ы Зибагүл

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.Ат үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Галымбект холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Галымбекийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асрамжид шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчид Б.З, И.Н,

Хүсэлт гаргагч нарын өмгөөлөгч С.Н,

Үрчлэгдсэн хүүхэд А.Г

Орчуулагч М.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Хүсэлт гаргагч Б.З, И.Н нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.А-т үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Г-т холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Г-ийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асрамжид шилжүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нараас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хүсэлт гаргагч Б.З, И.Н бид 2006 онд гэр бүлж болж, 2007 онд хүү Н.Г төрсөн. Казахын уламжлалт ёсоор ууган хүүхдээ бид 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1 нас 5 сартайд нь эмээ нь болох С овогт А-ийн А-т үрчлүүлсэн билээ. Хүү маань 2 нас хүрсэн үед ээжийн маань хууч өвчин нь хөдөлж өвдөн улам хүндэрсээр байсан тул хүүхэд асрах чадваргүй болсон тул хүү Г нь бидэнтэй хамт амьдарч байсан. Гэхдээ хүү эмээгийн нэр дээр байсан. Хүүхэд маань бидэнтэй хамт амьдарч өсөн торнисоор одоо 12 дугаар ангид Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд суралцаж байгаа. Эмээ нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барж, хүү Г маань асран хамгаалагчгүй болсон.

1.2. Үндэснийхээ уламжлалыг даган хүүхдээ үрчлүүлсэн ч асран хамгаалагчгүй болсон нь хүүхдээ гадаад оронд суралцуулахад том саад учруулах эрсдэлтэй байна. Тодруулбал насанд хүрээгүй хүүхдийг гадаадад зорчиход хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэл шаарддаг юм байна. Гэтэл А.Г-ийн хууль ёсны эцэг, эх нь нас барсан тул ямар нэгэн итгэмжлэл, зөвшөөрөл авч  чадахгүй байгаа. Үүнээс болж түүний эрх ашиг нь зөрчигдөхөд хүрч байна.

1.3. Иймд Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.А-д үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Г-т холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Г-ийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асрамжид шилжүүлж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамж, Б аймгийн Б сумын 5 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/41 тоот тодорхойлолт, Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, үрчилсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.З, И.Н нарын гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, А.А, Б.З, А.Г, И.Н нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Н-ын өмгөөлөгчөөр авсан өмгөөллийн гэрээ, А.Г-ийн гарын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримтыг гаргаж өгсөн байна.

3. Шүүхийн журмаар Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/109 дугаартай албан бичгээр хүргүүлсэн И.Нагашыбай, Б.З, А.А, А.Г нарын ХААТР маягтууд, И.Н, Б.З нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, А.А-ын нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4. Шүүхээс хүсэлт гаргагч Б.З, И.Н нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хүсэлт гаргагч Б.З, И.Н нар хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч Б.З, И.Н бид 2006 онд гэр бүлж болж, 2007 онд хүү Н.Гтөрсөн. Казахын уламжлалт ёсоор ууган хүүхдээ бид 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1 нас 5 сартайд нь эмээ нь болох Сарбас овогт А-гийн А-т үрчлүүлсэн билээ. Хүү маань 2 нас хүрсэн үед ээжийн маань хууч өвчин нь хөдөлж өвдөн улам хүндэрсээр байсан тул хүүхэд асрах чадваргүй болсон тул хүү Г нь бидэнтэй хамт амьдарч байсан. Эмээ нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өвчний улмаас нас барж, хүү Г маань асран хамгаалагчгүй үлдсэн. Иймд захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хүсэлт гаргагч Б.З, И.Н нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.6-д хэрэв хүсэлт гаргагчид өөр өөр газар оршин суугаа бол тэдний сонгосон газрын шүүхэд, эсхүл үйл явдал болсон газрын шүүхэд хүсэлтээ гаргана гэж хуульчилсан байна.

