| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00068/И |
| Дугаар | 302/ШШ2025/00149 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 302/ШШ2025/00149
| 2025 02 19 | 302/ШШ2025/00149 |
|
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, С овогт М-ийн А
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, М хошах овогт Ш-ы Н
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтээ цуцлуулж, 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Н.Г, Н.Ж, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Н.А, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н.Е нарыг өөрийн асрамжид үлдээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.А,
Хариуцагч Ш.Н
Орчуулагч М.Нурасыл
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Ш.Н-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Н.Г, Н.Ж, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Н.А, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н.Е нарыг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч М.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Миний бие М.А нь Ш.Н-тай 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, иргэний гэрлэсний бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ихэр охин Н.Ж, Н.Г нар, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр охин Н.А, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү Н.Е нар төрсөн. Бид хоёр гэр бүл болсноос хойш хоорондоо таарамж муутай амьдарч ирсэн. Ш.Н нь байнга архи уудаг, архи ууж ирээд гэр оронд агсам тавьж, бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Гар хүрч зоддог. Энэ явдал байнга тохиолдож, цагдаагийн байгууллагаар шалгагдаж арга хэмжээ авагдаж байсан.
1.2. Би 2020 оны 5 дугаар сард 4 хүүхдээ авч гэр орноос явсан. Тэрнээс хойш тусдаа амьдарч байгаа ба эцэг маань Ө сумын 4 дүгээр багаас хашаа байшин худалдан өгч бид нарыг оруулсан. Гэр орноос явсан 4 жилийн хугацаанд Ш.Н нь гэр орондоо нэг ч удаа эргэж ирээгүй, байнга архи уугаад энд тэнд явж байгаа. Би түүнийг гэр орондоо эргэж ирэх болов уу, архиа больж засрах болов уу гэж 4 жил хүлээсэн боловч ямар ч найдвар байхгүй болсон учир аргагүйн эрхэнд гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр 2024 оны 06 дугаар 19-ний өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид танайд хандсан. Ш.Н нь тухайн үед хот руу явж эвлэрүүлэн зуучлагч дуудахад ирээгүй учир эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан. Ш.Н нь хэд хоногийн өмнө У хотоос Ө суманд байдаг гэрт буцаж ирсэн тул гэр бүлийн маргаанаа шийдвэрлүүлэхээр эвлэрүүлэн зуучлагчид дахин хандаж хооронд эвлэрэх боломжгүй учир 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дугаар тэмдэглэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон. Эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй.
1.3. Би цаашид Ш.Н-тай хамтран амьдрах ямар ч боломжгүй учир гэрлэлтээ цуцлуулж, 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Н.Г, Н.Ж, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Н.А, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Н.Е нарыг өөрийн асрамжид үлдээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш.Н хариу тайлбартаа: М.А бид хоёр 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэр болсон. Бид хоёрын дундаас 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Н.Г, Н.Ж нар төрсөн, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Н.Айсымбат төрсөн, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Н.Е төрсөн. Миний бие архинд орсон маань үнэн. Одоо гэр бүлээсээ тусдаа амьдарч байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийн асрамжид үлдээхийг дэмжиж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Н.А, Н.Г, Н.Ж, Н.Е нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тодорхойлолт, Б аймгийн ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн захирлын тодорхойлолт, Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Б аймгийн Ө сумын 00 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагааг гаргаж өгсөн.
5. Шүүхээс Н.А, Н.Г, Н.Ж, Н.Е нарын саналыг асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн байна.
гэТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М х овогт Ш-ы Н/РД:Б00000000/ С овогт М-гийн А /РД:Б00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Н.Г, Н.Ж, 2012 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Н.А, 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Е нарыг эх нь М.А-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэрлэгчид ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Н-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.А-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б