7. Хүсэлт гаргагч Б.З, И.Н нар нь Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.А-т үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Г-т холбогдох хэсгийг  хүчингүй болгож, Г-ийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асрамжид шилжүүлэх тухай хүсэлтийг хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Үүнд:

7.1. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай захирамж, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/109 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас ХААТР-12 /А/ маягт, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон CVL11111111111 Үрчилсний бүртгэлийн лавлагаанд Үрчлэхийн өмнө хүүхдийн: Х овогт Н-гийн Г-ийг С овогт А-ийн А-т 2008 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүүхэд үрчилсний бүртгэлийн 20-рт бүртгэсэн гэх энэхүү нотлох баримтуудаар Н-гийн Г-ийг эмэг эх А.А-т үрчлүүлсэн байна.

7.2. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 12/109 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаанд Х овогт И-гийн Н, Ж Х овогт Б-ы З нар нь гэр бүл болсныг 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 526-рт бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

7.3. Үрчилж авсан эх С овогт А-ийн А нь 2022 оны  02 дугаар сарын 08-ны өдөр нас барсныг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн нас барсны бүртгэлийн 0005-рт бүртгэж CVL2583000001000288 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.4. Хүү Х овогт Н-гийн Г /РД:Б111111111/ нь И.Н /РД:Б0000000/, Б.З /РД:Б00000000/ нарын гэр бүлд 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон CVL00000000000 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн CVL000000000 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

7.5. Хүү А.Г нь Б аймгийн Б сумын 5 дугаар багт ахын  хамт амьдардаг,  Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд  сурагч болох нь тус сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/111 дугаартай тодорхойлолтоор, мөн Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд 12 дугаар ангид сурч байгаа болох нь тус сургуулийн сургалтын менежерийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тодорхойлсон байна. 

7.6. Хүү А.Г-ийг төрүүлсэн эцэг И.Н шүүх хуралдаанд “Үрчлэлтийг хүчингүйд тооцуулснаар эдийн засгийн ашигтай байдал байхгүй. Эмээ нь нас барсан. Тэрнээс хойш А.Г-ийг бид өөрсдөө асарч байгаа. А.Г-ийн асран хамгаалагчаар дүү И.К-г тогтоосон. И.Күзеубайн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Хүү А.Г гадаадад суралцах гэж байгаа. Гэтэл хүү Г-ийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэх тайлбар, төрүүлсэн эх Б.З-ийн “А.Г-ийг эмээг эх А-т үрчлүүлсэн. А.Г 5 настай байхдаа эмээ нь сахрын өвчтэй болж хэвтэрт орсон. Тэрнээс хойш А.Г-ийг бид өөрсдөө асарч байгаа. А.Г-ийн асран хамгаалагчаар И.Н-н дүү И.К-г тогтоосон. И.К-н нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор хүү маань хохирч, хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна. Хүү А.Г гадаадад суралцах гэж байгаа. Хүүхэд маань хохирч байгаа учраас үрчлэлтийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Яагаад гэвэл асран хамгаалагч нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүн” гэх тайлбар, үрчлэгдсэн хүүхэд А.Г-ийн “Намайг эмээ А-т үрчлүүлсэн байна. Эмээ маань 3 жилийн өмнө нас барснаас хойш ах маань асран хамгаалагчаар тогтоогдсон байна. Би энэ талаар мэдээгүй байсан. Гадаадад сурах хүсэлттэй байгаа ба миний асран хамгаалагчаар тогтоогдсон хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, тодорхой эрхэлсэн ажилгүй болохоор би хохирох гэж байна. Үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна” гэх тайлбаруудыг тус тус гаргасан хүсэлтүүдийг харгалзан Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулан гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасан шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д ... шүүх нэхэмжлэлийг хангавал хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох тухай шийдвэр гаргана гэж, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-т шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх ... шилжүүлэхээр шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байна.

9. Хүсэлт гаргагч Б.З, И.Н нарын гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.А-т үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар хүү Г-ийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асран хамгаалалтад шилжүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6, 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62 дугаар зүйлийн 62.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 00 дугаартай захирамжаар Н-н Г-ийг А.А-т үрчлүүлсэн үрчлэлтийн Н.Г-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Г-ийг төрүүлсэн эцэг И.Н, эх Б.З нарын асран хамгаалалтад шилжүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.З, И.Н нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б